| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2020/02989/И |
| Дугаар | 102/ШШ2021/00654 |
| Огноо | 2021-03-15 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2021/00654
2021 оны 03 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2021/00654 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, тоотод оршин суух, Л.Ц-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, Б хороолол, тоотод оршин суух, Ц.Б
Хариуцагч: Б дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, Б.Э-д холбогдох
“ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06, 2020 оны 3 дугаар сарын 27, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болохыг тогтоолгох, Б.Э, Ц.Б нараас “ЭСС” ХХК-ийн тамгыг албадан гаргуулах тухай үндсэн,
“ЭСС” ХХК-ийн 2000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 ширхэг хувьцааг Л.Ц-ээс гаргуулж, хувьцаа эзэмшигч Б.Э-д шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ц нь “ЭСС” ХХК-ийн 10 хувийн, Б.Э нь 50 хувийн, Ц.Б нь 40 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр санаа нэгдэн “ЭСС” ХХК-ийг үүсгэн байгуулж, Л.Ц-г гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ, тамга тэмдэг авсан. “ЭСС” ХХК-ийн дүрмийн 8.1-д “...гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж заасан бөгөөд “ЭСС” ХХК-ийг үүсгэн байгуулснаас хойш компанийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нарын зүгээс компанийн тамга, тэмдгийг өөрсдөө авчхаад тус компанийн гүйцэтгэх захирал Л.Ц-д хүлээлгэн өгөөгүй, шаардлага тавихаар хүлээж авахгүй, компанитай холбоотой аливаа албан бичиг дээр ирж тамга тэмдгээ дарж бай гэх мэтчилэн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж байсан. Үүнээс болж хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэн. Түүнчлэн “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Ц-д огт мэдэгдэлгүйгээр Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, мөн хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчин Ц.Б нь өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг бүхэлд нь, Б.Э нь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааны 30 хувийн хувьцааг буюу нийт компанийн 70 хувийн хувьцааг С.С гэх этгээдэд бэлэглэх нэрийдлээр худалдан борлуулж “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 04 тоот тогтоолыг хууль бусаар гаргасан байсан бөгөөд сүүлд энэ асуудлаар маргаан үүсгэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад С.С гэх этгээд нь шүүхэд “...тус компанийн хувьцааг эзэмшдэггүй...” талаараа тайлбар ирүүлсэн, түүнчлэн дээрх тогтоолыг хууль бус болохыг хариуцагч нар ч хүлээн зөвшөөрдөг ба өнөөдрийг хүртэл “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Э, Ц.Б, Л.Ц нар бүртгэлтэй байгаа болно. Гэхдээ дээрх тогтоол буюу “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан хууль бус хувьцаа эзэмшигчдийн хурал болоод уг хурлаас гарсан 04 дугаар тогтоолыг өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй байгаа болно. Мөн “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нар нь хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэтрүүлэн ашиглаж, хувьцаа эзэмшигч Л.Ц-д мэдэгдэлгүйгээр, Компанийн тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасныг илтэд зөрчин 2020 оны 3 дугаар сарын 27, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд ээлжит бус хуралдааныг хийж “ЭСС” ХХК-ийн захирал Л.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Мөн эдгээр тогтоолуудаас өнөөдрийг хүртэл нэгийг нь ч хувьцаа эзэмшигч Л.Ц-д гардуулж өгөөгүй. Ийнхүү “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нар нь Компанийн тухай хууль тогтоомжид заасныг удаа дараа зөрчин тус компанийн хувьцаа эзэмшигч болох Л.Ц-д огт мэдэгдэлгүйгээр өөрсдийн эзэмшдэг хувьцааг бусад этгээдэд шилжүүлэх, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг удаа дараалан хуралдуулах, улмаар аливаа хууль бус тогтоол гаргах зэргээр “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Ц-ийн эрх ашгийг хохироож байна. Иймд “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06, 2020 оны 3 дугаар сарын 27-ны, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурлаас гаргасан тогтоолуудыг тус тус хүчингүй болохыг тогтоож өгнө үү. Мөн компанийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нараас “ЭСС” ХХК-ийн тамгыг албадан гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Л.Ц, Б.Э, Ц.Б нар нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр санаа нэгдэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуульд заасны дагуу “ЭСС” ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн дүрэм журмаа баталж, Л.Ц-г гүйцэтгэх захирлаар томилон улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ, тамга тэмдгээ авсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа болно. “ЭСС” ХХК-ийн хувьцааны 10 хувийг Л.Ц, 50 хувийг Б.Э, 40 хувийг Ц.Б нь тус тус эзэмшдэг бөгөөд хариуцагч Б.Э нь ямар хууль, дүрэм журмыг үндэслэн хувьцаа эзэмшигч Л.Ц-ийн бүрэн эрхэнд халдаж түүний эзэмшлийн 10 хувийн хувьцааг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. “ЭСС” ХХК-ийн дүрмийн 8.1-д “...гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж заасан бөгөөд “ЭСС” ХХК-ийг үүсгэн байгуулснаас хойш компанийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нарын зүгээс компанийн тамга, тэмдгийг өөрсдөө авчихаад тус компанийн гүйцэтгэх захирал Л.Ц-д хүлээлгэн өгөөгүй, шаардлага тавихаар хүлээж авахгүй, компанитай холбоотой аливаа албан бичиг дээр ирж тамга тэмдгээ дарж бай гэх мэтчилэн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж байсан бөгөөд үүний улмаас Л.Ц нь арга буюу “ЭСС” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс тус компанийн тамга тэмдгийг хууль бусаар гаргуулж авсан бөгөөд уг тамга тэмдгийг “ЭСС” ХХК-д болон бусад хувьцаа эзэмшигч нарт хохирол учруулахуйц байдлаар огт ашиглаагүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч Л.Ц-ийн уг үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалган тогтоосон бөгөөд түүний уг хууль бус үйлдэлд нь зохих шийтгэл оноосон, өөрөөр хэлбэл Л.Ц нь дээрх үйлдэлтэй холбоотойгоор зохих ёсны хариуцлага хүлээсэн. Гэтэл “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э нь уг асуудалтай холбоотойгоор Л.Ц-д дахин хариуцлага тооцох мэтээр дур зоргоороо аашлан хууль болон компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль, дүрэм журамд заагаагүй үндэслэлээр түүний эзэмшлийн 10 хувийн хувьцааг шилжүүлж авна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Анх хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь өөрөө тодорхойгүй байсан. Өнөөдрийн хурал дээр хариуцагч талаас “...нэхэмжлэгч нь хувьцаа бэлэглэгчийг ноцтой гомдоосон” агуулгаар сөрөг нэхэмжлэлээ тайлбарлаж байна. Компани анх үүсгэн байгуулахад Л.Ц-д 10 хувийг бэлэглэсэн болон гомдоосон асуудал хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй. Компанийг анх үүсгэн байгуулахдаа Л. Ц-д хувьцааг өгсөн эсвэл бэлэглэсэн гэсэн баримт ч байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Э, Ц.Б бид харилцан тохиролцож “ЭСС” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Анх тус компанийг үүсгэн байгуулахад компанийн дүрмийн сангийн хэмжээг 20,000 төгрөг байхаар тооцож, Б.Э 60 хувь буюу 12,000 төгрөгийг, Ц.Б 40 хувь буюу 8,000 төгрөгийг тус тус гаргаж дүрмийн санг байгуулж байсан. Ийнхүү 100 ширхэг хувьцаа гаргаж, нэг бүрийн нэрлэсэн үнийг 200 төгрөг байхаар шийдвэрлэсэн бөгөөд Л.Ц-г ажлын туршлагыг нь харгалзан үзэж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг түүнд хариуцуулахаар Гүйцэтгэх захирлаар томилсон бөгөөд түүнд итгэл хүлээлгэж компанийн 10 хувийн хувьцааг үнэгүйгээр шилжүүлэн өгсөн. Мөн гүйцэтгэх захирлын ажлыг Компанийн тухай хуульд заасны дагуу эрхэлж байсан билээ. Гэтэл “ЭСС” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч болсон Л.Ц нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр компанийн гэрчилгээ, тамгыг үрэгдүүлсэн гэж Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт худал мэдүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдсэн байдаг. Л.Ц-ийн дээрх хууль бус үйлдлийн талаар бид Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Тус газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2010 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтээр Л.Ц-ийн үйлдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.4 дэх заалтыг зөрчиж, улсын бүртгэлд худал мэдүүлж бүртгүүлснийг тогтоож, тамга, тэмдгийн дугаарыг болон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү Л.Ц-ийн хуурамч бичиг баримт үйлдсэн хууль бус үйлдлийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэлийг оногдуулсан. Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компанийн үүсгэн байгуулагчид хамтран хариуцна гэж заасан байдаг. Гэтэл Л.Ц-г компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллуулах, түүнд итгэл хүлээлгэх зорилгоор 10 хувийн хувьцааг үнэгүйгээр түүнд олгосон байхад компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдаж, ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байна. Иймд бэлэглэгчийг гомдоосон үйлдэл хийсэн тул “ЭСС” ХХК-ийн 2,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх 10 ширхэг хувьцааг Л.Ц-ээс гаргуулж, хувьцаа эзэмшигч Б.Э-д шилжүүлэхийг даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Анх “ЭСС” ХХК-ийг үүсгэн байгуулахад Б Э 50 хувийн, Ц.Б 40 хувийн, Л.Ц 10 хувийн хувьцааг тус тус эзэмшиж, Л.Ц-г гүйцэтгэх захирлаар томилж байсан. Компанийг үүсгэн байгуулагчид болон Л.Ц нар нь танилууд учир Л.Ц-ийн ажлын туршлагыг ашиглахын тулд гүйцэтгэх захирлаар томилсон. Ингэхдээ түүнд 10 хувийн хувьцаагаа Б.Эн бэлэглэж, мөн өөрөөсөө компани бүртгүүлэхэд шаардлагатай зардлуудыг гаргаснаар компанийг үүсгэн байгуулсан. Л.Ц-тэй компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллах тухай холбогдох гэрээ, хэлцэл байгуулах хүртэл компанийн тамгыг түүнд хүлээлгэн өгөхгүй байхаар харилцан тохиролцож байсан бөгөөд энэхүү хугацаанд Б.Э, Ц.Б болон Л.Цгээ нарын хооронд ямар нэгэн маргаан гарч байгаагүй, мөн компанийн үйл ажиллагаанд аливаа доголдол анх үүсээгүй явж байсан.
2. 2020 оны 3 дугаар сард Ц.Б, Б.Э нар нь өөрсдийн эзэмшлийн нийт 70 хувийн хувьцааг бусдад бэлэглэх тухай хэлцэл хийсэн бөгөөд энэхүү хэлцлийг 10 хувийн хувьцаа эзэмшигч Л.Ц-д танилцуулж, тэрээр гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Тухайн үед Л.Ц нь тамгыг өөртөө хадгалж, компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг байсан бөгөөд дээрх хувьцаа бэлэглэх тухай хэлцэлд тэрээр гарын үсгээ зурсан боловч тамга дарж баталгаажуулаагүй юм. Компанийн тухай хуульд зааснаар компанийн хувьцааг худалдан борлуулахаар бол бусад хувьцаа эзэмшигч нар хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй байхаар зохицуулсан байдаг. Гэтэл дээрх 70 хувийн хувьцааг бусдад худалдан борлуулах хэлцэл хийгээгүй, мөн тухайн үед нь Л.Ц-д мэдэгдэж гарын үсэг зуруулсан байдаг.
3. Л.Ц нь компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, компанийн тамга гэрчилгээг үрэгдүүлсэн хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт худал мэдүүлж компанийн тамга, гэрчилгээг дахин гаргуулан авсан байдаг. Ийнхүү хуурамч тогтоол үйлдэж, улсын бүртгэлийн байгууллагыг хуурч дахин гаргуулсан тамга, гэрчилгээг ашиглан компанийн ерөнхий нягтлан бодогч Т.О-ыг ажлаас чөлөөлж, компанийн харилцагч банкнуудад түүний гарын үсэг зурах, харилцах эрхийг хасуулж, зөвхөн Л.Ц-ийн гарын үсгээр компанийн данс дахь орлого, зарлагын гүйлгээ хийгдэхээр өөрчлөлтүүдийг хийсэн билээ. Ийнхүү түүний дээрх үйлдлийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гарган шийдвэрлүүлсэн бөгөөд тус газрын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2010 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр Л.Ц-ийн хуурамч баримт бичиг үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон. Ийнхүү Л.Ц-г дээрх үйлдлийг гаргасантай нь холбогдуулан компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тогтоол гарган танилцуулж, түүнд хувийг гардуулсан боловч, хэл ам, хэрүүл маргаан үүсгэж, тогтоолыг газар шидэж үл ойшоон, шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ гээд ажлаа хүлээлгэж өгөөгүй. Ийнхүү Л.Ц нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ЭСС” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05, 06 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн тэрээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх тогтоолуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хуурамч бичиг баримт үйлдсэнтэй нь холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байсан тул Л.Цэцгээгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дээрх тогтоолуудын нэгийг нь ч гардуулж өгөөгүй хэмээн дурдсан байгаа нь үнэнд нийцэхгүй байна.
4. Л.Ц нь өнөөдрийн байдлаар компанийн Гүйцэтгэх захирлаас бүрэн чөлөөлөгдсөн, харин компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр байх бөгөөд тэрээр 10 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцох, санал, хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Харин компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Д-г томилж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байх тул компанийн тамгыг Л.Ц-д гаргаж өгөх шаардлагагүй. Учир нь тэрээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг итгэмжлэлгүйгээр удирдан зохион байгуулах албан тушаалтан биш юм. Иймд Л.Ц-ийн гаргасан “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны, 2020 оны 3 дугаар сарын 27-ны, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурал, эдгээр хурлаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг тус тус хүчингүй болохыг тогтоож, компанийн хувьцаа эзэмшигч Ц.Б, Б.Э нараас “ЭСС” ХХК-ийн тамгыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “ЭрСС” ХХК-ийн 01 тоот “ЭСС” ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын тогтоол гарчээ. Уг тогтоолоор “ЭСС” ХХК-ийг 3 хувьцаа эзэмшигчтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулахаар, гаргах хувьцаа нь энгийн хэлбэртэй, гаргах хувьцаа нь нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа буюу нийт 20,000 төгрөгийн нэрлэсэн үнийн дүнтэй байхаар, үйл ажиллагааны чиглэлийг “гадаад худалдаа”, “Үл хөдлөх хөрөнгийн зуучлал”, “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйлчилгээ”, “Аялал жуулчлал” байхаар үүсгэн байгуулжээ /159-166/.
Үүсгэн байгуулагчийн тоог 3, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20,000 төгрөг гэсэн ба Б.Э 50 хувь буюу 10,000 төгрөг, Ц.Б 40 хувь буюу 8,000 төгрөг, харин нэхэмжлэгч Л.Ц 2,000 төгрөг буюу 10 хувийн хувьцааг эзэмшихээр болжээ.
2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Б.Э болон Ц.Б-олд нарт холбогдуулж дараах шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан. Үүнд:
1/ “Эрчим скай стар” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06, 2020 оны 3 дугаар сарын 27, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурлаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг тус тус хүчингүй болохыг тогтоолгох;
2/ “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нараас “ЭСС” ХХК-ийн тамгыг албадан гаргуулах;
Хариуцагч нарын үгээс дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэгчид холбогдуулж “ЭСС” ХХК-ийн 2,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 ширхэг хувьцааг Л.Ц-ээс гаргуулж, хувьцаа эзэмшигч Б.Э-д шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад дараах байдлаар шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэл:
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3.-т зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. Мөн зүйлийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах ёстой.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хийгдсэн ба тус хурлаас “ЭСС” ХХК-ийн айл өрхийн төлбөрийн үлдэгдэл 179.4 сая төгрөг буюу гүйцэтгэл 56.11 хувь байгаад дүгнэлт хийж, үлдэгдлийг бууруулж ажиллахыг нягтлан бодогчид даалгаж, компанийн 2020 онд ажиллагсдын бүтэц, орон тоог хавсралтаар баталж, цалингийн санд багтааж ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан шийдвэр гарсан талаар зохигчид маргаангүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал болон хурлаас гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тэдгээрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага шүүхэд гаргаагүй тохиолдолд уг хурал болон хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр байна.
Харин 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал байсан талаар зохигчид маргаагүй. Ингээд хурлаас дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
1/ 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №14 тоот “Гэрчилгээ, тамга хүчингүй болгох тухай” тогтоол;
Уг тогтоолоор “ЭСС” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тоот дугаар бүхий тамгыг тус тус хүчингүйд тооцож, компанийн дугаар бүхий тамга, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсон болон шинээр гэрчилгээ авах асуудалтай холбогдуулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх асуудлыг “ЭСС” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.О-д даалгажээ.
2/ 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №15 тоот “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох тухай” тогтоол;
Уг тогтоолоор Л.Ц-ийн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон зогсоож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, холбогдох хүсэлт гаргах, баримт бичиг хүлээлгэн өгөх, авах зэрэг бүхий л харилцаанд төлөөлөхийг “ЭСС” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.О-д даалгажээ.
3/ 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №16 тоот “Гүйцэтгэх захирал томилох тухай” тогтоол;
Уг тогтоолоор Компанийн гүйцэтгэх захирлаар Д.Да-г 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сонгож, шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, холбогдох хүсэлт гаргах, баримт бичиг хүлээлгэн өгөх, авах зэрэг бүхий л харилцаанд төлөөлөхийг “ЭСС” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.О-д даалгажээ.
4/ 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №17 тоот тогтоол /хх39 хуудас/;
Уг тогтоолоор “ЭСС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Д.Д-г арилжааны банкуудад 1 дүгээр гарын үсэг, Ерөнхий нягтлан бодогч Т.О-г 2 дугаар гарын үсэг тус тус зурж чек, төлбөрийн даалгавраар орлого, зарлага гаргаж харилцах, интернэт банкаар гүйлгээ харах хуулга авах гүйлгээ хийх эрхтэйгээр зөвшөөрчээ.
5/ 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №18 тоот “Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах, компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай” тогтоол;
Уг тогтоолоор Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг Б.Э, Ц.Б, С.С нарын 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, “ЭСС” ХХК-ийн дүрмийг 01 дүгээр хавсралтаар баталж, Компанийн дүрэм шинээр батлагдсан тул 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан дүрмийг хүчингүйд тооцож, компанийн шинэ дүрмийг холбогдох бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх асуудлыг “ЭСС” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.О-д даалгасан байна.
6/ 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №19 тоот тогтоол;
Уг тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Ц-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зарлаж хийлгэсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн тухай хуульд заагдсан шаардлагыг хангаагүй тул ээлжит бус хурлаар тооцож, Компанийн 2019 оны үйл ажиллагааг зорилтот ажлаа гүйцэтгэж байгаа боловч бүрэн хангалттай бус гэж дүгнэж, Компанийн 2019 оны санхүүгийн тайланг “СЭАА” ХХК-ийн хийсэн аудитын тайлангаас үзэхэд стандартын дагуу гаргасан тайлан гэж дүгнэсний дагуу тайлангийн үзүүлэлтүүдийг 01 дүгээр хавсралтаар баталжээ.
7/ 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №20 тоот “үйл ажиллагааны чиглэл өөрчлөх тухай” тогтоол;
Уг тогтоолоор Компанийн дүрмийн үйл ажиллагааны чиглэлээс “Гадаад худалдаа”, “Үл хөдлөх хөрөнгийн зуучлал”, “Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг тус тус хасаж, хасагдсан үйл ажиллагааны чиглэлийн оронд “Худалдаа зуучлал”, “Бизнесийн зөвлөх үйлчилгээ”-г нэмж, компанийн шинэ дүрмийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх асуудлыг “ЭСС” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.О-д даалгажээ.
Хариуцагч талаас 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, дээр дурдсан шийдвэрүүдийг гаргах болсон шалтгаанаа “...гүйцэтгэх удирдлага болох Л.Ц нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулаагүй учир түүний хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон. Энэ ойлгомжгүй байдлыг тодруулах зайлшгүй шаардлага гарсан”, “...компанийн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэж, цаашид компанийн удирдлагыг хэрэгжүүлэх боломжгүй болсон, хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдсан” гэсэн агуулгаар тайлбарласан ба шүүхээс тухайн өдрийн хурлаас гарсан шийдвэрүүдийг дараах үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзэв.
Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”,
61.7-д “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно”,
65.1-д “Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ”,
65.4-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна” гэж тус тус заасан.
Хувьцаа эзэмшигчийн нэг гол эрх нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох ба ээлжит бус хурлыг зохион байгуулж, зарлаж буй этгээд нь уг эрхийг нь хэрхэн хангаж өгөх үүргийг хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын зарыг 2020 оны 5 дугаар сарын 02, 04-ний өдрүүдэд Л.Ц-д шуудангаар хүргүүлжээ.
Мөн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасан ба компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуулийн хугацаанд хийгдээгүй тул компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч бидний зүгээс ээлжит хурлыг 2020 оны 5 сарын 07-ны өдөр 9.30 цагт хийхээр болсон гэсэн агуулга бүхий зарыг сонинд нийтлүүлсэн байна.
Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч нар 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хурлын зарыг хуульд нийцсэн байдлаар боломжит хугацаанд мэдэгдээгүй байхаас гадна Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр нэхэмжлэгчид зарыг хүргүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр уг хурлаас гарсан тогтоолууд хуульд нийцээгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.
Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална”, 17.4-т “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэжээ. Харин хуулийн этгээдийн хувийн хэрэг, мэдээлэлд орж буй аливаа өөрчлөлт, өөрчлөлт оруулж буй шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт ажлын 15 хоногийн өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3 дахь хэсгүүдэд заасан байна.
2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №04 тоот “Хувьцаа шилжүүлэх тухай” “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох тухай” №05 тоот “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №06 тоот “Гүйцэтгэх захирал сонгох тухай” “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолууд нь бүртгэлийн газарт бүртгэгдээгүй буюу ямар нэг эрх зүйн үр дагавар бий болгоогүй гэж үзээд эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгов.
“ЭСС” ХХК-ийн хуулийн этгээдийн хувийн хэрэг, дүрмээс үзэхэд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч Л.Ц нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх удирдлага байна.
2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрүүд буюу тус компанийн гүйцэтгэх удирдлагыг шинээр сонгосон тогтоол хүчингүй болсонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн тамга гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэл:
Хариуцагч Б.Э нэхэмжлэгч Л.Ц-д холбогдуулж “ЭСС” ХХК-ийн 2,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх 10 ширхэг хувьцааг Л.Ц-ээс гаргуулж, хувьцаа эзэмшигч Б.Э-д шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр энэхүү шаардлагын үндэслэлээ “...Л.Ц нь хуурамч тамга үйлдэн бэлэглэгчийг гомдоосон үйлдэл хийсэн тул бэлэглэлийг гэрээг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.
Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэйг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсгүүдэд заасан. Мөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно” гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэйг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч Б.Э-ийн “...хувьцааг бэлэглэсэн” гэх тайлбар буюу Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсгүүдэд заасан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЭСС” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан №14 тоот “Гэрчилгээ, тамга хүчингүй болгох тухай” тогтоол, №15 тоот “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох тухай” тогтоол, №16 тоот “Гүйцэтгэх захирал томилох тухай” тогтоол, №17 тоот тогтоол, №18 тоот “Төлөөлөн Удирдах Зөвлөл байгуулах, компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай” тогтоол; №19 тоот тогтоол, №20 тоот “үйл ажиллагааны чиглэл өөрчлөх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №04 тоот “Хувьцаа шилжүүлэх тухай” “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №05 тоот “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох тухай” “Эрчим скай стар” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №06 тоот “Гүйцэтгэх захирал сонгох тухай” “ЭСС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолуудыг хүчингүй болгуулах, “ЭСС” ХХК-ийн тамгыг албадан гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “ЭСС” ХХК-ийн 2,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх 10 ширхэг хувьцааг Л.Ц-ээс гаргуулж, хувьцаа эзэмшигч Б.Э-д шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,020,050 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Шүүхийн шийдвэр уншин танилцуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ