| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/00238/И |
| Дугаар | 102/ШШ2021/00744 |
| Огноо | 2021-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2021/00744
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймаг, Д сум, дүгээр баг, дүгээр хороолол, тоотод оршин суух, Т.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, Энгельсийн гудамж, дугаар байр, тоот-д оршин байх, “ЛИ” ХХК-д холбогдох,
131,286,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Н нь 2014 онд Д аймаг, Д сумын дүгээр баг, дугаар хороолол нэртэй 144 айлын орон сууцны хотхоны барилгыг барьж эхлэхэд уг барилгын А блокийн байрны 71.46 м2 талбайтай, 1 дүгээр орцны өрөө, тоот байр, мөн А блокийн байрны дүгээр орцны давхрын 2 өрөө, тоот байруудыг тус тус амаар хэлцэл хийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа 15,960,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 59,840,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 55,000,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлж авто зогсоолын тоот тодорхой болсны дараа 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 6 тоот 20.4 м2 талбай бүхий авто зогсоолын захиалгаар бариулах гэрээг байгуулан төлбөрүүдийг тус тус бүрэн төлсөн. “Л И” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г дараа нь 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, мөн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус бичгээр гэрээг байгуулсан. Т.Н нь захиалсан байрныхаа төлбөр мөнгийг хийхийн тулд өөрийн байсан Дл аймаг, Д сум, 9 дүгээр баг, Хээтэй хорооллын байрны 3 өрөө байраа банкны Дархан салбарт барьцаалан 85,000,000 төгрөгийн зээл авч өгөн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нийт 151,286,000 төгрөгийг бүрэн төлж “ЛИ” ХХК-ийн нягтлан бодогч О.О-тэй тооцооны баталгаа үйлдэж, тооцооны үлдэгдэлгүй гэдгээ харилцан баталсан болно.
Дээрх байдлаар миний бие нь уг барилгыг дөнгөж барьж эхэлж байхад нь захиалсан тоот байр болон тоот авто зогсоолын үнийг 100% төлж дуусгасан болно. Эхний үед “ЛИ” ХХК-ийнхан удахгүй гэрчилгээ гаргаж өгнө гэдэг байсан ба байрандаа орж бай л гэдэг байсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сараас тус компанийн захирал А.Л нь солигдсон гэх ба тус компанийг төлөөлөн уг байрыг Дарханд хариуцаж байгаа тус компанийн менежер ажилтай Г.О нь баримтуудаа аваад ир, бүрэн төлсөн айлын гэрчилгээг гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл 2 байр, авто зогсоолын гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Гэрээнд заахдаа төлбөрийг захиалагч тал гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. Гүйцэтгэгч талд биет байдлын болон эрхийн доголдолгүй буюу давхар худалдагдаагүй, барьцаалагдаагүй байрыг нийлүүлнэ гэсэн үүргүүдээ биелүүлээгүй. Хариуцагч “Ли” ХХК нь уг орон сууцны барилгыг 2016 онд комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ буюу А блокийн байрны 71.46 м2 талбайтай, 3 өрөө, тоот байр, мөн А блокийн байрны 1 дүгээр орцны давхрын 2 өрөө, тоот байруудыг нэхэмжлэгч Т.Н-ын өмчлөлд шилжүүлж өгөөгүй, харин эсрэгээрээ 2019 оны 02 дугаар сарын 21-нд “ЛИ” ХХК нь хөрөнгө оруулагч гэх иргэн Д.Б-ийн нэр дээр шилжүүлэн өгч, түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байна. Уг асуудлаар иргэн Д.Б-ийн бие төлөөлөгчөөр нь дамжуулан тодруулахад байрыг “ЛИ” ХХК-д зээлсэн хөрөнгийнхөө барьцаанд захирал Т.Ч-аас хүлээн зөвшөөрүүлэн шүүхийн журмаар авсан байр, бид шүүхийн журмаар танай оршин суугаа 60 тоот байрыг албадан чөлөөлүүлэхээр болсон байгаа тийм учир та бүхэн тус байрыг хурдан чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Нэгэнт уг байруудын өмчлөл гэрээ ёсоор нэхэмжлэгчид шилжин ирэх боломжгүй, хариуцагч “ЛИ” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг манай нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн байтал өөр хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул нэхэмжлэгч тал орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар татгалзаж, 2014 оны 6 дугаар сараас 2016 оны хооронд байрны төлбөрт “ЛИ”ХХК-д төлсөн баримтаар баталгаажсан 131,286,000 төгрөгийг Иргэний хуулийн 205.1 дүгээр зүйлд зааснаар буцаан гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч уг нь нийт 131,300,000 төгрөг төлсөн байгаа хэдий ч нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг 131,286,000 төгрөг гэж алдаатай бичсэн учир энэ дүнгээрээ нэхэмжлэлээ гаргасан гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Б нь А.Л-тэй 2014 онд зээлийн гэрээ байгуулсан бөгөөд буцаан өгөх зээл төлөлтийн графикийн сүүлийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байсан ч “ЛИ” ХХК-ийн захирал А.Л нь графикийн дагуу зээлийн төлбөрийг хийгээгүй тул Иргэн Ц.Б нь мөнгөө авч чадахгүй байсны улмаас өөрийн хөрөнгөө хамгаалах үүднээс “Л” ХХК-ийн захирал А.Л-тэй уулзаж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож зээлийн төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлэлцээртэйгээр гэрээ байгуулан компанийг шилжүүлэн авсан. Ц.Ба захирал нь гадаадад томилолтоор явахаар болсон тул “ЛИ” ХХК-ийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т.Ч-ын нэр дээр шилжүүлсэн боловч Улсын бүртгэлийн албанд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас компанийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан тул буцаан шилжүүлэх боломжгүй байна. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн талаар мэдсэн тул А.Л-тэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж “ЛИ” ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 28-нд гэрээ байгуулан компанийг А.Л-д буцаан шилжүүлсэн. Гэтэл А.Л нь гэрээний үүргийн дагуу улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгэлгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 3 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Л нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон тул “ЛИ” ХХК-ийн захирал А.Л-г Дархан-уул аймагт эрүүгийн хэрэг үүсгэн, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Компанийн холбогдох санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй ба дансны хуулга, компанийн тамга, гэрчилгээнээс өөр компанитай холбоотой бичиг баримт байхгүй байгаа. Компани нь төлбөрийн чадваргүй тул шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй өр төлбөр хөрөнгийн маргааны асуудлаар шүүхийн шатанд шалгагдаж байна. Тус компанийн санхүүгийн архив өнөөдрийг хүртэл өмнөх хувьцаа эзэмшигч хүлээлгэж өгөөгүй холбоо барилгүй алга болсон тул Т.-ын компанийн кассын баримтаар бэлнээр тушаагдсан 131,286,000 төгрөг тухайн байранд зарцуулагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Иргэн Т.Н-ын Дархан уул аймаг, Дархан сумын дүгээр баг, дугаар хороолол хотхоны А блокийн дүгээр байрны тоот 2 өрөө, 71.46 м2 талбайтай байрны холбогдох баримт бичгийг А.Л-тэй тооцоо тулаагүй байрны төлбөр, холбогдох баримт бичгийг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “ЛИ” ХХК болон А.Л-ийн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд уг хэргийг шийдэх боломжгүй тул холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н болон хариуцагч “ЛИ” ХХК-иуд дараах гэрээнүүдийг байгуулжээ. Үүнд:
1/ 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэгч Т.Н болон хариуцагч “ЛИ” ХХК-иудын хооронд байгуулагдсан №55 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”:
Дээрх гэрээгээр нь “ЛИ” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, хотхоны 9 давхар орон сууцны А блокын дүгээр орцны 4 давхарт байрлах, тоот хаягт байршилтай, 71.46м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, үүний хариуд нэхэмжлэгч Т.Нр 71,460,000 төгрөгийг “ЛИ” ХХК-д төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
2/ 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгч Т.Н болон хариуцагч “ЛИ” ХХК-иудын хооронд байгуулагдсан №45 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”:
Дээрх гэрээгээр нь “ЛИ” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах, нэртэй 144 айлын орон сууцны барилгын байрны дүгээр орц, давхар, тоот хаягт байршилтай, 59.84 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг Т.Н-т хүлээлгэн өгөх, үүний хариуд нэхэмжлэгч Т.Н 59,840,000 төгрөгийг “ЛИ” ХХК-д төлөхөөр харилцан тохирчээ.
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Т.Н хариуцагч “ЛИ” ХХК-д холбогдуулж 131,286,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж мөнгөө бүрэн шилжүүлсэн. Гэтэл ‘ЛИ’ ХХК нь орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргасан байна. Ийм байдлаар цаашид хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй”, “...уг нь хоёр гэрээний дагуу 131,300,000 төгрөг төлсөн боловч нэхэмжлэл гаргахдаа 131,286,000 гэж андуурч бичсэн. Гэхдээ нэхэмжлэлд дурдсан мөнгөө л нэхэмжилнэ” гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигч талууд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №55 тоот гэрээг “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №45 тоот гэрээг “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч хэрэгт цугларсан баримтууд болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулсан харилцаа үүссэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, үүний хариуд худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “ЛИ” ХХК-д дээр дурдсан хоёр гэрээнүүдийн дагуу нийт 131,300,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан “тооцооны үлдэгдлийн баталгаа”-нууд, кассын бэлэн мөнгөний орлогын баримтуудаар нотлогдож байна /хх 14-17 хуудас/.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс “...хариуцагчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилсэн гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.
Дээр дурдсанчлан хариуцагч “ЛИ” ХХК нь нэхэмжлэгч Т.Н-т хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтуудаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Уг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн. Уг гэрчилгээнд талуудын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №55 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-ний зүйл болох 14 тоот орон сууц, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №45 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний зүйл болох 35 тоот орон сууцууд нь иргэн Д.Б-ийн өмчлөлд бүртгэгджээ.
Дээрх баримтаас үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгүүдэд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч “ЛИ” ХХК-иас 131,286,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Дээр дурдсанчлан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрийн шаардлагыг, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, татгалзлаа нотлох үүрэгтэй, энэхүү хүлээсэн үүргийнхээ хүрээнд хэргийн оролцогч гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг, туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.
Хариуцагч өөрийн татгалзлаа “...131,286,000 төгрөг тухайн байранд зарцуулагдаагүй, ...нэхэмжлэгч манай компани тооцоо нийлээгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, холбогдох хүсэлтийг ирүүлээгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн “ЛИ” ХХК-ийн тамга, тэмдэг бүхий “тооцооны үлдэгдлийн баталгаа”-нууд, кассын бэлэн мөнгөний орлогын баримтуудыг үгүйсгэж чадаагүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЛИ” ХХК-иас 131,286,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 814,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЛИ” ХХК-иас 814,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ