Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0132/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт*******гийн*******д холбогдох эрүүгийн 2418000000171 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт*******гийн******* /РД:******* /, 1966 оны 12 сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг модны захад хөрөөчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 сарын 10-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 297,500 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2024 оны 03 сарын 09-ний өдрийн 20:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн*******ны******* тоот хашааны үүдэнд*******ыг дуу чимээ гаргаж шуугилдлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар модоор толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь духанд язарсан шарх, дагзанд зөөлөн эдийн бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 сарын 09-ний өдрийн 20:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн*******ны******* тоотын манаачийн байрны хажуугийн өрөөнд дуу чимээ гаргаж, шуугилдлаа гэх шалтгаанаар*******ын духыг модоор цохиж, эрүүл мэндэд нь духанд язарсан шарх, дагзанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

“Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,*******,******* тоотод болсон байв. Хэрэг учрал болсон гэх өрөө рүү ороход үүд хэсэгт 47 сантиметр урттай, 6.5 сантиметр өргөн, 4 сантиметр өргөнтэй шаргал өнгийн мод байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 47 сантиметр урттай, 6.5 сантиметр өргөн, 4 сантиметр өргөнтэй шаргал өнгийн модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,

“... ******* нь баруун гартаа мод барьж байгаад миний дух хэсэгт 1 удаа цохисон. *******аас эмчилгээний зардал гэж 700,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогч*******ын шууд заасан мэдүүлэг /хх-ийн 16, 18/,

“... ******* гэх хүн баруун гартаа мод барьж байгаад*******ын дух хэсэгт 1 удаа цохисон...” гэх болсон үйл явдлыг харсан гэрч,, нарын мэдүүлэг /хх-ийн 22, 24, 26/,

“*******ын биед духанд язарсан шарх, дагзанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/, шинжээч Г.Ганпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 38/,

“Дух хэсэгт язарсан шархтай байна...” гэх хохирогч*******ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн 202403092146 дугаартай хуудас /хх-ийн 31/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 700,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 94,500 төгрөг тус тус төлсөн, хохирогч******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хүсэлт, ХААН банкны мөнгө шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 47 сантиметр урттай, 6.5 сантиметр өргөн, 4 сантиметр өргөнтэй шаргал өнгийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******гийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 47 сантиметр урттай, 6.5 сантиметр өргөн, 4 сантиметр өргөнтэй шаргал өнгийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР