| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2020/04294/И |
| Дугаар | 102/ШШ2021/00808 |
| Огноо | 2021-03-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2021/00808
2021 оны 03 сарын 26 өдөр Дугаар 102/ШШ2021/00808 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Ж.Кульдана, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, Д.Б,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, Б.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, худалдааны төв давхар тоотод оршин байх хаягтай, “АС” ХХК-д холбогдох,
гэм хорын хохирол 2,358,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч И.А, иргэдийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт байршилтай орон сууц нь миний өмчлөлийн байр юм. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “АС” ХХК-тай тохиролцсоны дагуу тухайн компанид захиалга өгч, ус цэвэршүүлэгч суурилуулахаар болсон. Ингээд “АС” ХХК-ийн ажилтан ирж гал тогооны өрөөний хүйтэн усны хоолойд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг гал тогооны крантны хүйтэн усны хоолойд суурилуулсан. Гэтэл тухайн шөнөдөө буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө крантны ус маш өндөр даралттайгаар гэнэт задарч, хоромхон зуурт маш их хэмжээний ус цацагдсан. Тэр даруйдаа орон сууцны конторт дуудлага өгөхөд слесарь ирсэн. Энэ асгарсан усыг арчих гэж яваад эхнэр болох Б.Э нь ус тогтсон шалан дээр маш хүчтэй халтирч унаад ахар сүүлээ гэмтээсэн. Сүүлд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд ахар сүүл хугарсан байсан нь тогтоогдсон болно. Мөн ус алдсанаас болоод том өрөө, гал тогоо, үүдний хэсгийн паркетан шал норж, хөөсөн. Манайхаас доод айл руу ус алдаж доод айлын том өрөө, гал тогоо, үүдний өрөөний таазны замаск ховхорч хагарсан, эмульс урсаж шарласан байсан. Ийм байдлаар “АС” ХХК, тус компанийн ажилтан ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах явцдаа усны хоолойд механик хэв гажилт үүсгэснээс шалтгаалан нэхэмжлэгч нарын эд хөрөнгө болон эрүүл мэндэд хохирол учирсан тул нэхэмжлэгч нар дараах шаардлагуудыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
1. Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байрны тоот хаягт байршилтай орон сууцанд ус алдсанаас үүдэлтэй учирсан хохирлын үнэлгээг “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар хийлгэхэд 871,400 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Уг үнэлгээг 50,000 төгрөг төлж хийлгэсэн. Ингээд нийт 921,400 төгрөгийг Д.Батзориг нь хариуцагч “АС” ХХК-иас нэхэмжилж байгаа.
2. Тогтсон усан дээр халтирч унаснаас шалтгаалж Б.Э-д эрүүл мэндийн хохирол учирсан. Ингээд Б.Э нь хариуцагч “АС” ХХК-иас дараах зардлуудыг нэхэмжилж байна. Үүнд:
а/ Гэмтлийн эмчид үзүүлсэн төлбөрт 50,000 төгрөг;
б/ Эмийн мөнгө 157,340 төгрөг;
в/ Цаашид MRI зураг авхуулах шаардлагатай зардалд 750,000 төгрөг;
г/ Шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргахад бусдаас хууль зүйн туслалцаа авах шаардлагатай болсон тул өмгөөлөгчид төлсөн мөнгө 480,000 төгрөг, нийт 1,437,340 төгрөгийн шаардлага гаргаж байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “АС” ХХК-иас эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 2,358,740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б, Б.Э нарт олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотын оршин суугчаас захиалга өгсний дагуу “АС” ХХК-ийн ажилтан байсан Ж.М очиж, ус цэвэршүүлэгчийг суурилуулж өгсөн. Ус цэвэршүүлэгчийн зохих ном, журмынх нь дагуу суулгаж суурилуулаад эзэнд нь хүлээлгэж өгсөн. Ямар нэг алдаа гаргаагүй. Гэтэл маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ус цэвэршүүлэгч захиалан авсан айлаас “...суурилуулсан төхөөрөмжөөс ус алдсан” гэсэн дуудлага ирсэн тул ажилтан Ж.М очиж үзсэн байдаг. Тухайн үед манай компанийн суурилуулсан төхөөрөмжөөс ус алдаагүй, харин хажуу талын уян холбоосноос ус алдсан байсныг манай ажилтан олж тогтоогоод энэ талаар тайлбарлан охинд нь үзүүлсэн байдаг. Тэгэхэд нэхэмжлэгч буюу гэрийн эзэгтэй Б.Э тайлбарыг эс зөвшөөрч, манай компанийн менежер н.М руу утсаар холбогдож, танай төхөөрөмжөөс ус алдаж, бидэнд хохирол учирсан гэж гомдол гаргасан. Манай байгууллагын зүгээс “Тэнгэр даатгал” ХХК-тай даатгуулсан учраас холбогдох баримтаа гаргаад даатгалд хандаж болох талаар тэдэнд тайлбарласан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг ойлгохгүй байна. Манай компанийн суурилуулсан ус цэвэршүүлэгч төхөөрөмжөөс ус алдсан гэж үзэх байгаа бол мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргуулах шаардлагатай байх. Хэрэв бидний суурилуулсан төхөөрөмжөөс ус алдсан бол суурилуулсан даруйдаа мэдэгддэг. Гэтэл суурилуулах үед ямар ч ус алдсан зүйл гараагүй. Тэгээд ч ус алдаад эхэлсэн бол нэхэмжлэгч нар шууд бидэнд мэдэгдэх үүрэгтэй, энэ талаар бид баталгааны хуудас, санамж бичгүүд дээрээ сануулсан байгаа. Мөн нэхэмжлэгч нар “Тэнгэр даатгал” ХХК-иас даатгалаа аваад хохирлоо барагдуулах бүрэн боломжтой. Иймд Д.Б, Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Д.Б, Б.Э нар хариуцагч “АС” ХХК-д холбогдуулж нийт 2,358,740 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч нар өөрсдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “...хариуцагч компани манай гэрт ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг буруу суурилуулснаас болж ус алдсан. Үүнээс шалтгаалаад бидний эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан тул хариуцагч тал бидэнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч “АС” ХХК-ийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, дугаар хороо, хотхоны тоот орон сууцны гал тогооны хэрэглээний хүйтэн усны шугам дээр өөрсдийн худалдан борлуулдаг ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулсан үйл баримт дээр маргаагүй. Харин нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа “...ус алдсан явдалд хариуцагч буруугүй” гэсэн агуулгаар буюу гэм буруугийн тал дээр маргаж байна.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасан. Харин харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, гэрч асуулгах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог.
Ус алдсан явдалд буюу нэхэмжлэгч нарын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол хариуцагчийн буруугаас шалтгаалсан гэдгийг нотлох үүднээс нэхэмжлэгч талаас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №27 тоот ОСНАА-н “Тохилог шинэ ертөнц” ХХК-ийн 97/2 байрны 102 тоотын инженерийн шугам сүлжээнд хийсэн техникийн комиссын акт нэртэй бичгийн баримтыг шүүхэд гарган өгчээ.
Уг актад “...гэмтэл гарсан шугам сүлжээ: байрны 102 тоотын гал тогооны хэрэглээний хүйтэн усны PVC-булан/отвод, ...шугам сүлжээний ашиглалтын байдалд хийсэн техникийн комиссын дүгнэлт: ...ус цэвэршүүлэгчийг суурилуулах явцад ...шугамын булангийн хэсгийг механик хэв гажилт үүсгэж, хөдөлгөснөөс болж их хэмжээний ус алдуулж, сантехникийн холболтыг нягталж шалгаагүйн улмаас дээрх байдал үүссэн гэж дүгнэж байна. Манай байгууллагын зүгээс уг айлын дуудлагын бүртгэлээс өмнө нь ирж байсан дуудлагуудыг шалгаж үзэхэд гал тогооны хэсэгт ус алдсан гэх дуудлага бүртгэгдээгүй болно” гэж тусгасан байна. Энэхүү актад тусгагдсан дүгнэлтийг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад хариуцагч байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж нэхэмжлэгч нарын орон сууцанд ус алдсан гэж үзэхээр байна.
Дээр дурдсанчлан хариуцагчаас өөрийн татгалзлаа “...ус алдсан явдалд манай компани буруугүй” гэж тайлбарласан хэдий ч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлыг нотлох гэж ямар нэг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад гаргаагүй. Ийм учраас нэхэмжлэгч нар нь хариуцагчаас өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлагатай бөгөөд шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Үүнд:
1/ Нэхэмжлэгч Д.Б-ийн шаардлага:
Нэхэмжлэгч Д.Б Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны 102 тоот хаягт байршилтай орон сууцанд ус алдсанаас үүдэлтэй учирсан хохирлын үнэлгээг “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар хийлгэхэд 871,400 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Иймд хохирлын үнэлгээний тайланг үндэслэж хариуцагч “АС” ХХК-иас 871,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож шийдвэрлэв. Харин уг тайланг хийлгэхэд 50,000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
2/ Нэхэмжлэгч Б.Э-ын шаардлага:
Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...тогтсон усан дээр халтирч унаснаас болж эрүүл мэндэд гэмтэл учирсан. Иймд гэмтлийн эмчид үзүүлсэн төлбөр 50,000 төгрөг, эмийн мөнгө 157,340 төгрөг, цаашид MRI зураг авхуулах шаардлагатай тул 750,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 480,000 төгрөг, нийт 1,437,340 төгрөгийг хариуцагчаас шаардана” гэсэн.
Нэхэмжлэгч Б.Э нь тогтсон усан дээр халтирч унаснаас шалтгаалж гэмтлийн эмчид үзүүлсэн, шаардлагатай эм, тариа авч хэрэглэсэн нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой учраас гэмтлийн эмчид үзүүлсний төлбөр 50,000 төгрөг, эмийн мөнгө болох 157,340 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч Б.Э нь өмгөөлөгчид 480,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Түүнчлэн нэхэмжлэгчид цаашдаа зураг авхуулах зайлшгүй шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдоогүй тул ирээдүйд гарах зардалд 750,000 төгрөг гаргуулах агуулга бүхий шаардлагыг хүлээн авах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “АС” ХХК-иас 871,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т, 207,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,280,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АС” ХХК-иас 30,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
А.САРАНТУЯА