| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/155 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0135/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт*******ы*******т холбогдох эрүүгийн 2418000630144 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт*******ы******* /РД:******* /, 1982 оны 04 сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Дархан суманд Гэгээн хотхоны барилгын ажилд мужаанаар ажиллаж байгаа, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,******* гудамж, 32 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,******* гудамж, 72 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 03 сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2023 оны 10 сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 16:00 цагийн орчим согтуугаар******* ДАА улсын дугаартай Тоёота спасио маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил үйлдэж 2023 оны 10 сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан ба 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 16:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ******* ДАА улсын дугаартай Тоёота спасио маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
“Хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багт байрлах Монхор авто засварын ертөнцийн зүгээр хойд залгаа улаан өнгийн хашаа байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.11 хувийн үзүүлэлт илэрч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 13/,
“...архи уучхаад 16:00 цагийн орчимд******* ДАА улсын дугаартай улаан өнгийн Тоёота спасио маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр ******* жолоодоод Дархан сумын 07 дугаар багт байрлах Монкор авто засварын хажуугийн нийтийн байр луу явсан...” гэх гэрч Д.Ундармаагийн мэдүүлэг /хх-ийн 16/,
Шүүгдэгчийн 2024 оны 01 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн тухай эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 61/,
“...холбогдогч *******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ш.Дэлгэрийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 92/,
0196601 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу *******аас Төрийн сан дахь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хүү торгуулийн орлогын дансанд 400,000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 93/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт*******ы*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР