Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2021/00007/И |
Дугаар | 102/ШШ2021/00896 |
Огноо | 2021-03-31 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2021/00896
2021 оны 03 сарын 31 өдөр Дугаар 102/ШШ2021/00896 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж- өөрийн байранд оршин байрлах, “ЗС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар бичил хороолол, тоотод оршин байрлах, “СЭС” ХХК холбогдох,
120,125,244 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “СЭС” ХХК-ийн барьсан Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчлэн хийдийн 1080 лам хурах “Их цогчин дуган”-ы барилгад барилгын бараа материал нийлүүлэн угсралтын ажлыг гүйцэтгэсэн. “СЭС” ХХК-иас 2013 оноос эхлэн 2017 оны 4 сар хүртэл бараа материал авч, авсан барааныхаа тооцоог төлж, тооцоо нийлж байсан. Хамгийн сүүлд тус компанитай 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, тооцоогоо баталгаажуулсан бөгөөд уг актаар хариуцагч “СЭС” ХХК нь 120,125,244 төгрөгийн өглөгтэй гарсан. Уг акт нийлсэн өдрөөс хойш бидний зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд хариуцагч “СЭС” ХХК-иас бараа материалын үлдэгдэл төлбөрт 120,125,244 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “СЭС” ХХК нь Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн “Их цогчэн дуган”-ны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ингэж ажил гүйцэтгэх хугацаандаа нэхэмжлэгч “ЗС” ХХК-иас барилгын бараа, материал байнга худалдан авч байсан. Найз нөхдийн холбоотой учир тухайн үед нь ямар нэг бичгийн гэрээ байгуулалгүй бараагаа нийлүүлээд явсан. Гэтэл хариуцагч “...эдийн засгийн хямралтай байна” гээд төлбөрөө төлөхөө больж эхэлсэн учир хоёр компанийн нягтлан бодогч нар хамтдаа уулзаад 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Мөн хариуцагч “СЭС” ХХК-иас “ЗС” ХХК-д хандаж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 01/208 тоот албан бичиг явуулсан. Уг албан бичиг болон тооцоо нийлсэн актад хариуцагч тал нэхэмжлэгчид 120,125,244 төгрөгийн төлбөртэй болох нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг ямар нэг байдлаар дарамталж, хууран мэхэлсний үндсэн дээр эдгээр бичгийг хийлгэсэн зүйл байхгүй, баримт ч байхгүй. “ЗС” ХХК-ийн хувьд Испани, Итали, Герман улсуудаас барилгын материал оруулж ирдэг. Хариуцагч нь эхнээсээ ярьж тохироод плита, шал, сантехникийн материалуудыг аваад явсан ч төлбөрөө төлөөгүй. Бид 70,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжгүй. Бидний хувьд зөвхөн хариуцагчид худалдсан плита, шал, сантехникийн материалынхаа мөнгийг нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “СЭС” ХХК нь Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн “Их цогчэн дуган”-ны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Ийнхүү ажил гүйцэтгэх хугацаандаа нэхэмжлэгч “ЗС” ХХК-иас барилгын бараа, материал авч байсан. Нэхэмжлэгч нь өөрсдийн нийлүүлсэн бараа, материалыг бидэнд худалдан борлуулж ч байсан, авчирсан бараануудаа барилга дээр угсарч өгч ч байсан. Хамгийн сүүлд тодорхой хэмжээний барааг нэхэмжлэгчээс хүлээн авсан нь үнэн. Тодорхой хэмжээний өглөг, төлбөр байгаа нь ч үнэн. Гэхдээ нэхэмжлээд байгаа төлбөрийн дүн арай л өндөр байна. Мөн худалдсан эд хөрөнгө нь доголдолтой, чанарын шаардлага хангахгүй зүйлс ч байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талтай уулзаж төлбөрийн талаар тооцоо нийлэх гэсэн боловч амжаагүй. Ийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагаас 70,000,000 төгрөгийг төлөөд хоорондын үүссэн асуудлаа нэг мөр дуусгавар болгох хүсэлтэй байна. Өр байгаа бол 70,000,000 төгрөгийн л өр байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа № /2019-09-30/ нэртэй бичгийг, хариуцагч “СЭС” ХХК-иас “ЗС” ХХК-д хандаж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр явуулсан 01/208 тоот албан бичиг зэргийг хавсаргасан байна. Эдгээр баримтуудыг үндсэндээ нэхэмжлэгч талаас намайг төөрөгдүүлж, хуурч байгаад хийлгэсэн, гарын үсэг зуруулсан баримтууд юм. Нэхэмжлэгч компанийн удирдлагатай би олон жил хамтран ажиллаж, найз нөхөд явсан бөгөөд “...ийм бичиг хийгээд өг” гээд байсан учраас л хийж өгсөн, дараа нь ингээд шүүх дээр ашиглаад явна гэж бодсонгүй гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЗС” ХХК нь хариуцагч “СЭС” ХХК-д холбогдуулж 120,125,244 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч компани биднээс худалдан авсан барааны төлбөрөө төлөөгүй” гэж тайлбарласан.
Хариуцагч тал “ЗС” ХХК-иас тодорхой хэмжээний бараа, бүтээгдэхүүн худалдан авсан талаараа маргахгүй байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...тодорхой хэмжээний өр төлбөр байгаа. Гэхдээ нэхэмжлэлд дурдсан үнэ биш 70,000,000 төгрөг л байгаа. Энэ хэмжээгээр төлнө” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа № /2019-09-30/ нэртэй бичгийн баримт авагджээ. Уг баримтаас үзэхэд нэхэмжлэгч “ЗС” ХХК болон “СЭС” ХХК-иуд тооцоо нийлсэн байх бөгөөд “...тус хоёр байгууллага хооронд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “СЭС” ХХК нь 120,125,244.25 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав” гэжээ.
Түүнчлэн хариуцагч “СЭС” ХХК-иас “ЗС” ХХК-д хандаж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 01/208 тоот албан бичгийг явуулжээ. Уг албан бичигт “...Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах Их Цогчэн Дуганын барилгын материал нийлүүлэлт болон ажил гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөр болох 120,125,244.25 төгрөгийн өглөгийг барилгын санхүүжилт 2020 оны 6 дугаар сарын 30-ны дотор орж ирмэгц төлж барагдуулах болно” гэсэн байна.
Зохигчийн тайлбарыг хэрэгт цугларсан дээрх баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, шалтгаанаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагаа нотлохоор шүүхэд гарган өгсөн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа № /2019-09-30/ нэртэй бичгийн баримт, хариуцагч “СЭС” ХХК-иас “ЗС” ХХК-д хандаж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр явуулсан 01/208 тоот албан бичгүүдийг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад хариуцагчаас 120,125,244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.
Дээр дурдсанчлан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.
Хариуцагчийн “...тооцооны үлдэгдлийн баталгаа, албан бичгүүдийг нэхэмжлэгч талаас намайг хуурч, төөрөгдүүлэх замаар хийлгэсэн”, “... хэрэв төлөх ёстой бол 70,000,000 төгрөгийн л үлдэгдэл байгаа” гэх тайлбаруудыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар ямар нэг хүсэлтийг шүүхэд гаргаагүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “СЭС” ХХК-иас 120,125,244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЗС” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 758,577 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “СЭС” ХХК-иас 758,577 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЗС” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ