Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2021/00222

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: овогт И.О  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  овогт Ш.Д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 3.326.000 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.О , хариуцагчийн төлөөлөгч С.Д , гуравдагч этгээд А.Даваажав, хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие нь Ш.Д 2017 оны 09 сарын 03-04-ний өдрүүдэд 2 сая төгрөг зээлүүлсэн. Энэ мөнгийг авахдаа Ш.Д нь аав нь Хөх хотод хорт хавдар өвчнөө эмчлүүлэх болсон. Мөнгөний хэрэг гарсан тул яаралтай өгөөч гээд сарын 10 хувийн хүүтэй авсан юм. Мөнгийг өгөхдөө миний дансанд 1 сая төгрөг байсан тул дансаар, 1 сая төгрөгийг нь өөрийн хар дэвтэр дээр гарын үсэг зуруулж өгсөн. Хар дэвтэр байгаа боловч хэрэгт өгөөгүй байна. Хариуцагч нь энэ мөнгийг надаас зээлж аваагүй, надад худалдсан орон сууцны төлбөрийн үлдэгдэл гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Ш.Д байрны үлдэгдэлтэй байсан боловч энэ мөнгийг 2014 онд  бүрэн төлж дуусгасан байсан. Хамгийн сүүлд 2 сая гаран төгрөг дутуу байсныг миний байрыг тухайн үед худалдан авна гэж байгаад больсон байсан надад өртэй байсан А.Даваажавыг надад өгөх мөнгөө Ш.Д өгөөрэй гэснийг А.Д нь Ш.Д бүрэн өгсөн гэсэн. Би 2 сая төгрөгөө Ш.Д зээлүүлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй, хүүг тооцохдоо банкны хүүгээр буюу сарын 1.7 хувь тооцож 3.326.000 төгрөг нэхэмжилсэн. Миний хувьд энэ мөнгөө байнга нэхэж байсан боловч хариуцагч нь өгнө гэж хугацаа авсаар өдийг хүргэсэн. Сүүлийн 2 жил ковид өвчнөөс болж орлого буурсан. Байшин барилга барихгүй, зарагдахгүй байна гэх шалтгаанаар тодорхой хугацаагаар хойшлуулсаар мөнгө өгөхгүй байгаа юм. Ингээд аргаа бараад шүүхэд хандсан Маш их гомдолтой байна ..гэв. 

Хариуцагчийн төлөөлөгч С.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь И.О  нь Ш.Д болон түүний нөхөр С.Ганбат нараас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-дугаар баг 1 дүгээр байр 17 тоотод байрлах 31.84м2 байрыг 31.250.000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалан бариулах гэрээг 2013 оны 12 сарын 01-ний өдөр хийсэн. Ингэхдээ байрны үндсэн дүнгийн 30 хувь болох 9.375.000 төгрөгийг төлж гэрээг хийдэг. Гэтэл иргэн И.О  банкнаас орон сууцны зээл гаргуулахын тулд урьдчилгаа 30 хувийг төлсөн байхыг шаарддаг учир 30 хувийг төлсөн мэтээр гэрээг харилцан тохиролцож хийсэн. И.О  нь Ш.Должинжав, Ганбат нарт урьдчилгаа 30 хувь болох 9.375.000 төгрөгөөс 6.925.000 төгрөгийг увуулж цувуулан бэлнээр 2014 онд авсан. Үлдэгдэл 2.450.000 төгрөгийг И.О  нь өгөлгүй явж байсан бөгөөд Ш.Д нь тухайн төгрөгийг байнга нэхдэг байсан боловч иргэн И.О  нь элдэв шалтаг хэлсээр явсан. Ингээд 2017 онд И.О ээс Ш.Д нь 2017 оны 09 сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг авсан. Энэ нь тухайн байрны төлөгдөөгүй үлдэгдэл төгрөг юм. Ш.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ авсан мөнгөний үнийн дүнг буруу бичсэн байна. Харин нэхэмжлэгчээс хүүтэй мөнгө зээлсэн тухай ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд И.О ээс орон сууц худалдан авах гэж И.О ийн Ш.Должинжаваас худалдан авсан байранд 2 сар орчим амьдарсан юм. Ингээд орон сууцыг худалдан авах боломжгүй болсон тул И.О д өгөх байсан 2 сая гаран төгрөгийг Ш.Д гэх хүнд 2 хуваан хүлээлгэн өгсөн. Одоо яг хэдэн төгрөг өгснөө сайн санахгүй байна. И.О  нь уг мөнгийг Ш.Д өгөөрэй гэсэн тул би өгсөн. Одоо миний хувьд хэн нэгэнд өр төлбөр байхгүй. Энэ хоёр хүний дунд болсон асуудлыг би мэдэхгүй. Цаг завгүй байхад энэ маргаандаа татан оролцуулсанд гомдолтой байна..гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Ш.Д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 3.326.000 төгрөг гаргуулах”ыг хүсэн шаардсаныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.  Нэхэмжлэгч У.О нь 2017 оны 09 сарын 04-ний өдөр хариуцагч Ш.Д 2.000.000 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн тул гэрээний төлбөрийг гаргуулах үндэслэлтэй хэмээн шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагчийн төлөөлөгч нь зохигчдын дундын үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 2.450.000 төгрөгийн зарим хэсэг 1.000.000 төгрөгийг авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлалаа тайлбарлажээ. Үйл баримтаар зохигчдын дунд мөнгө зээлэх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөрийн маргаан үүссэн, энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болсон гэрээ, хэлцэл хийгдсэн байх тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар гэрээний төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 09 сарын зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг /75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил/ хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан мэт боловч тэрээр мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ”..гэсний дагуу зохигчид үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээ, хэлцлээр тохиролцоогүй байснаас шаардлага гаргах хугацаа хойшилж, удааширсан гэх үндэслэл тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.7Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө..гэж тус тус нэхэмжлэгчийн үүргийг хуулиар тодорхойлжээ. Гэтэл нэхэмжлэгч И.О  нь хариуцагч Ш.Д 2 сая төгрөг зэлүүлсэн гэх шаардлагаа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэл, тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг бүрэн нотлогдохгүй байна. Харин хариуцагчаас гаргаж өгсөн, Ш.Должинжавын ХААН банкны 522525070799 дугаар дансны хуулгаар 2017 оны 09 сарын 04-ний өдөр И.О ээс 1.000.000 төгрөгийг “Зээл” гэсэн утгаар шилжүүлэн авсан, гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдсон. Хариуцагчийн төлөөлөгчөөс энэ мөнгийг Ш.Д нь хүлээн авсан болохыг үгүйсгээгүй байна. Иймд хариуцагч Ш.Д нь 2017 оны 09 сарын 04-ний өдөр И.О ээс 1.000.000 төгрөг зээлж авсан болох нь тогтоогдож байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана..гэсэн тул дээрх 1.000.000 төгрөгөнд хүү тооцох, хариуцагчаас хүүгийн төлбөр гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв. Түүнчлэн хариуцагч нь 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс өөрийн дансаар хүлээн авсан шалтгаанаа “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 2.450.000 төгрөгийг зарим хэсэг 1.000.000 төгрөг авсан” гэх боловч энэ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй, 2.450.000 төгрөгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Д нь хариуцагч Ш.Д 2014 онд хүлээлгэн өгсөн тухайгаа мэдүүлсэн..зэргээр хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагч Ш.Должинжаваас зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.О д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2.326.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч И.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.950 төгрөгийн илүү төлсөн 14.284 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Должинжаваас зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.326.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч И.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.950 төгрөгийн илүү төлсөн 14.284 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.Должинжаваас улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.О д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ