Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2021/00236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч О.Батдорж, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: овогт Э.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: овогт Я.Б

Хариуцагч: овогт П.Э  нарт  холбогдох

“Хохирол 51.557.500 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ. 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Бямбадорж, нэхэмжлэгч Э.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч П.Э /онлайн/ хариуцагчийн өмгөөлөгч Г.Доржготов, хариуцагч Я.Б , хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартааӨсвөр насны Б.Т , Э.Э нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн нутагт 2018 оны 10 сарын 28-ны өдөр Э.А миний байшинд гал тавьж санаатайгаар галдан шатааж надад 51.557.500 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон бөгөөд өсвөр насны яллагдагч Э.Эрхэмбаяр, Б.Т  нар нь 2018 оны 10 сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ Э.Э нь 8 нас 5 сар 8 хоногтой, Б.Түвшинбаяр нь 12 нас 11 сар 08 хоногтой байсан нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтанд зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хохирогч нарт үлдээсэн. Мөнх өсвөр насны Түвшиндалайгийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний аав Я.Б , Э.Эрэмбаярын ээж П.Э нарыг нарыг томилсон. Миний хувьд гэр орон хамаг эд хөрөнгө, эд хогшил бичиг баримтаа шатаалгаснаас болж амьдралын нөхцөл эрс муудаж өмссөн хувцастайгаа үлдсэн ба тухайн үйл явдлаас хойш сэтгэл санаагаар унаж хүүхдүүд маань ч хичээл сурлагадаа муудаж эхэлсэн. Төрсөн ах дүү, хамаатан садан, сургуулийн багш, найз нөхдийн тусламж дэмжлэгээр гэртэй болсон. Түүндээ амьдарч байна. Миний хувьд цалингийн зээл авсан мөнгө, өдий олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болгосон хөрөнгөө бусдад шатаалгасандаа гомдолтой байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих иргэний хариуцагч нараас 51.557.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би хохирлын үнэлгээг гаргуулахдаа өөрийн байшин, түүнд хураасан байсан гэр, тавилга хэрэгсэл, өв дамжиж ирсэн эдлэл, хэрэглэл зэрэг тоймтой эд зүйлээ үнэлүүлсэн. Хүний амьдрал хойно аяга халбаганаас эхлээд жижиг зүйл их л байсан. Үнэлгээ гарсан тул шүүхийн шатанд эдгээр эд хөрөнгийг байсан эсэхийг дахин нотлох талаар баримт өгөөгүй. Би энэ хэргийг дээрх 2 хүүхэд хийсэн гэж бодож байгаа. Цагдаа, прокуророос ч шалгаж тогтоосон гэж бодддог. Би гэрээсээ гарахдаа сургуулийн ангийн түлхүүрүүдийг ширээн дээрээ үлдээсэн байсан тэр түлхүүрүүдээр өөр олон айлын гэрийг онгойлсон байсан. Миний зөөврийн компьютерийг авч гараад голын зах дээр эвдээр хаясан байснаа хүүхдүүд мэдүүлсэн байсан. Хүүхдүүд яагаад хэргээ хүлээхгүй байгааг мэдэхгүй байна. Энэ хүүхдүүдийн эцэг Бат-Эрдэнэ бид нэг гол усны улсууд юм. Хүүхэд нь ийм зүйл хийчихээд байхад нэг удаа ч болов ирээд уучлалт гуйгаагүйд гомдож байна..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартааӨсвөр насны Б.Т , Э.Э нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8-р багийн нутагт 2018 оны 10 сарын 28-ны өдөр Э.А н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд гал тавьж санаатайгаар галдан шатааж, 51.557.500 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Э.А н орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь тогтоогдсон боловч өсвөр насны Э.Эрхэмбаяр, Б.Т  нар нь 2018 оны 10 сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ Э.Э нь 8 нас 5 сар 8 хоногтой, Б.Т  нь 12 нас 1 сар 8 хоногтой байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд зааснаар “...эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан байдаг. Хариуцагч нарын төлөөлөгч нар хэргийг хийгээгүй талаар ярьж байна. Гэвч прокурорын тогтоолыг хүлээж авснаас хойш талуудад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч өөрийн гэм бурууг шүүхээр тогтоолгох, цагаатгах, шүүхийн шийдвэр гарвал хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно...” гэж заасан. Энэ эрх нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй байдаг. Нэгэнт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасан учраас прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс Монгол улсын Иргэний хуулийн 497.1, 503.1, 510.1-т зааснаар хохирлыг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч тайлбартаа тодорхой ярьсан өөрийн 10 жилийн хөдөлмөр болон цалингийн зээл авч 7:7 харьцаатай 2 давхар мансаарттай байшингаа болон хураалттай байсан гэр, гэрт байсан эд зүйлээ шатаалгаж тухайн үед шинжээчээр дүгнэлт гаргуулж 51.557.500 төгрөгийн хохирол тогтоогдсон. Нэхэмжлэгчийн өөрийнх нь нэхэмжилсэн мөнгөнөөс хамаагүй бага хэмжээгээр тогтоогдсон боловч үнэлэгдсэн хэмжээгээр хохирлыг нэхэмжилж байгаа. 2019 онд ашиглалтад орсон. Тухайн өдрөөс хойш сумын засаг дарга болон холбогдох газрын гэрчилгээ болон үл хөдлөхийн гэрчилгээ бүх бичиг баримтаа өгсөн энэ нь гарахаар хүлээгдэж байсан талаарх нотлох баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. 7- багийн засаг дарга Баярмагнай болон Баянхонгор сумын засаг дарга Мөнхсоёл дарга нарын албан бичгүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.  Иймээс Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д заасныг үндэслэж хариуцагч нарыг тогтоосон. Э.Эрхэмбаярын хариуцагчаар түүний эмээг тогтоосон байсан боловч түүнийг асран хамгаалагчаар тогтоосон тухай албан ёсны шийдвэр гараагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 09 сарын 17-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор түүний төрсөн ээж П.Э хариуцагчаар тогтоогдсон. 2018 оны 11 сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Б.Т н аав Я.Бат-Эрдэнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байдаг. Э.Эрхэмбаярын аав нь 2019 оны 04 сарын 01-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “...хүүхэд төрснөөр эцэг, эх нь эрх, үүрэг хүлээнэ...”, 26.8-т “...хүндэтгэн үзэх шалтгаанаар эсвэл гэрлэлтээ цуцлуулсан гэдэг шалтгаанаар эсвэл хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нь ямар нэгэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Иймээс Гэр бүлийн тухай хууль, Иргэний хуулийн 497.1, 503.1, 510.1-т  заасныг үндэслэж хариуцагч нараас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хувааж гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас “хууль зөрчиж мэдүүлэг авсан” талаар буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын асуудал ярьж байна. Хэрвээ тухай бүрд нь процессын алдаа гаргаж явсан бол энэ асуудлыг өнөөдөр ярих нь зохимжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлд зааснаар “...прокурорын тогтоолыг хүлээж авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй...”, яллагдагч өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа бол хэргийг дахиж сэргээлгэх эрх, үүргийг нэгэнт хуульчлаад өгсөн учраас тухайн үед тухайн шатанд нь гомдол гаргаагүй байж өнөөдөр ийм асуудал хөндөж байгааг хүлээж авах боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага дээр маргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн үнэлгээнд мөн маргаан үүсгээгүй. Нэгэнт прокурорын тогтоол гарсан зүйл дээр маргаж байгаа нь зохимжгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч талаас хувааж гаргуулж өгнө үү.. гэв.

Хариуцагч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүү Б.Т нь 2018 оны 10 сарын 28-ны орой гэрээсээ огт гараагүй үүнийг манай гэрийнхэн бүгд мэднэ. Э.А гийн гэр 2018 оны 10 сарын 28-ны шөнө 00 цаг, 2018 оны 10 сарын 29-ний 01 цагийн үед шатсан байдаг. Тэгэхээр энэ байшин хэдэн цагийн хугацаанд шатах боломжтой эсэхийг огт тогтоосон зүйл байхгүй. Манай хүүг бол Э.Э гэдэг хүүхдийн мэдүүлгээр шатаасан гэж үзэж байгаа. Энэ хүүхэд 2018 оны 10 сарын 31-нд мэдүүлэг өгөхдөө “Анхдалай багшийнд ороод хүүхдийн номыг авч гарахдаа плитка залгаад хүүхдийн хувцасыг хаясан” гэж мэдүүлсэн. 2018 оны 10 сарын 07-нд мэдүүлэг өгөхдөө “Анхдалай багшийнд орж компьютер аваад гарахдаа гал тогооны өрөөнд шүдэнз хавираад гарсан” гэж ..2018 оны 11 сарын 28-нд мэдүүлэг өгөхдөө “Анхдалай багшийнд ороогүй, цагдаагаас айгаад худлаа ярьсан..гэж мэдүүлж гал гарсан байх үндэслэл тогтоогдож байна. Би өөрийн хүүхдээ бусдын байшинг шатаасан гэж бодохгүй байна. Тухайн өдөр би малаа хариулж яваад гэртээ ирэхэд Түвшиндалай гэртээ байсан. Өмнөх өдөр нь бусдын гэрээс эд зүйл хулгайлсан байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй..гэв. 

Хариуцагч П.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Өвөрхангай аймагт байхад Баянхонгор аймгийн харъяат Цогбаяр гэх залуутай танилцаж хамтран амьдарч байх хугацаанд 2010 онд хүү Эрхэмбаяр төрсөн. Гэтэл 2011 онд хүүг маань 1 нас 2 сартай байхад Цогбаяр нь хүү Эрхэмбаярыг аваад Баянхонгор аймагруу гэртээ очино гэж яваад иргэж ирээгүй бөгөөд би тухайн үед нь иргэж ирээч гэж олон удаа ярьсан.2012 онд хүүг 2 настай байхад УБ хотод байна гэхээр нь очиж авах гэхэд эмээ ээж Жавзанпагма хүүхдийг минь аваад Баянхонгор аймагруу надад өгөхгүй гээд аваад явсан. Энэ цаг үеэс хойш хүүтэйгээ нэг ч уулзаж чадаагүй 9 жил болж байна. 2011 онд хүүг маань авч явсан аав нь одоо хаана байдаг хүү хаана байгаа талаар надад ямарч мэдээлэл байхгүй. Арав гаран жил болж байна. 2020 оны зун аймгийн цагдаагаас намайг асуусан.

Гэтэл сая шүүхээс дуудаад нэхэмжлэл гардуулсан. Үүнийг дуулаад би маш их гайхаж байна. Нэг настай балчир хүүг маань надаас салгаж авч явсан хүмүүс хүүг маань яаж хүмүүжүүлж байсан болоод хэрэгт оруулчихаад намайг хариуцагч болгоод байгаад үнэхээрийн харамсаж гомдолтой байна. Миний бие нь хүү Эрхэмбаярыг төрүүлсэн нь үнэн боловч 1 настайгаас нь надаас салгаж Баянхонгор аймагруу авч яваад өсгөж хүмүүжүүлсэн аав Цогбаяр эмээ нарынхаа над дээр өссөн билээ. Миний хувьд хүүгээ ийм хэрэгт орсонд харамсаж байна. Надад хүүгийнхээ өмнөөс энэ их мөнгийг төлөх ямарч боломж алга байна. Би 1-8 насны 3 нялх балчир хүүхдүүдтэй ажил хөдөлмөр эрхэлдэггүй, боломж муутай амьдардаг юм. Хүү Эрхэмбаяр нь надтай 2011 оноос хойш хамт амьдарч байгаагүй одоо би хүүгээ танихгүй огт уулзаж байгаагүй миний бие өөр аймагт амьдардаг. Баянхонгор аймагт очиж байгаагүй. Хамгийн сүүлд би хүүтэйгээ утсаар ярихад би айлын гэр шатаагаагүй, цагдаа айлгаад байхаар нь анх айлын гэр шатаасан гэж мэдүүлсэн гэж надад хэлж байсан. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХариуцагч П.Эрдэнэтуяагийн өмгөөлөгчөөр оролцож байна. Иргэний хуулийн 497, 503.1-т заасаар хариуцагчийн хувьд эцэг, эх гэдэг томьёоллоор гэм хор учруулсан бол хариуцлага хүлээх үүрэгтэй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Энэ нь Гэр бүлийн тухай хууль болон Үндсэн хуульд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй нь холбогдуулж ярьж байна. Гэхдээ уг гэмт хэргийг Э.Э үйлдсэн гэдгийг нотлох баримтаар тогтоож чадаагүй. Нэхэмжлэгч талаас эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 11 сарын 07-ны өдрийн насанд хүрээгүй өсвөр насны хүнийг гэрчээр мэдүүлэг авсан мэдүүлгийг гол нотлох баримт болгож байна. Энэ нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн. Мөн насанд хүрээгүй хүнээс гэрчээр мэдүүлэг авч байгаа бол заавал өмгөөлөгч оролцуулах ёстой. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “...хэрэв энэ мэдүүлэг нь өөрийнх нь эсрэг ашиглагдах бол өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх...” журмыг зөрчсөн. Эдгээр заалтуудыг зөрчсөн тул уг мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайн үед Э.Э 8 настай байсан. 8 настай хүүхдээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүйгээр, хууль ёсны төлөөлөгч Одонтуяа гэдэг хүнийг байлцуулан мэдүүлэг авсан гэдэг. Гэтэл Одонтуяаг мэдүүлэг авахдаа оруулаагүй. Хүүхдийг ганцааранг нь оруулж байгаад мэдүүлэг аваад Одонтуяагаар гарын үсэг зуруулсан. Энэ нь эрүүдэн шүүхийн нэг хэлбэр юм. Э.Эрхэмбаярыг Одонтуяа зодож, загнасан нь үнэн. Эгч нь загнаж, мөрдөгч нь сүрдүүлсэн учраас тийм мэдүүлэг өгсөн. Энэ талаар гомдлыг гаргасан. Хууль зөрчиж авсан мэдүүлэг нь хөндлөнгийн нотлох баримаар нотлогдож байх ёстой. 2018 оны 11 сарын 16-ны өдөр Б.Т н насанд хүрээгүй өсвөр насны гэрчээр өгсөн мэдүүлэгт Э.А  багшийн гэрт хөлдөөгч дэлбэрч гэр нь шатсан талаар Гоомарал гэдэг хүүхэд ярьсан байдаг. Гэтэл Гоомаралаас мэдүүлэг аваагүй. Мөн Э.Э худлаа ярьж байна. Э.А  багшийнд ороогүй гэсэн мэдүүлгүүд байдаг. Эдгээр мэдүүлгүүдээр 2018 оны 11 сарын 07-ны өдрийн мэдүүлэг хууль бус гэдэг нь нотлогдож байна. Э.Эрхэмбаярыг Э.А н гэр лүү орж хулгай хийж, гал тавиагүй гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдож байдаг. Прокуророос хууль зөрчиж авсан мэдүүлгээ үндэслэж хоёр хүүхдийг гэмт хэрэг үйлсэн болох нь тогтоогдож байна гэсэн хариу мэдэгдэх хуудсыг Э.А д өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 зүйлийн 1.6-т “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол ял оногдуулах насанд хүрээгүй...” гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэгэнт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй. Гэтэл прокуророос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан нь хууль зөрчиж байгаа асуудал юм.  Гал түймрийн улсын байцаагчийн акт нь юунаас болж байшин шатсан талаар энэ актад огт тусгаагүй. Энэ баримтаар мөн нотлогдохгүй байна гэж харж байна. Нэхэмжлэгч талаас анхнаасаа хэргээ хүлээж байсан гэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг байхгүй. Энэ мэдүүлгийг нотлох баримт гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “...сэжигтэн, яллагдагчийн дангаараа өгсөн мэдүүлэг нотлох баримт болохгүй...” гэж заасан. Мөн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...шүүгдэгч, яллагдагчийн өгсөн мэдүүлэг дангаараа нотлох баримт болж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасан. Эдгээр нөхцөл байдлуудыг зөрчсөн. Дараа нь өмгөөлөгч оролцуулаад хууль ёсны явагдсан авсан мэдүүлэг дээр Э.Э нь болсон үйл явдлын талаар тодорхой ярьсан байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг уншсан. Тогтоолд насанд хүрээгүй хоёр хүүхдийг яллагдагчаар татсан нь үнэн. Гэхдээ 8 настай хүүхдийг яллагдагчаар татаж болох уу, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 14 хүртэл насны хүүхдийг цөөхөн зүйл анги дээр яллагдагчаар татдаг. 16 насанд хүрсэн хүнийг яллагдагчаар татдаг. 8 настай хүүхдийг яллагдагчаар татаж байгаа асуудал нь Монгол улсад анх удаа болж байгаа явдал гэж бодож байна. Энэ асуудлыг ярихаар хүлээж авдаггүй. Ямар нэгэн байдлаар шатаасан, өндөр хохирол гарсан байна, нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэдэг талаар хариу өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч нотлох баримтуудаа өөрөө бүрдүүлэх ёстой. Иймээс хариуцагч П.Э гэм хорын хохирлыг төлж барагдуулах үүрэг хүлээхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХариуцагч Я.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөр оролцож байна. Иргэний хэрэгт авагдсан нотлох баримт хуульд заасан журамд нийцсэн. Энэ хэрэг 2018 онд шалгагдаад 2019 онд олон удаа хэрэгсэхгүй болж, холбогдох байгууллагуудад гомдол гаргаж явсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгөхөд иргэний хариуцагч Я.Б  тайлбартаа хүүхдийнхээ гэм буруутай эсэхийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Манай хүүхэд тэр өдөр гэрээс гараагүй тухайн өдөр гэртээ байсан талаар нотолж өгсөн. Хэрэгт гэрчийн мэдүүлгүүд, яллагдагчаар авсан мэдүүлгүүд авагдсан байгаа. Насанд хүрээгүй яллагдагч, гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Т н өмгөөлөгчөөр мэдүүлэг өгөхөд нь оролцож байсан. Анхнаасаа мэдүүлэг өгөхдөө багш нарын гэрт орж хулгай хийсэн нь үнэн. Гэхдээ Э.А  багшийн гэрт ороогүй. Э.Э намайг орсон гэж хэлж байна гэсэн тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн. Энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан мэдүүлэг юм. Энэ хоёр хүүхдийг гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх ганц мэдүүлэг нь Э.Эрхэмбаярын өгсөн мэдүүлгүүд байдаг. Уг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан мэдүүлэг байдаг.    Энэ мэдүүлгийн үндэслээд энэ хэрэг бүрэн тогтоогдсон гэж үзэж галдан шатааж, хулгай хийсэн гэж үзсэн. Энэ асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс хүсэлт өгсөн боловч огт хангахгүй байсаар өдийг хүрсэн. 2018 оны 01 сарын 17-ны өдөр Э.Э гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Үүнд эрүүдэн шүүсэн байдал гаргасан. Харанхуй өрөөнд оруулна гэх байдлаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-т заасан “...гэрч өөрийн эсрэг болон түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулж мэдүүлэг өгөхөөс татгалзаж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэсэн эрхийг нь ноцтой зөрчсөн. Энэ хэргийг анхнаас нь үнэн зөвөөр шалгасан бол цаг хугацаа алдахгүй байсан. Хуулийг ноцтой зөрчиж авсан мэдүүлгээр гэм буруутай байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-т заасан “...энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй...” гэж заасан. Энэ заалтыг ноцтой зөрчсөн. Энэ талаар бүх хүсэлтийг гарсан байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээХариуцагч нар нь нэхэмжлэлийг хариуцах нь зүйтэй буюу өсвөр насны хүүхдүүд болох Б.Т , Э.Э нар нь нэхэмжлэгч Э.А н гэрийг шатаасан буруутай байна..гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А  нь хариуцагч Я.Б , П.Э нарт холбогдуулан “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол  51.557.500.төгрөг гаргуулах”ыг хүсэн шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Э.А  нь 2018 оны 10 сарын 28-ны өдөр өсвөр насны хүүхдүүд болох Б.Т , Э.Э нар нь Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт байх өөрийн байшинг галдан шаатан гэмт хэрэг үйлдсэний улмаас эд хөрөнгөд хохирол учруулсан тул төлбөрийг гаргуулах үндэслэлтэй хэмээн шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагч нар нь өсвөр насны хүүхүүд болох Б.Т , Э.Э нар нь Э.А гийн байшинг шатаагаагүй, цагдаа, прокурорын байгууллагаас энэ хэргийг хангалттай шалгаж тогтоогоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлалаа тайлбарлажээ. Үйл баримтаар 2018 оны 10 сарын 28-ны өдөр Баянхонгор сумын 8 дугаар багт байх Э.А н байшин шатсан болох нь тогтоогдсон, энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болсон гэм хор учруулснаас үүрэг үүссэн гэх үндэслэл байх тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар гэм хор учруулсан гэх этгээдээс гэм хорын хохирол шаардах эрхтэй байна. 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.7Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө..гэж тус тус нэхэмжлэгчийн үүргийг хуулиар тодорхойлжээ. Гэтэл нэхэмжлэгч Э.А  нь хариуцагч Я.Б , П.Э нарын хүүхдүүд болох Б.Т , Э.Э нар нь түүний байшинг галдан шатаасан хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан гэх шаардлагаа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэл, тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдохгүй байна. Тодруулбал: Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас Э.А гийн байшин шатсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад өсвөр насны этгээдүүд болох Б.Т , Э.Э нарыг энэ хэргийг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татан шалгасныг Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 06 сарын 03-ны өдөр 02 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “Өсвөр насны яллагдагч Б.Т , Э.Э нар нь бүлэгдэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутагт 2018 оны 10 сарын 28-ны өдөр Э.А н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд гал тавьж галдан шатааж бусдад 51.557.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Гэвч өсвөр насны яллагдагч Э.Эрхэмбаяр, Б.Т  нар нь 2018 оны 10 сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ Э.Э нь 8 нас 5 сар 8 хоногтой, Б.Түвшинбаяр нь 12 нас 11 сар 8 хоногтой байсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй”.. гэж дүгнэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно..40 дүгээр зүйлд Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй..гэж тус тус иргэний хэрэгт нотлох баримтаар тооцох шалгуур, хэмжээ хязгаар, нотолгооны ач холбогдол зэргийг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагыг өсвөр насны яллагдагч болох Э.Эрхэмбаярын 2018 оны 11 сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэг,  Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоол зэргээр өсвөр насын яллагдагч нарын гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон гэж нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц нотлох баримт гэж дүгнэх боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд дээрх мэдүүлэг болон прокурорын тогтоолыг шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор зохигчдын хүсэлтээр болон шүүхийн даалгаснаар цуглуулж бэхжүүлээгүй бөгөөд эдгээр баримтууд нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байх тул шууд нотлох баримтаар тооцон үнэлэх боломжгүй юм. Тухайлбал прокурорын тогтоолд хохирогч Э.Анхдайлайн мэдүүлэг, гэрч Ч.Ганчимэг, Д.Одсайхан, Ж.Дэнсмаа нарын мэдүүлэг, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2020 оны 03 сарын 11-ний өдрийн 12/45 дугаар дүгнэлт, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн дүгнэлт ...зэрэг иш татсан баримтууд нь энэ иргэний хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бол Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 12 дугаар актаар Э.А н гэр шатсан шалтгааныг тогтоогоогүй байна. Түүнчлэн уг актаар Э.А н гэр шатсанаас 51.557.500 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоов... гэсэн нь ойлгомжгүй эх сурвалжаа заагаагүй байгааг дурдах нь зүйтэй байна. Харин хариуцагч нараас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн бол хариуцагч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Э.Эрхэмбаярыг цагдаагийн байгууллагаас гэрчээр байцаахдаа сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, энэ мэдүүлгийг үндэслэн прокуророос хэргийг нотлогдсон гэж үзсэн нь мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “...сэжигтэн, яллагдагчийн дангаараа өгсөн мэдүүлэг нотлох баримт болохгүй... 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “...шүүгдэгч, яллагдагчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг дангаараа нотлох баримт болж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...”гэж заасан тул прокурорын тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болоогүй” гэж үзэх үндэслэлтэй, насанд хүрээгүй яллагдагч Э.Э нь өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явуулахад өмнөх мэдүүлгээ үгүйсгэж, цагдаа болон байцаалтанд байлцсан О.Одонтуяа гэх хүн загнаж, айлгасны улмаас ийм мэдүүлэг өгсөн болохоо илэрхийлсэн, насанд хүрээгүй яллагдагч Б.Т  нь Э.А гийн гэрийг шатаасан талаар огт мэдүүлэг өгөөгүй, өөр баримт байхгүй байхад прокуророос энэ хэргийг Б.Т , Э.Э нар үйлдсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ..тайлбараа гаргаж мэтгэлцсэн байна. 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй..гэсэн бөгөөд энэ тохиолдолд Прокурорын болон цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг хамаатуулан ойлгох боломжгүй юм. Иймд дээрх эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар тооцох боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг анхаарах нь зүйтэй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь өөрийн байшин шатсаны улмаас 51.557.500 төгрөгийн хохирол учирсан энэ нь Энх-Нахиа ХХК ийн 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 329 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж шаардлагаа тайлбарлаж байгаач үнэлгээнд авагдсан эд хөрөнгүүд бодит байдал дээр байсан эсэх, байшин шатсаны улмаас үрэгдэж үгүй болсон эсэх, үнэлгээ бодитой эсэхийг бусад нотлох баримтуудаар нотолж тогтоогоогүй, үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан жагсаалтын дагуу үнэлсэн нь хэт хийсвэр, хууль ёсны үндэслэл бүхий хийгдсэн гэж үзэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанд оролцож хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргасан иргэдийн төлөөлөгч нь хариуцагч нар нь нэхэмжлэлийг хариуцах нь зүйтэй гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А гийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Б , П.Э нарт холбогдох “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол  51.557.500 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                                          ШҮҮГЧ О.БАТДОРЖ

                                                           ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ