Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 745

 

    Н.Э-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А, С.О,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-н өмгөөлөгч Ш.Чингис,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 658 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.Э-д холбогдох эрүүгийн 1903 01425 0057  дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Н-н Э, ...... оны .. дүгээр сарын ...-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эмэг эх, ахын хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

 Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны оройн 18 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Орбитын замд “Тоёота Аксио” загварын, .... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч, 47 настай Ч.А-г мөргөж, амь насыг нь хохироон, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг,

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болон оролцогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдал байна хэмээн анхан шатны шүүх дүгнэлээ. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нотолбол зохих байдал болох “гэмт хэргийг хэн үйлдсэн” эсэхийг эргэлзээгүй тогтоож чадаагүй байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Тодруулбал, нэгдүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан байх  шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан дуудлагын лавлагааны хуудсанд тусгагдсанаар Д гэдэг хүн 941095.. дугаарын утсаар Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утас руу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 44 минут 17 секундэд “шинэ зам дээр хүн хэвтэж байгааг нь хараагүй 95-50 УНР машин хүн дээгүүр гарчихлаа” гэсэн агуулгатай дуудлага, мэдээллийг өгчээ.

Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 187-191 дүгээр хуудсанд авагдсан криминалистикийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 213 дугаар дүгнэлтээр Х.Д-н жолоодож явсан ..... УНР улсын дугаартай, “Хьюндай Соната-6” загварын тээврийн хэрэгслийн урд бамбайн зүүн доод дотор тал, урд тэвшний гадаргуу, моторын тосны тэвш, моторын хаалт, рам төмөр, хэвтээ тэнцвэржүүлэгч зэрэгт урдаас хойш, доороос дээш чиглэлтэй, хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан шинэ тоосон мөр байна” гэжээ.

Шинжээчийн 212 дугаартай дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн хувцсанд шинэ гогодолт, зулгаралт, урагдалтууд гарсан байх бөгөөд гутал нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтай” /1 хх 148-155/ гэсэн байна.

Харин мөрдөгчийн тэмдэглэлд “Х-н Д нь 941095.. дугаарын утаснаас “шинэ зам дээр хүн хэвтэж байгааг нь харалгүй ... дээгүүр нь гарчихлаа” /2 хх 12/ гэж дуудлага өгсөн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 213 дугаартай дүгнэлт зэргээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг зөрчсөн үндэслэлтэй байх тул Зөрчлийн тухай хуулийн 52.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох арга хэмжээ ногдуулсан болно” гэсэн байна. (Уг тэмдэглэлийн ард наасан байх шийтгэлийн хуудас нь өөр цаг хугацаанд өөр нутаг дэвсгэрт гарсан өөр зөрчлийнх байв.)

Гэтэл эдгээр нотлох баримтад агуулсан хэрэгт ач холбогдол бүхий эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд няцаан үгүйсгэхгүй байхын зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээрийг мухарлаж шалгалгүй, эргэлзээтэй хэвээр үлдээсэн байх тул гэрчийн мэдүүлэг өгсөн жолооч Х.Д-г энэ хэрэгт хамааралтай, эсхүл хамааралгүй гэж дүгнэх бололцоогүй байна.

Шүүх мөрдөн шалгах ажиллагааны талаар мөрдөгч, прокурорт чиглэл өгөхгүй боловч хийвэл зохих ажиллагаанаас иш татвал, Цагдаагийн Ерөнхий Газрын Шуурхай удирдлагын төвд дуудлага, мэдээллийн ярианы бичлэг хадгалагдаж байдаг болохыг дурдъя.

2. Хэргийн 1 дүгээр хавтасны 3-4 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгаснаар Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.О хэргийн газарт үзлэг хийх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, үзлэг хийх үед тухайн хэрэгт хамааралтай байж болохуйц хүн болох Х.Д-г хөндлөнгийн гэрчээр оролцуулсан байх тул уг ажиллагаа, түүний тэмдэглэлийг хууль ёсны хэмээн үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болжээ.

Мөрдөгч энэхүү үзлэгийн ажиллагааг явуулахдаа “хүн дээгүүр гарчихлаа” хэмээн дуудлага өгсөн жолооч Х.Д-н тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс гаргаж, хэргийн нөхцөл байдлыг бэхжүүлсэн нь ойлгомжгүй болжээ. Мөн техникийн шинжээч ийнхүү хууль зөрчиж бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэн дүгнэлтээ гаргасан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

3. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 144 дугаар шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Н.Энхцолмонгийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт эргэлзэх дараах нөхцөл байдал байна.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 16471 дугаартай Өвчний түүхэнд “...Хэвтэх үеийн зовиур: Баруун түнх болон үеэр өвдөнө гэнэ. ...Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний урд дээд хэсэгт зулгарсан шархтай, аарцаг тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй. Баруун түнхний үеэр хөдөлгөөн хязгаарлагдмал. ... 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ясны татлага хийсэн талаар: Баруун хөлийг беллерийн чиг дээр байрлуулан ... булуу яснаас цитогийн нумд байрлуулав...” гэж тусгажээ.

Харин шинжээчийн 144 дугаартай дүгнэлтийн задлан шинжилгээний хэсэгт “...Аарцаг яс зүүн талд олон яс уулзах үеэр салсан хугаралтай, умдаг ясны дээд, доод салаа зүүн талд далд хугаралтай...” гэж тусгасан байх боловч үүнийг харуулсан гэрэл зураг авагдаагүй байхын зэрэгцээ уг дүгнэлтийн онош болон эцсийн дүгнэлт хэсэгт аарцаг ясны цагариг тасарсан гэмтлийг зүүн, баруун алин болохыг тодорхойлоогүй байна. Шүүх хуралдааны үеэр шинжээч эмчээс энэ талаар тодруулахад гаргасан дүгнэлтийнхээ тэмдэглэх хэсгээс хайж байгаад “зүүн тал юм байна” гэж хариулсан болно.

Хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд авагдсан 6 дугаартай гэрэл зурагт амь хохирогчийн баруун ташаанд учирсан зулгаралт болон түүний эргэн тойронд үүссэн хөхөлбөр ягаан өнгөтэй, ойролцоогоор алга дарам, түүнээс хэмжээтэй цус хуралт байж болохуйц ул мөрийг шинжээч эмч үндэслэл бүхий тайлбарлаж чадсангүй.

Иймд шүүх задлан шинжилгээний дүгнэлт нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч нарын үзлэг, өвчтөний өгүүлэмж, өвчтөнд үзүүлсэн эмнэлгийн үйлчилгээнээс илтэд зөрөөтэй байна гэж үзлээ.

Түүнчлэн, задлан шинжилгээний дүгнэлтэд нэмэлт шинжилгээний хариу хэмээн тусгасан байх бөгөөд 398 дугаартай Химийн шинжилгээний хариу хэрэгт авагдаагүй, үндсэн дүгнэлтэд хавсаргаагүй байх бөгөөд химийн шинжилгээний дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 2.2 хувийн спиртийн зүйл илэрсэн гэх боловч хавтаст хэргийн 145-146 дугаар хуудсанд авагдсан 236 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 3.2 промилли спирт илэрсэн гэж тусгасан байхад эдгээр зөрөөтэй байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулаагүй, учир шалтгааныг олоогүй байна.

Эцэст нь дурдахад, жолооч ямар орчинд, ямар замаар, ямар хурдтай явж байсныг тогтоосны үндсэн дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохыг дурдах нь зүйн хэрэг. Жишээ нь, хуульчдад “жолооч 98 градусын эргэлттэй замыг 50 км цагийн хурдтайгаар туулах оролдлого хийгээд, төвөөс зугтах хүчний нөлөөгөөр онхолджээ” гэсэн мэдээлэл тусгай мэдлэгийн хүрээнд хэрэгтэй. Харин жолоочийн үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалт зөрчсөн эсэхийг хуульчид өөрсдөө тодорхойлох учиртай.

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичлээ. Үүнд:

1. “Хьюндай Соната-6” загварын, .... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Х.Д нь дээрх зам тээврийн осол, хэргийг үйлдээгүй болох нь:

  • хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг,
  • цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 144 дугаартай “Ч.А-н цогцост дух яснаас арагш суман заадас салсан шугаман хугарал, ..., аарцаг ясны цагираг тасарсан хугарал, өвчүү ясны хоёрлосон хугарал, ...дагзны хуйх, зүүн мөр, ууцны зулгарсан шарх, духны хуучин шарх, зүүн чихний омог, хүзүү, баруун ташаа, хэвлий, баруун, зүүн шилбэний зулгаралт, хярзангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Талийгаач нь аарцаг ясны цагираг тасарсан хугарал гэмтлийн улмаас уушгины артерийн өөхөн эмболоор хүндэрч амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт,

- шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Э-н “...амь хохирогчийн гадна үүссэн гэмтлээс авч үзэхэд шахагдаж, хавчигдсан гэмтэл гэхээсээ илүүтэйгээр мөргөгдөж, цохигдсоноос үүсэх боломжтой гэмтэл. Харин шахагдсанаас болж үүссэн бол гавлын хэлбэр өөр байх ёстой. Би тухайн дүгнэлтээ гаргахдаа цогцосыг биечлэн үзэх болон өвчний түүхийг аль алийг нь харж гаргасан. ...тархины шугаман хугарал нь талийгаачийн үхэлд нөлөөлсөн. ...хавтаст хэрэгт авагдсан 6 дугаар гэрэл зурагт авагдсан гэмтэл нь мөргөгдөж, савагдах үед үүснэ. ...” гэсэн мэдүүлэг,

- гэрч Х.Д-н “... машин зөрж өнгөрөх үед миний явж байсан урсгалын гол хэсэгт толгой нь урагшаа харсан нэг хүн хэвтэж байхыг хараад тоормоз гишгээд нөгөө хүн рүү тулаад зогссон. Тухайн үед сандраад машинаасаа буулгүй цагдаад дуудлага өгсөн. ... Би мөргөөгүй, зам дээр хэвтэж байсан тэр хүний хажууд нь цагаан өнгийн эвдэрсэн толь болон жижиг хагархай хэсэг зүйлс байсан. ” гэх мэдүүлэг,

- гэрч Т.Г-н “...би замаа хартал зам дээр хүн хэвтсэн байхыг хараад би шууд нөхөртөө “хүн хэвтэж байна зогсоорой” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тоормосоо гишгээд зогссон. Анх би машинаас буухад зам дээр хэвтэж байсан ахын ойр орчимд автомашины цагаан толь, хагарч бутарсан толины суурь хэсгүүд байсан. ...” гэх мэдүүлэг,

- гэрч М.Б-н “... тэгсэн замын хойд талаас гэнэт согтуу хүн машинтай ойрхон гараад ирсэн тэгэхээр нь Н.Э тоормосоо гишгээд баруун дарсан чинь автомашиныхаа зүүн хэсгээр мөргөөд бид нар бүгд сандраад хоорондоо юу ч ярилгүй шууд явсан. Н.Э-н гэрт очоод машинаа хартал зүүн талын толь хугарсан байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг,

- гэрч Ж.Б-н “... дуудлага аваад ослын газарт очиход нэг залуу болон хүүхэн 2 хамт байсан. Тэр залуу бидэнд замаар явж байтал зам дээр хүн мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан, тэгээд түргэн цагдаа дуудсан юм. Мөргүүлсэн хүн нь “Х.Соната” автомашины урд буферийн урд газарт хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг,

- гэрч Ш.М-н “...Х.Соната автомашины урд буферийн урд газарт хэвтэж байсан, хохирогч тухайн үед бага зэрэг ухаантай байсан шиг санагдаж байна. ...” гэх мэдүүлэг,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 144 дугаартай дүгнэлтийн: Онош, үзлэг хийсэн хэсэгт: 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ГССҮТ-ийн Толгойн КТГ-т: толгойны томограммуудад титэм заадаснаас урагш дух ясны урд хэсэг рүү үргэлжилсэн хугаралтай, 2 талын нүдний ухархайн дотор хана, хамар яс хуучин хугаралтай. Тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, гавлын орой ясны хугарал, их хэмжээний цусан хураа, архины хордлогын гүн комын байдал, ... амьсгал зүрх судасны хурц дутагдал. ...Цохноос титэм заадас хүрч цааш суман заадас салсан 19 см урт шугаман хугаралтай, суурь яс бүтэн гэмтэлгүй, ... Цээжний хэлбэр зөв, өвчүү яс 2, 3-р хавирганы түвшинд хөндлөн хугаралтай, нугалам, нугас бүтэн гэмтэлгүй, аарцаг яс зүүн талд олон яс уулзах үеэр салсан хугаралтай, умдаг ясны дээд, доод салаа зүүн талд далд хугаралтай. ...” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

2. “Тоёота Аксио” загварын, ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Н.Э нь явган зорчигч Ч.А-г мөргөн амь насыг нь хохироогоод осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн “...хүн мөргүүлсэн цэгийг ул мөрөөр буюу зорчих хэсэг дээр ослоос шалтгаалан үлдсэн автомашины эвдрэл, дугуйн мөр, явган зорчигчийн гутлын цахилгааны татуурга зэргийг үндэслэн тогтоож “А” үсгээр тогтоов. “2” цифрээр автомашины эвдэрсэн хар өнгийн эд ангийн хэсэг, “3” цифрээр автомашины Тоёота гэсэн бичигтэй цагаан өнгийн тольны хагархай байсан цэгийг тэмдэглэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч,
  • автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /“Тоёота Аксио” загварын ....... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд/,
  • камерын бичлэгт үзлэг хийсэн “... 17:50:03 минутад осол болсон гэх газрын ойролцоо зүүнээс баруун чиглэлд автомашины гэрэл тусаж явж байхад замын хойноос урагш чиглэлд хүн гэмээр хар сүүдэрлэсэн зүйл автомашины урдуур орж байгаа нь дүрслэгдсэн байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
  • гэрч Б.Дашдорж, М.Бөхбат нарын мэдүүлэг,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний мөр судлалын шинжээчийн 213 дугаартай “...Хэргийн газраас хураан авсан эд зүйлийн 29 хэсэг нь .... УБЧ улсын дугаартай, цагаан өнгийн “Т.Королла Аксио” загварын автомашины зүүн талын толины хагархай, 1 хэсэг нь бамбааны бэхэлгээний хагархай байна...” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар Н.Э нь “Тоёота Аксио” загварын, .... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа харанхуй үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс явган зорчигч Ч.А-г мөргөж, түүний амь насыг хохироон зам тээврийн осол гаргаад, осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан байна.

Хэргийн газрын үзлэгийг хийхдээ зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг байрлуулан гэрэл зургийг баталгаажуулан авдаг бөгөөд тухайн үед явган зорчигчийг мөргөж, зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь үзлэг хийх үед байгаагүй, осол хэргийн газрын орхиж зугтаасан байсан тул үзлэгийн зурагт авагдаагүй болно.

Зам тээврийн осол, хэргийн газарт 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үзлэг бүрэлдэхүүнтэй хийхдээ “...хүн мөргүүлсэн цэгийг ул мөрөөр буюу зорчих хэсэг дээр ослоос шалтгаалан үлдсэн автомашины эвдрэл, дугуйн мөр, явган зорчигчийн гутлын цахилгааны татуурга зэргийг үндэслэн тогтоож “А” үсгээр тогтоов” гэсэн нь тээврийн хэрэгсэл явган зорчигчийг анх мөргөсөн гэх “А” цэгийг тогтоохдоо гэрчийн мэдүүлэгт үндэслээгүй болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар явган зорчигч Ч.А-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх савагдах үед үүсэх талаар шинжээч эмч дүгнэлт гаргасан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед энэ талаар тодорхой тайлбарлан мэдүүлэг гаргасан байхад шүүхээс нотлох баримтууд эргэлзээтэй, гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоогдоогүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2-д заасан заалт нь тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосноор тавигддаг заалт биш бөгөөд жолооч тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, харанхуй үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах талаар заасан заалт юм.

Өөрөөр хэлбэл, суурин газар жолооч 60 км/цаг хүртэл хурдтай явах дүрмийн заалттай хэдий ч харанхуй газар явж байгаа жолооч нь өөрийн үзэгдэх хүрээнд буюу харж чадах зайныхаа хүрээнд тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж явах ёстой гэсэн үг юм. Энэхүү зам тээврийн осол нь өвөл оройн 18 цаг 40 минутад буюу харанхуй болж, үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдалд үйлдэгджээ.

Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоосон тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 658 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. Х.Д-н автомашины доод эд ангиас илэрсэн ул мөр нь түүний тээврийн хэрэгсэл хохирогчийн дээгүүр нь гарсан нь тогтоогдож байна. Тээврийн хэрэгсэл дээгүүр нь гарсан хэдий ч үхэлд хүргэх гэмтэл учруулаагүй гэж үзсэн. Харин Н.Э явган зорчигчийг мөргөөд улмаар орхиж явсан нь тогтоогдсон. Хэргийн газрын үзлэгт Х.Д оролцсон нь хууль бус гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ ажиллагаа нь гэрэл зураг болон ослын бүдүүвчээр хангалттай тогтоогдсон. ... Камерын бичлэгээс харахад талийгаач нэг гэрлээс нөгөө гэрэл хүртэлх хэсэг харанхуй завсар газарт байсан. Ийм тохиолдолд жолооч хурдаа тохируулж явах үүрэгтэй. Хэдийгээр Х.Д “би хүн дайрчихлаа” гэж дуудлага мэдээлэл өгсөн, түүний автомашинаас ул мөр илэрсэн хэдий ч талийгаачийг үхэлд хүргэх гэмтлийг учруулаагүй болох нь нотлогдсон. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А тус шүүх хуралдаанд хэлэх “тайлбаргүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хувьд хоорондоо ямар нэг зөрчил байхгүй. Н.Э-д гомдолтой байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-н өмгөөлөгч Ш.Чингис  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Х.Д-г гэрчээр оролцуулж, мөн автомашиныг замаас гаргаж хэргийн газрын үзлэг хийсэн нь буруу хэдий ч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Н.Э нь энэ хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. Дахин үзлэг хийх нь хэрэгт ач холбогдолгүй. ...” гэв.

Шүүгдэгч Н.Э тус шүүх хуралдаанд гаргах “тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Н.Э-н өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн учир нөхөн үзлэг хийх шаардлагатай гэж үзэж байна. Х.Д-н автомашиныг цагдаагийн албан хаагч нар ирээд замаас гаргасан. Камерын бичлэгээс үзэхэд Х.Д нь өөрийн тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн байдлаа худал мэдүүлсэн. Амь хохирогчийн аарцганд авсан гэмтэл нь босоо байдлаас үүсэх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Д-г буруутай гэж үзэж байсан. Гэтэл Х.Д-д 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл оногдуулсан. Х.Д-н автомашинаас илэрсэн биологийн гаралтай эд зүйлийг мөн хэргийн байдлыг бодитоор харах шаардлагатай. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаар гэрчийн мэдүүлэг өгсөн жолооч Х.Д-г энэ хэрэгт хамааралтай, эсхүл хамааралгүй гэж дүгнэх бололцоогүй, хэргийн газарт үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, цогцост задлан шинжилгээ хийсэн дүгнэлт нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын үзлэг, өвчтөний өгүүлэмж, өвчтөнд үзүүлсэн эмнэлгийн үйлчилгээнээс илтэд зөрүүтэй, амь хохирогчийн цусанд илэрсэн спиртын агууламжийн хэмжээ зөрүүтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Н.Э-д холбогдох хэргийн хувьд, энэ заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлвэл зохино.

Түүнчлэн, шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.