Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 0059

 

 

 

 

 

 

 

                             

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Иргэдийн төлөөлөгч Д.Энхдорж

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Ч.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Н.Баатарчулуун нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аргуун овгийн Нямсүрэнгийн Баатарчулуунд холбогдох 201614000521 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгч Аргуун овгийн Нямсүрэнгийн Баатарчулуун, Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Даваат баг Зураагийн 6-11 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 99 дүгээр зүйлд зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан гэх РД:ИЙ70052312.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Н.Баатарчулуун нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд багийн 6 дугаар гудамжинд 2016 оны 10 сарын 20-ны орой хохирогч Ч.Баянмөнхийг эхнэр Ч.Надмидтайгаа хардлаа гэж маргалдан зодож биед нь хөнгөн, хүнд гэмтлүүдийг санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ч.Баянмөнхийн “2016 оны 10 сарын 20-ны орой 23 цагт Даваат баг руу Баатарчулуун гэх айлаас эхнэрээ хайх гээд гудамжинд ортол миний араас Баатарчулуун тортой юм барьчихсан ирж байхаар нь хашааных нь гадна талд уулзаад танайд манай эхнэр байгаа юм биш үү ороод харъя гэсэн чинь оруулахгүй байсан. Манайд танай эхнэр байхгүй гээд бид хоёр жаахан маргалдсан. Би тал шил архи барьчихсан танайд ороод уучих уу гэхэд оруулахгүй байсан юм. Тэгээд би Баатарчулуунаас салаад гудамжны үзүүрт сууж байтал Баатарчулуун хоёр хүүхэдтэйгээ хашаанаасаа гарч ирээд гудамжныхаа эсрэг тал руу явахаар нь би араас дагаад Баатарчулуунтай уулзах гээд явтал миний урдаас хүрч ирээд чи яах гээд нохой шиг дагаад байгаа юм бэ? зайлаач гэхэд би эхнэрээ авмаар байна, танайд байгаа гэсэн юм. Тэгтэл Баатарчулуун намайг шууд өшиглөөд авсан. Тэгэхээр нь би зугтаагаад гэрэлтэй газарт гарсан. Миний араас шууд ирээд бариад авсан. Би зөрүүлээд заамдаад автал чи миний бурхнаас барьж авдаг хэн бэ гээд намайг унагааж байгаад хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд надаас салаад яваад өгсөн юм. Би жаахан халамцуу байсан учир шууд л түргэн дуудаж үзүүлсэн. Зөвлөгөө аваад гэмтлийн тасагт үзүүлээрэй гэж хэлээд явсан юм. 2016 оны 10 сарын 23-ны өдөр 05 цагийн үед өөрийнхөө хүүхэд Баттулгад өвдөөд байгаа талаараа хэлж хүүгийнхээ хамт машинтай явж эмнэлэгт үзүүлсэн. Би Баатарчулуунд зодуулдаг өдөр эхнэрээ хайгаад тэднийд очсон. Тэгээд Н.Баатарчулуун намайг “чи дандаа эхнэрээ хардах юм чамайг ална шүү” гээд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

2. Гэрч Б.Оюунсувдын “2016 оны 10 сарын 20-ны өдөр гэж санаж байна. Цагийг нь сайн мэдэхгүй байна. Манай аав хүнд зодуулчихлаа гээд гэртээ жаахан халамцуу орж ирсэн. Хэнд зодуулсан юм гээд асуухад урд талд Баатараад зодуулчихлаа гэсэн юм. Яагаад зодсон юм бэ? гэж асуухад тодорхой юм хэлээгүй. Тэгээд аав бие өвдөөд байна гэхээр нь түргэн дуудсан ирэхгүй байхаар нь дахин дахин дуудаж байж түргэн ирсэн. Түргэн ирээд аавыг үзээд өвчин намдаагч тариа хийгээд нэг даралтны эм өгчихөөд эмчид үзүүлээрэй гээд явсан. Би аавыг зодсон хүнтэй нь очиж уулзаад ямар учраас зодсон юм бэ гэж асуухад танай аав чинь манай гадаа ирээд танай ээжийг асуугаад байхгүй гэсэн чинь хэрүүл нэхээд янз бүр болоод байхаар нь зодчихсон юм гэж хэлсэн. Аав зодуулсны маргааш өрхийн эмнэлэг орно гээд ганцаараа явсан, эмнэлэг орсон байх, өөр гадуур гараагүй, өөр хэн нэгэнтэй маргалдсан асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/

 

3. Гэрч Б.Баяндалайгийн “Би 2016 оны 12 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн өрхийн эмнэлэгт ажиллаж байсан. Тус өдөр Ч.Баянмөнх гэж хүн өглөө ирээд үзүүлээд өвчтөний зовиурыг өвчтөний түүх дээр бичих гэтэл дэвтэр нь байхгүй байсан юм. Буцаад өвчтөний дэвтэр аваад ирэхээр нь дэвтэр дээр нь зовиур болон гэмтлийн эмчид үзүүлэх бичилт хийлгээд явсан юм. Ч.Баянмөнх гэх хүнийг зодуулсан гэх агуулгатай үзлэгээр үзэхэд баруун талынх нь хавирга нь хонхойсон байдалтай тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй ойр орчимд нь хөхөрсөн байдалтай, амьсгал авахад хөндүүртэй байсан учир гэмтлийн эмчид үзүүлж, рентгэн зураг авахуулах талаар бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38-р хуудас/

 

 2. Гэрч Ч.Надмидын “Булган аймгийн Бугат суманд байсан. Тэгсэн 2016 оны 11 сарын 23-ны үед манай охин над руу залгаад аав хүнд зодуулаад эмнэлэгт хэвтчихсэн, та утсаа салгачихаад байх юм аа, гэртээ ирээч ээ гэхээр нь хэнд зодуулсан юм бэ гэхэд танай тэр Баатарчулуунд зодуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Орхон аймагт ирээд эмнэлэг дээр ирсэн чинь манай Баянмөнх надтай уулзахгүй байсан болохоор уулзаж чадаагүй. Би охинтойгоо гэртээ байсан чинь аав эмнэлэгээс гарах гэж байгаа юм шиг байна. Таныг гэрээс явуул гээд байна гэхээр нь би хонь гаргаж өгчихөөд Улаанбаатар хот руу явсан юм. Зодуулсан өдрөөс нь хойш уулзаагүй юм. Тэгээд би Баатарчулуунаас манай охин залгаад аавыг зодчихлоо гээд байна чи тийм аймар зодчихсон юм уу гэж асуусан чинь танай нөхөр манайхаар эргэлдээд чамайг асуугаад байхгүй гэснээс болоод бид хоёр жаахан маргалдаад тэгээд би зодчихсон юм. Миний нүдийг ч бас цохисон гэж л хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-р хуудас/

 

3. Насанд хүрээгүй гэрч Отгон-Эрдэний “Миний санаж байгаагаар 2016 оны 10 сарын 20-ны орой гэж санаж байна. Би цагийг сайн мэдэхгүй байна. Гэрт байж байтал гэрийн гадаа хүмүүс шуугиад байхаар нь гэрээсээ гараад хашааныхаа дээр зогсоод хартал Отгон-Эрдэнэ аавтайга зогсож байсан. Хажуу талд нь нэг өндөр настай гэмээр ах зогсож байсан. Би хашаанаасаа гараад хартал тэр ах Отгон-Эрдэнэд хандан яриад байх шиг байсан. Тэгсэн Баатарчулуун ах чи яагаад хүүхэд рүү дайраад байгаа юм бэ гэсэн чинь тэр өндөр ах Баатарчулуун ахыг нүүр рүү нь цохиод авсан, зөрүүлээд Баатарчулуун ах нөгөө ахыг түлхээд унагаасан. Мөн нэг удаа гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн юм. Тэгээд тэр ах яваад өгсөн. Би гэртээ орж хувцасаа өмсчихөөд буцаж гарч ирээд Отгон-Эрдэний гэрт орсон юм. Тэр үед Отгон-Эрдэнэ аавтайгаа хамт байсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/

 

4. Гэрч Б.Баттулгын “Би аавынхаа хашаанд эхнэр хүүхдийнхээ хамтаар байдаг юм. 2016 оны 11 сарын 20-ны шөнө аавын гэрт орсон чинь аав бие өвдөөд байна хавирган дээр нэг юм дугараад байна гэхээр нь би дарж үзэхэд нэг юм хавираад байгаа юм шиг санагдаад байсан. Тэр үед аав маань согтуу байсан. Та одоо амар гэж хэлээд гараад явсан юм. Би тэр үед аавыг зодуулсан талаар мэдээгүй. Манай дүүд л хэнд зодуулсан талаар хэлсэн байх. 2016 оны 11 сарын 23-ны үүрээр 04-05 цагийн хооронд аав манай гэрийн үүдийг нүдээд аав нь бие өвдөөд байна чи эмнэлэг хүргээд өг гэхээр нь би аавыгаа аваад хүлээн авах дээр очсон. Аав хүлээн авах руу орж үзүүлсэн. Би ороогүй юм. Аав хүлээн авахаас гарч ирээд зураг авахуулах шаардлагатай байна гэсэн тэр үед мөнгө байхгүй учир буцаад явсан. Харих замдаа аав энэ хавьд малгайгаа үзье гээд гэрийнхээ урд талд очиж үзсэн чинь байхгүй байсан. Та энд зодуулсан юм уу гэхэд дуугараагүй юм. Тэгээд гэртээ хариад хэсэг байж байгаад би ажилдаа явсан. Буцаад гэртээ ирсэн аав эмнэлэг явсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-р хуудас/

 

5. Гэрч Б.Болормаагийн “2016 оны 10 сарын 20-ны өглөө 08 цагаас маргааш өглөөний 08 цаг хүртэл дуудлагын эмчээр хороололд жижүүрт гарсан. Энэ хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 10-15 тоотод зодуулсан амьсгал давчдаад байна гэсэн дуудлагыг 20 цаг 30 минутанд 103 утсанд дуудлага өгөхөөр нь Баянмөнх гэх хүн орон дээрээ босч суугаад баруун хавирганы доод хэсгээр өвдөөд байна гэснийг зөөлөн эдийн гэмтэлтэй байсан хавирга болон ясанд хугарсан шинж тэмдэг ил гараагүй байсан учир өвчин намдаах тариа хийгээд зүрхний эм өгөөд маргааш онош тодруулж гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж зөвлөгөө өгөөд гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-52-р хуудас/

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 757 дугаартай дүгнэлтийн “Ч.Баянмөнхий баруун талын 5,6,7,8,9 дүгээр хавирганы хугарлын улмаас цээжний хөндий дэх хий ба шингэн хадгалалт, цээжний баруун талд шарх үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шинэ гэмтэл байна. Баруун талын 5,6,7,8,9 дүгээр хавиргануудын хугарлын улмаас цээжний хөндий дэх хий ба шингэн хадгалалт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2-д зааснаа хүнд зэрэгт хамаарагдана. Цээжний баруун талд үүссэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/

 

7.Шинжээч эмч Ч.Буянзаяагийн “Дээрх хүнд зэргийн гэмтлийн үед цээжээр дарах, дотор давчдах, амьсгаадах, ханиалгах, зарим үед цустай цэр гарах зэрэг шинж тэмдгээр илэрч болох ба хүн амьсгал авах үед цээжний хөндийд хий хуралдалт үүсдэг ба шингэн хуралдалт нь цээжний яг ямар судас гэмтсэнээс хамаарч янз бүрийн хугацаанд үүсч болно. Уг гэмтлийг авсан хүн 4 хоногийн хугацаанд явах, босох, зэрэг биеийн хүч шаардаагүй идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Дээрхи хүнд зэргийн гэмтэл нь хатуу зүйлийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Өшиглөх ба цээжин дээр дэвсэх үед үүсэхийг үгүйсгэхгүй. Дээрхи хүнд зэргийн гэмтлийг ихэвчлэн цээжний рентгэн шинжилгээгээр оношлодог ба тухайн хүний биед тэр даруй үзлэг хийхэд цээжний хөндий хий ба шингэн хуралдалт нь оношлогдохгүй байж болох ба хавирга хугарсан эсэхийг сэжиглэж болно. Дээрхи хүнд гэмтэл нь уушигны аль хэсгийн ямар судас гэмтсэнээс үүсч болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

 

8. Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтийн “Урьд гаргасан 757 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ч.Баянмөнхий биед баруун талын 5,6,7,8,9 дүгээр хавирганууд хугарсны улмаас уушиг гэмтэж, цээжний хөндийд хий, цус хуралдсан байна. Хохирогч дээрхи гэмтлийг авснаар цээжээр хүчтэй өвдөх амьсгалахад бэрхшээлтэй байх зэрэг шинж илрэх ба эмнэлэгийн тусламж авахгүйгээр 4 хоногийн хугацаанд байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 112-115-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Баатарчулуун шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хувьд 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

 

Хохирогч Ч.Баянмөнх мэдүүлэхдээ “ 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой энэ явдал болсон. Тэр өдөр Надмидыг гаргаад явуулсан бол ийм явдал болохгүй байсан. Баатарчулууны 2 хүүхдийг бодож байна. Түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эмчилгээний зардлаа бүрэн төлүүлж авсан” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа мэтгэлцэхдээ “Баатарчулууны хувьд эхнэр нь салаад явсан. Одоо 2 хүүхдийн хамт амьдардаг. Түүний хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Ганзориг ялын шүүмжлэлдээ “Баатарчулууны гэм буруутай үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Баатарчулуун нь 2016 оны 10 сарын 20-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 6 дугаар гудамжинд хохирогч Ч.Баянмөнхийг эхнэр Ч.Надмидтайгаа хардлаа гэж маргалдан зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Баянмөнхийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрч Б.Оюунсувд, Б.Баяндалай, Б.Баттулга, Б.Болормаа, Ч.Надмид, насанд хүрээгүй гэрч Отгон-Эрдэнэ нарын мэдүүлэг, шинжээч эмч Ч.Буянзаяагийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Баатарчулуунд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Баатарчулуунд ял шийтгэл оногдулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Аргуун овгийн Нямсүрэнгийн Баатарчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Н.Баатарчулууныг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Баатарчулуунд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Баатарчулуунд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ц.АЛТАНГАДАС

                                   ШҮҮГЧИД                                   Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                               Ж.БАЙГАЛМАА