| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0034/э |
| Дугаар | 2024/ШЦТ/32 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/32
2024 03 25 2024/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н,
Улсын яллагч Б.Б,
Хохирогч С.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц,
Шүүгдэгч Р.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304001740025 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Багануур дүүргийн .. дугаар хороо, Бага Гүн хэсгийн .. дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С овгийн Р-гийн Х /РД:УГ/.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Р.Х нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Багануур дүүргийн .. дугаар хороо Бага Гүний .. дугаар гудамжны .. тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйн улмаас хохирогч С.Б-г хазаж эрүүл мэндэд нь баруун талын шилбэ, зүүн талын шилбэний хэсэгт хазагдсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн өдөр С.Б манайд ирээд нохойд хазуулсан нь үнэн. Өмнөх өдөр нь би нохойныхоо уяаг харахад эргүүлэг нь сэтэрсэн байсан. Тухайн үедээ янзлахгүй бол болохоо байж гэж бодоод өнгөрсөн. Би 8 дугаар ангид сурдаг хүүтэйгээ 2-лаа амьдардаг, би өөрөө сонсголын бэрхшээлтэй группд байдаг. Гэрт байхад манай нохой биднийг хамгаалж мөн хуцаж надад гол чимээ өгдөг юм. С.Б бариулна гэж утсаар ярьсан боловч хэзээ, хаана бариулна гэдгээ хэлээгүй. Тухайн өдөр ядаж утсаар яриад ирсэн бол өөр байх байсан. Өөрөө хэлэлгүй, дураараа гэрт орж ирээд ийм явдал болсонд найздаа гомдож л байна. Энэ үйл явдлаас хойш нохойгоо буудуулсан. Тэр өдөр би нохойгоо суларсан гэдгийг мэдээгүй, гэртээ унтаж байтал гэнэт хүн орилоод сэрсэн. Нохойгоо хорих гээд дийлээгүй. Тэр даруй түргэн дуудаад тариа хийлгэж вакцинд хамруулсан. Хохирлыг бүрэн барагдуулна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед Х-тай бариа заслынхаа талаар ярих гээд хашаа руу нь ороход нохой нь харагдахгүй байсан. Өмнө нь тэднийхээр орж гарах үед нохой нь байнга л уяатай байдаг, шууд яваад орчихдог байсан. Тэгээд гэр лүү нь яваад ортол өөдөөс нохой нь дайраад гараад ирсэн. Тэгээд нохой нь миний хоёр хөл хэсгээр хазаад, би өөрийгөө хамгаалах гэхэд ойр хавьд барьчих юу ч байгаагүй. Тэгээд хашгираад Х ирж салгах гэсэн боловч нохойгоо дийлээгүй. Би бөгсөөрөө мөлхсөөр байгаад гэр лүү нь явж орсон. Ажлаасаа чөлөө авсан, акт авсан, эм тариа авсан зардалд нийт 756,420 төгрөг нэхэмжилнэ.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, гомдол мэдээллийг шалгах явцад баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 32-р хуудас/,
- С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
- Б.М-лын мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-43-р хуудас/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 91-93-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:
- Шүүгдэгч Р.Х-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 77-81-р хуудас, шүүх хуралдаанд өгсөн баримт/,
- Р.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 75-р хуудас/,
- С.Б-гийн нэхэмжлэлтэй холбогдуулан өгсөн баримтууд /хх-ийн 99-106-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Р.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Багануур дүүргийн .. дугаар хороо, Бага Гүний .. дугаар гудамжны .. тоотод Р.Х нь өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч С.Б-г хазаж эрүүл мэндэд нь баруун талын шилбэ, зүүн талын шилбэний хэсэгт хазагдсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:
- С.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Багануур дүүргийн .. дугаар хороо, Бага Гүний .. дугаар гудамжинд амьдардаг нөхрийн ангийн хүүхэд болох Х-р бариа хийлгэхээр 2 хоногийн өмнө ярьсан байсан болохоор тухайн өдөр 13 цагийн орчим уулзахаар хашаа руу нь орсон. Урьд нь тэднийхээр орж гардаг байсан бөгөөд нохой нь байнга уяатай байдаг байсан болохоор тэр өдөр нохой нь уяатай байгаа гэдэг ойлголттойгоор шууд явж ороход нохой нь гэртээ, гэрийн эзэн өөрөө орон дээрээ хэвтэж байсан. Би орох гэтэл нохой нь миний өөдөөс дайрсан, би гэрийнх нь хаалгыг хаах гэтэл уяатай хааж амжаагүй, ингээд нохой нь над руу дайраад гэрийн эзэн бид хоёр хоёулаа нохойг нь салгахаар ноцолдоод дийлээгүй. Би араараа ухарч явсаар гэрт нь орсон. Хонгорзул түргэн дуудсан ба хамт эмнэлэгт ирсэн. Хнадад өвчин намдаах эм, боолт, бент авч өгснийг хэрэглэсэн. Миний биеийн баруун хөлийн гуяны дотор тал, зүүн талын өсгий, шилбэний урд болон гадна хэсэг, баруун гарын алганы хэсэгт нохой хазсан. Би нохойд хазуулчихаад хөлийнхөө шархын боолгоод эм уугаад яваад байсан ба эхлээд гайгүй байх гэж бодсон боловч хүндрэх шинж тэмдэг илэрсэн. Би нохойд хазуулсантай холбоотой гарсан зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
- 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөгчийн Хүний биед үзлэг хийсэн: “...С.Б гэж өөрийгөө танилцуулсан. ...баруун хөлийн шилбэний дотор хэсэгт дугуй хэлбэрийн мах гарсан ил шархтай, шархыг тойруулж ариутгагчаар цэвэрлэсэн байдалтай байв. Баруун шилбэний гадна хэсэгт 2 хэсэг газар хүрэн өнгийн шарх үүсэж эдгэрсэн хуучин толбо үүссэн байв, зүүн шилбэний урд хэсэгт хүрэн өнгийн тав тогтож эдгэрсэн хүрэн өнгийн хуучин сорвитой байв. Үзлэгээр өөр гэмтэл шарх байхгүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай: “... 1.С.Б-ийн биед баруун талын шилбэ, зүүн талын шилбэний хэсэгт хазагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх баруун хөлийн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 137 дугаартай: “...1.НШШГ-ын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ө.Ш-гийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шэ/278 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. 4.С.Б-д Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн эмч Б.Б-гийн S81.8 шилбэний бусад хэсгийн ил шарх, W54-нохойд хазуулах гэж онош тавьсан нь нохойд хазуулсаны улмаас үүссэн шархыг илэрхийлж байгаа бөгөөд “нохойд хазуулах үйлдэлд” гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй, харин учирсан гэмтэл болох “баруун талын шилбэ, зүүн талын шилбэний хэсгийн эдийн дутагдал бүхий шарх” гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-ийн 40-43-р хуудас/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 91-93-р хуудас/,
- шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр болон хуулийн зүйлчлэл дээр маргахгүй. Р.Х нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа” гэв,
Шүүгдэгч Р.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ийм зйл болсонд их харамсаж байна” гэв.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгч Р.Х нь өөрийн тэжээж байсан нохойг зохих хамгаалалтгүй байлгавал бусдад аюул учруулж болзошгүйг мэдэж байсан ба нохойны уяа тасрах гэж байгааг урьд нь харж мэдсэн боловч тэр даруйд арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас нохой нь уяанаасаа алдуурч С.Б руу дайрсан үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд баруун талын шилбэ, зүүн талын шилбэний хэсэгт хазагдсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн нохойгоо зохих хамгаалалтгүй орхисон болгоомжгүй үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаанд холбоотой байх тул шүүгдэгч Р.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд нийт 756,420 төгрөг нэхэмжилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын нэхэмжлэлээс түүний үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа байдлыг харгалзан, гэм хорын хохирол арилгуулахад эрүүл мэндээрээ хохирсон хүний эмчлэн эдгэрүүлэхэд зарцуулсан бодит зардал буюу мөнгө зарцуулсан нийт 377,660 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 378,760 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 595,000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан талаар иргэний нэхэмжлэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүгдэгч Р.Х-аас 595,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х нь шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 377,660 төгрөгийг хохирогч С.Б-д төлж барагдуулсан болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Р.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналтай” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц-с: “...Р.Хнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, мөн түүний эрүүл мэндийн байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялын бага хэмжээгээр оногдуулж өгнө үү.” Гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Р.Х-с: “...миний буруутай үйлдлээс ийм явдал болсонд харамсаж байна. Мөн найз маань манайд ирнэ гэдгээ урьдчилж мэдэгдэлгүй манайд шууд орж ирсэнд гомдож байна” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг тус тус ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэв.
Иймд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч Р.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, тус торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Р-гийн Х-лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овгийн Р-гийн Х-д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Р.Х-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Р.Х-д тайлбарласугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 377,660 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 378,760 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Х-с 595,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч Р.Х нь хохирогч С.Б-д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 377,660 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн болохыг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Р.Х-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН