Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

  

 

         2024            03             25                                 2024/ШЦТ/33

                

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Б.Н,  

Улсын яллагч                                                 Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Л.Б

Шүүгдэгч                                                        Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-т холбогдох эрүүгийн 2304001380016 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Говь түрүү” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, охин нарын хамт, Багануур дүүргийн .. дүгээр хороо, Жаргалантын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр суллагдсан, 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж уг ялыг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар торгох ялыг хорих ялаар сольж байсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш-д овгийн Э-тын Б /РД:СБ84072813/

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн .. дүгээр хороо, Нарийны гол гэх газарт  тухайн өдөр танилцан, хамт архи ууж байсан хохирогч Б.Б-ыг “өөрийгөө найман хүүхэдтэй гэж худлаа хэллээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан баруун шанаа хэсэгт нь цохиж газар унаган толгой хэсэгт 2-3 удаа өшиглөх, нуруу, бөөр, гуя, шилбэ рүү нь өшиглөх, цээжний зүүн хэсэгт нь хэд хэдэн удаа дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “4, 5-р хавирганы зөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж, баруун болон зүүн талын хөлийн шагайн үений хэсэгт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Э.Б-г  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Т , Б , Э  нарын хамт Нарийны гол гэх газар хонь авахаар очсон. Бид дөрөв 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд бид дөрөв хоорондоо барилдсан. Би Б-тай барилдахдаа 2 удаа үүрч шидсэн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

 - Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13, 15, 18, 139-141-р хуудас/,

- Гэрч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас /,

- Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 201 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

- Шинжээч эмч Ө.Ш-гийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, 

- Хохирогч  Б.Б-ын эрүүл мэндийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 144-145-р хуудас/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-с шинжлэн судлуулсан:

 - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 66-130-р хуудас, шүүх хуралдаанд өгсөн/,

- Шүүгдэгч Э.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 74-75-р хуудас/,

- Хохирол төлөхөө илэрхийлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч .Б нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нарийны гол гэх газарт хамт архи ууж байсан хохирогч Б.Б-ыг “өөрийгөө найман хүүхэдтэй гэж худлаа хэллээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан баруун шанаа хэсэгт нь цохиж газар унаган толгой хэсэгт 2-3 удаа өшиглөх, нуруу, бөөр, гуя, шилбэ рүү нь өшиглөх, цээжний зүүн хэсэгт нь хэд хэдэн удаа дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан 4, 5-р хавирганы зөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж, баруун болон зүүн талын хөлийн шагайн үений хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл нь шүүгдэгч Э.Б-ийн баруун шанаа хэсэгт нь цохиж газар унаган толгой хэсэгт 2-3 удаа өшиглөх, нуруу, бөөр, гуя, шилбэ рүү нь өшиглөх, цээжний зүүн хэсэгт нь хэд хэдэн удаа дэвсэх зэрэг үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:

- Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 10-12 цагийн үед Багануур дүүргийн Байдлаг хэсэгт хүүхдийн тоглоомын талбайд танил 3 ахтайгаа юм яриад сууж байхад нэг хар өнгийн приус маркийн машинтай 3 эрэгтэй хүн ирсэн. Тэгээд намайг дуудахаар нь очтол “чамд карт байгаа юу” гэсэн. Би “байгаа” гэтэл намайг “машинд суу” гэсэн. Намайг суутал миний карт руу хүнээр 20,000 төгрөг хийлгээд ганц юм ууна гэж хэлсэн. Тэгээд Ахиц-1 нэртэй дэлгүүр орж миний картыг аваад тэр гурав орсон ба 1 шил архи, 1 том пиво авч гарч ирээд Нарийны гол руу явж ууя гэсэн. Замдаа З, Б, Тгуравтай танилцсан. Тэгээд Нарийны голд очиж бид 4 машинаас буугаад авч ирсэн архи, пивоо ууцгаагаад байж байтал Б гэх залуу нь машин засч янзалдаг гэж ярихаар нь би “надад 2 машин байна. Портер зарах гэсэн юм, чи сонирхохгүй биз, хүүхдийн сургалтын төлбөр төлөх гэсэн юм” гэтэл З гэх залуу нь “би 2 охинтой, чи хэдэн хүүхэдтэй юм бэ” гэхээр нь би “найман хүүхэдтэй” гэхэд “битгий худлаа шаагаад бай” гээд босоод ирэхээр нь би өөдөөс нь босоод очтол зүүн гараараа миний баруун шанаа руу цохиж унагаад миний толгой руу 2 удаа өшиглөж, миний нуруу, бөөр, гуя, шилбэ рүү олон удаа өшиглөсөн. Дээшээ хараад хэвтэхэд миний цээжин дээр дэвссэн. Хэдэн удаа дэвсэж өшиглөснийг мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15, 18, 139-141-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-  Гэрч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би гэр хорооллоос өөрийн том ачааны тээврийн хэрэгслийг авахаар явж байхдаа Буурал хочтой Батзоригтой гудамжинд таарсан. Тэгээд бид хоёр “Ахиц” нэртэй дэлгүүрийн орчимд зогссон ба З машинаас буугаад хүнтэй уулзаж байгаад миний машинд үл таних хүнтэй хамт суусан. Тэгээд дэлгүүр орж Экс нэртэй 0.75 литрийн нэг шил архи, 2 лааз пиво аваад хөдөлж Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөө хэсгийн Нарийны гол гэх газар луу явсан. Тэнд архи, пивоо ууж байхад манай хамаатан болох Т саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд сууж байхад З хамт явж байсан хүнтэйгээ ноцолдож эхэлсэн ба бие биенээ газар унагаагаад байсан. Тэгээд удалгүй бид нар тухайн газраасаа хөдөлж, эхлээд З-г хамт явж байсан хүнтэй нь гэрийнх нь гадаа буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас /,

- Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн гэрийн ойролцоо буюу Багануур дүүргийн .. дүгээр хороо, Нарийны амын Хөдөө хэсгийн голын орчим малаа хариулаад явж байхад гол дээр миний таньдаг хүний машин байхаар нь би өөрийнхөө машинтай очсон. Намайг очиход манай хамаатан болох Э болон Б өөр нэг танихгүй хүн архи ууж байсан. Тэр үл таних эрэгтэй хүн газар хэвтчихсэн байсан ба З тэр хүнийг өргөж тавиад гол руу шидэх гээд байсан. Тэр гурав нэлээд их хэмжээний согтолттой байсан. Газар хэвтэж байсан хүний өрөөсөн нүд нь хөхөрсөн байсан. Намайг очихоос өмнө маргаж муудсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 201 дугаартай: “...1.Б.Б-ын биед зүүн талын 4, 5-р хавирганы зөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, цээж, баруун болон зүүн талын хөлийн шагайн үений хэсэг зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

- Шинжээч эмч Ө.Ш-гийн өгсөн: “...Хохирогч Б.Б-ын биед учирсан 4, 5-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Зөрсөн хавирга нь уушги болон бусад эрхтэнээ гэмтээгээгүй тул хагалгаанд орох шаардлагагүй, өөрөөрөө эдгэрэх боломжтой./ Бусад биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэ зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-39, 149-р хуудас/ 

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр болон хуулийн зүйлчлэл дээр маргахгүй. Үйлдсэн хэргийн хувьд хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа.  Э.Б нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа” гэв,

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.”  гэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Улсын яллагчаас: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд 110,750 төгрөг, олох ёстой байсан орлого 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-с нэхэмжилж байгаа. Мөн иргэний нэхэмжлэгч Б.М-аас нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 209,000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх саналтай” гэв,

Шүүгдэгч Э.Б: “...Шүүхээс тогтоосон хохирлыг төлнө” гэв.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 201 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Гэмт хэргийн улмаас бусдын хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд олох байсан орлогын хэжээгээр хохирлыг тогтоох ба хохирогчийн олох байсан орлогын хэмжээг авах байсан бодит цалин, орлогоос авсан тэтгэмж, тэтгэврийн зөрүүгээр хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд тооцож гаргана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын нэхэмжлэлээс түүний үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа байдлыг харгалзан, гэм хорын хохирол арилгуулахад эрүүл мэндээрээ хохирсон хүний эмчлэн эдгэрүүлэхэд зарцуулсан бодит зардал /давхардсан баримтыг хасаж тооцон/ буюу мөнгө зарцуулсан нийт  87,750 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх цалин, хөлстэй холбогдох 3,023,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй, орлого бодитоор нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүгдэгч Э.Б-с 209,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногт төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 /нэг мянга хоёр зуу/-н  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ш-д овгийн Э-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш-д овгийн Э-тын Б-т  1,200 /нэг мянга хоёр зуу/-н  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Э.Батзоригт мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Б-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 87,750 /наян долоон мянга долоон зуун тавь/-н  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, 209,000 /хоёр зуун есөн мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б-ын нэхэмжилсэн 3,023,000 /гурван сая хорин гурван мянга/-н төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Э.Б-гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ӨЛЗИЙ-ОТГОН