Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/176

 

    2024           03         05                                       2024/ШЦТ/176

 

 

                        

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч Д.Оросоо

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 29-нд Увс аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “Натул” ХХК-д сувилагч ажилтай, ам бүл 4; нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Хилчин 44 дүгээр гудамж, 324 А тоотод оршин суух, одоо хүүхэд төрүүлсний дараах амралттай байгаа, урьд ял шийтгэлгүй, ОЙ96052905 регистрийн дугаартай, А овогт А-ийн Л

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Л нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Эх, хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн сувилагчаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн технологи, Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдпүүд MNS 4621:2008 стандартад зааснаар тус стандартын 4.4.2 дахь хэсэг “Үйлдийн явц хэсэгт” зааснаар “...Эмчийн заалт болон тарилга хийлгэх үйлчлүүлэгч мөн эсэхийг шалгана, тарих эмийн бодисоо зааврын дагуу 3 удаа уншиж шалгана”, 9.5 дахь хэсэгт үйлдпийн технологийн 9.5.2 дахь заалтын “...Үйлдийн явц” гэсэн хэсэгт сувилагч “Үйлчүүлэгчийн нэрээр нь дуудаж мэндэлнэ”, Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна”, “Эмчийн бичсэн эмийг эмчилгээний хуудастай тулгаж шалгана”, 9.6 дахь хэсэг “Анхаарах зүйлс хэсэг” Үйлчлүүлэгчийн нэрийг нарийвчлан нягталж тулгаагүйгээс буруу үйлчлүүлэгч сонгох, буруу эмийн бодис тарих зэрэг хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй” гэж заасныг, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тоот “Журам батлах тухай" тушаалын лавсралтад заагдсан “Үйлчлүүлэгчийг зөв ганин тодруулах журам”-ын 4.1.5, 4.2 дахь хэсгийг тус тус зөрчиж, тус төвийн Бөөрний мэс заслын тасагт гэмтлийн гаралтай бөөр, шээсний замын эмгэг өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан үйчлүүлэгч өвчтөн Е.Б-ыг мөн эсэхийг шалгаж, зөв танин тодруулгыг хийлгүйгээр тухайн өдрийн 22 цагийн үед судсаар Цефазолин нэртэй эмийг 1 граммыг физиологийн уусмалаар шингэлэн үйлчлүүлэгч Е.Б-ын биед андуурч хийсний дараа өвчтөн эмийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвал өгч улмаар ухаангүй комын байдалд орсон нь амь тэнссэн байдалд хүргэсэн “хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хохирлыг төлөх болно. Мөн шинжээчийн зардлыг төлөх ёстой гэдгээ ойлголоо гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй хохирогч Е-ын Б “... 2022 оны 7 дугаар сарын 11-нд Орхон аймгийн тоглоомын төв дээр тоглож байгаад галзуу хулган дээр тоглож байгаад уг галзуу хулганаас унаад гэмтэл авсан. Надад Орхон аймгийн эмнэлэгт эмчилгээ хийгээд хот руу явах шаардлагатай гээд Эх нялхсын эмнэлэгт үзүүлээд эм тариа бичиж өгөөд эмчилгээгээ хийлгээд нэг сарын дараа ирж үзүүлээрэй гэсэн. Тэгээд Орхон аймаг руу буцаж яваад 2022 оны 8 дугаар сарын дундуур шээж чадахаа болиод кадетер тавиулаад гуурсаар шээж байгаад хувийн эмнэлэгт үзүүлж байсан. 2022 оны 9 дүгээр сарын 17-нд билүү 18-нд ирсэн хотод дахин ирээд Эх хүүхэд эрүүл мэндийн төвд эмчлүүлэхээр болоод намайг бөөрний мэс заслын тасагт хэвтүүлнэ гээд хэвтүүлсэн. Тухайн үед эмнэлэгт бөөрний мэс заслын тасагт засвартай байгаа гээд чих хамар хоолойн тасагтай хамт бөөрний мэс заслын тасгийн хүмүүс эмчлүүлж байгаа гээд эмчилгээ хийгдэж байсан. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн эмчилгээ хэвийн явагдаж байсан. Орой 22 цагт бөөрний мэс заслын эмч тариандаа ороорой гээд дуудсан. Очиж оочирлож байхад шар үстэй сувилагч намайг дуудаад тариа хийсэн, ямар тариа хийснийг нь мэдэхгүй тариулаад тэгээд өөрийнхөө тасагт өрөөндөө ороод хоёр гурван минут болсон байх тэгэхэд хар үстэй намхандуу эмэгтэй сувилагч орж ирээд уян зүүний боолтыг тайлаад шууд тарьсан. Би дөнгөж сая тариулсан гэж хэлж амжаагүй тэгээд би араас нь постон дээр очоод би сая нэг шар үстэй сувилагчид тариулсан та дахин тарьчихлаа гэсэн. Тэгэхэд уг хар үстэй сувилагч чи надад тариулах ёстой, чи яагаад тэр сувилагчид тариулчихсан юм гэсэн. Би тэр шар үстэй сувилагчаас би танд тариулах нь зөв үү гэж асуухад тэгэхэд уг шар үстэй сувилагч чи надад тариулна гэсэн. Тэгээд би тариулсан гэж хэлсэн тэгээд ухаан балартаад ухаан алдаад сэргэхэд сэхээний өрөөнд байсан. Би яг хэзээ сэргэснээ мэдэхгүй байна тэгээд уг сэхээний өрөөндөө хоёр хоносон. Тэгээд бөөрний мэс засал руу шилжүүлнэ гээд шилжүүлсэн тэгээд бөөрний мэс заслын өрөөндөө 10 орчим хоног эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Надад тариа тарьсан шар үстэй сувилагчийг Л, харин дараа нь тариа тарьсан хар үстэй сувилагчийг Туул гэдэг гэсэн. Надад ямар тариа хийж байгаагаа хэлээгүй. Л сувилагч цагаан өнгийн тариа тарьсан, харин Туул эмч нь шар өнгийн тариа тарьсан. Би хоёр тарианы нэрийг нь харж амжаагүй.

Зүүн нүд харанхуйлаад хамаг биеэс хөлс гараад чичирч даараад тэгээд зүүн гар бүх биеэр улаан жижигхэн цэг шиг юмнууд туурсан тэгээд бие мэдээ алдаад ухаан алдчихсан. Надад тухайн өдөр тариа тарихдаа ямар тариа тарьж байгаагаа хэлээгүй, өмнөх өдрүүдэд хэлдэг байсан. Надад цагийн тариа нэг л тариа тарьдаг байсан хоёр тариа тарьж байгаагүй. Ер нь гомдож байгаа би уг тариануудаас болж үхчихсэн бол хэцүү байна, сувилагчийн буруугаас болоод ээж, аав маань ажил төрлөө алдаад байна гомдолтой байна” /хх-ийн 17-19-р хуудас/ гэж,

гэрч Т-ийн Е “... 2022 оны 7 дугаар сарын 11-нд наадмаар Орхон аймгийн галзуу хулгана гэх тоглоом дээр манай хүү Б тоглож байгаад унаж гэмтсэн.  Тухайн үед давсгийн гэмтэл гээд шээж чадахгүй катетер гуурсаар шээж байсан тэгээд Орхон аймгийн эмнэлэгт үзүүлээд Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвд үзүүл гэсэн тэгээд 2022 оны 7 дугаар сарын дундуур гэмтэл авснаас 6 орчим хоногийн дараа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлсэн тэгэхэд манай хүү шээж байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирээд үзүүлэхэд гайгүй байна нэг сарын дараа дахин ирж үзүүлээрэй гэсэн тэгээд 2022 оны 9 дүгээр сарын дундуур дахин шээхээ больсон тэгээд Орхон аймгийн эмнэлэгт дахин гуурс тавьж шээлгэсэн тэгээд дахин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж үзүүл гээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирж дахин үзүүлсэн. Хэвтэн эмчилгээ хийлгэх ёстой юм байна гээд хэвтсэн, манай эхнэр Орхон аймаг руу явсан тэгээд би хотод үлдээд хоол цайг нь зөөгөөд явж байсан. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед над руу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс залгаад хүүхдийн чинь даралт ихэсчихлээ ухаангүй байна хүрээд ир гэхээр нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очоод юу болсон бэ гэхэд манай хүүхдэд бөөрний мэс заслын сувилагч Мөнхтуул тариа хийх байсан чих хамар хоолойн эмч Л өөр тариа хийсэн гэж байсан. Тухайн бөөрний эмчилгээтэй хүүхдүүд чих хамар хоолойн эмчилгээтэй хүүхдүүд нэг тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед уг эмнэлэгт засвартай байсан тэгээд уг Л гэх сувилагчаас хүүхдэд яагаад өөр тариа хийж байгаа юм бэ гэхэд уучлаарай гэснээс өөр юм яриагүй. Эх нялхас дээр уг сувилагч нарт арга хэмжээ авна гэсэн. Одоо гадуур байгаа гайгүй байгаа хэвийн байгаа гуурстайгаа байгаа одоо дахин хагалгаанд орно гэсэн.

Би сайн мэдэхгүй байна эмч, сувилагч нартай уулзахад чих хамар хоолойн эмчилгээ хийлгэж байсан хүүхдийн тариаг манай бөөрний эмчилгээг хийлгэж байсан хүүхэд хийсэн тэгээд манай хүүхэд ухаангүй, даралт нь ихэссэн. Тухайн үед даралт нь 165 болсон байсан” /хх-н 24-25-р хуудас/ гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т-ийн Е “... Бийг эмчлэх эмчилгээний зардал, учруулсан хохирлоос болоод Орхон аймгаас Улаанбаатар хот руу явах зардал, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр ирээд удаа дараа буудалд хоноглодог байсан. Сувилагч Л дээр цагдаагийн байгууллага дээр гомдол гаргаагүй 7 хоног хүлээсэн. Эмнэлэгт миний хүү Е.Б нь сэхээнд орсны дараа бид нарыг хохирол гомдлыг барагдуулаад өгчих гээд хэлсэн. Гэтэл сэтгэл муутай, уучлалт гуйгаагүй, та нар цагдаагаараа яв гээд өөрийнхөө бурууг ерөөсөө хүлээгээгүй. Тэрнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөхөд нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Нэг ч төгрөгийн  хохирол гомдлыг барагдуулаагүй. Нэхэмжлэх зүйл гэвэл буруутай сувилагч нь өөрийнхөө буруутай үйлдлээ ухамсарлаж, бидний гомдлыг бүрэн барагдуулж өгвөл хамаа алга, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Эсрэгээрээ өөрийнхөө буруутай үйлдэлдээ ухамсарлаж чадахгүй бидний гомдлыг барагдуулж чадахгүй, уучлалт гуйж чадахгүй бол хуулийн дагуу хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж чадахгүй, бидний хохирлыг барагдуулж өгч чадахгүй бол маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлыг шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй" /хх-н 22-23-р хуудас/,

гэрч А-ийн М “... 2022 оны 9 дүгээр сарын 21-нд Е.Б нь манай Эх хүүхэд эрүүл мэндийн Үндэсний төвийн бөөрний мэс заслын тасагт онош тодруулахаар ирж хэвтсэн хүүхэд байгаа юм. 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлээд тарианы эмчилгээ эхэлсэн. Би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ээлжийн сувилагчаар гарсан. Тэгээд уг Е.Б гэх хүүхдэд амппицллин нэртэй тариа 14 цаг, 22 цаг, 06 цаг хийх ёстой байсан. Өдөр 14 цагийн тариаг нь хийсэн, оройны 22 цагийн тариаг манай бөөрний мэс заслын тасаг эмнэлэгт завсар хийгдэж байгаа учраас чих хамар хоолойн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тарианы өрөө нь нэг өрөө байгаа тэгээд 22 цагийн тариа нь Е.Б өөрөө чих хамар хоолойн сувилагч дээр очоод тариа хийлгэсэн байсан. Чих хамар хоолойн сувилагч Л танай нэг хүүхэд тариа хийлгэчих шиг боллоо гэсэн. Би тухайн үед өвдөлттэй хүүхдүүдтэй байсан болохоор анзаараагүй. Тэгээд би тариа хийлгээгүй хүүхдүүдээ харахад Е.Б үлдсэн байсан тэгээд би Е.Б-ын тариаг тасагт очиж хийх хүүхдүүдийн тариатай авч гараад Е.Б-ын тариаг тасагт нь очиж хийсэн. Тэгээд өрөөнүүдэд тариагаа хийгээд явж байхад Е.Б надад хоёр тариа хийлгэсэн гэж байна гэсэн. Тэгээд Е.Б дээр очоод яагаад хоёр тариа хийлгэсэн юм бэ? би сувилагч чинь байна ш дээ бие чинь яаж байна гэхэд Е.Б дотор муухайраад бие загатнаад байна гэсэн тэгээд би хүчил төрөгчтэй өрөө рүү дагуулаад явсан тэгэхэд Е.Б нүд харанхуйлаад нүд эрээлжлээд байна гэсэн. Тэгэхээр нь чих хамар хоолойн сувилагч Л-ыг дуудаад Е.Б-т хүчил төрөгч өгч байхад ухаан алдсан тэгээд жижүүр эмчээ дуудаад жижүүр эмч сэхээний эмчийг дуудаад, үзээд сэхээний тасаг руу шилжүүлсэн. Амппициллин нэртэй тариа цагаар хийж байсан, цефазолин нэртэй тариа андуурч хийсэн байсан. Тариагаа тайлбарлаж өгөөд хийдэг, өмнө нь тариа тариулсан эсэхийг асуудаггүй. Цагийн тариаг чинь хийж байна шүү гэж хэлээд яагаад тариагаа очиж хийлээгүй юм бэ гэхэд Е.Б хариу надад юм хэлээгүй юм дугараагүй. Үрэвслийн эсрэг тариа, амппациллинийг бодвол тун өндөртэй тариа байгаа юм. Е.Бт цефазолин гэх тариа хийх ёсгүй тариа байсан, ганцхан амппациллин нэртэй тариа хийх ёстой байсан, цефазолин гэх тариаг Л сувилагч андуурч хийсэн байдаг. Эмийн түүврийн дэвтэр байгаа Е.Бт бас бүртгэлийн дэвтэр байгаа, тариа хийсэн тэмдэглэл байгаагүй тэгээд өрөөнд нь очиж тариаг нь хийсэн. ...эмийн ямар нэгэн гаж нөлөө байхгүй гэсэн. ...яг аль хүүхдэд тариа хийсэн талаар хэлээгүй мэдээгүй яг хийчихлээ гэж ч хэлээгүй тэгээд олон өвдөлт ихтэй хүүхдүүд байсан хамаг анхаарлаа тийшээ хандуулсан байсан. Л-аас юу болсон талаар лавлаж асуугаагүй хийчих шиг боллоо гээд л өнгөрсөн. ...намайг өрөөнд ороход орон дээрээ сууж байсан ба биеийн байдал хэвийн санагдсан. Мөн надад хандаж өмнө тариа хийлгэсэн талаараа хэлээгүй дараагаар нь хажуу орны хүүхдүүд сахиур болох ээж нь өрөөнөөс гарсны дараа миний араас ирж надад хандаж 2 тариа хийлгэсэн талаараа хэлсэн ба өмнөх тариа хийлгээд толгой нь эргээд дотор муухайрсан гэдгээ Б хүү хэлсэн тухай хэлээд одоо улам толгой эргээд байна гэж хэлсэн тухай дамжуулсан. Тэгээд би хүүг дагуулаад хүчилтөрөгчтэй өрөө рүү явсан. Хүүхдийн толгой эргээд нүд харанхуйлж эхэлсэн би Л-ыг дуудаад тэр хооронд хүчилтөрөгч залгаж хэвтүүлээд амин үзээд жижүүр эмч Энхсайхан болон сэхээний эмч Б-ийг дуудаад 2-3 минутын дотор ирсэн байсан ба анхны тусламж үзүүлсний дараа шууд сэхээн амьдруулах тасагт яаралтайгаар шилжиж Б хариуцаж ажилласан” /хх-ийн 27-28-р хуудас/ гэж,

иргэний хариуцагч Б-ын Ц “... би Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хүний нөөцийн албаны даргын албан тушаалд ажиллаж байгаа юм. Мөн хуулийн зөвлөхийн ажлыг давхар хийж гүйцэтгэдэг. Хүний нөөцийн үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж хуулийн чиглэлээр эмнэлэгт зөвлөгөө өгч гэрээнүүдийг хянах үүрэгтэй ажилладаг. Би тухайн хүнийг танихгүй Эх хүүхдийн эрүүл мэндийн төв нь 1200 гаруй ажилтантай. Л нь хүүхдийн эмнэлгийн чих хамар хоолойн тасагт анх 2021 оны 09 сарын 09-ний өдөр сувилагчаар ажилд ороод 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн албан бусаар ажлаа хаяад явчихсан одоог хүртэл ямар нэгэн байдлаар албан ёсоор ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр гараагүй байгаа. Тухайн сувилагч өөрөө хүсэлтээ өгч байж ажлаас чөлөөлөгдөх ёстой. Одоогоор бол манай ажилтан хэвээр байгаа. Иргэний хариуцагчаар оролцоход татгалзах зүйл санал хүсэлт байхгүй тухайн асуудал шүүхээр шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шүүхийн шийдвэрийг дагана, харин дараа нь иргэний журмаар Л-т нэхэмжлэл гаргана” /хх-ийн 191/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч “... өвчний түүхээс харахад сувилагч үйлчлүүлэгчид судас тариа хийхдээ эмчийн заалт болон тарилга хийлгэх үйлчлүүлэгч мөн эсэхийг шалгаагүй, эмчийн бичсэн эмийг эмчилгээний хуудастай үйлчлүүлэгчийн нэрийг нарийвчлан нягталж тулгаагүй, сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчийг зөв танин тодруулгыг хийгээгүй байгаа нь дээрх стандарт, журмыг мөрдөж ажиллаагүй байна” /хх-н 42-45/ гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч А-ийн Л “... 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ээлжинд гарч байхад оройн 22 цагийн тариан дээр бөөрний мэс засал, чих хамар хоолойн 2 тасгийн тарианы өрөө нэг өрөөнд орсон байсан. Оройн тариан дээр хүүхдүүд ирээд тариа хийлгэж байхад Б гэх хүүхэд Амппициллин тариа хийлгэх гээд ирэхэд нь би өөрийн тасгийн Сумъяабазар гэх өвчтөнтэй андуураад цепазелин 1 грамм судсаар тарьсан. Үүний дараагаар 2-3 хүүхэд тариулсны дараагаар Сумъяабазар тариагаа тариулах гээд орж ирсэн. Тэр үед нь би андуурснаа мэдээд бөөрний мэс заслын тасгийн сувилагч Мөнхтуулд танай хүүхдэд андуураад тариа хийчихлээ гэж би хэлчхээд өөр хүнд өвчтэй хүүхдэд дусал залгах гээд явсан. Гэтэл Мөнхтуул намайг байхгүй хойгуур Б-ын өрөөнд очиж өөрт нь тарих ёстой байсан Амппициллиныг судсаар тарьсан байсан. Тэр үед Мөнхтуул-д Б-т би сувилагчаар тариа тариулчихсан гэж хэлтэл түүнийг нь тоолгүй Мөнхтуул тариаг нь тарьчихсан. Үүнээс хойш 5 минутын дараа хүүхэд бие эвгүй болоод зүүн нүд харанхуй оргиод байна надад нэг тариа тарих байтал 2 тариа тарьчихлаа гэж хэлээд хүрээд ирсэн, мөн тариа тарьсан газарт нь улайсан байсан. Тэр үед би жижүүр эмч Энхсайханыг дуудаад хүчилтөрөгч залган хэвтүүлсэн. Энхсайхан эмч өвчтөнг үзээд эрчимтийн тасгийн эмч Билгүүнийг дуудаад үзүүлтэл Билгүүн эмч ирж үзээд сэхээний тасаг руу аваад явсан. Тэгээд тасагт ороод Билгүүн эмч цааш нь эмчилгээг нь хийсэн” /хх-н184-185/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт /хх-н 42-45/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны 1301 дугаартай дүгнэлт /хх-н 55-59/, эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албанаас гаргасан дүгнэлт шийдвэр /хх-н 81-87, 152-158/, хохирогчийн өвчний түүх /хх-н 88-135/ зэрэг баримтууд авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А овогт А-ийн Л-ыг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  А.Л-ын хувийн байдалтай холбоотой:

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /хх-н 75/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/226 дугаартай “Ажилд түр авах тухай” тушаал /хх-н 76/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/15 дугаартай  “цалингийн сүлжээ ахих, цалинтай болон цалингүй чөлөө, ээлжийн амралт олгох, мөнгө зарцуулах” тухай тушаал /хх-н 77-78/, ажлын байрны тодорхойлолт /хх-н 79-80/, жирэмсэн эхийн хяналтын дэвтэр /хх-н 141-144/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 146/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 147/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 148/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 149/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 786/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Л-т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлөхөө илэрхийлж байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, уг ялын доод хэмжээгээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын бусад төрөл болох “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг шүүгдэгч А.Л-т оногдуулахад тэрээр амаржаад удаагүй хүүхэд асрах чөлөөтэй байгаа байдлаас хамааран уг зохимжгүй,

“зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд шүүгдэгч А.Л нярай буюу 02 сартай хүүхэдтэй байдал нь эх, хүүхдэд нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ тусламж авах шаардлага гарсан тохиолдолд хязгаарлагдмал байдлыг бий болгохоос гадна, үүнээс улбаатайгаар хүүхдийн эрх давхар зөрчигдөхийг үгүйсгэхгүй. Иймд шүүх эдгээр ялын төрлөөс шүүгдэгчид оногдуулахаар сонгоогүй болно.

 

Харин шүүгдэгч А.Л шүүхээс өөрт нь олгож байгаа эрүүгийн хариуцлагын боломж нөхцөлийг сайтар зөв ухаарч, насанд хүрээгүй хохирогч Е-ын Б-ын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоохдоо холбоотой буюу хохирлыг төлж барагдуулах тал дээр цаашид санаачилга гаргахыг шүүхийн зүгээс түүнд анхааруулъя.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогчийн хохирол, эмчилгээний зардалтай холбоотой гэх нэхэмжлэлийн, эсхүл хор уршгийн талаарх нэхэмжлэлийн баримтууд хавтаст хэрэгт огт авагдаагүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Е-ын Б-ын төрсөн эх К.М гэгч нь:

“... ажил мэргэжлийн нэн хариуцлагатай үйл ажиллагаандаа хайхрамжгүй хандаж нийт дүнгээрээ 6.199.800 төгрөгийн хохирол учруулсан А.Л-аас энэ мөнгийг шүүхийн журмаар гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн агуулга бүхий “Хохирол нэхэмжлэх тухай” хүсэлтийг E-mail хаягаар тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлжээ.

Гэвч хохирогч талаас нэхэмжилж буй дээрх 6.199.800 төгрөгтэй холбоотой зардлын баримтууд буюу нотлох баримтыг хүсэлтдээ /нэхэмжлэлдээ/ хавсаргаж ирүүлээгүй, өөрөөр хэлбэл ямар эмчилгээ, сувилгаа, эм тариа, унаа тээврийн зардал, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх мэт болон бусад зардалд зарцуулсан талаарх нотлох баримтаа шүүхэд хавсаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нь шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Нөгөөтэйгүүр энэ хэрэгт насанд хүрээгүй хохирогч Е-ын Б-ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эцэг Т-ийн Е гэгч тогтоогдсон байтал хэргийн оролцогч биш К.М гэгчийн гаргасан хүсэлтийг /нэхэмжлэлийг/ шүүх хэлэлцэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд насанд хүрээгүй хохирогч Е.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Т-ийн Е нарын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан /хх-н 46-47/ шинжээч Т.У нь шинжээчийн зардал болох 1.296.800  төгрөг нэхэмжилсэн байх ба энэ мөнгийг эхний ээлжинд хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан байгууллага болох Эх хүүхдийн Эрүүл мэндийн төвөөс /хх-н 189/ гаргуулж, шинжээч Т.У-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Л цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А овогт А-ийн Л-ыг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-ыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Л оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Л 2.700.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Л-т оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Насанд хүрээгүй хохирогч Е.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Т-ийн Е нарын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс 1.296.800 төгрөг гаргуулж шинжээч Т.У-д олгосугай.

 

8. Шүүгдэгч А.Л цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Л-т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ