Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 129/2022/00694/И |
Дугаар | 001/ХТ2023/00079 |
Огноо | 2023-05-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2023/00079
ХААДСААны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00703 дугаар шийдвэр,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00020 дугаар магадлалтай,
ХААДСААны нэхэмжлэлтэй,
Б.Ад холбогдох,
3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч Б.Ад холбогдуулан 2012.07.02-ны өдрийн 26/12 дугаар Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2.Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00703 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч Б.Ааас 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
3.Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00020 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00703 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Ад холбогдох, ХААДСААны нэхэмжлэлтэй, 3,750,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2022.11.25-ны өдөр хуралдаж 129/ШШ2022/00703 дугаар шийдвэр гаргасан байдаг.
4.1.Миний бие Н.Б би ХААДСААны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, Иргэний хулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн талд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзсэн боловч нэхэмжлэгчийн талд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн, 317 дугаар зүйлийн 317.1-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэх хуулийн заалт, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6.1 дүгээр заалт, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе зэрэг олон хүчин зүйлийг харгалзан авч үзэхгүй зөвхөн хариуцагчид илтэд давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.04.13-ны өдрийн 001/ШХТ2023/00425 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч Б.Ад холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцагчтай 2012.07.02-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж бага оврын тракторыг шилжүүлж, урьдчилгаанд 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд буюу 2017 он дуусах хүртэл хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Хөдөө аж ахуйг дэмжих сан төлөөгүй 2,500,000 төгрөгийг, 1,250,000 төгрөгийн алдангийн хамт гаргуулахаар шаардаж байна. Гэрээний 6.1-д гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан учраас нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхээ алдаагүй, ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тасалдсан гэж үзэх нөхцөл ч байна.” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь тухайн үед бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч байгаа тал мөнгийг нь төр хариуцна гэж ойлгуулж өгсөн. Гэтэл олон жилийн дараа төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 2017.12.31-ний өдрөөс үүссэн хэдий ч 2022.09.26-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, ...хариуцагчтай гэрээтэй холбоотой асуудлаар холбоо бариагүй, уулзаагүй, иймд нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж маргасан байна.
8.Анхан шатны шүүх “...зохигч ... санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан,... гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, ХААДСААнд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно, эрх шилжсэн үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл болохгүй. 2012.07.02-ны өдрийн гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид 2017.12.31-нд үүсч, 2020.12.31-ний өдөр дууссан байна.” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
9.Хоёр шатны шүүх “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлснээс шаардах эрхээ алдсан...” гэсэн адил дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгчийн “...зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг хариуцагч эзэмшсэн хэвээр байгаа тул гэрээний хугацаа сунгагдсанд тооцох үндэслэлтэй байхад Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглээгүй, иймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
10.Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч Б.А нарын хооронд 2012.07.02-ны өдөр байгуулагдсан гэх “санхүүгийн түрээсийн” гэж нэрлэгдсэн гэрээ хэрэгт авагдсан боловч энэхүү гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй байх бөгөөд энэ талаар шүүх зохигчоос тодруулаагүйгээр санхүүгийн түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж дүгнэжээ.
Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийхийг шаардаж, энэхүү хэлбэрийн шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхыг мөн зүйлийн 313.3-т заасныг шүүх анхаараагүй байх тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохих дүгнэлтийг хуульд нийцүүлэн дүгнээгүй гэж үзнэ.
11.Харин нэхэмжлэгч нь бага оврын тракторыг хариуцагчид шилжүүлж өгсөн, хариуцагч үнэд 2012.06.29-ний өдөр 2,500,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй үйл баримт тогтоогджээ. Гагцхүү хариуцагч нь нэхэмжлэлээр шаардаж буй 2,500,000 төгрөгийг алдангийн хамт төлөх үндэслэлгүй, төрөөс хөнгөлөлттэй үнээр худалдсан гэж маргасан байна.
12.Монгол Улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний өдрийн хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дугаар тушаалаас үзэхэд Тариалан эрхлэлтийн сангийн үйл ажиллагааг татан буулгаж, зарим өр авлагыг хаасан, заримыг Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлсэн гэж дурдсан, хариуцагч “...н.Б дарга ирж тракторын үнийн талыг улс төлнө гэж хэлсэн, 2012 оноос хойш 10 жилийн туршид мөнгийг нэхэж байгаагүйгээс өр хаагдсан гэж ойлгосон” гэх агуулгаар хариу тайлбар гаргасан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан гэрээний үүрэгтэй холбоотой авлага нь нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжсэн эсэх нь тодорхой бус байхад энэ талаар хоёр шатны шүүх тодруулаагүй байна.
13.Дээрх авлага балансаас баланст шилжсэнээр нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй бол өөрийн өмчлөлийн эсхүл гуравдагч этгээдийн өмчлөлийн тракторыг хариуцагчид шилжүүлсэн эсэхийг тогтоож, зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн эсхүл, түрээсийн, зээлийн, худалдах-худалдан авах аль төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодруулж, улмаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шүүх дүгнэх байжээ. Энэ ажиллагаа хийгдээгүй байна.
Иймд маргааны зүйлд ач холбогдол бүхий байдал бүрэн тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
14.Шүүх дээр дурдсан ажиллагааг хийсний эцэст маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1.Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00703 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00020 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХААДСАА нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН