| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0788/Э |
| Дугаар | 890 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 890
2020 07 07 2020/ДШМ/890 № Т M № 546 МАЛАЛ
Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Т.Б-,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1748 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1806058871658 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-ын Б, Архангай аймагт 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Дипломат хотхоны 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй. /регистрийн дугаар: 000000000/
Т.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр М.Т-д Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж 2,500,000 төгрөг шилжүүлэн авснаар залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлыг нотлоогүй байна. М.Дэлгэрмаагийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хохирогчийн аав Мөнхтөрийг гэрчээр асууж тодруулах шаардлагатай” гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүгдэгч Т.Б- нь М.Т-г Солонгосын элчинд виз мэдүүлж бичиг баримтаа өгсөн гэдгийг мэдсээр байж, виз гаргаж өгөхөөр урьдчилан амлаж 2,500,000 төгрөг авсан нь хохирогч М.Т-, гэрч Н.Сэлэнгэ, М.Дэлгэрмаа нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдсон. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотолж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. Гэрч М.Дэлгэрмаа нь хэрэгт хамтран оролцоогүй, хохирогчийн аав Мөнхтөр гэх хүнээс ямар нөхцөл байдлыг тодруулж мэдүүлэг авах, хэрэгт ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Хохирогч шүүх хуралдаанд оролцож хэргийн талаар болон хохирлыг хэн учруулсныг мэдүүлсэн тул нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх тул яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн, шинжлэн судлуулахаар цуглуулсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоон, Т.Б-гийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.
Гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүдээр М.Дэлгэрмаа нь М.Т-г, Т.Б-тай танилцуулж, тэд хоорондоо хэлэлцэн тохирч мөнгө авч, өгсөн байх тул М.Дэлгэрмааг залилах гэмт хэрэгт хамтран оролцоотой эсэхийг шалгах шаардлагагүй. Мөн шүүх хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэхдээ тодорхой үндэслэл заагаагүй, хохирогчийн эцэг Мөнхтөрийг гэрчээр асуух ямар шаардлагатай байгааг тайлбарлаагүй зэргээс үзэхэд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1748 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН