Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0558

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргач: М.Н******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э******,

Маргааны төрөл: М.Н-т****** Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э****** 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0016061 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч М.Н******, түүний өмгөөлөгч Ч.Д******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч М.Н******ээс Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э******д холбогдуулан “Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э******ын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0016061 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргасан.

2.Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э******ын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0016061 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч М.Н******ийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

          3.Гомдол гаргагчаас “ хүүхдийн биеийн байдлаар талаар өөрийн шууд удирдлага болох анги удирдсан багш болоод сургалтын албаны ажилтанд мэдэгдсэн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хүүхдийн эрсдэлт нөхцөл байдалд байсныг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж тус тус маргасан.

4.Гомдол гаргагч М.Н******ээс гаргасан гомдлын шаардлагын үндэслэл: 

1/ Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э****** зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж надад шийтгэл оногдуулсан 2022 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн 0016061 дугаартай шийтгэлийн хуудсаар 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгууль оногдуулсан миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

2/Хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э****** нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл “Хүүхдийн эрхийг зөрчих” 8 дахь хэсэгт  “Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэн хүүхдийг эрсдэлт нөхцөлд байсныг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил үйлдсэн гэж торгууль оногдуулсан.

3/Миний бие М.Н****** Улаанбаатар дахь Америк сургуулийн, цэцэрлэгийн KG1 бүлэгт туслах багшийн үүрэгт ажлыг хийдэг бөгөөд анги удирдсан багшид туслах үүрэгтэй ажил хийдэг. Манай ангийн сурагч Э.С******* нь 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг 10 минутад үед Амараа багшийн Компьютерийн хичээлийн танхимд байх үед бөөлжсөн.

Би энэ талаар анги удирдсан багш К*******д хэлэхэд ангийн багш биеийн байдлыг ажиглаж мөн сурагчаас биеийн байдлыг нь асуусны үндэс дээр сурагчийг ар гэрт нь болон удирдлагад мэдэгдэх шаардлагагүй биеийн байдал тогтвортой байна гэх зааварчилгааг надад өгсөн. Ингээд К******* багш нь хичээлээ үргэлжлүүлээд орсон ба хичээл тарахад дахин бөөлжсөн. Яг тэр үед хичээл тарсан ба Э.С*******ын аавд нь хүүхдийн би хүүхдийн биеийн байдлын талаар англиар болон орчуулагчаар дамжуулан хятадаар мэдэгдсэн. Үргэлжлүүлэн сургалтын албаны ажилтан Сайнаад мэдэгдэж, ээжид нь мэдэгдэхээр утас руу нь залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Аав нь хүүхдээ аваад явсны дараа Ээж нь сургууль дээр ирэхэд би утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсныг мөн тэр өдрийн бүх болсон явдлыг мэдэгдсэн.

Гэтэл Хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э****** намайг хүүхдийг эрсдэлт нөхцөлд байсныг эцэг эхэд нь мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж торгож байгаа нь үндэслэлгүй юмаа.

Учир нь би анги удирдсан багш биш учраас шууд шийдвэр гаргах боломжгүй харин хүүхэд бөөлжсөн талаар анги удирдсан багшид хэлсэн. Мөн хичээл тарах үед эцэг эхэд нь мэдэгдсээр байтал торгуулийн арга хэмжээ авч байгааг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4\Г.Э****** байцаагчид би анги удирдсан багшаас гэрчийн мэдүүлэг авах талаар хүсэлт амаар гаргасан боловч гэрчийн мэдүүлэг нэг ч удаа аваагүй ба учрыг тайлбарлахдаа гадаад хүн учраас гэх тайлбар өгсөн. Анги удирдсан багшаас гэрчийн мэдүүлэг авсан бол бодит байдлыг тодруулах бүрэн боломжтой байсан.

Иймд зөрчлийн шинжгүй үйлдэлд зөрчлийн арга хэмжээ авсан хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э****** зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2022 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн 0016061 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тус цэцэрлэгийн багшийн туслахаар ажилладаг. Тухайн үед хүүхэд бөөлжихөд нь би хамгийн түрүүнд анги удирдсан багшид нь мэдэгдсэн. Тэгээд анги удирдсан багш бид 2 хүүхдийн биеийн байдлыг ажиглаад, хүүхдээс санал асуулга авахад хүүхэд “...Зүгээр...” гэж хариулсан учраас цэцэрлэгийн удирдлага болон хүүхдийн эцэг, эхэд мэдэгдэх шаардлагагүй гэж үзэн хичээлээ үргэлжлүүлсэн. Үүний дараа хичээл тарах үеэр тухайн хүүхэд дахин бөөлжсөн, энэ талаар хүүхдийн аавд англи хэлээр мэдэгдсэн, хүүхдийн аавыг сайн ойлгоогүй байж магадгүй гэж үзэн орчуулагчаар дамжуулан хятад хэлээр дахин мэдэгдсэн. Бүх хүүхдүүд явж дууссаны дараа тухайн хүүхдийн ээжид мэдэгдэхээр утсаар залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Үүний дараа тухайн хүүхдийн ээж хүрч ирэхэд нь мөн мэдэгдсэн. Өөр тайлбар байхгүй” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0016061 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан. Гомдол гаргагч нь гомдлын шаардлагын үндэслэлдээ “...Би бол шийтгэл оногдуулах ёстой субъект биш юм, анги удирдсан багш нь хариуцах ёстой. Хоёрдугаарт: Би мэдэгдэх үүргээ биелүүлж, хүүхдийн эцэг, эхэд нь мэдэгдсэн. Мөн зөрчлийн шинжгүй байхад зөрчлийн арга хэмжээ авсан нь хуульд үндэслээгүй байна...” гэдэг үндэслэлээр маргаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.4-т заасны дагуу мэдэгдэх үүрэг нь анги удирдсан багшид байдаг, мөн эцэг, эхэд мэдэгдэх үүрэг нь тус цэцэрлэгийн дотоод журмын дагуу анги удирдсан багшид байдаг. М.Н****** нь тухайн хүүхдийг бөөлжсөн даруйд нь анги удирдсан багшид энэ талаар мэдэгдэж, тухайн хүүхдээс асуумж авч, үүний дараа анги удирдсан багштайгаа зөвлөлдөн мэдэгдэх шаардлагагүй юм байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл анги удирдсан багшаас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч удаа мэдүүлэг авалгүйгээр, зөвхөн М.Н******ийг буруутай гэж үзэн торгуулийн арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй байна” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар дах Америк сургуулийн харьяа цэцэрлэгийн КJ-1 бүлэгт суралцагч С******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өглөө цэцэрлэгт ирэхдээ хэвийн ирсэн ба гэрээсээ авчирсан хөнгөн зууш болох тоор жимс, чокопай жигнэмгийг 10 цагийн үед идсэн. Өдөр 12 цагаас сургуулийн өдрийн хоолыг идээд унтсан. 13 цаг 30 минутад сэрээд 14 цаг 10 минут хүртэл компьютерийн хичээл орсон хичээл завсарлахаас 5 минутын өмнө буюу 14 цаг 10 минутын үед компьютерийн ангид бөөлжсөн. Үүний дараа гэдэс өвдөж байна гэсэн. Тэр үед компьютерийн багш Амараа багш бид 2 хариу арга хэмжээ авсан. Тэгээд өөрийн ангидаа орсон. Өдрийн хөнгөн зуушаа идээгүй ба гайгүй байна гэж хүүхэд хэлсэн. Үүний дараа хичээл тарахын өмнө буюу 15 цаг 20 минутад дахин бөөлжсөн. Тэр үед амыг нь угааж цэвэрлээд дуусахад аав нь ирсэн байна. Өдрийн болсон бүх асуудлыг аавд нь хятад хэлтэй хүнээр дамжуулан орчуулан тайлбарласан. Хүүхдүүдээ тарааж дууссаны дараа С*******ын ээж рүү залгаж хэлэх гэхэд ээжийнх нь дугаар холбогдоогүй, удаагүй байтал ээж нь гаднаас орж ирсэн учир байдлыг тайлбарлан хэлсэн гэх мэдүүлэг, мөн хүүхэд бөөлжсөн тухай сургуулийн удирдлагад мэдэгдээгүй гэх мэдүүлэг,

2/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эрдэнэсүрэн нь манай хүүхэд өмнө нь хоолны хордлого цэцэрлэгээс авч байгаагүй, тухайн өдөр 14,15 цаг гээд 2 удаа бөөлжсөн гэж хэлсэн. Цэцэрлэгийн зүгээс аав бид хоёрын хэнд ч хэлээгүй, туслах багш нь монгол эмэгтэй, тэр багш нь юу хийж байдгийн тэгж байгаад хүүхэд комд орвол яах уу гэх мэдүүлэг зэргээр хуулиар хүлээсэн мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь хангалттай нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 0016061 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас Зөрчлийн тухай хуулийн 6.20.8-д заасны дагуу сургалтын алба болон удирдлагуудад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Анги удирдсан багшдаа мэдэгдсэний дараа цэцэрлэгийн удирдлага болон сургалтын албанд мэдэгдэх ёстой байсан. Өөр тайлбар байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          1.Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э******ын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0016061 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч М.Н******ийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

          2.Гомдол гаргагчаас “хүүхдийн биеийн байдлаар талаар өөрийн шууд удирдлага болох анги удирдсан багш болоод сургалтын албаны ажилтанд мэдэгдсэн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хүүхдийн эрсдэлт нөхцөл байдалд байсныг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж тус тус маргажээ.

          3.Гомдол гаргагчийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус цэцэрлэгийн сурагчийг компьютерийн танхимд болон ангид бөөлжсөн үйлдлийг мэдэгдээгүй зөрчил гаргасанд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

          4.Учир нь гомдол гаргагч нь тус цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг бөгөөд Америк дунд сургууль, ажилтан нарын хооронд байгуулсан байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1-д “ажилтан М.Н****** нь АДС-д багшийн туслах албан тушаал дээр сургалт хариуцсан захирал, түүний орлогч нарын удирдлага дор ажил үүргийн хувиарын дагуу ажиллана” гэж заажээ.

          5.Тухайн өдөр хүүхэд бөөлжсөн талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн болох нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн холбогдогчоос /Бадамханд/ авсан “өдөр бөөлжих үед бага сургуулийн сургалт хариуцсан захирал Э****д мэдэгдсэн, тэгээд Э**** хүүхдийн биеийн байдлын сайн ажиглаарай гэж туслах багшид хэлсэн” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

            6.Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагч нь хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу өөрийн шууд удирдлагад хүүхдийн биеийн байдлын талаар мэдэгдсэн, түүний зааврын дагуу хүүхдийн биеийн байдлыг ажигласан байх бөгөөд харин эцэг, эхэд нь хүүхдийн биеийн байдлаар талаар мэдэгдээгүйд гомдол гаргагчийг дангаар буруутгах боломжгүй.

          7.Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хамаарах зөрчил нь Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлийг огт мэдэгдээгүй байхыг шаардах бөгөөд гомдол гаргагчийн тухайд өөрийн шууд удирдлагад хүүхдийн биеийн байдлын талаар мэдэгдсэн, мөн ар гэрт нь мэдэгдэх талаар оролдлого хийсэн байх тул түүнийг уг хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан М.Н******ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э******д холбогдох хэргийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Э******ын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0016061 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭН