Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00850

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр Дугаар102/ШШ2021/00850 Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13 хороо, Сургуулийн 25-р гудамж, 468 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүрэг 12 хороо, Булгийн 17 гудамж, 775 тоот хаягтай рд:ух88050181, Боржигон овогт Даваахүүгийн Насанбуянгийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 хороо, Өнөр хороолол, 258 байр, 1 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 18 хороо, Гурван билгийн 10 байр, 21 тоот хаягтай, рд:чо85080515, Их тугтан овогт Эрдэнэчулууны Даваажаргалд холбогдох

 

хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, хариуцагч Э.Даваажаргал нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Насанбуян шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч нь хариуцагч Э.Даваажаргалтай 2006 онд гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд охин Д.Марлаа 2007 оны 06 сарын 02-ны өдөр, хүү Д.Өгөөдэй 2010 оны 03 сарын 07-ны өдөр төрсөн. Нэхэмжлэгч хариуцагч нар харилцааны хувьд таарч тохирохгүй болж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2014 онд шүүхээс гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдрах болсон. Шүүх гэрлэлтийг цуцлахдаа охин Д.Марлааг эхийн асрамжид, хүү Д.Өгөөдэйг эцгийнхэн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Талууд гэрлэлтээ цуцлуулсан ч харилцаа холбоотой байсан. Э.Даваажаргал хүү Д.Өгөөдэйтэй БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан тул миний бие охин Д.Маралын хамт 2016 оны 06 сард араас нь очиж, 2018 оны 05 сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд охин, хүү хоёр Эрээн хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд суралцаж байсан. Гэвч тэд таарч тохирохгүй байсан учраас нэхэмжлэгч Монгол улсад ирж, охин, хүү хоёр аавтайгаа хамт Эрээн хотод үлдэж, сургуульдаа сурч байсан боловч цар тахлын улмаас 2019 оны 12 сард Монгол улсад буцаж ирсэн. Энэ үеэс хойш охин Д.Марлаа, хүү Д.Өгөөдэй нар эхийн асрамжид байгаа. Э.Даваажаргал нь 2020 оны 08 сард хүү Д.Өгөөдэйг өөрийн асрамжид байлгахаар авч явсан. Өнөөдрийн байдлаар охин Д.Марлаа эхийн асрамжид, хүү Д.Өгөөдэй эцэг Э.Даваажаргал болон түүний шинэ гэр бүлтэй хамт амьдарч байна. Хүү Д.Өгөөдэй ээж болон эгчтэй хамт амьдрах талаар байнга хэлдэг. Иймд хүү Д.Өгөөдэйг эхийн асрамжид үлдээж, хариуцагчаас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэв.

 

Хариуцагч Э.Даваажаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид 2014 онд гэрлэлтээ цуцлуулж, хүүтэйгээ хамт Эрээн хотод ажиллаж амьдарсан. Араас Д.Насанбуян, охин Д.Маралтай хамт ирээд, хэсэг хугацаанд хамт амьдарсан боловч бүтээгүй. Тиймээс Д.Насанбуян Монгол улсад ирж амьдарсан. Би Эрээн хотод 2 хүүхдээ асарч, хамгаалан, Эрээн хотын олон улсын нэгдүгээр бага сургуульд суралцуулсан. Сургуулийн амралтын үеэр нь Монгол улс руу явуулж, ээжтэйгээ хамт байдаг байсан. Суралцаж байх хугацаандаа надтай хамт байдаг байсан. Одоо хүү надтай амьдарч байгаа. Хүүдээ хэнтэй хамт амьдрах сонголтыг өөрт нь өгсөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байсан боловч хүү минь ээжтэйгээ, эгчтэйгээ хамт байна гэсэн саналтай нь танилцсан. Би хүүгийнхээ саналыг хүндэтгэн үзэж байгаа. Хүүхдийн тэтгэлгийг одоохондоо төлөх боломжгүй байгаа. Би хувиараа бизнес эрхэлдэг, дархан, сийлбэрчин, уран барималч мэргэжилтэй. Цар тахлын улмаас ажил зогсонги байдалтай байгаа учир хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөх боломжгүй байгаа... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Насанбуян Э.Даваажаргалд холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Насанбуян, хариуцагч Э.Даваажаргал нар нь 2006 онд танилцаж гэр бүл болон хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2007 оны 06 сарын 02-ны өдөр охин Д.Марлаа, 2010 оны 03 сарын 07-ны өдөр хүү Д.Өгөөдэй нар төрсөн байна.

 

Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2014 оны 12 сарын 22-ны өдрийн ... дугаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Д.Марлааг эхийн, хүү Д.Өгөөдэйг эцгийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

Хариуцагч Э.Даваажаргал шинэ гэр бүлтэй болсон шалтгааны улмаас хүү Д.Өгөөдэй эхийн асрамжид байх хүсэлтээ удаа дараа гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч хүү Д.Өгөөдэйн асрамжийг өөрчлүүлэн өөрийн асрамжид авах, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Хүү Д.Өгөөдэй өөрийн эх Д.Насанбуянгийн асрамжид байх хүсэлтэй болох нь 2021 оны 03 сарын 24-ний өдрийн түүний шүүхэд гаргасан санал тайлбар, эцэг Э.Даваажаргал хүүгийнхээ саналыг хүндэтгэн үзэж байгаагаа тайлбарлаж асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хүү Д.Өгөөдэйн асрамжийг өөрчлөн эх Д.Насанбуянгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Д.Өгөөдэйн асрамжийг өөрчлөн эх Д.Насанбуянгийн асрамжид үлдээж, 2007 оны 6 сарын 02-ны өдөр төрсөн охин Д.Марлаа, 2010 оны 3 сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Өгөөдэй нарт эцэг Э.Даваажаргалаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хариуцагч хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд цар тахлын улмаас ажил зогсонги байдалд орсон учир сар бүр тэтгэлэг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар шүүхэд ирүүлсэн ямар нэг нотлох баримт ирүүлээгүй, Гэр бүлийн тухай хуулийн 34, 35, 38 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүүхдээ эцэг эх тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд дээрхи үүргээс чөлөөлөгдөх дээрх хуулийн 52 дугаар зүйлд заасан үндэслэл, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно.

 

 2021 оны 03 сарын 26-ны өдрийн нэхэмжлэгч Д.Насанбуянгаас У.Буяндэлгэрт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 23 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 106 610 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 3 сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Өгөөдэйг эх Д.Насанбуянгийн асрамжид үлдээсүгэй.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 06 сарын 02-ны өдөр төрсөн, одоо 13 настай, охин Д.Марлаа, 2010 оны 03 сарын 07-ны өдөр төрсөн, одоо 11 настай, хүү Д.Өгөөдэй нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Даваажаргалаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 106 610 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ