Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/200

 

     2024       03            13                                           2024/ШЦТ/200

 

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 23-нд Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, “******” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2; 08 настай хүүгийн хамт ***** дүүрэг, 30 дугаар хороо “****” хороолол, 26 дугаар байр 7-14 тоотод оршин суух,

ял шийтгэл:

1. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

******** дугаарын регистртэй Б овогт Н-ийн Ж

 

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.Ж нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 06:00 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*****” нэртэй зочид буудлын дотор болон гадна талд эр, эмийн хардалтын улмаас хохирогч О.М-ыг зодож, түүний эрүүл мэндэд “баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, шуу, зүүн сарвуунд шарх, эрүү, баруун бугалганд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хохирогч М-ыг зочид буудалд танихгүй, 2 согтуу залуутай үлдээхгүй гэсэндээ тэндээс авч явах гэсэн юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, үйлдэл дээрээ маргахгүй. Хохирогчийг би зодсон нь үнэн, өөр хэн нэгэн хүн зодоогүй. Хохиролд гэж дансаар 2.9 сая төгрөг шилжүүлсэн байгаа. Би хохирогч М-тай зүгээр л найзууд юм. Би өөрөө 08 настай хүүгийнхээ хамт амьдардаг, ээж нь салаад явчихсан. Надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О-ийн М “... намайг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 03:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “****” зочид буудлын 405 тоот өрөөнд Жонон дуудсан. Би очиход танихгүй хоёр эмэгтэй, Ж, Мо гэдэг залуу, Т нар байсан. Гаднаас Б орж ирсэн. Бид нар бөөнөөрөө пиво уусан. Гаднаас танихгүй эмэгтэй ирсэн. Ж нь ууж сууж байгаад танихгүй эмэгтэйн хамт гараад явсан. Мо хоёр хүүхний хамт бас гараад явсан. Т, Б бид гурав буудлын өрөөнд байтал гаднаас Ж хаалга нүдсэн. Т, Б хоёр орон дээр хэвтэж байсан, би угаалгын өрөөнд байж байгаад гарахад Жонон нь хаалга өшиглөөд өрөөнд ороод ирсэн. Орж ирээд л бид гурав руу шууд агсараад эхэлсэн. Тэгээд Ж над руу аяга авч шидсэн. Аяга нь намайг оноогүй, хананд ойгоод хагарсан. Хагарсан аяганы хэлтэрхийг над руу барьж дайраад, ална гээд байсан. Аяганы хэлтэрхийгээ гартаа барьсан байдалтай над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалахад шилээрээ миний цээж, баруун бугалга, шуу, зүүн сарвуунд шарх, эрүү, баруун бугалганд зулгаралт гэмтэл учруулсан. Хэн нэгэн Жононг салгаад аваад гарсан” /хх-ийн 11-14/ гэж,

гэрч С-ийн Б “... 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой “***” зочид буудлын 4 давхрын 405 тоот өрөөнд 02:00 цагийн үед Т-Тэй хамт орсон. 405 тоот өрөөнд Ж ах, дүү нь, 2 эмэгтэй байсан. Миний таньдагаас Ж ах л байсан, бусдыг нь танихгүй. Манай эгчийн найз М эгч гаднаас ганцаараа буудлын өрөөнд орж ирсэн. Бид хэд буудлын өрөөнд пиво, архи ууцгаасан. Байж байгаад Ж ах гараад явсан. Нилээн байж байгаад Ж ах гаднаас хаалга эвдээд ороод ирсэн. Орж ирэнгүүтээ Жонон ах над руу дайраад байсан. Ж ах М эгч хоёр юм ярьж байснаа хоорондоо муудалцаж эхэлсэн. Би буудлаас шууд гараад явсан. Хэсэг хугацааны дараа буудлын гадаа буцаад ирсэн. Буудлын ресепшин залуу, М эгч хоёр буудлын гадаа байсан. М эгчийн баруун хөмсөг нь сэтэрсэн цус гоожиж байсан. Яасан юм бэ? эгч гээд асуухад өшиглүүлсэн гэж хэлсэн. Жонон ахыг цагдаа нар машиндаа суулгаад аваад явсан. Би М эгчийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан” /хх-ийн 16-17/ гэж,

гэрч Б-ийн Л “... М нь манай буудлын 405 тоот өрөөнд орж архидан согтуураад, буудлын өрөөнд хоёр залуутай үлдээд гаднаас Ноён Ж гэх гэзэгтэй, жижигхэн залуу орж ирээд 405 өрөөний хаалгыг нь эвдэн орж, өрөөнд хоёр залуутай зодолдож эхэлсэн. Намайг ороход Жонон нь М руу юм авч чулуудаад, шидээд байсан. Ж нь М-ыг хөөгөөд байсан. М нь гуйж байгаад газар унаад суусан байхад нь толгой руу өшиглөж жийсэн. Би өрөөнөөс бүгдийг нь гаргасан. Буудлын гадаа Ж, М хоёр хэрэлдээд маргалдаад байсан. М-ыг Ж таксинд хүчээр суулгах гэж үзсэн. М нь эсэргүүцээд суугаагүй. М нь Ж руу цүнхээ шидээд оноогүй. Ж М-ыг зүүн гараараа хөмсөг хэсэг рүү нь нэг удаа цохисон. Жаахан байж байгаад машины ард М-ын хөмсөгнөөс нь цус гоожоод эхэлсэн. М орж ирээд зочид буудлын доод давхрын 00-д цусаа угаагаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан” /хх-ийн 19-20/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... О.М-ын биед баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, шуу, зүүн сарвуунд шарх, эрүү, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогддлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 13468 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан нь /хх-н 26-27/ шүүгдэгч Н.Жгийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Н-ийн Ж-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ж-д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч Н.Ж нь энэ гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө 2021, 2023 онуудад “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл хүлээж байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нар “торгох” ял оногдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь, шүүгдэгч Н.Ж-г шүүх хоёр ч удаа торгох ялаар шийтгэж байжээ. Гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэг үйлдчихээд шүүхээс байнга “торгох” ялаар шийтгүүлнэ гэсэн ойлголт байхгүй.

 

Харин шүүхээс “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахад шүүгдэгч Н.Ж-гийн хувийн амьдрал, ажил төрлөө зохицуулахад нь хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзээд энэ төрлийн ялыг сонгоогүй болно.

 

Улсын яллагч Т.Баянмөнхөөс шүүгдэгч Н.Ж-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасны хэмжээг шүүх 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгож ихэсгэв.

Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг яаж тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх, ял хариуцлага гарцаагүй байх үүднээс шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил биелэгдэх болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Ж-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хэрэгжиж биелсний дараагаас шүүгдэгч Н.Ж-д авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр гаргасан тухайн шүүх өөрчлөхийг дурдъя.

 

Шүүгдэгч Н.Ж-гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 68/,   Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 70/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 76-84, 87-93, 104-108/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Н.Ж нь “... 08 настай хүүгийнхээ хамт амьдардаг, ээж нь салаад явчихсан” гэх боловч энэ байдлыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч О.М “... эмчилгээний зардалд Жононгоос 2.900.000 төгрөг авсан. Эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, Харин сэтгэл санааны хохирлын асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ. Шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-н 111/ гэсэн байх тул шүүгдэгч Н.Жг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч О.М сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэх боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Ж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож шүүхэд ирүүлсэн (хугархай), 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-ийн Ж-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Ж шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Ж-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар тооцогдож шүүхэд ирүүлсэн (хугархай) 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Ж-д авагдсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

        

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ