Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00851

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00851

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 хороо,3 хороолол, 25 байр 176 тоотод оршин суух хаягтай, рд:па78073104, Парз овогт Баадайн Отгонхишигийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Ховд аймаг, Алтай сум, Тахилт баг, Огторгуйн 2 гудамж, 41 тоотод оршин суух хаягтай, рд:па74062814, Байтан овогт Өжинчоймболын Энхбатад холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Отгонхишиг, хариуцагч Ө.Энхбат нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Отгонхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... бид хоёр 2001 оны 11 сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2001 оны 12 сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хариуцагч намайг байнга дарамталж, зоддог байсан. Бид хоёрын дундаас 2002 оны 10 сарын 02-ны өдөр хүү Э.Очир, 2004 оны 04 сарын 02-ны өдөр охин Э.Санчир, 2013 оны 03 сарын 31-ний өдөр ихэр хүү Э.Баттөр, Э.Батхуяг, 2017 оны 11 сарын 13-ны өдөр бага охин Э.Эрхсаран нар төрсөн. Ө.Энхбаттай амьдарч байх хугацаанд цалин мөнгө авчирч өгч байгаагүй. Би том хүүгээ 4 сартай байхад байрны жижүүрээр ажиллаж байсан. Ө.Энхбат намайг байнга зоддог, хүүхдүүдээ байнга зоддог байсан. Бараг жилийн 365 хоногийн 300 хоногт архи уудаг байсан. Хоёр том хүүхдээ төрсний дараа салах гэсэн боловч Ховд аймгийн цагдаа болон ажилтнууд нь та хоёр учраа ол гээд тоодоггүй байсан. Намайг үстэж, толгой руу цохиж, гар хугалж, ухаан алдтал нилээд олон удаа зодож байсан. Ө.Энхбатыг 2017 оны 08 сард Солонгос улс руу явуулж өгсөн боловч архи уугаад баривчлагдаж ирсэн. Тэр хугацаанд мөнгө явуулж байгаагүй, хувцас явуулдаг байсан. Цалингийн зээлтэй учир мөнгө асуухаар өгдөггүй. Солонгос улсад байх хугацаанд нь сардаа хэрүүл хийж 400.000, 500.000 төгрөг авдаг. Солонгос улсаас 2019 оны 06 сарын 16-ны өдөр баривчлагдаж ирээд Ховд аймаг явсан. 2019 оны 09 сард том хүү элсэлтийн шалгалт өгч, ШУТИС-д тэнцсэн учраас сургуульд нь оруулчхаад Ховд аймгийн Алтай суманд очсон. Алтай суманд амьдарч байхад, намайг 4 хүүхэдтэй цуг зодож, дарамталсан. Том охиныхоо хоолойг нь боож чи миний хүүхэд биш гэж зодсон. 2019 оны 10 сарын 10-ны өдөр Ө.Энхбатын төрсөн дүү нь нар барсан. Дүү нь 3 хүүхэдтэй, дүүгийнх нь эхнэр байнгын асаргаанд байдаг. Дүүгийнхээ 3 хүүхдийн өөрийнхөө 5 хүүхэдтэй хамт өсгөнө гэхээр нь би өөрийнхөө 5 хүүхдийг тэжээж чадахгүй байж, хүний 3 хүүхдийг тэжээж чадахгүй гэж хэлсэн. Гэтэл би авахгүй бол өөр хэн авахын гээд миний нүд рүү өшиглөсөн. Баасан гариг зодуулж, ням гаригт нь хүүгийн бие өвдсөн учир хот явах шаардлага гарсан. 2021 оны 02 сард би хүүхдүүдээ санаж байна, очмоор байна гэхээр нь хүрээд ир ээ гэж хэлсэн. Тэр үед сургууль амарсан учир Нарны хороололд орц цэвэрлэдэг байсан. Битүүний өдөр орцоо цэвэрлээд ирэхэд 2 ихрийг, бага охиноо зодсон байсан. Миний нэхэмжлэлийн шаардлага бол Ө.Энхбаттай цаашдаа хамт амьдарч чадахгүй. Одоо хотод би хүүхдүүдтэйгээ амгалан тайван амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулна. Том хүүгийн бие өвдсөн шалтгаан нь жоохон байхад нь байнга толгой руу нь цохиж зоддог байсан... гэв.

 Хариуцагч Ө.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... 17 жил ажил хөдөлмөр эрхэлж, 2 жил Солонгос улсад ажиллаж байсан. Эхнэр, хүүхдээ байнга зодож, цохиж байгаагүй. Б.Отгонхишиг намайг хутгалж, 2 удаа толгой хагалж байсан. Өөрөө байнга архи уудаг. Намайг ажилдаа явахдаа цай унд ууж баймаар байна гэхээр байнга өмнөөс эсэргүүцдэг байсан. Хүүгийн эмчилгээний мөнгө гэж 200.000, 300.000 төгрөг шилжүүлдэг байсан. Сүүлдээ миний интернэт банкны нууц үгийг банкнаас хууль бусаар аваад, миний мөнгийг аваад байгаа. Б.Отгонхишигийг ах дүү, төрөл садан, нутгийн ард түмэн бүгд мэднэ. Намайг Улаанбаатар хотод очиход, Америк улсад байдаг эгчтэйгээ нийлж, шөнийн 2 цаг зайл гэж хөөсөн. Тэгэхээс Б.Отгонхишигээс салах бодол надад байхгүй. Энэ хүний ганцаараа дур мэдэн шийдсэн зүйлийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна... гэв.

 Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонхишиг хариуцагч Ө.Энхбатад холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Отгонхишиг, хариуцагч Ө.Энхбат нар 2001 оны 11 сарын 16-ны өдөр гэр бүл болсноо 2011 оны 12 сарын 06-ны өдөр бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2002 оны 10 сарын 02-ны өдөр хүү Э.Очир, 2004 оны 04 сарын 02-ны өдөр охин Э.Санчир, 2013 оны 03 сарын 31-ний өдөр ихэр хүү Э.Баттөр, Э.Батхуяг, 2017 оны 11 сарын 13-ны өдөр охин Э.Эрхсаран нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-14 дүгээр тал/

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2019 оны 11 сараас эхлэн одоо хүртэл тусдаа амьдарч байгаа, хариуцагч архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, согтуурсан үедээ эхнэрээ зодох хэл амаар доромжлох зэргээр гэр бүлийн гишүүдийг сэтгэл санаа биеийн хүчирхийлэлд оруулж, тэд байнгын айдас түгшүүртэй байдаг болох нь нэхэмжлэгч, хүүхдүүдийн шүүхэд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна./хэргийн 1-2, 30-32 дугаар тал/

Хариуцагч хэдийгээр гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдүүдийн сэтгэл санаа сурлага хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохигч талуудын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

Хүүхдүүдийн шүүхэд гаргасан санал болон нэхэмжлэгч хариуцагч нарын тусдаа байснаас эхлэн хүүхдүүд одоо хүртэл эхийн асрамжид байгаа нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2004 оны 04 сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Санчир, 2013 оны 03 сарын 31-ны өдөр төрсөн ихэр хүү Э.Баттөр, Э.Батхуяг, 2017 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн Э.Эрхсаран нарыг эх Б.Отгонхишигийн асрамжид үлдээн, эцэг Ө.Энхбатаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

2002 оны 10 сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Очир 18 насанд хүрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 129 526 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Парз овогт Баадайн Отгонхишиг, Байтан овогт Өжинчоймболын Энхбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 04 сарын 02-ны өдөр төрсөн, одоо 16 настай, охин Э.Санчир, 2013 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн, одоо 7 настай, ихэр хүү Э.Баттөр, Э.Батхуяг, 2017 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн, одоо 03 настай, охин Э.Эрхсаран нарыг эх Б.Отгонхишигийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн, одоо 7 настай, ихэр хүү Э.Баттөр, Э.Батхуяг, 2017 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн, одоо 03 настай, охин Э.Эрхсаран нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2004 оны 04 сарын 02-ны өдөр төрсөн, одоо 16 настай, охин Э.Санчир, 2013 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн, одоо 7 настай, ихэр хүү Э.Баттөр, Э.Батхуяг, 2017 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн, одоо 03 настай, охин Э.Эрхсаран нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.Энхбатаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 129 526 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ