Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/206

 

 2024          3           14                                     2024/ШЦТ/206

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Н.Цэнгэлбаяр

шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 5 дугаар сарын 18-нд Улаанбаатарт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7; эцэг, эх, 02 нас 11 сартай охин, 3 дүүгийн хамт ***** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****** дугаарын регистртэй,

Ш овогт Н-ийн Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.Х нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний орой ***** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** дугаар орц, ** тоот хохирогч Б.Э-ын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч компьютер, huawie p30 pro загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд дахин мэдүүлэхгүй. Тухайн өдөр найзтайгаа уулзах гэж явж байгаад хохирогчийг эд зүйлээ оруулаад өгөөч гэхэд гэрт нь орсон. Хулгайлж авсан эд зүйлээ дараа нь буцааж өгсөн. Маш их гэмшиж байна. Би 2021 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн нэг охинтой. Миний охины эцгийг Төмөрбаатар гэдэг. Тэр одоо **** аймгийн шоронд ял эдэлж байгаа. Чухам ямар хэргээр шоронд орсныг нь хэлж мэдэхгүй байна.

Миний аавыг Ц-ийн Н гэдэг, *****-т *** ажилтай. Миний ээжийг Ц-ийн Н гэдэг, “****” их сургуульд түүх, нийгмийн багшаар ажилладаг гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ны Э “... би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 07 цагийн орчимд гэрээсээ гараад ажил руугаа яваад 19 цагийн орчимд гэртээ иртэл хаалга онгорхой байсан. Хүүгээ ирсэн байх гэж бодоод гэртээ орсон чинь үүдэнд байсан 1 дэлгэц, 1 компьютерын процессор, орон дээр байсан  huawie p30 pro загварын гар утас зэрэг байхгүй байхаар нь цагдаа дуудсан. Мөн манай гэрийн нэг ширхэг түлхүүр гэрээс алга болсон байсан. Цагдаа нар ирээд шалгалтын ажиллагаагаа хийгээд явсан. 2023 оны 11 дүгээр сарын 02-нд миний гар утсанд сим карт орсон байсан. Би дэслэгч Б.Оюунболд руу залгаад тухайн байдлыг хэлсэн. Миний гар утсыг **** дүүрэг “****” худалдааны төвийн гар утасны лангуунаас хурааж авсан. Мөн миний гар утсанд фейсбүүк мэсэнжерээр өөрийгөө Золоо гэж танилцуулсан эмэгтэй, гэнэт юм бичээд эхэлсэн. Миний хулгайд алдсан эд зүйлүүдийг байрны урд талын “****” хүнсний дэлгүүр дотор орхисон байсныг би 2023 оны 11 дүгээр сарын 07-нд дэлгүүрээс нь орой очиж авсан. Ямар хүн өгсөн болон хүлээн авсныг нь мэдэлгүй би эд зүйлээ аваад гарсан. Миний хулгайд алдсан компьютерыг бүрэн бүтэн үлдээсэн байсан. Золоо гэх эмэгтэйтэй анх 2023 оны 10 дугаар сарын 28-ны орой *****-аас компьютер гэр рүү зөөлцсөн юм. Тэр үедээ манай гэрийн илүү түлхүүрийг авсан байх гэж би бодож байна” /хх-н 16-17/ гэж,

гэрч Г-ийн У “... 2023 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цагийн орчимд миний найз Х энэ гар утасны кодыг гаргаад өгөөч гэж надад хэлсэн. Тэр гар утас нь ямар гар утас байсныг би мэдээгүй. 2023 оны 11 дүгээр сарын 01-нд би тэр гар утсыг ажил руугаа аваад явсан. Кодыг нь гаргуулах гэсэн чинь миний хажууд суудаг гар утас засдаг Хэрлэн кодыг нь гаргах боломжгүй гэсэн. Тэгээд лангуун дээрээ байж байтал над руу нэг хүн залгаад гараад уулзтал цагдаа байсан. Хонгорзулын кодыг нь гаргуулах гээд өгсөн Huawie p30 pro гар утсыг надаас асуухаар нь би найз Х-ыг өмөөрөөд, өөр хүнээс худалдаж авсан гээд ***** гэх мобикомын дугаараас гар утас надад ирж 50.000 төгрөгөөр зарсан гаж цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн.  Мөн урд өмнө 2-3 удаа уулзалдаж байсан Б /*****/ гэх залууг хулгайн гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хэргийн талаар худал мэдээлэл өгчхөөд ажил руугаа ****** дүүрэгт байрлах “****” худалдааны төв дээр очиход Х, Ч нар байсан. Би Х-д хандаж чамаас болоод цагдаа дээр очоод ирлээ, баахан юм алга болсон гэж байна, тэр хүндээ юмнуудыг нь буцааж өг гэхэд Х “за” гэж хэлсэн. Удаагүй бид хоёр *****-н *** дугаар хороо, **** тоот хөлсөлж хамт амьдардаг гэр рүүгээ явсан. Х-ын ээж нь залгаад юу хийгээд яваад байгаа юм бэ гээд уурлаад байх шиг байсан. Ээжтэйгээ ярьж байгаад уйлаад байсан, яалт ч үгүй шоронд байгаа нөхрөө эргэх гээд мөнгө хэрэг болоод байсан юмаа гэж ээждээ хэлээд байсан. Удалгүй Х гарч яваад компьютерыг нь өгчихлөө гээд гэрт ороод ирсэн. Тэр үед найз Ч ажлаа тараад гэрт ирсэн байсан. Би найз Х-г одоо гэртээ харь, хүний юмыг буцаагаад өгчихсөн юм чинь гайгүй байхаа гэж хэлсэн боловч яваагүй маргааш явна гэсэн. Маргааш нь болсон ч гэртээ хариагүй. Тэгээд бид нар гадуур машинтай, зүс таних эрэгтэйтэй 2-3 цаг яваад Н гэх найзтайгаа уулзахаар Дарь-Эх рүү хүргүүлсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад гэртээ ирээд байж байгаад Х-д харь гэж хэлсэн чинь өглөө 11 цагаас өмнө харина, одоо унтлаа гэсэн. Тэгээд удалгүй цагдаа байна, хаалгаа онгойлго гэж тогшсон чинь Х цонхоор буучихъя гээд цонхоор доошоо харсан, би боль гэсэн чинь угаасаа өөр арга байхгүй гээд үсэрсэн. Тэр явдлын дараа би цагдаа нарт хаалга онгойлгож өгсөн. Бид нарыг бүгдийг нь аваад явсан. Х-ыг Гэмтлийн эмнэлэг дээр нэг цагдаатай хамт буулгасан. Ийм л юм болсон” /хх-н 11-13/ гэж,

гэрч У-ийн М “... 2023 оны 11 дүгээр сарын 02-ны орой 19-20 цагийн орчим эмэгтэй хүн ирээд компьютер процессор дэлгэц авч ирээд энийг үлдээчихье, 10 минутын дараа ирээд авна гэж хэлэхээр нь би гар утасны дугаарыг нь авалгүй, эд зүйлийг нь аваад үлдсэн. Гэтэл 10 минут болоод ирэлгүй, нэлээн хэд хоносон байх” /хх-н 20-21/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-23/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 24-28, 45/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 30-32/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 35/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

“Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр” гэж хүн амьдрахад зориулсан гэр, орон сууцыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Х нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь гэмт хэргийн дээрх шинжид хамаарна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ш овогт Н-ийн Х-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Х-д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг үүнд; анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын хувьд эрүүгийн хуульд заасан бусад ялын төрлөөс сонгох санкц байхгүй буюу зөвхөн “хорих” ял оногдуулахаар, өөрөөр хэлбэл “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Н.Х-д “хорих” ял оногдуулж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хуулийн дээрх заалтад заасан “хорих” ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Х-ын хувийн байдал үүнд: үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, цаашид засарч хүмүүжих талаараа ухаарч ойлгосон гэх түүний тайлбарыг нь харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол, төлбөрийн хувьд;

Хохирогч Б.Э-т шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... шүүх хуралдаанд оролцохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан зүйлээ буцааж авсан” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Х-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний лавлагаа мэдээлэл /хх-н 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Харин түүний төрсөн охин болох 2021 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн Т-ын А-ын “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарыг шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн ба шүүгдэгч Н.Х шүүх хуралдаанд:

“... би 2021 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн нэг охинтой. Миний охины эцгийг Т гэдэг. Тэр одоо ***** аймгийн шоронд ял эдэлж байгаа. Чухам ямар хэргээр шоронд орсныг нь хэлж мэдэхгүй байна. Миний аавыг Ц-ийн Н гэдэг, ****-т **** ажилтай. Миний ээжийг Ц-ийн Н гэдэг, “****” их сургуульд түүх, нийгмийн багшаар ажилладаг” гэсэн тайлбар хэлэв.

 

Иймд бага насны хүүхэд болох Т-ын А-ын асран хамгаалагчаар түүний өвөг эцэг Ц-ийн Н, эмэг эх Ц-ийн Н нарыг тогтоох нь зүйтэй. Эдгээр хүмүүс нь бага насны хүүхдийг асран хамгаалах үүргээсээ татгалзах эрхгүй бөгөөд үүсэх үр дагаврыг хариуцахыг анхааруулъя.

 

Шүүгдэгч Н.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Ш овогт Н-ийн Х-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Х-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Х-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Х цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч Н.Х бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар тооцож шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Бага насны хүүхэд болох 2021 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн Т-ын А-ын асран хамгаалагчаар түүний өвөг эцэг Ц-ийн Н, эмэг эх Ц-ийн Н нарыг тогтоосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Х-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ