Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/210

 

 2024        3           15                                        2024/ШЦТ/210

 

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Э.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 04-нд Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, **** хувьцаат компанид *****, суудал захиалагч ажилтай, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт ***** дүүргийн ** дүгээр хороо, 54-1 дүгээр байр, 708 тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, ***** дугаарын регистртэй, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Онон

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.О нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны *** тоот өөрийн гэртээ үл ойлголцох, хэрүүл маргааны улмаас хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Н.А-ийн эрх чөлөөнд халдаж зодож, цохисны улмаас түүний эрүүл мэндэд “баруун 10-р хавирганы зөрүүгүй, 11-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, хоёр зовхи, зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт, баруун чамархайд зулгаралт” бүхий гэмт учруулсан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний буруугаас болсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон бүх үйл явдал үнэн. Хохиролд гэж 1 сая төгрөг өгсөн. Цаашид гарах хохирлыг нь төлж барагдуулна. Хохирогч Амарбаясгалан бид хоёр өмнө нь олон жил найзалсан найзууд учир бидний дунд ямар нэгэн өс хонзон байхгүй. Миний эхнэр хорт хавдрын 4 дүгээр үе гэсэн оноштой байдаг. Иймд надад торгох ял оногдуулж өгнө үү. Өөрийн хувийн байдлаа анхаарах болно гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н-ийн А “... *** дүүргийн *** дүгээр хороонд О-д очсон. Ононгийн авсан байсан 0,70-тай “Агар” нэртэй архийг хувааж уугаад байж байтал манай эхнэр хаана байна гэхээр нь О-ийнд байна гэж хэлсэн. Эхнэр ажлаа тараад очиж авна шүү, чи бага уугаарай, өмнө нь чамайг О зодож байсан шүү гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг хугацаа өнгөрөөд О бид хоёр юм яриад байж байтал манай эхнэр О-ийн гэрийг надаар заалгаж О-ийн гэрт орж ирээд бид гурав юм яриад байж байтал О юм ярихаараа л манай эхнэрийг хүзүүнээс нь татаж, хацар дээр нь хэд хэдэн удаа үнсээд байсан. Эхнэр нилээн дургүйгээ илэрхийлээд байж байтал дахин манай эхнэрийг үнсэхээр нь би “чи болчихоо” гэж хэлээд цээж рүү нь гараараа нэг удаа цохитол босож ирээд намайг үсдээд доош дараад цохиод газар унагаад миний дээр гарч зогсоод дээрээс дэвсээд байхаар за больё гэж гуйхад цохиод дэвсээд байсан. Тэгээд эхнэр арай гэж салгаад би гутлаа ч өмсөж чадалгүй эхнэртэйгээ гарч зугтааж, эхнэр такси бариад Гэмтэл эмнэлэг рүү очиж үзүүлэхэд миний 2 хавирга хугарсан, уушгинд хий орсон, хоолойн төвөнхний мөгөөрс перилалт орсон байна гээд цээжний тасагт хэвтсэн. Би сэтгэцэд учирсан дүгнэлт гаргуулахгүй, эмчилгээний зардалд гаргаж өгөх баримт байхгүй, цаашид эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” /хх- ийн 10-15/ гэж,

гэрч Ө-ны У “... 19:00 цагийн үед манай нөхөр А нь найз О-ийнд байна гэсэн мессеж над руу бичсэн байсан. За удахгүй тарна би чамайг очиж авна гээд 20 цагийн үед найз О-ийнд нь очиход манай нөхөр А-тай хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд О-ийн гэрт ороод “за одоо харъя гэхэд, за энэ задалсан архиа дуусгая” гээд тэр хоёр архиа уугаад байсан. Хэсэг хугацааны дараа О намайг хөөрхөн шүү гээд 3-аас 4 удаа үнсэхэд манай нөхөр уурлаад цохиод авахад О уурлаж босож ирээд учир зүггүй манай нөхрийг зодоод дээрээс нь дэвслээд ална гээд орилоод байсан. Би нөхрийгөө арай гэж салгаад Гэмтлийн эмнэлэгт хүргээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр А, О бид 3 байсан, өөр хүн байгаагүй” /хх-ийн 04-05/ гэж,

гэрч Д-ийн М “... би 2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр **** дүүргийн “***” хороололд ээжийндээ очиж хоносон болохоор тухайн өдөр гэртээ байгаагүй. Манай нөхөр О гэрт А-тай маргалдсан гэж тухайн өдрийн орой над руу ярихаар нь би А руу гэр оронд ирээд агсам согтуу тавилаа гээд мессеж бичихэд А би танай нөхөрт зодуулчихаад Гэмтлийн эмнэлгээр явж байна гэж над руу мессеж бичиж байсан. Түүнээс хойш А-тай холбогдоогүй. А эмнэлгээр явж байна гэнэ, чи зодсон юм уу гэж асуухад нэг их сүртэй юм болоогүй, наадах чинь өөрөө эхэлж намайг цохьсон юм гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй” /хх-ийн 17-18/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Э-ийн Онон “... тэгээд эхнэр нь манайд ирээд бид гурав юм яриад сууцгаасан. Би А-ийн эхнэрийг чи мундаг шүү хоёр ихэр хүүхэд гаргасан гээд хацар дээр нь нэг удаа үнсэхэд А-рүү нэг, нэг удаа цохихоор нь би босоод ирэхэд миний гуя руу А 2-3 удаа цохиод байхаар нь түлхэхэд газар унаж босч ирээд ширээн дээр байсан юмыг авч шидээд байсан. Өмднөөс нь барьж аваад гар гээд гэрийн хаалга руу шидэхэд газар унаад эхнэр нь аваад гараад явсан” /хх-н 54-55/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Н.А-ийн баруун 10-р хавирганы зөрүүгүй, 11-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, хоёр зовхи, зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн 1294 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 23-25/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Э.Огийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Э-ийн О-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.О-гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 36/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 37/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 38/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 39/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 40/, зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч Э.О “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай хүсэлт гаргажээ. /хх-н 67/

 

Хохирогч Н.А “... миний бие Э.Отой харилцан тохиролцож эмчилгээний зардалд 800.000 төгрөг дансаар, бэлнээр 100.000 төгрөг авсан болно. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйл байхгүй ” гэх хүсэлтийг мөн гаргасан байна. /хх-н 66/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Э.Од оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүйг дурдах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгчийг 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын саналыг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны гол шалгуур нь шүүгдэгч /яллагдагч/ анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч буюу хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн байх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг.

Шүүгдэгч Э.О-гийн мэдүүлгээс үзвэл тэрээр уг хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн гэхэд учир дутагдалтай буюу гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлжээ. Харин хохирогч, гэрч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, хэрэв худал мэдүүлсэн, бусдыг гүтгэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулдаг тул тэдгээрийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудаар давхар нотолж шүүгдэгчийн гэм буруутайг тогтоодог.

Гэвч шүүх прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэмжээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх, ял хариуцлага гарцаагүй байх үүднээс шүүхээс оногдуулсан “торгох” ял биелэгдэх болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.О-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хэрэгжиж биелсний дараагаас шүүгдэгч Э.О-д авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр гаргасан тухайн шүүх өөрчлөхийг дурдъя.

 

Түүнчлэн хохирогч Н.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгчээс хохирогчид 900.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн байгаа байдал, шинжээчийн дүгнэлтэд “... цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн зэргийг шүүх харгалзан хохирогчийн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Э.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ийн О-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.О шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.О-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.О цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж,

хохирогч Н.А-гийн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.О-д авагдсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

           

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ