Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/212

 

2024            3           18                                        2024/ШЦТ/212

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч М.Эрдэнэзаяа

шүүгдэгч Б.Н

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 03-нд Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, 06 сартай хүүхдийн хамт **** аймгийн *** сум, 10 дугаар баг, 39 дүгээр гудамж, 15 тоотод оршин суух хаягтай, одоо **** дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр гудамж, 11 тоот, нагац эгч Ш.Н-д түр амьдарч байгаа гэх, ял шийтгэл эдэлж байгаагүй, **** дугаарын регистртэй, Х овогт Б-н Н

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ***** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** дүгээр гудамжны автомашины зам дагуу алхаж байсан хохирогч Д.З-тай “машины ар хэсэг рүү өшиглөсөн” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж баруун, зүүн 1, 2-р шүд, зүүн дээд 2-р шүдний сулрал, доод уруулд зулгаралт, дээд уруулд язрал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би прокурорын яллах дүгнэлтийг гардаж авсан. Яллах дүгнэлт дээр бичигдсэн бүгдийг үнэн зөв ярьсан байгаа. Мөн өмнөх шүүх хуралдааны явцад ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой утсаар холбогдож уучлалт гуйсан. Надаас мөнгө төгрөг нэхнэ гэж хэлээгүй. Би хохирлын мөнгө гэж өгөөгүй. Миний би Улаанбаатарт түр амьдарч, Яармагт барилгын ажил дээр ажилладаг, цалин гэж хийж гүйцэтгэсэн ажлаараа авдаг. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялын талаар хэлэх зүйл байхгүй.

Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр **** аймгаас ирээд маргааш нь буюу 12 дугаар сарын 06-нд шүүх дээр ирэхэд намайг цагдан хорих шийдвэр гарсан байгаа гээд тэр өдрөөсөө 461 дүгээр ангид цагдан хоригдсон гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д-ын З “... тухайн 4 залууг яваагүй болохоор буцаж эргээд явж байхад нөгөө 4 үл таних залуу ардаас гүйж ирээд хар цоохор цамцтай залуу хүрч ирээд миний шүд рүү нэг удаа цохисон. Хэн гэдгийг нь бол мэдэхгүй байна. Миний шүд рүү нэг удаа цохисон” /хх-ийн 6/ гэж,

гэрч А-ийн А “... бид нар тоохгүй явах гэж байхад нэг биерхүү ах машины дугуйны урд талын гүпэр рүү өшиглөсөн. Уур хүрээд бид нар машинаасаа буугаад эхэндээ хэрэлдсэн. Бид нар хэрэлдээд дэлгүүрийн хойд талын гудамж руу ороод байж байтал нэг хөгшин ах утсаа бариад машин руу гүйж явсан. Тэгэхээр нь О бид хоёр араас нь очиход хөгшин ах нь машины дугаар бичиж аваад байсан. О очиж барьж аваад нүүр буюу хацар хэсэгт зүүн гараараа 1 удаа цохисон” /хх-ийн 17-18/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ийн Н “... 2023 оны 9 дүгээр сарын 09-ний 01:00 цагийн орчим **** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардын засмал зам дагуу Тоёота Приус 20 маркийн ***** улсын дугаартай С-ын машинд явж байхад зам дээр 3 согтуу хүн зам голлоод явж байсан. Бид нар хоорондоо хэрэлдэж байгаад хажуугаар машинтай зөрөхөд машины ар талыг өшиглөсөн. Бид нар машинаасаа бууж тухайн 3 согтуу ах нартай маргалдаж эхэлсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад явах гэж байхад араас орилоод байхаар нь би болон О, А бид гурав очсон. Очоод З гэдэг ахын нүүр рүү нь баруун гараараа 1 удаа цохисон” /хх-н 42-43/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Д.З-ын биед баруун, зүүн доод 1,2-р шүд, зүүн дээд 2-р шүдний сулрал, доод уруулд зулгаралт, дээд уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн 11535 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан нь /хх-н 28-29/ шүүгдэгч Б.Н-ын гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Б.Н-т холбогдох энэ хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн 1981 дугаартай захирамжаар прокурорт буцаасан /хх-н 90/ байдаг ба мөрдөн шалгах ажиллагаа дахин хийгдэх явцад шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн тухайлбал, нэр бүхий хүмүүсийн хохирогч мөн эсэх асдуулыг шийдвэрлэж, зарим хүмүүст Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ. /хх-н 103, 104/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х овогт Б-ийн Н--ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н-т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг үүнд, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, түүний насны байдал болон тэрээр эхнэр, 06 сартай хүүхдийн хамт амьдардаг гэх бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзав.

 

Харин шүүгдэгч Б.Н цаашид өөрийн хувийн байдалдаа дүгнэлт хийвэл зохино.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс шүүгдэгч Б.Нт “торгох” ялыг шүүх сонгож, түүний цагдан хоригдсон 27 хоногийг торгох ялын хэмжээнээс нь хасаж тооцов.

 

Яллагдагч Б.Н-ыг шүүхэд “... албадан ирүүлэх, ... цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарснаар тэрээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон байна.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дугаар захирамжаар яллагдагч Б.Н-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. /хх-н 119/

 

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч Б.Н-т урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Н-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 58/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 64/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Д.З “... гомдол санал байхгүй” /хх-н 30, 70/ гэсэн тул шүүгдэгч Б.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Б-ийн Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийн нэг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын нийт хэмжээг нэг зуун ерэн таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 195.000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Н шүүхээс оногдуулсан 195.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Н 27 хоног цагдан хоригдсоныг, хохирогч гомдол саналгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дугаар захирамжаар яллагдагч Б.Нт авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Н-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ