Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00887

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00887

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Их Монгол улсын гудамж, Ривер гарден хотхон, 308 байр, 1 давхар хаягтай, рд:5691672, Ривер гарден девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, Длиав хутагт Жамсранжав гудамж аос 74 тоот оршин суух бүртгэлтэй, рд:ус79061811, Пэлжээ овогт Алгирмаагийн Даваадорж,

 

хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Хүннү-2222, Их Монгол улс гудамж, 109 байр, 704 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, рд:хм74071711, Цэнхэр овогт Пүрэвжавын Мөнхбаатар нарт холбогдох,

 

гэрээний үүрэгт 246 637 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ривер гарден девелопмент ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... нэхэмжлэгч Ривер Гарден Девелопмент ХХК нь анх Г.Сэлэнгэтэй 2015 оны 12-р сарын 15-ны өдөр RG438301700 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулан, гэрээний 1.1; 1.2, 2.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол Улсын гудамж Ривер Гарден цогцолбор хотхон 301-р байрны 700 тоот өрөө 2 647 900 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хөнгөлөлт үзүүлж нийт 2 550 789 000 төгрөгөөр захиалан авахаар харилцан тохиролцсон. Иргэн Г.Сэлэнгэ нь талуудын хооронд байгуулсан RG438301700 дугаартай гэрээний 2.2-т заасны дагуу орон сууцны нийт үнийн дүнгийн 90 хувьтай тэнцэх 2 291 364 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч компанид төлөх, үлдэгдэл 259 425 000 төгрөгийг 2015 оны 12-р сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Ривер Гарден Девелопмент ХХК нь талуудын хооронд байгуулсан RG438301700 дугаартай гэрээний 1.1, 1.2-т заасан орон сууцыг иргэн Г.Сэлэнгийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, иргэн Г.Сэлэнгэ нь гэрээний 2.2-т зааны дагуу нийт 2 291 364 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байдаг. Иргэн Г.Сэлэнгэ нь өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсан гэрээний 1.2-т заасан орон сууцыг хариуцагч А.Даваадоржид шилжүүлэх хүсэлт гаргасан тул 2018 оны 09-р сарын 10-ны өдөр RG438301700 тоот Эрх шилжүүлэх гэрээ нэг талаас эрх шилжүүлэгч Г.Сэлэнгэ, эрх хүлээн авагчаар хариуцагч А.Даваадорж, нэхэмжлэгч нар төлөөлж байгуулсан, талуудын хооронд байгуулсан Эрх шилжүүлэх гэрээний 1.1, 1.3, 2.4-т заасны дагуу иргэн Г.Сэлэнгэтэй байгуулсан RG438301700 тоот гэрээний дагуу орон сууцыг эрх хүлээн авагч талд шилжүүлэх, эрх хүлээн авагч хариуцагч А.Даваадорж нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээг үндэслэн А.Даваадорж болон нэхэмжлэгч Ривер Гарден Девелопмент ХХК-тай 2018 оны 09-р сарын 19-ны өдөр 438301700/1 тоот Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 1.2.1, 2.2-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 259 425 000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд хариуцагч А.Даваадорж нь 95 000 000 төгрөгт өөрийн эзэмшлийн 8776 УНҮ улсын дугаартай Тундра маркийн автомашиныг холбогдох баримт бичгийн хамт гэрээнд гарын үсэг зурсан өдөр нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх, үлдэгдэл 164 425 000 төгрөгийг 2018 оны 11-р сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахаар гэрээнд зааж өгсөн. Мөн талуудын хооронд Төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс 2018 оны 09-р сарын 19-ны өдөр Барьцааны гэрээг байгуулан, барьцааны гэрээний 1.1, 1.2-т заасны дагуу Баянгол дүүргийн 9-р хороо Горькийн 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах 382 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220519685 дугаартай үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалж, улсын бэртэлд албан ёсоор бүртгүүлсэн. Хариуцагч А.Даваадорж нь төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасан 95 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашины нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн боловч гэрээний 2.2-т заасан үлдэгдэл 164 425 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талд төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч Ривер Гарден Девелопмент ХХК-иас удаа дараа хариуцагч А.Даваадоржид эрх шилжүүлэх гэрээ болон төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Ривер Гарден цогцолбор хотхон 301-р байрны 700 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн, үлдэгдэл төлбөрөө төлөхийг мэдэгдэж, мэдэгдэл явуулж байсан боловч хариуцагч орон сууцны төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч компанийн өмчлөлийн орон сууцанд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. Хариуцагч А.Даваадорж нь төлбөр барагдуулах гэрээний 2.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул гэрээний 3-т Төлбөр төлөгч энэхүү гэрээний 2.2-т заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд энэхүү тогтоосон хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлбөр авагчид төлөх гэж заасны дагуу хариуцагч тал нь нийт 476 685 000 төгрөгийн алданги төлөхөөр байгаа бөгөөд ИХ-н 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 82 212 500 төгрөгийн алдангийг хариуцагч тал төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Алдангийн тооцооллыг тодруулбал: Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр 164 425 000 төгрөг, алданги 82 212 500 төгрөг, нийт 246 637 500 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч талаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ривер гарден девелопмент ХХК хариуцагч А.Даваадорж, П.Мөнхбаатар нарт холбогдуулан гэрээний үүрэгт 246 637 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагч Төлбөр барагдуулах гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт нийт 246 637 500 төгрөг нэхэмжилж байна, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

Шүүхээс хариуцагч А.Даваадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдрид 2020 оны 07 сарын 06-ны өдөр, хариуцагч П.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяад 2020 оны 12 сарын 17-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн бөгөөд шүүхийн тогтоосон хугацаанд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй. /хэргийн 31, 78 дугаар тал/

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2015 оны 12 сарын 15-ны өдөр № RG438301700 тоот Орон сууц захиалгын гэрээ гүйцэтгэгч Ривер гарден девелопмент ХХК, захиалагч Г.Сэлэнгэ нарын хооронд байгуулагдаж, захиалагч Д.Сэлэнгэ Хан-Уул дүүрэг, 11 хорооны нутаг дэвсгэр Их Монгол Улсын гудамж байрлах Ривер гарден цогцолбор хотхон 301 байр 1 орц 7 давхар 700 тоот 6 өрөө 380 м2 талбай бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгийг 2 550 789 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцжээ.

Захиалагч орон сууцны үнийн 90 хувь буюу 2 291 364 000 төгрөгийн төлбөрийг бартераар буюу хөрөнгөөр, үлдэх төлбөр 10 хувь буюу 259 425 000 төгрөгийг 2015 оны 12 сарын 31-ны өдрийн дотор төлөх, гүйцэтгэгч орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болох нь Орон сууц захиалгын гэрээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 8-11 дүгээр тал/

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

Захиалагч буюу худалдан авагч Г.Сэлэнгэ гэрээний 2.2-т заасан 2 291 364 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гүйцэтгэгч буюу худалдагч болох нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч орон сууц үл хөдлөх хөрөнгийг Г.Сэлэнгийн эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр тал/

 

Г.Сэлэнгэ гэрээний дагуу хүлээн авсан орон сууц үл хөдлөх хөрөнгийг хариуцагч А.Даваадоржид шилжүүлэх хүсэлт гаргасан тул Орон сууц захилгын гэрээний 4.9-т заасныг үндэслэн 2018 оны 09-р сарын 10-ны өдөр № RG438301700 тоот Эрх шилжүүлэх гэрээ нэг талаас эрх шилжүүлэгч Г.Сэлэнгэ, эрх хүлээн авагч буюу хариуцагч А.Даваадорж, нэхэмжлэгч нар байгуулан, № RG438301700 тоот Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн бүхий л эрх үүрэг хариуцлагыг эрх хүлээн авагчид шилжүүлж, гүйцэтгэгч орон сууцыг эрх хүлээн авагчид хүлээлгэн өгөх, эрх хүлээн авагч орон сууцны төлбөрийг төлж гэрээний биелэлтийг хангахаар талууд харилцан тохиролцсон болох нь Эрх шилжүүлэх гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7 дугаар тал/

 

Энэхүү эрх шилжүүлэх гэрээг үндэслэн 2018 оны 09 сарын 19-ны өдөр № 438301700/1 тоот Төлбөр барагдуулах гэрээг төлбөр авагч буюу нэхэмжлэгч Ривер Гарден Девелопмент ХХК, төлбөр төлөгч буюу хариуцагч А.Даваадорж нарын хооронд байгуулан, 2015 оны 12 сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний орон сууцны үлдэгдэл төлбөр болох 249 425 000 төгрөгийг төлбөр төлөгч А.Даваадорж төлөх, энэхүү төлбөрийн 95 000 000 төгрөгийн төлбөрт тооцон А.Даваадорж өөрийн эзэмшлийн 87-76 УНҮ дугаартай Тундра маркийн тээврийн хэрэгслийг төлбөр авагчийн эзэмшилд шилжүүлэх, үлдэх 164 425 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 20-ны өдөр төлбөр авагчийн Хаан банкны 507 024 3092 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон нь Төлбөр барагдуулах гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 12-13 дугаар тал/

 

Төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 09 сарын 19-ны өдрийн Барьцааны гэрээгээр хамтран хариуцагч П.Мөнхбаатарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205019685 дугаартай, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 2 дугаар гудамж, 1 тоот хаягт байрлах 382м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 14-18 дугаар тал/

 

Төлбөр барагдуулах гэрээг хуулиар зохицуулаагүй, шууд нэрлээгүй боловч талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохирч хүсэл зоригоо илэрхийлэн хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан, гэрээний нөхцөл утга агуулга ойлгомжтой тодорхой бөгөөд гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн нэрлэгдээгүй гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан төлбөр барагдуулах гэрээ болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч Эрх шилжүүлэх гэрээний 2.1-д заасан орон сууц захиалгын гэрээний үүрэг буюу Ривер гарден цогцолбор хотхон 301 байр 7 давхар 700 тоот орон сууц үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч А.даваадоржид хүлээлгэн өгсөн, харин хариуцагч Төлбөр барагдуулах гэрээний үүрэг буюу орон сууцны үнийн үлдэгдэл 164 425 000 төгрөг төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д зааснаар үндэслэлтэй байх тул хариуцагч А.Даваадоржоос төлбөр барагдуулах гэрээний үүрэг 164 425 000 төгрөг, алданги 82 212 500 төгрөг нийт 246 637 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ривер гардан девелопмент ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 232.7-д зааснаар хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Төлбөр барагдуулах гэрээний 3-т заасны дагуу гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу төлбөр барагдуулах гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

Иймд хариуцагч мөнгөн төлбөр төлөх дээрхи үүргээ сайн дураар эс биелүүлбэл төлбөр барагдуулах гэрээний үүрэгт барьцаалсан П.Мөнхбаатарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205019685 дугаартай, Баянгол дүүрэг, 9 хороо, Горькийн 2 дугаар гудамж, 1 тоот хаягт байрлах 382м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гардуулсан бөгөөд шүүхийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 108 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д зааснаар хариуцагч А.Даваадоржоос төлбөр барагдуулах гэрээний үүрэг 164 425 000 төгрөг, алданги 82 212 500 төгрөг нийт 246 637 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ривер гардан девелопмент ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч П.Мөнхбаатарын өмчлөлийн Ү-220519685 дугаартай, Баянгол дүүргийн 9-р хороо Горькийн 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах 382 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 391 140 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 391 140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ