| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/00416/И |
| Дугаар | 102/ШШ2021/00956 |
| Огноо | 2021-04-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2021/00956
| 2021 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2021/00956 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 хороо, 6 хороолол, Бага тойруу, 58-59 тоот хаягтай, рд:5772168, Эй Жи Эс Пи ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 8 хороо, 3 хороолол, Дилавхутагт Жамсранжав гудамж, 47 байр, 9 тоот хаягтай, рд:ут92071300, Адъяа овогт Пүрэвцоогийн Мандухайд холбогдох,
2 812 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай, хариуцагч П.Мандухай нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эй Жи Эс Пи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 09 сарын 08-ны өдөр хариуцагч П.Мандухайтай сурталчилгааны гэрээ байгуулсан. Гэрээгээр сар бүр 9 сурталчилгаа, жил 108 удаагийн сурталчилгаа хийхээр тохиролцсон. Нийт 10.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрээг хийсэн. Гэрээний урьдчилгаа төлбөрт бэлнээр 5.0000.000 төгрөг, 1.472.000 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн. Гэрээ хэрэгжилтийн явцад, талууд тохиролцож гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон. 12 сарын 16-ны өдөр хариуцагчаас 2.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр дээр талуудын хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгч компани П.Мандухайгын 2 сарын буюу 18 удаагийн сурталчилгааг хүлээн зөвшөөрсөн. 1 сурталчилгааны төлбөр 92.222 төгрөгөөр үнэлсэн. Нийт шилжүүлсэн 6.472.000 төгрөгөөс буцаан шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг хасаад, /18 сурталчилгааны үнийн дүн/ 1.659.300 төгрөгийг хасаад, 2.812.000 төгрөгийн үлдэгдэл гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү... гэв.
Хариуцагч П.Мандухай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...... 2020 оны 9 сарын 8 өдөр тус компанитай 1 жилийн хугацаатай хийх ажлаа тохирч гэрээ байгуулсан. Миний зүгээс тус компанийн MALU WILZ брэндийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилахдаа гэрээний 2.2-д заасан ажлыг хийхээр тохирсон. Ингээд гэрээ байгуулснаас хойш 2 сар гаруй хугацаанд гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэл сайтай хийж байсан. Тус компаниас 2020 оны 11 сарын 14 өдөр надтай холбогдож гэрээгээ цуцлая цаашид ажил хийх хэрэггүй гэсэн. Миний бие яагаад ийм шийдвэр гаргаж байгааг асуухад хөл хорио тогтоогоод цаашид ажил хийх боломжгүй болж байна. Бараагаа авчирч өг гэсний дагуу 1472000 төгрөгийн барааг нь оффист нь аваачиж өгсөн. Ингээд менежер нь барааны тооцоо дууслаа, харин та үлдэгдэл мөнгөнөөсөө ажлын гүйцэтгэлээ тооцоод шилжүүлээрэй гэсэн. Энэ үед намайг очиход оффист нь менежер, нягтлан, өмгөөлөгч нар нь байсан. Миний бие танайх хүргэлтээр бараагаа зарж ажил чинь хэвийн явагдаж байхад яагаад гэрээ цуцлаж байгаа юм бэ, миний хувьд жилийн хугацаанд өөр бүтээгдэхүүн сурталчилах боломжгүй хохирч байна шүү дээ гэж хэлсэн. Гэтэл өмгөөлөгч нь манай нэг л салбар ажиллаж байгаа олон сурталчилгаа явуулаад байхад хэцүү байна гэж хэлж байсан. Миний зүгээс нэг жилээр гэрээ байгуулж 2 сар гаруйн хугацаанд хийх ёстой ажлаа гэрээний дагуу хийж байсан атал гэнэт гэрээ цуцлах саналаа өгч байгаа нь намайг хохироход хүргэсэн. Учир нь тус байгууллагын MALU WILZ гоо сайханы бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа тул өөр бүтээгдэхүүн сурталчnлах боломжгүй байдаг. Нэгэнт сурталчилаад эхэлсэн учир дор хаяж нэг жилийн хугацаанд надад ийм төрлийн бараа сурталчлуулах, санал орж ирэх боломжгүй хаалттай болж байгаа юм. Тухайн үед надад өөр гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилах санал хэд хэд орж ирснээс тус байгууллагад итгэж гэрээ байгуулсан. Ингээд миний бие өөрийн ажлын гүйцэтгэл, НӨАТ-д өгсөн тавараа тооцож бэлэн авсан 5000 000 төгрөгөөс 2000 000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Миний бие гэрээг цуцлах саналыг зөвшөөрөхгүй ажлаа үргэлжлүүлэх боломжтой байсан боловч хөл хорио тогтоосон, хүндрэлтэй байна гээд байхад нь нөхцөл байдлыг ойлгож саналыг нь зөвшөөрсөн. 5,000.000 төгрөг авахдаа миний бие НӨАТ-ийн баримт өгсөн бөгөөд 500,000 төгрөг татварт төлж байгаа болно. Энэ байгууллагаас болж бусад байгууллагтай гэрээ хийх боломжгүй болж олох ёстой байсан орлогоо олж чадахгүй маш их хохирч байна. Харин ч миний бие тус байгууллагад уян хатан хандаж байхад ийм нэхэмжлэл өгч байгаад гомдолтой байна. Миний бие өөр байгууллагын бүтээгдэхүүн сурталчилсан бол орлогоо хэвийн олоод явах боломжтой байсан. Гэтэл хугацаанаасаа өмнө ямар нэгэн гэрээний үүргээ зөрчөөгүй байхад гэрээ цуцлаж намайг хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эй Жи Эс Пи ХХК хариуцагч Д.Мандухайд холбогдуулан 2 812 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч П.Мандухай өөрийн инстаграм, фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан нэхэмжлэгчийн худалдан борлуулдаг MALU WILZ брэндийн арьс арчилгаа нүүр будалтын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах буюу 8-аас дээш минутын урт бичлэг 1 удаа, лайв 1 удаа, богино видео 3 удаа, зурагт пост 3 удаа, салбар дээрх борлуулалт дэмжих зорилгоор өдөрлөг зохиож хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх гэрээний хугацаанд нийт 6 удаа, стори хязгаар тавихгүй тогтмол оруулах ажлыг 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлс 5000 000 төгрөг, 5000 000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн өгөхөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Хамтран ажиллах гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал/
Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч ажлын хөлс 5000 000 төгрөгийг 2020 оны 09 сарын 14-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлсэн, 2020 оны 09 сарын 09-ны өдөр 1.472.000 төгрөгийн үнэ бүхий арьс арчилгаа нүүр будалтын бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан Хаан банк шилжүүлгийн баримт, шаардах хуудас баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11, 13-15 дугаар тал/
Хариуцагч гэрээ байгуулагдснаас хойш 2 сарын хугацаанд нийт 1 660 000 төгрөгийн хөлс бүхий сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын улмаас нэхэмжлэгч компаний санхүүгийн байдал хүндэрсэн шалтгаанаар зар сурталчилгааны гэрээнүүдээ цуцлах шаардлага үүссэн тул хариуцагчид энэ талаар 2020 оны 11 сарын 14-ны өдөр мэдэгдэж талууд хөлсөөр ажиллах гэрээгээ цуцалж дуусгавар болгосон нь зохигчдын шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 20 дугаар тал/
Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцалж дуусгавар болсон эсэх талаар маргаагүй.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээ цуцалсны дараа хариуцагч ажлын хөлс 5000 000 төгрөгөөс 2000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж, мөн хүлээн авсан 1 472 000 төгрөгийн үнэ бүхий арьс арчилгаа нүүр будалтын бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нэхэмжлэгчийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт, хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 12, 20 дугаар тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...П.Мандухайн 2 сарын буюу 18 удаагийн сурталчилгааг хүлээн зөвшөөрч, 1 удаагийн сурталчилгааны төлбөр 92.222 төгрөгөөр үнэлсэн. Нийт шилжүүлсэн 6.472.000 төгрөгөөс буцаан шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг, 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн 18 удаагийн сурталчилгааны ажлын хөлс 1.660 000 төгрөгийг хасаад, үлдэх 2.812.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч .... би 2 сар ажлаа гүйцэтгээд, үлдэгдэл 3.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийн буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл 1.000.0000 төгрөгийг буцааж өгнө гэдгээ хэлсэн. Харин 1.472.000 төгрөгийн барааг нэхэмжлэгч талын хэлсэн үед нь аваачиж өгсөн. Очиход менежер нь уутнаас гаргаж, үзээд юм хэлээгүй болохоор хүлээгээд авчихлаа гэж ойлгосон, нэхэмжлэгч компани хүлээн авсан учир бүтээгдэхүүний үнийг төлөхийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Нэхэмжлэгч ...хариуцагчийн 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1660 000 төгрөг буюу 1 удаагийн сурталчилгааны хөлс 92 222 төгрөг... гэж тооцсныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй. Өөрөөр хэлбэл тэрээр ажлын хөлсөнд авсан 5000 000 төгрөгийн 1660 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээнээс татгалзсантай холбоотой 2000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, одоо 1340 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ талаар маргаагүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн ажлын хөлс 1 340 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 1 340 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 472 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч 1472 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчийн шаардснаар хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч хүлээн авснаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч уг бараа бүтээгдэхүүнийг цаашид ашиглах боломжгүй 1 472 000 төгрөгийн үнэ бүхий шаардлагаа 638.667 төгрөгөөр багасгаж байгаа 788 333 төгрөг болгосон боловч хариуцагч зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч энэ шаардлагын талаархи тайлбараа нотлоогүй болно. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч өөрийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох үүрэгтэй ба тухай бараа бүтээгдэхүүн ашиглах боломжгүй, хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнэ 788 333 /1 472 000 төгрөг/ төгрөг гэж үнэлж байгаа үнэлгээ тайлбар үндэслэлээ нотлоогүй тул шүүх хангах үндэслэлгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
2021 оны 01 сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч Эй Жи Эс Пи ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангайд олгосон итгэмжлэлээр түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгосон байна. /хэргийн 5 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Мандухайгаас ажлын хөлс 1 340 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эй Жи Эс Пи ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 472 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ