Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/391

 

 

 

 

 

 

  2024            4            12                                        2024/ШЦТ/391       

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, шүүгч М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Иргэдийн төлөөлөгч О.Лувсандондог,

Улсын яллагч Э.Уранчимэг,

Хохирогч Б.О ,  

Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ж.Б д холбогдох эрүүгийн 2309027102543 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын ... -ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч Ж.Б  нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод Б.О той маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хатгаж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /200 мл/ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ж.Б  нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод Б.О той маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хатгаж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /200 мл/ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-22 дугаар тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар тал/,

 

Хохирогч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2023 оы 8 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 10 цагийн үед ... тоотод байдаг Баагий буюу Б  манай ...  тоотод байх гэрт орж ирсэн. Тэгээд Б  бид хоёр гэрт архи уугаад Б гийн ... дугаартай өрөөнд орсон. Б  нь 16-17 цагийн үед Б гийн гэрт нь архи уусан. Тухайн үед дүү Соронзонболд цуг байсан. Тэгээд Бааска согтоод шорон яриад байхаар нь би “зүгээр дуугүй бай даа” гэж хэлсэн чинь Бааска гараад гэрээсээ хутга аваад баруун гартаа барьчихсан ирж байсан. Бид хоёр коридорт байсан юм. Тэгээд Бааска над руу ирээд миний гэдэс рүү нэг удаа барьсан байсан хутгаараа хутгалсан. Би шууд гэр лүүгээ ороод түргэн дуудсан. Бааска гэртээ орсон. Бааскагийн гэр манай өөдөөс харсан хаалганд байдаг. Бааска намайг цохиогүй. Миний хэвлий хэсэгт нэг удаа хутгаар дүрсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр 8 дугаар сарын 31-ний өдөр 33 граммын архи хувааж уусан. Энэ хүн намайг 8 сар эмнэлгээр намайг авч явж сахиж асарсан. Би хагалгаанд ороод сайхан болсон. Энэ хүнийг ялгүй болоосой гэж бодож байна. Надад нэхэмжилсэн гомдол саналтай гэх байх зүйл байхгүй. Би энэ хүнийг ялгүй авч явмаар байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед миний группийн мөнгө орсон байхаар нь би өөрийнхөө амьдардаг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Сансар 32 дэлгүүрийн хойд талын гудамжинд нийтийн байрны ... тоотод байрлах гэртээ тус нийтийн байрны ...  тоотод амьдардаг О г дуудаад гэртээ оруулаад бууз жигнэж өгөөд үлдсэнийг нь би О д өгөөд явуулсан ба удалгүй О  ... цагийн үед миний үл таних эрэгтэй хүний хамт манай гэрт ороод ирсэн. О  надад тухайн үед хэлэхдээ миний хамгийн бага дүү гэж танилцуулж байсан. Тэгээд би О гийн дүү гэсэн 40 орчим настай эрэгтэйг дэлгүүр лүү архинд явуулсан ба бид гурав “Хараа” гэх нэршилтэй 0.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг архи хувааж ууж байх үед нийтийн байрны 2 дугаар давхарт амьдардаг Б  нь манай гэрт ороод ирсэн. Тухайн үед Б  нь согтуу уусан байх шиг байсан. Бид манай гэрт ууж байхад Б , О  хоёр хоорондоо маргалдаад том том орилоод эхлэхээр нь би тэр гурвыг хөөж гаргаад хаалгаа түгжээд унтаад өгсөн. Нэг мэдэхэд хоёр цагдаа манай гэрийн хаалгыг тогшоод орж ирсэн. ...Би ямар шалтгааны улмаас Б , О  хоёрыг хоорондоо маргалдсаныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед их согтсон байсан болохоор болсон зарим асуудлыг санахгүй байна. Нэг мэдэхэд л манай гэрт Б , О  нар нь хоорондоо муудалцаад орилолдоод л эхлэхээр нь би гэрээсээ тэд нарыг хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11639 дугаартай: “... Б.О гийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /200 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

            Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б гаас: “...Мэдүүлэг өгөхгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ж.Б  нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод Б.О той маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хатгаж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /200 мл/ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч А.Буянжаргал нараас хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Лувсандондогоос “...шүүгдэгч Ж.Б г гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргав.

 

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11639 дугаартай дүгнэлтэд “...Б.О гийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /200 мл/ гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. Энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Б гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүгдэгч Ж.Б гийн хохирогч Б.О гийн хэвлий тус газарт хутгалсан үйлдэл, түүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хүнд гэмтэл” нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.Б  нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ хутга ашигласан ба “Хутга” нь бүтцийн хувьд биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарч байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэж зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон О.Лувсандондог нь шүүгдэгч Ж.Б г гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний хууль зүйн дүгнэлттэй нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нарын ахуйн хүрээнд архидан согтуурсан, шүүгдэгчийн хувьд тухайн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж уураа тэвчиж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Б г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Б.О  нь хэрэгт нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх бөгөөд мөн шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ж.Б г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Энэ зүйл ангид заасан хамгийн доод ял оногдуулж байгаа ч мөн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж группэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй. Нэг нүд нь хардаггүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өнөөдрийг хүртэл хохирогчийг 8 сарын хугацаанд асарч хамгаалж ирсэн зэрэг нөхцөл байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх  заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг 3/2-оор багасгаж 3,4 жил хүртэл бууруулах боломжтой байна. Шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3,5 жил болгож хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн ... 1 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 дугаар тал/, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн ... 0 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн ... 3 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн ... 6 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн ... 7-... 9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Б г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ж.Б д оногдуулах хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Ж.Б г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б г 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.О  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТСАЙХАН

 

                                              ШҮҮГЧ                                                Д.ДАРЬСҮРЭН

 

                                              ШҮҮГЧ                                                М.ОЧБАДРАХ