Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0523

 

 

 

 

 

 

 

 

 

                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Х******,

Хариуцагч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “ТЖ*****” ХХК

Маргааны төрөл: “ТЖ*****” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамж нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х******, түүний өмгөөлөгч Л.Д*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Х******аас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улмаар 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжийн “ТЖ*****” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

2.Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын       07-ны өдрийн 322 дугаар захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд 30000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 0356486 дугаар гэрчилгээг иргэн Б.Х******д олгожээ.

 3.Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд 29456 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 000317211 дугаар гэрчилгээг “ТЖ*****” ХХК-д олгожээ.

4.Нэхэмжлэгч Б.Х****** гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Миний бие Б.Х****** нь Сонгино-Хайрхан дүүргийн 22-р хороо Баянголын аманд 2011 оны 10 сарын 07-ны өдөр 322 тоот захирамжаар 3 га газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй байсан. Газрын төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийж, газар эзэмшиж ашиглахтай холбоотой хууль зөрчсөн асуудал гаргаж байгаагүй.

2/2019 онд газрын төлбөрөө төлөхөөр очтол Сонгинохайрхан дүүргийн газрын албаны төлбөр хариуцсан мэргэжилтэн “таны газар биш байна, учрыг нь олж байж төл” гэснээр миний газар эзэмших эрхэнд хууль бусаар халдсан болохыг олж мэдсэн.

3/Иргэний хувийн мэдээллийг хууль бусаар авч, миний нэрийн өмнөөс “Б******* овогтой Х******* миний бие мэдээллийн санд суусан 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 га газрыг устгуулахад гомдол санал байхгүй болно. Мөн “ТЖ*****” ХХК-ийн нэр лүү шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэх хуурамч бичиг баримт, өргөдөлийг үйлдэн гарын үсгийг минь дуурайлган хуурамчаар зурж, “ТЖ*****” гэх компани руу газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Энэхүү хуурамч бичиг баримтаа 2015 онд 310 тоот нотариатчаар миний эзгүйд үнэн зөв болгон батлуулжээ. Эдгээр хуурамч бичиг баримтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2015 оны А/415 тоот захирамж гарган “ТЖ*****” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан миний хууль ёсны эрхэд халдлаа. Энэ тухай гомдлыг газрын албанд гаргасан боловч хуурамчаар эрх шилжүүлсэн баримтуудыг хуулбарлан хариу ирүүлсэн.

Ингээд миний бие 2020 оны 05 сарын 01-ний өдөр Газрын тухай хуулийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д заасны дагуу холбогдох дээд шатны байгууллагад нь өргөдөл, гомдол гаргасан боловч эцэслэн шийдвэрлэж өгөөгүй юм. Иймд миний эзэмшлийн газрыг “ТЖ*****” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/415 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, зөрчигдсөн газар эзэмших эрхийг маань сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТЖ*****” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бусаар олгогдсон. Үүнийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.

Гуравдагч этгээдэд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээсэн. Хариуцагчаас эвлэрэх санал тавьж, гэрчилгээ гаргаж өгсөн. Гэхдээ газрын хэмжээ 600 м.кв хэмжээгээр багасаж, газрын зориулалт өөрчлөгдсөн байсан. Миний өмнөх газрын зориулалт зуслангийн зориулалттай байсан боловч зуслангаас бусад зориулалтаар гэснийг би сайн ойлгохгүй байна. “ТЖ*****” ХХК-д маргаан бүхий газрыг олгохдоо хууль бусаар олгосон нь Авлигатай тэмцэх газрын дүгнэлтээр нотлогдож байна. Тус дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлттэй байна. Би анх газраа 30.000 м.кв хэмжээтэй авч байсан, тийм учраас газраа энэ хэмжээгээр нь авах хүсэлтэй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэл нь 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 322 тоот захирамжаар нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй болсон. Тухайн газраа зохих хууль ёсны дагуу эзэмшиж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн байдаг. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/415 тоот захирамжаар Б.Х******ын эзэмшиж байсан газрыг “ТЖ*****” ХХК-д шилжүүлсэн. Тухайн захирамжийг гаргахдаа бүрдүүлсэн бичиг баримтад нэхэмжлэгчийн гарын үсгийг дуурайлгаж, хуурамч бичиг баримт үйлдэж, нотариатаар батлуулсан. Тэгэхээр газар эзэмших эрх шилжүүлэх үндэслэл болсон баримт бичиг нь хуурамчаар үйлдэгдсэн баримт бичиг байдаг. Тухайн бичиг баримтыг үйлдэж байхад нэхэмжлэгч нь гадаад улсад томилолтоор ажиллаж байсан нь хилээр орж, гарсан баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгчийг өөрийг нь эзгүйд буюу өөрт нь мэдэгдэлгүйгээр хууль бус захиргааны акт гарсан гэдэг үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/415 тоот захирамжийн “ТЖ*****” ХХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” бол захиргааны хууль бус акт гэж үзнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн гарын үсгийг дуурайлган зурж, бичиг баримт хуурамчаар үйлдсэн нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын тогтоолоор хангалттай нотлогддог. Тухайн захиргааны акт гарах үндэслэл болсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн учраас тухайн захиргааны акт нь хууль бус захиргааны акт гарсан гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Хуульд заасны дагуу хууль бус акт гарсан цагаасаа эхлэх хүчин төгөлдөр бус байдаг. Тийм учраас шүүхээр тухайн актыг илт хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/“ТЖ*****” ХХК-ийн захирал, Л.Т****** иргэн Б.Х****** нар нь харилцан тохиролцон газар эзэмших эрхээ шилжүүлхийг хүлээн зөвшөөрч 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, Б.Х****** нь өөрийн эзэмшлийн газрыг “ТЖ*****” ХХК-д шилжүүлэх тухай өргөдлөө нотариатаар гэрчлүүлж, “ТЖ*****” ХХК-ийн захирал Л.Т******* нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүрдүүлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ирүүлсэн байна.

2/Б.Хишигсүрэн, болон “ТЖ*****” ХХК-ийн гаргасан хүсэлт бүрдүүлсэн баримт нь Монгол улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг “ТЖ*****” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн А/415 дугаар захирамжийн “ТЖ*****” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас “ТЖ*****” ХХК-д олгосон А/415 тоот захирамжийг 2021 оны А/611 тоот захирамжаар хүчингүй болгож, иргэн Б.Х******д 2021 оны А/35 тоот захирамжаар маргаан бүхий газрыг олгосон. Тийм учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, газар эзэмших эрх нь сэргэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6.Гуравдагч этгээд “ТЖ*****” ХХК-ийн захирал Л.Т****** шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ““ТЖ*****” ХХК-ийг төлөөлөн иргэн Б.Х******ын нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан ба уг маргаан бүхий газрыг Б.Х******д буцаан шилжүүлж өгсөн ба манай компанийн эрх ашиг хөндөгдөхгүй байсан тул уг шүүх хуралдаанд оролцохгүйгээр шийдвэрлэхэд ямар нэгэн татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжийн “ТЖ*****” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Анх Б.Х******д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 322 дугаар захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд 30000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 0356486 дугаар гэрчилгээг олгожээ.

 2.Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд  29456 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 000317211 дугаар гэрчилгээг “ТЖ*****”ХХК-д олгосон байна.

          3.Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий асуудлаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн бөгөөд тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17-3241 дүгээр албан бичгээр “…уг асуудал нь холбогдох хуулийн байгууллагад хянагдаж байгаа тул ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байна…” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

          3.1.Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт гарах үед Монгол Улсад байгаагүй нь Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын      03-ны өдрийн 2-5а/9573 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.

          3.2.Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06/13577 дугаар албан бичгээр “…Иргэнээс ирүүлсэн "Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны холбогдох албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 43-37 тоотод оршин суух иргэн Б.Х******ын эзэмшилд байсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд байрлах нэгж талбарын 18627318863392 дугаартай “ТЖ*****” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар шилжүүлж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй” гэх гомдолд хэрэг бүртгэлтийн 200200263 дугаар хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна…” гэх хариуг шүүхэд ирүүлсэн.

          3.3.Гэтэл Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/2605 дугаар албан бичгээр “... Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгасан хэрэг бүртгэлтийн 200200263 дугаартай хэргийг тус прокурорын газраас хяналт тавьж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж заасны дагуу эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн...”  гэх хариуг ирүүлсэн.  

          4.Дээрхээс дүгнэвэл Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны холбогдох албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэхэмжлэгчийн газрыг бусдад шилжүүлсэн нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

          Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заажээ.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”  А/611 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар “ТЖ*****” ХХК-д тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд 29456 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, Иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн 2015 оны А/415 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5.1.Түүнчлэн нэхэмжлэгч Б.Х******д тус дүүргийн Засаг даргын 2011 оны 322 дугаар захирамжаар Баянголын аманд 30000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосон маргаан бүхий газрыг тус дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/35 дугаар захирамжийн хавсралтаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуур маргаан бүхий захиргааны акт нь хууль бус захиргааны акт байсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжийн “ТЖ*****” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасныг тус тус үндэслэн Б.Х******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын   16-ны өдрийн А/415 дугаар захирамжийн “ТЖ*****” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ