Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00074

 

ХААДСААны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00724 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00019 дүгээр магадлалтай,

ХААДСААны нэхэмжлэлтэй,

Ц.Дд холбогдох,

3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч Ц.Дд холбогдуулан 2012.08.20-ны өдрийн Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00724 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар хариуцагч Ц.Дгаас 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00019 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00724 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ц.Дд холбогдох, ХААДСААны нэхэмжлэлтэй, 3,750,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2022.12.05-ны өдөр хуралдаж 129/ШШ2022/00724 дугаар шийдвэр гаргасан байдаг.

4.1.Миний бие Н.Б би ХААДСААны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн талд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзсэн боловч нэхэмжлэгчийн талд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн, 317 дугаар зүйлийн 317.1-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэх хуулийн заалт, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6.1 дүгээр заалт, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе зэрэг олон хүчин зүйлийг харгалзан авч үзэхгүй зөвхөн хариуцагчид илтэд давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.04.13-ны өдрийн 001/ШХТ2023/00423 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч Ц.Дд холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцагчтай 2012.08.20-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж бага оврын тракторыг шилжүүлж, урьдчилгаанд 2,500,000 төгрөг төлөх, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд буюу 2017 он дуусах хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Хөдөө аж ахуйг дэмжих сан төлөөгүй 2,500,000 төгрөгийг, 1,250,000 төгрөгийн алдангийн хамт гаргуулахаар шаардаж байна. Гэрээний 6.1-д гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан учраас нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхээ алдаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тасалдсан гэж үзэж болохоор байна.” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Хөдөө аж ахуйн сайд байсан н.Б Хотонт сумын Улаанчулуут багийн хүмүүстэй уулзалт хийхдээ тракторын үнийн 50 хувийг төрөөс хөнгөлж байгаа гэсэн, гэрээ огт хийж байгаагүй, бага оврын тракторыг Улаанбаатар хотоос авах үед 2,500,000 төгрөг төлөөд авч болно гэсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэж маргасан байна.

8.Анхан шатны шүүх “...гэрээний хугацаа, эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгө ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийн өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, ...хариуцагч үлдэгдэл 50 хувийг төрөөс хөнгөлж байгаа гэсэн, гэрээ байгуулаагүй гэсэн тайлбараа нотлоогүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлжээ, ...гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, ХААДСААнд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно, ...2017.12.31-нд хариуцагч төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба энэ үеэс шаардах эрх үүсч, 2020.12.31-ний өдөр дууссан байна, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан байдлыг нотлох баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай нь тогтоогдоогүй.” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9.Хоёр шатны шүүх “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлснээс шаардах эрхээ алдсан...” гэсэн адил дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгчийн “...зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг хариуцагч эзэмшсэн хэвээр байгаа тул гэрээний хугацаа сунгагдсанд тооцох үндэслэлтэй байхад Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглээгүй, иймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

10.Хэргийн баримтаас үзэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч Ц.Д нарын хооронд 2012.08.20-ны өдөр “санхүүгийн түрээсийн” гэж нэрлэгдсэн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь бага оврын тракторыг шилжүүлэх, хариуцагч үнэд 5,000,000 төгрөг төлөх, үнийг төлөхдөө урьдчилгаа 2,500,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөр, үлдэх хэсгийг жилд 500,000 төгрөгөөр 5 жилийн хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Хариуцагч урьдчилгаанд 2,500,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй, харин үлдэх мөнгийг улс төлөхөөр ойлгуулсан гэж маргажээ.

11.Монгол Улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний өдрийн хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дугаар тушаалаас үзвэл Тариалан эрхлэлтийн сангийн үйл ажиллагааг татан буулгаж, зарим өр авлагыг хаасан, заримыг Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлсэн гэж дурдсанаас гадна хариуцагч “...сонгууль дөхөж байхад н.Б дарга ирж тракторын үнийн талыг улс төлнө гэж хэлсэн, 2012 оноос хойш 10 жилийн туршид мөнгийг нэхэж байгаагүйгээс өр хаагдсан гэж ойлгосон...” гэх агуулгаар хариу тайлбар гаргасан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан гэрээний үүрэгтэй холбоотой авлага нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжсэн эсэх нь тодорхой бус, энэ талаар баримт авагдаагүй байхад авлага шилжсэн гэж шүүх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай, энэ байдлыг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй нь буруу байна.

12.Дээрх авлага нэхэмжлэгчид шилжин ирснээр шаардлага гаргах эрхтэй бол өөрийн өмчлөлийн эсхүл гуравдагч этгээдийн өмчлөлийн тракторыг бусдад шилжүүлсэн эсэхийг тогтоож, зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн эсхүл, түрээсийн, зээлийн, худалдах-худалдан авах аль төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодруулж, улмаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шүүх дүгнэх байжээ. Энэ ажиллагаа хийгдээгүй байна.

Иймд маргааны зүйлд ач холбогдол бүхий байдал бүрэн тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

13.Шүүх дээр дурдсан ажиллагааг хийсний эцэст маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00724 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00019 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХААДСАА нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН