Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/214

 

2024          3            18                                         2024/ШЦТ/214

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Г.Ганбат

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 08-нд **** аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, **** дүүргийн **** боловсролын **** дүгээр ***** багш ажилтай гэх, ам бүл 5; нөхөр, 10 настай хоёр ихэр хүүхэд, 14 настай хүүхдийн хамт **** дүүргийн ** дүгээр хороо, *** гудамж, *** тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, **** дугаарын регистртэй, Б овогт Ж-ийн У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.У нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ресторанд шинэ жилийн арга хэмжээ хөтөлж байхдаа тус ресторанаар үйлчлүүлж байсан хохирогч Б.Урангоогийн эзэмшлийн 962.100 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А34” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би цагдаа, прокурорт бүгдийг үнэнээр хэлсэн тул дахин ярихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ явдал бол миний амьдрал дахь эхний бөгөөд эцсийнх. Хүн амьдралынхаа ээдрээтэй байдлаас болж нэг буруу тийшээ хальтрах юм бол юунд ч орж болох юм байна гэдгийг би маш сайн ухаарч, маш их ичиж, маш их харамсаж, бас хэзээ ч хийе гэж бодож байгаагүй зүйлээ хийсэндээ гутарч байна. Хүн ер нь буруу бодолтой байвал өөрөөсөө гадна, өөр энгийн хүмүүсийг хохироох юм байна гэдгийг ойлгож мэдэрлээ.

Энд ярьж болох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд хохирогчийн гар утсыг анхнаасаа хулгайлж авъя гэж бодоогүй юм. Би нөхөртөө хууртагдсан болохоор гомдсон, тэгээд бас тэр хохирогч эмэгтэйг захиралтайгаа “учиртай” гэж сонсчихсон байсан болохоор яагаад ч юм гар утсыг нь авчихъя гэсэн бодол төрсөн. Хохирогчийг өмнө нь огт танихгүй. Гар утас нь миний цүнхэнд бараг 8 хоног байсан. Сүүлдээ яах учраа олохоо больсон. Хэнд хандаж хэлэхээ мэддэггүй юм билээ. Гэтэл зээл төлбөр нэхээд эхлэхээр нь барьцаанд тавьчихсан юм. Цагдаагаас ярихад нь бүгд үнэнээ хэлсэн гэв.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын У “... 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ресторанд байгууллагын шинэ шил тэмдэглэж байгаад үүдний хэсгийн ширээн дээрээс “Самсунг А34” загварын гар утсаа алдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. 2023 оны 12 сард Мобиком худалдааны төвөөс 1.069.000 төгрөгөөр худалдаж авч байсан” /10-11, 13-14/ гэж,

гэрч О-ийн Б “... 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “***” нэртэй ломбарданд би өөрөө сууж байсан. Өдөр 15:00 цагийн үед 168 см орчим өндөртэй, туранхайдуу эмэгтэй орж ирээд “Самсунг А34 загварын гар утас хэдээр авах вэ” гэж асуусан. Би харж үзэж байгаад шинэ загварын гар утас, бас сэвгүй, гайгүй утас байхаар нь шууд 400.000 төгрөгөөр авна гэхэд цаанаа хүнтэй ярьж байгаад 400.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавихаар болоод “Жамъянсүрэн Уламбаяр” гэх нэртэй иргэний үнэмлэхээр бүртгүүлсэн. Тэгээд мөнгөө дансаар аваад явсан. Тухайн тавигдсан гар утас нь 3 камертай, хар өнгийн гар утас байсан. Өнгөгүй гэртэй байсан, ****, ***** гэсэн имей кодтой байсан. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед тухайн гар утас тавьсан эмэгтэй өөрөө ирээд аваад явсан” /хх-н 22-23/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Ж.У “... сүүлийн жил гарангийн өмнөөс нөхөр маань өөр хүнтэй явалдаад гэр бүлийн байдал тогтворгүй болсон. Ажил маань ч тогтворгүй болсон. Цалингийн зээл маань тулгамдаад байсан учраас ийм хэрэг үйлдсэн” /хх-н 64-65/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан “... зах зээлийн үнэлгээгээр 962.100 төгрөгөөр үнлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 39-40/, “***” ломбардны 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №521 дугаартай “... Ж У (РД:*******) нь “гар утас Samsung Galaxy a34 imei” барьцаалан зээл авсан баримт /хх-н 50/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 51-53/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Ж-ийн У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ж.У-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-н 71/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-н 72/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 75/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 76/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 77/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.У-т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдал үүнд: анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, бага насны хүүхдүүдтэй эмэгтэй /эх хүн/, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзав.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Ж.У-ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тэнссэн хугацаанд түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл хүндрүүлэх шинжгүйгээр “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ж.У-т Эрүүгийн хуульд зааснаар оногдуулж болох “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах” ялын төрлүүдээс аль нэгийг сонгох шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.У-д “Самсунг А34” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан /хх-н 46-47/,

хохирогч Б.У “... өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авvан, миний гар утсыг авсан Уламбаяр гэх эмэгтэйд гомдол санал байхгүй тул шүүхийн шийдвэрийг хөнгөн хэлбэрээр гаргаж өгөхийг хүсье, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-н 85/ гэсэн байх тул шүүгдэгч Ж.У бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Ж.У цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

 

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж-ийн Уламбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Ж.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Ж.У хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус түүнд анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Ж.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.У гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй үгүйг тус тус дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.У-т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ