Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/220

 

2024           3          19                                         2024/ШЦТ/220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч М.Амарзаяа

шүүгдэгч О.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д сэлбэгийн нярав ажилтай гэх, ам бүл 2; 17 настай хүүгийн хамт **** дүүргийн ** дугаар хороо *** дугаар гудамж, 1186 тоотод оршин суух,

ял шийтгэл:

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өршөөгдөж суллагдсан,

2. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр торгох ялыг биелүүлсэн,

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 910 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр торгох ялыг биелүүлсэн,

РД:***** дугаарын регистртэй, Г овогт О-ийн М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч О.М нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний орой 22:16 минутад **** дүүргийн ** дүгээр хороо, “***” хотхоны автомашины хаалт төмрийг эвдэж гэмтээсний улмаас “****”-ны СӨХ-ийн эд хөрөнгөд 660.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “эд хөрөнгө ..., гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тоомжиргүй, болчимгүй үйлдэл хийсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Надад өөрийгөө зөвтгөх юм алга. Одоо үнэхээр хаширч байна. Тухайн өдөр би найз Шинэхүүгийн гэрт очиж архи уусан юм. Тэдний гэрт машингүй, явган очсон. Тэгээд гарч явтал нэг машин дуут дохио өгөөд байхаар нь хаалтыг нь нээж өгөх гэж байгаад согтуу байсан болохоор буруу тийш нь дарчихсан юм билээ. Хохиролд гэж 300.000 төгрөг өгсөн. Хохирогчийн төлөөлөгч Гансүх надтай уулзаад чи хөл гараа хугалчихсан байгаа юм байна, энийг чинь харж үзээд хохирлын 50%-ийг авъя, 300.000 төгрөг л өгчих гэж өөрөө хэлсэн.

Би 2024 оны 1 дүгээр сарын 10-нд халтирч унаад баруун хөлөө хугалчихсан юм. Одоо хөлдөө 8 ширхэг хадаастай байгаа. Групп энэ тэр тогтоох асуудал эмч хэлээгүй, харин эмчийн хяналтад үзүүлж байгаа гэв.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-н Г “... 2023 оны 12 дугаар сарын 19-ний орой **** дүүргийн 29 дүгээр хороо Өнөр хотхоны автомашин нэвтрэх хэсгийн хаалгыг тус өдрийн 21 цаг 50 минутын үед үл таних, чих нь буудаг малгайтай, 40 орчим насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн хаалтыг дээш нь өргөж байгаад, нааш цааш нь ганхуулаад хугартал нь дарж эвдэлсэн” /хх-н 11-12/ гэж,

гэрч Б-ийн Э “... би **** дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа, жолоочоор ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08:00 цагаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны 08:00 цаг хүртэл “Бугат 115”-д үүрэг гүйцэтгэсэн. 2023 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед *** дүүргийн 29 дүгээр хороо, **** гаднах авто машины хаалтыг үл таних хүн хугалсан гэсэн дуудлага мэдээлэл 102 дугаарын утсанд ирсний дагуу тухайн газар руу очсон. **** очих үед автомашины хаалт нь хугарч мурийсан байдалтай байсан. СӨХ-ийн ажилтан нь байсан бөгөөд юу болсон талаар асуух үед нэг хүн рүү заагаад энэ хүн машины хаалт санаатайгаар хугалчихлаа” гэж хэлсэн. Тухайн хүн дээр очиход архи хэрэглэсэн байсан. Түүнийг би цагдаагийн санд регистрийн дугаараар нь хайлт хийж үзэхэд О-ийн М /****/ гэсэн нэртэй хүн байсан. Би тухайн хүнийг эрүүлжүүлэн саатуулах байранд хүргээд дараагийн дуудлагадаа явсан” /хх-н 14-15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч О.М-т холбогдох энэ хэрэгт “Хас үнэлгээ” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийгджээ.

Тооцоолол дүгнэлтэд “... 2024 оны 01 дүгээр сарын байдлаар ижил төсөөтэй байдлаар зах зээлийн үнэ цэнийг 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг гэж тооцлоо” /хх-н 22-24/ гэсэн нь хуулийн энэ зүйл хэсгийн шинжийг бүрдүүлж байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г овогт О-ийн М-ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.М-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн түүний хувийн байдал, хохирол, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг нь харгалзав.

Тухайлбал; шүүгдэгч О.М нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, үйлдэгдсэн уг гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанараар бага, хэдийгээр санаатай гэмт хэрэг боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн зэрэг болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “торгох”, “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах” гэсэн ялын төрлүүдтэй байх бөгөөд шүүх шүүгдэгч О.М-т торгох ялыг сонгож хэрэглэн, торгох ялын хэмжээг дээр дурдсанаар тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан 500.000 төгрөгөөр тогтоов.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч О.М хөлөө хугалсан байдалтай, 2 суга таягтай байгаа[1] нь түүнд “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах” ялын аль нэгийг шүүх оногдуулсан тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар, өөрөөр хэлбэл “зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд шүүгдэгч О.М эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад түүнд хүндрэл бэрхшээл үүсэхийг үгүйсгэхгүй, “нийтэд тустай ажил хийлгэх” ялын хувьд эрүүл мэнд нь хязгаарлагдмал байдалтай байгаа хүнд зохимжгүй гэж шүүх тус тус үзлээ.

 

Харин шүүгдэгч О.М цаашид өөрийн хувийн байдалдаа дүгнэлт хийвэл зохино.

Учир нь, шүүгдэгч О.М энэ гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө 4 удаа шүүхээс ял шийтгүүлж байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Шүүгдэгч О.М-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 45-50, 51-55, 56-59, 60-64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 71-72/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 76/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч О.М нь ***-д хохирлоо төлж барагдуулсан байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй. /хх-н 92/

 

Шүүгдэгч О.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож шүүхэд ирүүлсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Г овогт О-ийн М-ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.М шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар тооцогдож шүүхэд ирүүлсэн 1 ширхэг флашийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.М-т авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

[1] Өвчний талаарх баримт, эмнэлгийн магадалгааг шүүхэд өгөөгүй