| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/0222/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/298 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч Б.А*********р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*********н овогт Б*********рийн А*********рыг эрүүгийн 2308027171595 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 1 хавтаст хэргийг 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Б*********н овогт Б*********рийн А*********р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *********** дүгээр хороо, ****************** дүгээр гудамжны ************* тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ************************, урьд
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1101 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 852 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 сарын хугацаагаар тогтоосон.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.А*********р нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************** бага ********* гадна хашааны зүүн хойд талд иргэн Г.Г************нэ цэцэг өргөлцөж тусалж байх үедээ түүний үүрсэн байсан хар өнгийн үүргэвчний хажуугийн халаасанд байсан Самсунг Галакси эс -23 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 4.030.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл дүгнэвэл.
Шүүгдэгч Б.А*********р нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ************* хороо, “*********” бага сургуулийн хашааны зүүн хойд талд иргэн Г.Г************нэд цэцэг өргөлцөж тусалж байх үедээ түүний хар өнгийн үүргэвчний зүүн халааснаас “Samsung Galaxy S23” гар утсыг авч 4.030.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд нь дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Тус хяналтын камерын бичлэгийг эхлүүлэн үзэхэд зүүн дээд хэсэгт 2023-08-30 11:40:50 ам гэх тэмдэглэлтэй эхэлж байх бөгөөд дүрсийг өдрийн цагаар байгалийн гэрэлд хийж байгаа байдалтай харагдаж байх бөгөөд 2023-08-30 11:40:50 ам цагт шаргал өнгийн малгай, хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн пүүз өмссөн, хар өнгийн цүнх үүрсэн эрэгтэй хүн нь хохирогч Г*********нийн нуруундаа үүрсэн байсан хар өнгийн үүргэвч рүү гараа сунган ямар нэгэн зүйл авах гэж байгаа мэт дүрс ажиглагдав...
-2023-08-30 11:40:55 ам цагт сэжигтэй этгээд хохирогчийн цүнхнээс хар өнгийн дөрвөлжин хэлбэртэй гар утас бүхий зүйлийг авч байгаа дүрс ажиглагдав.
-2023-08-30 11:40:58 ам цагт сэжигтэй этгээд нь хулгайлсан гар утсаа аваад хойд зүг рүү алхаж байгаа дүрс ажиглагдав...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10 дахь тал)
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-24 дэх тал)
-Хохирогч Г.Г*********нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн ************* хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ буюу “*********ын бага сургууль”-д байрлуулах таримал цэцгүүдийг зөөгөөд явж байсан. Энэ үед нэг эрэгтэй хүн миний цэцгүүдээс өргөлцөж тусалсан ба ажлынхаа гадна талын хашааны зүүн хойд булан хавьцаа байхдаа өөрийн эзэмшлийн “Samsung Galaxy S23 plus” загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Манай хүү тэр гар утсыг 4.900.000 төгрөгөөр худалдан авч байсан гэж байсан ба манай хүү Америк улсаас худалдаж авсан тул ямар нэгэн худалдан авсан зарлагын баримт байхгүй...миний алдсан гар утасны хайрцаг сав байгаа, 351***********101 гэсэн имей кодтой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
-“...Миний бие шинжээчийн дүгнэлт гаргуулахад 80.000 төгрөг төлсөн, нийт 4.110.000 төгрөгийн хохирол учраад байна. Миний бие хуулийн дагуу хурдан хугацаанд асуудлыг шийдүүлж хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
- Гэрч Б.**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед өөрийн охин А*********гаа нэгдүгээр хороолол ******* дүгээр хороо ************** сургуулийн баруун урд буланд зүс таних залуу А*********ртай явж байхад эрэгтэй, эмэгтэй бага насны хүүхэд дагуулсан хүн хэдэн цэцэг зөөгөөд явж байсан. Тэр хүн гадуураа саарал өнгийн урт хувцас өмссөн, дотуураа шар өнгийн даашинз өмссөн, хар өнгийн нүдний шилтэй, нуруундаа бараан өнгийн үүргэвч үүрсэн 45 орчим насны эгч байсан. Тэр хүн ...биднээс “эгчдээ энэ цэцгүүдээс өргөлцөөд энэ хойно ойрхон байдаг сургууль руу дөхүүлээд өгөөч” гэж гуйхаар нь бид нар зөвшөөрөөд цэцгээс нь А*********р барьж хойшоо алхсан ба Номин плаза хотхоны ертөнцийн зүгээр баруун талд байдаг цэцэрлэг, сургууль хоёрын голын гудамжны зүүн үзүүрт очсон. Тэгтэл нөгөө эгч “за ингээд болно оо, баярлалаа” гэж хэлэхээр нь бид нар цэцгүүдийг нь тэр эгчид өгсөн. Цэцгүүдийг нь өгч байх үед надтай хамт явж байсан А*********р гээд залуу тэр эгчийн ардаа үүрээд явж байсан хар өнгийн цүнхний зүүн талын тасалгаанд байсан ...ухаалаг гар утсыг гэнэт аваад хойшоо эргээд алхчихсан. Би А*********рт “хөөш чи наад эмэгтэйдээ гар утсыг нь буцааж өгөөч” гэж хэлтэл А*********р “би гар утсыг нь өгнө өө” гэж хэлээд тэр эмэгтэйн орсон сургууль руу явчих шиг болсон ба тэрнээс хойш надтай уулзаагүй. ...Тэгээд орой 23 цагийн үед над руу цагдаагийн байгууллагаас залгахаар нь би өдөр явж байсан эгчийг утсаа олж аваагүй юм байна гэдийг мэдээд 8 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)
- Гэрч Ч.Н********************жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн ************** хороо, “**************” үйлчилгээний төвд доторх гар утас засварын газарт гар утасны шил солиулж байтал “Бүрэн плаза”-д гурил зөөдөг зүс таних залуу “Samsung Galaxy S 23” нэртэй цайвар ногоон өнгийн гар тусыг эхнэрийнхээ гар утас гээд тэр хавиар хүмүүст үзүүлээд явж байсан. Тэгэхээр нь тухай гар утсыг сонирхоод хэдэн төгрөгөөр зарахыг нь асуутал 1.000.000 төгрөгөөр зарна гээд байсан ба би түүнээс “утас оролцуулж зарах юм уу? доошоо жаахан ярих уу?” гэж асуутал тэр залуу тэгж зарж болно гэсэн. Тэгээд би өөрийнхөө халаасанд явж байсан “Samsung А-51” загварын гар утсаа тэр залууд үзүүлээд бид хоёр наймаа хийхээр тохиролцсон. Надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй тул би зүс таних Х*************га гээд дүүгээс 500.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд би Samsung А-51 гар утас болон зүс таних дүү Х*************гаас зээлсэн 500.000 төгрөгийг тэр залууд өгч оронд нь Samsung S23 plus загварын ямар нэгэн кейсгүй, шилэн наалтгүй гар утсыг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал)
- Гэрч О.Х*************гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн ***** дүгээр хороо, ******** үйлчилгээний төвд дотор ажил дээрээ байж байтал зүс таних Н*************ж гээд ах намайг дуудаад ах нь нэг гар утас авах гэсэн юм аа түр мөнгө байна уу, гээ асуусан ба надад 500.000 төгрөг байсан ба би 500.000 төгрөгийг Н*************ж ахад зээлсэн юм. Нацагаа ах цайвар ногоон өнгийн Samsung S 23 plus загварын гар утсыг хар өнгийн цамцтай залуугаас бэлнээр 500.000 төгрөг болон Samsung А-51 загварын гар утсаар сольж авч байхад нь би хажууд нь байсан. Тэр гар утсаа зарсан залуу Н*************ж ахад яг л өөрийнхөө гар утас мэтээр итгүүлээд зарж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал)
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ц-721 дугаартай дүгнэлтэд: “...Samsung S-23 маркийн гар утас... https://www.ungui.mn/ dugaar/gar-utas-ba-utasnuud=samsung/s-23...4.000.000 төгрөг... шилэн наалт 15.000 төгрөг, гадуураа үзмэн ягаан өнгийн сансрын нисгэгчийн зурагтай тогоочтой хуванцар кейстэй...15.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 42-45 дахь тал)
- Шүүгдэгч Б.А*********рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ************* хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин дэлгүүрийн гадна байж байтал үл таних 50 орчим насны эгч олон савтай цэцэгтэй хамт зогсож байсан бөгөөд бид нарыг тухай цэцгийг сургууль руу дөхүүлээд өг гэхээр нь бид нар бүгд хоёр хоёр цэцэг өргөөд тухай дэлгүүрийн баруун тал руу явсан. Тэгээд цэцгийг баруун талын сургуулийн гадна хүргэж өгсөн. Тэгээд цэцгээ газарт буулгаад явах гэж байтал тухай эгчийн цүнхний хажуу талын халаасанд ногоон өнгийн андройд гар утас байхаар нь би тухай гар утсыг хулгайлж аваад явсан. Тэгээд би тухай үед хамт явж байсан хүмүүстээ бие заслаа гэж хэлчхээд тухай утсыг аваад 7 буудал руу автобусаар яваад 7 буудлын “******”-гийн 1 давхарт байрлах гар утас засварын газарт тухай гар утсыг өөрийн 5042390878 тоот дансаараа 300.000 төгрөг бэлнээр 180.000 төгрөг авсан. Мөн Андройд гар утас авсан. Тухай үед би 7 буудалд очоод ганцаараа нэг шил архи уусан бөгөөд архи уусны дараа гар утсаа зарсан. Тэгээд би тухай гар утсыг зарсан бэлэн 180.000 төгрөгөө архи ууж байгаа алга болгочихсон. Харин дансаараа авсан 300.000 төгрөгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дуусгасан...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А*********р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.А*********р нь хууль зүйн хувь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хохирогч Г.Г*********нийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 4.110.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.А*********рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г************нэд 4.110.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд хохирол төлөх завсарлага авч 4.120.000 төгрөг (хавтаст хэргийн 151 дэх тал)-ийг хохирогчид шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.А*********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD нэг ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хатгалуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.А*********рыг: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.А*********р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бай түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.А*********рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзахын зэрэгцээ тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар...” тогтоов.
Харин улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулсан, нөгөө талаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хохирол, хор уршгийг төлөх санаачилга гаргаагүй, түүний хувийн байдалд тохироогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Б.А*********р нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй боловч тэрээр урьдын болон одоогийн гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэрэглэх зорилгоор үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ...оногдуулсан ял дээр нэмж... албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасны дагуу түүнд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.А*********рт оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Б.А*********р нь энэ хэрэгтээ 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс (хавтаст хэргийн 141 дэх тал) мөн оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 29 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх... цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 29 хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 232 цагийг эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй.
Харин шүүгдэгч Б.А*********р нь Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар...”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүхээс хүлээлгэсэн ...хязгаарлалтыг зөрсөн...”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол... шийдвэрийг хүчингүй болгож...” болохыг түүнд анхааруулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 62, 63 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 81-95 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
2.3.Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А*********р нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б*********н овогт Б*********рийн А*********рыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*********рт 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*********рт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А*********рын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 29 (хорин ес) хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 232 (хоёр зуун гучин хоёр) цагийг эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А*********рт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.
6. Шүүгдэгч Б.А*********рт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар...”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүхээс хүлээлгэсэн ...хязгаарлалтыг зөрсөн...”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол... шийдвэрийг хүчингүй болгож...” ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Б.А*********рт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХЗУЛ