| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/69 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/69
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Н.Эрдэнэбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Сартуул овогт Ням-Осорын Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 243100023**** дугаартай, 175/2024/00***/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр **** аймгийн Ерөө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, **** хамт **** аймаг, Ерөө сум, * дугаар баг, Бугант ** дүгээр хэсэг, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Ням-Осорын Эрдэнэбаатар /РД: МТ70031411/;
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Эрдэнэбаатар нь 2023 оны 12 дугар сарын 15-ны өдөр “Hyundai 2800 LC-3” маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглаж, **** аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэршилтэй газарт Ерөө голын урсац бүхий голын мөсийг цоолон 168,2 метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олборлох зорилгоор, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ[1],
2.Хохирогч Д.Эрдэнэбулганы 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**** аймгийн Ерөө сумын * дугаар баг, “***” гэх газар нь орон нутаг, улсын тусгай хамгаалалтай болон байгалийн цогцолбор газар нутагт хамаарахгүй. “***” гэх газар нь Ерөө голын ай сав, өндөр уулархаг, Хэнтий нурууны залгаа нарс, шинэс, хус зонхилон ургах байгалийн баялагт газар юм. Энэ газарт нутгийн иргэд гар аргаар болон техник хэрэгсэл ашиглаж ашигт малтмал хууль бусаар олборлох явдал их гардаг. Ерөө голын ай савд иргэн аж ахуй нэгж байгууллагад ашигт малтмал олборлох, хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгогдохгүй” гэх мэдүүлэг[2],
3.Иргэний нэхэмжлэгч И.Сүхбатын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг бөгөөд миний танил ах Эрдэнэбаатар нь 2023 оны 12 дугаар сарын дундуур миний эзэмшлийн экскаваторыг түрээслэхээр над руу залгаж ярьсан. Тэр үед миний экскаватор Ерөө сумын Бугант тосгоны “***” гэх газрын ойролцоо модон гүүрний орчимд байсан. Тэгэхээр нь би өдрийн 1 сая төгрөгөөр тооцоод 3 хоногийн хугацаатай түрээсэлсэн юм. Гэтэл надтай ярьсныхаа маргааш нь /өдрийг нь санахгүй байна/ Эрдэнэбаатар ах над руу залгаад “шалгалт ирээд би баригдчихлаа, экскаватор чинь одоо ууланд байгаа, би цагдаад мэдүүлэг өгч байна гэж хэлсэн. Тэгээд би өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Эрээн хотод байж байгаад өчигдөр буюу 02 дугаар сарын 26-ны орой Сэлэнгэ аймагт ирсэн. Тухайн экскаватор нь миний эзэмшлийнх бөгөөд миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Бичиг баримт нь бүрэн байгаа юм. Одоо миний экскаватор Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “Их алт” гэх газарт бий. Би 2023 оны зун өөрийн унаж байсан автомашинаар тулж өөр хүнээс нэр шилжүүлж авч байсан. Би өөрийн экскаватороо авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.Мөнх-Эрдэнийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын дундуур манай нутгийн ах Эрдэнэбаатар надтай уулзаад “ахдаа экскаватор бариад өгөөч, ах нь цалин мөнгийг нь өгье” гэж хэлэхээр нь миний хувьд эрхэлсэн ажилгүй, цалин мөнгөгүй байсан тул хүлээн зөвшөөрсөн. Ингээд *** аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төвөөс 40 орчим км зайд “****” гэх газар Хюьндай 2800 маркийн техник хэрэгсэл 1 ширхэг, гитаран буу /алт угаах төхөөрөмж/, усны помп зэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байрлуулсан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би экскаваторыг жолоодож голын мөс цөмлөөд голын хайргыг алт угаах төхөөрөмж хаяж, угаах үед цагдаагийн байгууллагын ажилтан нар ирж үзлэг шалгалтыг явуулсан” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Д.Ганзоригийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын эхээр Эрдэнэбаатар ах надтай уулзаад “Экскаваторыг Мөнх-Эрдэнэ барих гэж байна. Чи ахдаа помпчин буюу усны насос зөөвөрлөж, туслах ажилтнаар ажиллаад өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр “*******” гэх газар Хьюндай 2800 маркийн техник хэрэгсэл 1 ширхэг, гитаран буу /алт угаах төхөөрөмж/, усны помп зэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэбаатар ах, Мөнх-Эрдэнэ бид гурав байрлуулж техник, төхөөрөмжөө бэлтгэсэн. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр экскаваторыг Мөнх-Эрдэнэ жолоодож голын мөс цөмлөөд голын хайргыг угаагаад удаагүй дөнгөж эхэлж байх үед цагдаагийн байгууллагын ажилтан нар ирж үзлэг шалгалтыг явуулсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Э.Батсайханы 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бичлэг дээр үйл явдал тодорхой харагдаж байна. Миний экскаватор голын эргийн наана засвартай ямар нэгэн хөдөлгөөнгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн ойр орчим нь эвдэгдсэн талбай байхгүй байгаа. Дүрс бичлэгийн баруун дээд хэсэг буюу голын дээд хэсэгт байгаа нь Н.Эрдэнэ-Очир ахын экскаватор, дунд хэсэгт байгаа нь Н.Эрдэнэбаатарын экскаватор, доод буюу бичлэгийн зүүн хэсэгт Болдоо гэж хүний экскаватор ажиллаж байгаа харагдаж байна. Н.Эрдэн-Очир ах “Даэвоо 280ЛС-3” загварын экскаватор, ус татах төхөөрөмж, алт угаах төхөөрөмж, гитаран буу байсан бол Н.Эрдэнэбаатар ахад “Хьюндай-2800 ЛС-3” маркийн экскаватор, ус татах төхөөрөмж, алт угаах төхөөрөмж техник хэрэгслүүд байсан. Эдгээр техник хэрэгсэл төхөөрөмжүүд нь хэнийх болохыг мэдэхгүй байна. Шинэбаатар, Ганзориг, Мөнх-Эрдэнэ нар нь Эрдэнэбаатар ахад тусалж байгаа хүмүүс” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Т.Гансүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нутгийн иргэдийн яриа болон хуулийн хяналтын байгууллагаас Н.Эрдэнэбаатар нь “*****” гэх газар Ерөө голыг ухаж хууль бусаар ашигт малтмал олборлох явцдаа баригдсан талаар сонссон. Ерөө гол буюу голын ай сав учраас голын эргээс 50 метр зайд ашиглалт олборлолтын лиценз олгогддоггүй. Ийм учраас тухайн газар буюу Ерөө гол хэсэгт тусгай зөвшөөрөл олгогдсон иргэн аж ахуй нэгж байхгүй. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “******” гэх газар хяналт шалгалтаар очиход голын гольдрол мөс цөмрөөгүй байсан. Н.Эрдэнэбаатарын үйлдлийн улмаас гол ухагдсан гэж бодож байна” гэх мэдүүлэг[7],
8.“Эко Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн: “Иргэн Н.Эрдэнэбаатар нь Ерөө голд 55,4 метр талбай бүхий 168 м.квт газар Ерөө голын урсацын хэсэгт хамаарах бүхий голын мөсийг ухсан нь хөрсний бүрхэвч, ургамлын нөмрөг, ойн санд нөлөөлөл үүсгээгүй тул экологи эдийн засгийн үнэлгээ тооцох боломжгүй гэж үзлээ. Техникийн нөхөн сэргээлтийн нөлөөлөлд өртсөн 168м2 хэмжээтэй Ерөө голын урсацын хэсгийн ухсан хайрга, дайргыг тэгшлэхэд техникийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг 285,000 төгрөг” гэх дүгнэлт[8],
9.Эд мөрийн баримтаар: “1 минут 25 секундын видео бичлэг хадгалсан 1 ширхэг Сиди”-г тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[9],
10.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай “Hyundai 2800 LC-3 маркийн экскаватор 1 ширхэг, ус татах төхөөрөмж, алт угаах төхөөрөмж” мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл[10],
11.“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн: “...Hyundai 2800 LC-3 маркийн, улсын дугааргүй, шар өнгийн экскаватор 1993 он, 1 ширхэг, 70,000,000 төгрөг, усны татах төхөөрөмж 1 ширхэг 300,000 төгрөг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг 1,200,000 төгрөг” гэх дүгнэлт[11],
12.Шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний шөнө ********* аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ********** гэх газарт “Хюьндай 2800” маркийн экскаватор болон гитаран буу, усны помп зэргийг Ерөө голын эрэгт аваачиж тавиад маргааш нь буюу 15-ны өдөр голын мөс цөмлөөд бага зэрэг шороог авч алт угааж эхлэх үед цагдаагийн алба хаагч нар шалгалтаар ирээд үйл ажиллагааг зогсоосон. Надад угаагаад олж авсан алт болон олсон бэлэн мөнгө байхгүй. Надад ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл огт байхгүй. Миний экскаваторыг Мөнх-Эрдэнэ гэх хүн жолоодож туслах ажилчнаар Ганзориг ажилласан. ************ нар нь надтай ямар ч хамааралгүй бөгөөд би цалин өгнө гэж тохироод аваад явсан юм. ******* гэх залуугаар би экскаватор жолоодуулж, ********** нь усны помп ажиллуулж байсан. ********* нь надаас өдрийн 150-200 мянган төгрөг авахаар тохирч Ганзориг нь надаас өдрийн 50 мянган төгрөгийн цалин авна гэж тохироод ажлаа эхэлсэн боловч алт гаргаж чадаагүй байсан. Мөнх-Эрдэнэ, Ганзориг нар нь хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа талаар огт мэдээгүй бөгөөд надаас юу ч асуугаагүй. Тухайн экскаватор нь Сүхбат гэх хүний нэр дээр байдаг бөгөөд би хэд хоног хэрэглээд өгье гээд гуйгаад авсан байсан. Одоо тэр экскаватор нь Бугантын “********” гэх газарт байгаа юм. Усны помп нь миний эзэмшлийнх бөгөөд одоо манай гэрийн хашаанд байгаа. Гитаран буу нь биднийг анх очих үед модон гүүрэн дээр байсан бөгөөд хэнийх гэдгийг нь би мэдэхгүй. Тухайн гитаран буу нь Бугантын Их алт гэх газарт байрлах Капитал сервис гэх компанийн хашаанд байгаа. Би алт угаах зорилгоор техник хэрэгслийг байрлуулж голын мөсийг цөмлөсөн юм” гэх мэдүүлэг[12], 13.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[13], 14.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл[14], 15.Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үздэг хийсэн тухай тэмдэглэл[15], 16.Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл[16], 17.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[17], 18.“Daewoo, Solar 2800 LC-3” маркийн экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь, Шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын эзэмшлийн “Хаан банк” ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга[18], 19.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[20], 21.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[21], 22.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[22], 23.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[23], 24.Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[24], 25.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[25], 26.Нөхөн сэргээлтийн зардалд 285,000 төгрөгийн байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[26] 27.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[27] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсонд Д.Эрдэнэбулган нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн газар нь Ерөө голд 55.4 метр талбай бүхий, 168 м.квт газар Ерөө голын урсцын хэсэгт хамаарах голын мөсийг ухсан нь хөрсний бүрхэвч, ургамлын нөмрөг, ойн санд нөлөөлөл үүсгээгүй буюу байгаль орчинд учирсан хохирлыг тооцох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Харин нөхөн сэргээлтийн зардал 285,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[28]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2800 LC-3” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч эзэмшигч И.Сүхбатад буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 7,000,000 /долоон сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.Эрдэнэбаатарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”,гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэбаатарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Эрдэнэбаатарт анхааруулсан болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах төхөөрөмж 1 ширхэг, 1,200,000 төгрөгийн алт угаах төхөөрөмж 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдсан 1 минут 25 секундийн видео бичлэг хадгалсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал, хавтаст хэргийн хамт архивт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Эрдэнэбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Ням-Осорын Эрдэнэбаатарт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Эрдэнэбаатарт анхааруулсугай.
5.Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохиролгүй, усан сангийн нөхөн сэргээлтийн зардалд 285,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэбаатарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2800 LC-3” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч И.Сүхбатад буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 7,000,000 /долоон сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах төхөөрөмж 1 ширхэг, 1,200,000 төгрөгийн алт угаах төхөөрөмж 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдсан 1 минут 25 секундийн видео бичлэг хадгалсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал, хавтаст хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.
9.Шүүгдэгч Н.Эрдэнэбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 51-99 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 107-114 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 04-15 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 100-102, 115-118 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 132-143 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 166 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 172 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 173 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 174 дүгээр хуудас
[23] Хавтаст хэргийн 175 дугаар хуудас
[24] Хавтаст хэргийн 176 дугаар хуудас
[25] Хавтаст хэргийн 178 дугаар хуудас
[26] Хавтаст хэргийн 200 дугаар хуудас
[27] Хавтаст хэргийн 194-196 дугаар хуудас