| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03537/и |
| Дугаар | 183/ШШ2021/00833 |
| Огноо | 2021-04-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2021/00833
2021 оны 04 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2021/00833 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо , тоот хаягт байрлах, Боржигон овогт Д..гийн Т.. /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, хаягт оршин суух, Гэгээнтэн овогт С..ын Б.. /РД:.../-д холбогдох
Хүү Т.С.., Т.С.. нарыг өөрийн асрамжид авах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүү Т.С.., Т.С.. нарыг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т.., түүний өмгөөлөгч А. /, хариуцагч С.Б.., түүний өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг шаардлагын хариу тайлбартаа:...Д.Т.. миний бие С.Б..тай 2010 оны намар танилцаж улмаар үерхэж, гэр бүл болоод 10 жил болж байна. Анх танилцсанаасаа хойш түүнийг хайрлаж, аль болох хүссэнээр нь байхыг хичээж ирсэн. Бидний том хүү Т.С.. 2014 оны 05 сарын 26-нд төрсөн, бага хүү Т.С.. 2015 оны 09 сарын 24-ны өдөр төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдрах болсон. Шүүхэд хоёр хүүгээ өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч бид ярилцаад хоёр хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээн 7 хоног бүрийн амралтын 2 өдөр би хоёр хүүтэйгээ цагийг хамт өнгөрүүлж байхаар, дундын эд хөрөнгө болох 160 000 000 төгрөгийн үнэ бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хд-тоот хаягт байрлах, 79.78 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаас өөрт ногдох хэсэг 30 000 000 төгрөгийг С.*********иас авч, орон сууцны өмчлөх эрхийг түүнд үлдээн, ипотекийн зээлийг С.Б.. хариуцан төлөхөөр, шүүхийн шийдвэрээр тэтгэлэг тогтоолгохгүй байхаар бид ярилцан тохирсон гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид хүүхдийн асрамж болон тэтгэлэг, дундын эд хөрөнгийн асуудлаа эвийн журмаар шийдвэрлэж байгаа. Хоёр хүүгээ амралтын өдрүүдээр аавтай нь уулзуулахад миний зүгээс ямар нэгэн саад болох зүйл байхгүй. Дундын өмчлөлийн орон сууцнаас ногдох хэсэг 30 000 000 төгрөгийг Д.Т..өд өгч, миний бие цаашид орон сууцны зээлийг хариуцан төлөх, 2 хүүдээ шүүхийн шийдвэрээр тэтгэлэг тогтоолгохгүй байхаар тохиролцсон гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т.. болон хариуцагч С.Б.. нар хүү Т.С.., Т.С.. нарын асрамжийн асуудал болон дундын эд хөрөнгөтэй холбоотой үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хүүхдийн асрамж болон дундын эд хөрөнгийг хуваах асуудлаа эвийн журмаар харилцан тохиролцжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Т.., С.Б.. нар нь 2010 оноос хамтын амьдрал үүсгэн, тэдний дундаас 2014 оны 05 сарын 26-ны өдөр хүү Т.С.., 2015 оны 09 сарын 24-ний өдөр хүү Т.С.. нар төрсөн байна. /хх-ийн 5-6/
Зохигчид зан байдлын таарамжгүй харилцаанаас шалтгаалан тусдаа амьдрахаар шийдсэн гэх ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан. Зохигчид 2014 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн хүү Т.С.., 2015 оны 09 сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.С.. нарыг эх С.*********ийн асрамжид үлдээж, долоо хоног бүрийн амралтын хоёр хоногт эцэг Д.Т.. хүү Т.С.., Т.С.. нартай уулзан цагийг хамт өнгөрүүлэхэд эх С.*********ийн зүгээс ямар нэгэн саад учруулахбайх үүрэг хүлээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан зарчимд нийцнэ.
Иймд 2014 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн хүү Т.С.., 2015 оны 09 сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.С.. нарыг эх С.*********ийн асрамжид үлдээж, эцэг Д.Т..тэй хүү Т.С.., Т.С.. нарыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд уулзуулахад саад учруулахгүй байхыг эх С.Б..д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. Зохигчид тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдаж байна.
Мөн зохигчид хамтран амьдарсан хугацаанд бий болсон дундын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр хд-**дүгээр байр,** тоот хаягт байрлах 79,78 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2015 оны 12 сарын 02-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-158/
Дээрх талуудын хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө нь зээлдүүлэгч Хас банк болон зээлдэгч С.Б.., хамтран зээлдэгч Д.Т.. нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 02-ны өдрийн ****** дугаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан болон нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 149-155/
Уг үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийнхээ үнэ болох 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т.. нь хариуцагч С.*********иас гаргуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр хд-**дүгээр байр,** тоот хаягт байрлах 79,78 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч С.Б..д үлдээхээр, Хас банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг С.Б.. нь дангаараа хариуцахаар тохирсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д ...хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй... гэж заасанд нийцэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг дээрх нөхцөлөөр баталж шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчид маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн хүү Т.С.., 2015 оны 09 сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.С.. нарыг эх С.*********ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар долоо хоног бүрийн амралтын хоёр хоногт эцэг Д.Т.. хүү Т.С.., Т.С.. нартай уулзан цагийг хамт өнгөрүүлэхэд эх С.*********ийн зүгээс ямар нэгэн саад учруулах байхыг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр хд-**дүгээр байр,** тоот хаягт байрлах 79,78 м.кв талбай бүхий орон сууцны ногдох хэсгийнхээ үнэ болох 30 000 000 төгрөгийг хариуцагч С.*********иас гаргуулан нэхэмжлэгч Д.Т..өд олгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч С.Б..д үлдээхээр, Хас банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг С.Б.. нь дангаараа хариуцахаар тохирсныг баталж шийдвэрлэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 828 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Т..өөс улсын тэмдэгтийн хураамжид 378 975 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Б..д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ