Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаБ.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Уламбаяр,

           Шүүгдэгч Т.Б, Э.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П***н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б***нд нарт  холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах “Согпег” спорт зааланд тоглож байсан хүмүүсийг тоглох цаг дууссан тул чөлөөлөх шаардлагыг тавьж хохирогч Ц.Нтой маргалдан түүнийг зодож Ц.Нийн биед баруун тохойнд зөөлөн эдийн гэмтэл болон доод 2-р үүдэн шүдэнд сулрал, уруулд язрал, хоолойд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

            Шүүгдэгч Э.П нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 14 дүгээр багт байрлах “Согпег” спорт зааланд тоглож байсан хүмүүсийг тоглох цаг дууссан тул чөлөөлөх шаардлагыг тавьж хохирогч Ц.Этай маргалдан түүнийг зодож биед зүүн сарвууны шивнүүр болон ууцны S5 нугалмайд хугарал, хоолойнд зулгаралт, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ************* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

          Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах “Согnег” спорт зааланд тоглож байсан Ц.Нтой маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж биед нь баруун тохойнд зөөлөн эдийн гэмтэл болон доод 2-р үүдэн шүдэнд сулрал, уруулд язралт, хоолойд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Э.П нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 14 дүгээр багт байрлах “Согnег” спорт зааланд тоглож байсан хүмүүсийг тоглох цаг дууссан тул заал чөлөөлөх шаардлагыг тавьж  Ц.Этай маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж биед нь зүүн сарвууны шивнүүр болон ууцны S5 нугалмайд хугарал, хоолойнд зулгаралт, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

   Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бын өгсөн: “...Би орой 20 цагийн үед зааланд очсон. Манай найзууд тоглож байхаар нь би нэмэгдээд тоглосон. Бид нар 22 цаг болж байхад тоглож дуусаад хөлсөө хатаагаад сууж байсан. Хөлсөө хатаагаад 20 минут болсон. Э.П 22 цагийн үед 3,4 удаа очиж заалны цаг дууссан байна. Дараагийн хүмүүс нь ирчихлээ гэж шаардлага тавьсан. Тэгэхэд бид хоёртой муудалцсан хоёр ах дээрэлхэх янзтай чи зүгээр байж бай. Мөнгө, төгрөгийг нь өгнө. Чам шиг бацаан хүнд ингэж үйлчлэхгүй шүү гэсэн. Э.П***э шаардлагаа зөв тавьсан. Дараагийн цагийн хүмүүс ирсэн байна. Бид нар ингэж болохгүй. Та нар бөмбөгөө өг гээд бөмбөгөө авсан. Тэгээд очсон чинь надтай муудалцдаг ах нь Э.П***э рүү чам шиг бацаан юу гээд байгаа юм гээд хараал хэлээд байхаар нь би та нар одоо больцгоочих, ах нараа гарчих, үйлчилгээний байгууллага ингэж үйлчлүүлдэг шүү дээ, дараагийн цагийн хүмүүс ирсэн байна боль. Ингэж залуу үетэйгээ харьцаад ийм байгаад байх юм бол залуу үе чинь та нараас болоод хөгжихгүй байна гэсэн. Тэгсэн над руу дайраад унасан. Чам шиг шулаад тавьсан ямааны мах юу вэ, гэхээр нь боль ахаа хоёулаа муудалцаад яах уу гээд байж байсан. Тэгтэл н.Э гэдэг өндөр шар ах над руу ирээд  та нар шиг юмнууд ингэж заал ажиллуулахгүй. Энэнээс илүүг үзсэн гэж хэл амаар доромжилж байгаад Э.П***эг заалны хажууд зогсож байхад нь цохичхоод гарсан. Э.П***э гарч байхад нь хойноос нь өшиглөж харагдсан. Би хойноос нь гүйгээд очиход энэ хоёр заамдалцсан коридорт зогсож байсан. Би очоод салгах гээд байсан чинь хойноос өндөр бор ах ирээд намайг боогоод авсан. Би эргэж хараад нөгөө ахтайгаа барьцалдаж аваад би салгах гэж байна гээд хэдэн талаас хүмүүс бужигнаад хэсэг маргаад тарсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Пгийн өгсөн: “...Миний хувьд тэр өдөр ажилтай байсан. Би өглөө 9 цагаас ээлжээ хүлээж аваад орой 20 цагийн үед тэр хүмүүсийг оруулсан. 22 цагаас араас нь залгуулаад захиалгатай байсан. Бид нар дундаа завсарлага байхгүй шууд дарааллаар нь захиалгатай байдаг. Ийм учир би хүмүүстэй дандаа  5 минутын өмнө цаг дуусаж байгааг мэдэгддэг. Би 22 цагийн үед нөгөө хүмүүс ирэхээр нь дараагийн хүмүүс ирчихлээ шүү одоо дуусгаарай гээд хэлээд орсон. 22 цагаас гарч байгаа өөр хүмүүсээс тооцоогоо авч байгаад 22 цаг 10 минут болж байхад харахад тэр хүмүүс дуусгаагүй дараагийн хүмүүс хувцсаа солиод бэлэн болсон байсан. Тэгээд нөгөө хүмүүс нь надаас бөмбөгөө авъя гэхээр нь одоо дахиад илүү цаг өгөх боломжгүй гээд бөмбөгийг нь аваад дараагийн хүмүүст өгсөн чинь мөнгийг нь нэмээд өгчихье чи юун сүртэй пиздаа вэ гээд намайг хараагаад байсан. Би тийм боломж байхгүй гэж хэлээд буцаад тек руугаа орсон. Тэгсэн дотор тэр хүмүүс Т.Б ахтай маргалдаад байна гэхээр нь би буцаж ороод үүдэндээ зогсож байгаад хэрүүл маргаан хийхгүй яваарай, тараарай, дахиж цаг өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн дунд нь тоглож байсан бололтой нэг шар ах ирээд намайг мангастаад авахаар нь би зөрүүлээд араас нь өшиглөсөн. Тэгээд тэр ах бид хоёр барилцаж аваад салсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Нийн өгсөн:“..2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цагаас Согnег зааланд ажлынхантайгаа тоглосон тэгтэл 22 цагийн үед тухайн заалны зохион байгуулагч гэх залуу орж ирээд бөмбөг булаагаад авсан, тэхээр нь ахын дүү одоо яаж байгаа юм тоо 12*15 байна энийгээ дуусгачихъя гэхэд тухайн залуу тийм юм байхгүй гар гэхээр энийгээ дуусгачихъя мөнгө төгрөгийг төлье гэхэд цаанаас нь нэг өндөр залуу гарч ирээд та нар зайлаа хөгшин төгцөгнүүдээ гээд байсан. Тэгээд би хувцсаа өмсөж байтал үүдэнд нь Э***ыг өшиглөөд цааш нь баахан залуучууд аваад гарсан тэхээр нь би гутлаа өмсөөд араас нь гартал Э***ыг нэг өндөр залуу цохиж байсан тэхээр нь би тухайн залууг боль яаж байгаа юм гээд бариад автал тухайн залуу намайг заамдаад миний цамцаар миний хоолойг боосон тэгэхээр нь би зөрүүлээд өөрийг нь боосон тэгтэл тухайн өндөр залуу  гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэнд байсан залуучууд  тал талаас бариад  байсан. Заал зохион байгуулагч  залуу тухайн өндөр залуу 2 бид нарыг эндээс зайл хөгшин төгцөгнүүдээ  гээд байсан. Шинжээчийн дүгнэлтээр тохойд зөөлөн эдийн гэмтэл болон зүүн доод 2-р үүдэн шүдэнд сулрал, уруулд язралт, хоолойд, зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Миний биед бол өндөр шар нөхөр намайг заамдаж авч, цохиж миний биед учирсан, тэрнээс өөр хүн бол миний биед гэмтэл учруулаагүй, хажууд нь бол салгах  гээд бас 4-5 хүн байсан. Тухайн үед бол нэг намхан болон өндөр шар хоёр нөхөр л байсан би бол хараад таних байхаа бусад хүмүүс нь бол гар хүрээгүй. Заалны цаг дуусах гэж байх үед намайг өшиглөсөн гэх залуу орж ирээд шууд бөмбөг аваад одоо болно цаг дуусах гэж байна гэсэн тэгээд бид нар тухайн залууд хэлээд одоо бараг дуусах гэж байна 1, 2 онооны зөрүү байна гэж хэлсэн чинь цаанаас нь нэг өндөр шар залуу гарч ирээд та нараас болоод Монгол улс хөгжихгүй байна  гэж хэлсэн тэрнээс болоод л маргалдсан. Ийм ёс зүйгүй байгаа байдалд нь би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Мөн хэл амаар доромжилсон асуудал байгаа энэ зүйлийг шалгаж  өгнө үү гэж хүсэж байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 Хохирогч Ц.Эын өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагаас Согnег зааланд ажлынхантайгаа тоглосон тэгтэл 22 цагийн үед тухайн заалны зохин байгуулагч гэх залуу орж ирээд бөмбөг булаагаад 22 авсан тэгэхээр нь ахын дүү одоо яаж байгаа юм бэ? удахгүй дуусах гэж байна гэхэд явцгаа гээд байхаар нь бид нар дуусах гэж байна ш дээ дуусгачихаад явъя гэхэд явцгаа гэсэн тэгээд тухайн залуу манай захиралтай хэрэлдээд байсан. Цаанаас нь нэг өндөр залуу гарч ирээд төгцөгнүүд минь та нараас болж Монгол улс хөгжихгүй байна зайлцгаа гэсэн тэгэхээр нь би тухайн залууд хандаж чи юу яриад байгаа юм бэ гэсэн тэгтэл ахиад хөгшин төгцөгнүүд минь одоо зүгээр зайл гээд дайраад байхаар нь би үг  дуугараагүй хувцсаа солих гээд заалнаас гарч явж байхдаа би үүдэнд байсан нэг  залууг нь айлгах гээд гараараа далайлгаад гарч явсан чинь тухайн залуу нь миний  өгзөг хэсэгт араас хөшиглөөд би газар унасан тэгээд босож ирээд би тухайн залууг яаж байна гээд босоод ирсэн чинь нөгөө залуу намайг шууд боогоод байхаар нь ахын дүү наадахаа тавь гэж хэлсэн чинь улам боогоод чангалаад байхаар нь би чи яаж байна гэж хэлсэн  чинь манай захирал болох Н***ийг бас нэг өндөр шар залуу бариад авсан байсан хажууд нь 4-5 залуу байсан.  Шинжээчийн дүгнэлтээр миний зүүн гарын сарвуу хугарсан, мөн нурууны S5 дугаар үе хугарсан гэмтэл учирсан байна.  Миний харснаар бол эхлээд нэг жижигхэн залуу намайг өшиглөсөн, мөн нэг өндөр  шар залуу байсан яг миний учирсан байгаа гэмтлийг бол тэнд байсан жижиг биетэй нэг залуу байсан тэр учруулсан бусад нь бол салгах гэж байсан. Заалны цаг дуусах гэж байх үед намайг өшиглөсөн гэх залуу орж ирээд шууд бөмбөг  аваад одоо болно цаг дуусах гэж байна гэсэн. Тэгээд бид нар тухайн залууд хэлээд одоо бараг дуусах гэж байна 1, 2 онооны зөрүү байна гэж хэлсэн чинь цаанаас нь нэг өндөр шар залуу гарч ирээд та нараас болоод Монгол улс хөгжихгүй байна гэж хэлсэн тэрнээс болоод л маргалдсан. Би дээрх гэмтлээс болж хувийн эмнэлэгт 14 хоног хэвтсэн, мөн эмнэлгээс гэртээ хэвтрийн дэглэм барьж хэвтсэн би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал /,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “...Ц.Эын Эрүүл мэндийн даатгалын сангаас 140.000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Харин  Ц.Н  нь эрүүл мэндийн даатгалын сангаас  ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй байна...” гэх  мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

Гэрч Г.Наранцэцэгийн өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зааланд заал авч тоглож байсан юм тэгээд бид нарыг тоглоод сүүлийн хоёр хоорондоо тоглож байх үед тухайн заалны хүн нь бололтой нэг залуу ирээд цаг болсон байна, та нар одоо гар гэж бид нарт хэлсэн тэгэхээр нь би тэр залууд хэлж тоо 15*9 харьцаатай явж байна миний дүү цагийг нь жоохон сунгаад өгөөч мөнгө төгрөгийг нь бол өгнө гэж хэлсэн чинь тэр залуу бөмбөг булааж аваад явсан тэгээд бид нар хувцсаа солиод байж байсан чинь тэнд байсан хүмүүс хаалга  руу гүйгээд  байхаар нь араас харсан чинь бид нараас бөмбөг авсан залуу Э***ыг өшиглөж байсан харин Эрдэнэбат нь цаашаагаа унах шиг л болсон. Тэгээд би араас нь гараад ирсэн чинь манай захирал болох Ц.Нийг нэг өндөр шар  подволктой залуу бариад авсан байсан. Тэр залуугийн цаана Э***ыг бас нэг залуу бариад авсан байсан хоорондоо муудалцаад байсан. Э***ыг бол анх бөмбөг авсан арай намхан дуу залуу нь өшиглөж байсан. Харин Н***ийг бол тэр өндөр залуу бариад авсан заамдаад байж байсан. Тэр хоёр залуу энэ хоёр хүнийг зодсон тэрнээс бол өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

Гэрч Ж.Гэрэлтуяагийн өгсөн: “...Тухайн өдөр манай байгууллага Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах Согnег нэртэй зааланд заал авч тоглож байсан юм. Бид нарыг тоглоод сүүлийн хоёр баг хоорондоо тоглож байх үед тухайн заалны хүн нь бололтой нэг залуу ирээд цаг дууссан байна та нар одоо гар гэж бид нарт хэлсэн тэгээд бид нар тэр залууд хандаж одоо удахгүй дууслаа ш дээ миний дүү нар ингэж болохгүй ээ гэж хэлсэн чинь тэр залуу бөмбөгөө аваад гарсан тэгээд бид нарыг хөгшин төгцөгнүүд гэсэн. Бид нар хувцсаа солиод байж байсан чинь Эрдэнэбат нь хаалгаар гарч байхад нь тухайн заалны залуу Э***ыг араас нь өшиглөсөн чинь цаашаагаа Эрдэнэбат нь нуруугаа бариад явж байх шиг байсан тэгээд тэнд байсан залуучууд бүгдээрээ бужигнаад гарсан, бид нар бас хувцсаа солиод араас нь гарсан чинь нэг өндөр шар залуу Н.Ц захирлыг цамцаар нь хоолойг нь боосон байсан, харин тэрний цаана нь Э***ыг анх бөмбөг авсан залуу бас бариад авсан байсан. Тэгээд бид нар тухайн залуучуудаас Эрдэнэбат, Нацагдорж нарыг салгаж аваад тухайн заалнаас гарсан. Э***ыг бол анх бөмбөг авсан арай намхан дуу залуу нэрийг нь мэдэхгүй байна тэр залуу өшиглөж байсан. Харин Н***ийг бол тэр өндөр залуу бариад авсан заамдаад хоолойг нь боосон бариад авсан байсан тэнд зөндөө олон залуучууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 595 дугаартай: “...Ц.Эын биед зүүн сарвууны шивнүүр болон ууцны S5 нугалмайд хугарал, хоолойнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Ц.Эын биед учирсан зүүн сарвууны шивнүүр болон ууцны S5 нугалмайд хугарал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсгийн гэмтэл нийлбэр болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56 тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаартай: “...Ц.Нийн биед баруун тохойд зөөлөн эдийн гэмтэл болон зүүн доод 2-р үүдэн шүдэнд сулрал, уруулд язралт, хоолойд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн гэмтэл  тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Ц.Нийн биед учирсан 2-р шүдний  сулрал, уруулын язралт, баруун сарвуу болон тохойн зөөлөн эдийн гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсгийн гэмтэл нь нийлбэр болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт  нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 57-58 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт, /хх-ийн 16 тал/,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 26/33 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 77 тал/,

Мөрдөгчийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 89-90 тал/,

2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Corner заалны бичлэгт үзлэг хийсэн  тэмдэглэлийн  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-94 тал/,

Хөвсгөл Оюу-Ундраа эмнэлгийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 95 тал/,

Ц.Э, Ц.Н нарын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 15 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Пгийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны  өдөр би ажилтай байсан. 20 цагийн үед манай зааланд настай 10-аад хүн захиалгынхаа дагуу ирсэн. Тухайн хүмүүс 22 цаг хүртэл 2 цаг заал авсан байсан. Тэгээд 22 цаг 10 минут болоод дараагийн заалны захиалгатай хүмүүс орж ирсэн байсан харин тухайн 20 цагийн үед байсан хүмүүс нь гарахгүй тоглоод байсан болохоор би тухайн хүмүүс дээр очоод тоглож байсан бөмбөгийг нь булааж аваад дараагийн цагтай хүмүүст нь хэлсэн. Тэгсэн чинь өндөр бор ах чи яасан сүртэй пизда вэ гээд намайг хэл амаар доромжлоод мөнгийг  нь нэмээд өгнө гээд байсан би тухайн хүмүүст урд өмнө хэд хэдэн удаа сануулсан байсан тэгээд гарахгүй байсан. Тэгээд би гадагшаа гараад үүдний текэн дээр сууж байсан чинь манай ах болох Б***тай зааланд маргалдаад байхаар нь би явж  ороод та нарт одоо ахиж нэмж цаг өгөх боломжгүй та нар одоо яваарай гэж хэлсэн чинь нэг өндөр шар ах намайг хараад чам шиг мангар бацаан ингэж шалчигнахгүй шүү гээд миний нүүр рүү гараараа түлхээд цаашаа явахаар нь би уурандаа араас нь би нэг удаа өгзөг хэсэгт нь өшиглөсөн тэгсэн чинь тэр ах буцаж хараад надтай барилцаад авсан. Тэгээд бид хоёр заалнаас гарч үүдний хэсэгт бие биеэ заамдаж барьцалдаж байгаад хүмүүс салгаад тэр ах нарыг аваад явсан. Сүүлд нь тэр хоёр ах цагдаа дагуулаад ороод ирсэн өндөр шар ах /Эрдэнэбат/ нь цагдаагийн хажууд бас намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг эхлээд гараараа нүүр рүү түлхээд хэл амаар доромжилсон болохоор нь би уур хүрээд өшиглөсөн. Үгүй  би өгөөгүй байгаа эмчилгээний бодит  зардлыг  бол төлөхөд  надад татгалзах  зүйл байхгүй. Ц.Эын биед  гэмтэл учруулсан  үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 70 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Бын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны тухайн өдөр 14 дүгээр хороонд байдаг Corner нэртэй зааланд тоглож дуусаад хувцсаа солиод байж байсан чинь манай танил дүү болох П*н нь тэнд тоглож байсан хэдэн ах эгч нарыг та нарын цаг дууссан байна та нар гарч байгаарай гэж хэлсэн чинь тэнд байсан нэг өндөр бор ах байж бай цагийн сунгаад тоглоё чи яасан сүртэй бацаан бэ гээд байсан. Тэгсэн чинь П*н нь ахиад тэр хүмүүст хандаж цаг нь болсон байна та нар гарчих аа гэж хэлсэн чинь мөнгийг чинь өгье гээд байгаа юм биш үү гээд ахиад нөгөө өндөр хүн хэлж байсан тэгээд П***г жаахан дээрэлхэж байгаа юм шиг өнгө аястай хандаад байхаар нь би тэр өндөр бор ахад хандаж одоо болио ахаа та нар хувцсаа солиод гарчих гэж хэлсэн чинь намайг чи дуугай бай би өөрөө мэдэж байна гээд над руу уурлаад шууд над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр ахад хандаж  та цагаа барихгүй байна энд олон хүн үйлчлүүлж байна та цагаа бариад гарчих гэсэн чинь тэр ах чам шиг гулууз шулсан юм шиг юм дуугай бай гэж надад хэлэхээр нь би за ах болио ахаа та нарын хандлага ийм байгаа болохоор залуу үе чинь хөгжихгүй байна гэж хэлээд ахаа би тантай муудалцмааргүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо эв зүйгээ олоод байж байсан чинь тэнд байсан нэг өндөр шар ах  манай дүү болох П*нтэй муудалдаад байсан би холоос харсан. Тэгээд ах бид хоёр очиж байхад П*н нь хаалганы хажууд зүгээр зогсож байсан чинь нэг өндөр шар ах П***гийн хажуугаар зөрж байхдаа шанаа хэсэгт нь гараараа цохиод гараад явсан чинь П*н нь нөгөө ахыг гарч явах үед нь араас нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн чинь тэр ах шууд гараад яваад өгсөн. Тэгээд тэр  хоёр заалны үүдний хэсэгт хоорондоо барьцалдаж авсан байдалтай зогсож байсан.Тэгээд би гараад салгах гэсэн чинь нөгөө өндөр бор ах миний араас ирээд боогоод авахаар нь би эргэж хараад та бид хоёр муудалцаад яах вэ гэж хэлээд бид  хоёр бол салсан. Тэгээд П*н тэр хоёр бас салаад тэр хүмүүс заалнаас гараад явсан. Үгүй би өгөөгүй байгаа эмчилгээний бодит зардлыг бол төлж барагдуулна. Тийм би дээрх гэмтлийг учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/  хэрэгт хавсаргагдаж ирсэн CD  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

  Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

   Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах “Согпег” спорт зааланд тоглож байсан хүмүүсийг тоглох цаг дууссан тул чөлөөлөх шаардлагыг тавьж хохирогч Ц.Нтой маргалдан түүнийг зодож Ц.Нийн биед баруун тохойнд зөөлөн эдийн гэмтэл болон доод 2-р үүдэн шүдэнд сулрал, уруул язрал, хоолойд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Э.П нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 14 дүгээр багт байрлах “Согпег” спорт зааланд тоглож байсан хүмүүсийг тоглох цаг дууссан тул чөлөөлөх шаардлагыг тавьж хохирогч Ц.Этай маргалдан түүнийг зодож биед зүүн сарвууны шивнүүр болон ууцны 35 нугалмайд хугарал, хоолойнд зулгаралт, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд явуулсан тэмдэглэл, хохирогч Н.Н, хохирогч н.Эын өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч н.Аззаяагийн өгсөн мэдүүлэг, Э.П, Т.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч н.Наранцэцэг, н.Гэрэлтуяагийн нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 595, 596 дугаартай дүгнэлтүүдээр дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Дээрх гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлддэг ба харилцан таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Н, Ц.Э нарын биед хохирол учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул дээрх зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна..” гэсэн санал, дүгнэлтийг  гаргажээ.

Шүүгдэгч Т.Б, Э.П нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

          Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч  Ц.Н, Ц.Э, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, гэрч Г.Наранцэцэг, Ж.Гэрэлтуяа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 595 дугаартай  дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 26/33 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл Оюу-Ундраа эмнэлгийн эмчийн тодорхойлолт, Ц.Э, Ц.Н нарын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг CD, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.П, Т.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Т.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах “Согnег” спорт зааланд тоглож байсан Ц.Нтой маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж биед нь баруун тохойд зөөлөн эдийн гэмтэл болон зүүн доод 2-р үүдэн шүдэнд сулрал, уруулд язралт, хоолойд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн гэмтэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.П нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 14 дүгээр багт байрлах “Согnег” спорт зааланд тоглож байсан хүмүүсийг тоглох цаг дууссан тул заал чөлөөлөх шаардлагыг тавьж  Ц.Этай маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж биед нь зүүн сарвууны шивнүүр болон ууцны S5 нугалмайд хугарал, хоолойнд зулгаралт, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Нийн биед нь 2-р шүдний  сулрал, уруулын язралт, баруун сарвуу болон тохойн зөөлөн эдийн гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Пгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Эын биед нь зүүн сарвууны шивнүүр болон ууцны S5 нугалмайд хугарал гэмтэл бүхий “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 595, 596 дугаартай дүгнэлтээр тус тус эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Э.Пг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Б Э.П нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний  эрх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд бодитоор халдсан буюу хохирогч Ц.Эын биед учирсан зүүн сарвууны шивнүүр болон ууцны S5 нугалмайд хугарал, хоолойнд зулгаралт, цус хуралт  бүхий гэмтэл, хохирогч Ц.Нийн биед учирсан баруун тохойнд зөөлөн эдийн гэмтэл болон доод 2-р үүдэн шүдэнд сулрал, уруул язрал, хоолойд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн  гэмтэл  тус тус учирсан нь шүүгдэгч Т.Б, Э.П  нарын гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хийсэн хууль бус, идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүсчээ.

Шүүгдэгч нар нь бусдын биед халдаж зодон Ц.Эын биед хүндэвтэр гэмтэл,  Ц.Н биед хөнгөн гэмтлийг санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Т.Бын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Э.Пгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Нийн биед  хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Э.Пгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Эын биед хүндэвтэр хохирол тус тус Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 595, 596 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх ба хохирогч Ц.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй,  шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Быг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ц.Нид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Хохирогч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 2.480.000 төгрөгийг нэхэмжилж Хөвсгөл Оюу-Ундраа эмнэлгийн эмчийн тодорхойлолт ирүүлсэн боловч дээрх баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл Хөвсгөл Оюу-Ундраа эмнэлгийн эмчийн тодорхойлолтод  Ц.Э нь  .. 12.1-12.8 хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан  гэх тодорхойлолт нь хэдэн төгрөгийн  эмчилгээ үйлчилгээ авсан  эсэх нь тодорхойгүй, эмнэлэгийн орлогын  санхүүгийн баримт  болон төлбөр төлөгчийн төлбөр төлсөн талаарх баримт  хэрэгт авагдаагүй, гэртээ  эмчилгээ хийлгэсэн талаарх баримт буюу  эмчилгээний бүтээгдэхүүн авсан талаарх эмчийн жор, e баримт, төлбөр төлсөн баримт, эмийн сангийн санхүүгийн /орлогын/ баримт хэрэгт  авагдаагүй байна.

  Иймд хохирогч Ц.Э нь шүүгдэгч Э.Пгээс нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 140.000 төгрөгийг шүүгдэгч Э.Пгээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Э.П нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 140.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Пгээс 140.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгч нарт  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Пг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б, Э.П нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Б, Э.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн  6.5 зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  6.5 зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б, Э.П нар нь гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...байхгүй...” гэх санал дүгнэлтийг тус тус  гаргажээ.

Шүүх Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Б, Э.П нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Э.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ****** овогт Т.Б***ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

          Шүүгдэгч ****** овогт Э.П***нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б***ныг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П***нг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Э.Пд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг тус бүр 90 /ер/  хоногийн хугацаагаар төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Э.П нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч Т.Б, Э.П нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Э.Пгээс  140.000   /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, хохирогч Ц.Э нь шүүгдэгч Т.Баас гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7.  Энэ хэрэгт шүүгдэгч  Т.Б, Э.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Б нь хохирогч Ц.Нид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

             8.  Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Э.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН