Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2021/00479

 

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2021/00479

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00258/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар Р..., Б. овогт М.Н..н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн А.. сумын .. дугаар баг, ... оршин суух, регистрийн дугаар Р..., У.. овогт Н.Г. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч М.Н. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Н нь Н.Г. 2001 онд танилцан гэр бүл болж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд 2001 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Ч..г төрүүлж, 8 сартайдаа нас барсан. 2002 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Г.А., 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү Г.Х., 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр охин Г.А нарыг төрүүлж өсгөсөн. Н.Г нь сүүлийн жилүүдэд архи ууж, агсан тавьж, зодож, үг хэлээр дайрч дарамталж, унтаж амраахгүй, амар тайван амьдрах боломжгүй, хүүхдүүдтэйгээ зүй бусаар харьцдаг болсон. Удаа дараа Цагдаагийн байгууллагад хандаж байсан боловч засрахгүй улам их ууж, ааш араншин нь ширүүн болсон. Үүнээс болж өсвөр насны хүүхдүүдийн эрх зөрчигдөж, хүмүүжил, зан байдалд нь сөргөөр нөлөөлж байгаа учраас цаашид хамтран амьдрах боломжгүй байна.

Иймд 2006 оны 0136892 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Х., охин Г.А. нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Охин Г.Аз.нь насанд хүрсэн. гэв.

Хариуцагч Н.Г. нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Г. миний бие М.Н. тай 2001 онд гэр бүл болж, гурван хүүхдийн эцэг эх болж 20-иод жил хамт амьдарч байгаа нь үнэн. Төдийгөөс өдий хүртэл хэнээс ч дутахааргүй өнөр өтгөн сайхан амьдарч байгаа гэж би боддог. Ойр зуурын хэрүүл маргаан гардаг нь бол үнэн. Харин би 3 хүүхдээ үг хэлээр өдөж зоддог гэдэг нь бол худлаа. Би Н. хамтран амьдрагч гэж боддоггүй, харин насан үүрдийн ханиа, гурван хүүхдийн минь ээж гэж боддог. Тийм учраас би энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Н. нь хариуцагч Н.Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг, 2006 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0136892 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Н.Г., хариуцагч М.Н. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2002 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин У. овогт Г. А., 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү У.. овогт Г.Х., 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр охин У. овогт Г.А. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч М.Н. нь насанд хүрээгүй хүү Г.Х., охин Г.А нарыг өөрийнхөө нь асрамжид авахаар шаардахад хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ЗШ/243 дугаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ЗШ/124 дүгээр шийтгэвэр зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримтуудаар хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан байх тул хүү Г.Х., охин Г.А. нарыг эх М.Н.н асрамжид үлдээлээ.

Хүү Г.Х., охин Г.А. нарыг эх М.Н. асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Н.Г., эх М.Н. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

Нэхэмжлэгч нь хүүхдүүдэд тэтгэлэг нэхэмжлэхгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна., мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г...с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н.д олголоо.

Хариуцагчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РА.., Б. овогт М.Н., регистрийн дугаар РН...., У..овогт Н.Г. нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РА.., 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, хүү У. овогт Г. Х., регистрийн дугаар РА..., 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, охин У. овогт Г. А. нарыг эх М.Н..н асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч М.Н..н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г..с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н..д олгосугай.

5.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.

6.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА