Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

 

 

 

 

2024        4            10                                            2024/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Мын Ст холбогдох эрүүгийн 2335000330053 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн У суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, б мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт У аймгийн У сумын 5 дугаар баг .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Мын С /РД:....................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С нь У аймгийн У сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Т баарны гадна 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнө согтуугаар хохирогч Ц.Мтай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнө Увс аймгийн У сумын 12 дугаар багийн нутаг Тандер баарны гадна иргэн Ц.Мыг зодсон болох нь:

-Хохирогч Ц.Мын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “Миний бие Ө сумын төвд амьдардаг. 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр У суманд ирсэн. 2024 оны 02 дугаар сарын 14-ний орой “Т” нэртэй бааранд ганцаараа ортол манай нутгийн 2 залуу таарч хамт сууж 0.5 литрийн хэмжээтэй лаазтай 3 ширхэг пиво, 1 шил архи уугаад бүжиглэсэн. Удалгүй баар хаах болж би баарны гадна гараад зогсож байгаад баарны гадна байсан үл таних залуугаас “тамхи байна уу?” гэж асуухад тухайн залуу намайг хэл амаар доромжлох шиг болсон бөгөөд бид хоёрын дунд маргаан бий болсон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд юу гэж хэлснийг санахгүй байна. Би тухайн залуутай барьцалдаж дараад газар унагасан юм. Тэгтэл хажуугаас танихгүй хоёр залуу ирж байх шиг байсан бөгөөд би намайг цохих гэж байна гэж бодоод өөрийн өмсөж байсан куртикаар толгойгоо бүрхээд газар хэвтсэн. Тэгээд тухайн залуучуудын хэнийг нь мэдэхгүй миний толгой хэсэг рүү цохиж байсан. Би газар хэвтэж байгаад нэг харахад цагдаагийн машин ирж байсан бөгөөд тухайн залуучууд цагдаагийн машиныг хараад надаас холдсон байсан. Хэсэг байж байгаад саарал өнгийн машинд суугаад явцгааж байсан. Харин би босоод такси бариад явчихсан. Маргааш өглөө нь миний чих, толгой өвдөөд байсан тул би нэгдсэн эмнэлэг дээр очиж чих, хамар хоолойд үзүүлж зураг авхуулахад миний хэнгэрэг цоорсон байсан бөгөөд цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн юм. Миний толгой хэсэг рүү цохисон бөгөөд хэдэн удаа юугаар цохисон эсэхийг мэдэхгүй байна. Намайг цохисон залуу улаан малгайтай цамцтай залуу байсан. Тухайн залуучууд бааранд байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дугаар тал),

-Гэрч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн өдөр би найз Сын хамт У сумын 12-р багт байрлах “T” бааранд орсон юм. Тэндээ бид хоёр хэсэг бүжиглэж байгаад баарнаас гарч гадна гараад тамхи татаад зогсож байтал нэг үл таних залуу ирээд надаас “чамд тамхи байна уу?” гэж асуусан бөгөөд би “тамхи байхгүй” гэж хариулсан боловч тухайн залуу “чамд тамхи байх ёстой, тамхины чинь үнэр намайг татаад байх юм” гэж хэлж амаар доромжилж миний нүүр хэсэг рүү асаагуур шидсэн бөгөөд тэрнээс болж тухайн залуу бид хоёр маргалдаж байтал тухайн залуу гэнэт миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж миний куртикнаас зуурч урсан. Тэгтэл миний хажууд зогсож байсан найз С намайг өмгөөлж тухайн залууг татаж автал тухайн залуу Сыг нэг удаа гараараа хацар хэсэгт нь цохисон тул С зөрүүлээд тухайн залууг нэг удаа гараараа хацар хэсэгт нь цохисон юм. Тэгээд тэндээ байж байгаад найз Сын машинд суугаад харьцгаасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

-Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Өгийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай “...1.Ц.Мын биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),

-Шүүгдэгч М.Сийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Тухайн өдөр би найз Н.Гын хамт 21 цагийн орчимд У сумын 12-р багт байрлах “T” бааранд орсон юм. Тэндээ бид хоёр хэсэг бүжиглэж байгаад баарнаас гарч гадна гараад тамхи татаад зогсож байтал нэг үл таних залуу ирээд Н.Гаас “чамд тамхи байна уу?” гэж асуухад Н.Г “тамхи байхгүй” гэж хариулсан боловч тухайн залуу “чамд тамхи байх ёстой, тамхины чинь үнэр намайг татаад байх юм” гэж хэл амаар доромжилж Н.Гын нүүр хэсэг рүү асаагуур шидсэнээс болж тухайн залуу Н.Г хоёр маргалдсан. Тухайн залуу Н.Гын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, куртикнаас зуураад газар унахад би найзыгаа өмгөөлж тухайн залууг татаж салгахад тухайн залуу намайг нэг удаа гараараа хацар хэсэгт цохиход би зөрүүлээд тухайн залууг нэг удаа гараараа хацар хэсэгт нь цохисон. Тэгээд би Н.Гыг аваад тухайн хүнээс холдож баарны гадна үүд хэсэгт очоод хэсэг зогсож байгаад найзынхаа машинд суугаад гэртээ хүргүүлж авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч М.С нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хэн алиных нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой зардлын баримт гаргаж өгөөгүй, хэргийн материалтай танилцахдаа санал хүсэлтгүй гэж тэмдэглэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч М.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар тал)-аар тогтоогдож байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх саналыг гаргасан бол шүүгдэгч М.С “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгч урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй боловч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах, зодож цохих үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал мөн тогтоогдсон гэж үзэх боломжгүй, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Мын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              

                            ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН