Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэрээнэндоржийн Б.Үд холбогдох эрүүгийн ******дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2023 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг “Т.** ам” гэх газраас хашаа барих зорилгоор 4.1 м3 босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан экологи эдийн засагт 4.208.194 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2023 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг “Т.**” гэх газраас хашаа барих зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр шинэс төрлийн босоо модыг цахилгаан хөрөө ашиглан унагаж, 4 метрийн дундаж урттай тайрч, нийт 6 ширхэг, 4.1 метр куб хэмжээтэй мод бэлтгэж, байгаль экологид 4.208.194 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бгийн өгсөн: “...  мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Л.Бын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын сүүлээр Цагаан-Үүр суманд экологийн цагдаагаас хяналт шалгалтаар Цагаан-Үүр 1 дүгээр багийн нутаг “Т.**н давааны ам” гэх газарт нойтон босоо шинэс мод унагасан байна. Тухайн модыг ямар учраас хэн гэж иргэн хүн бэлтгэсэн талаар нутгийн иргэдээс асууж тодруулж өгөөч гэж хандсаны дагуу 1 дүгээр багийн нутгийн иргэд малчдаас асууж тодруулахад  мэдээллээ нууцлуулахыг хүссэн иргэн хэлж ярихдаа С.Б гэгч нь тухайн газраас мод бэлтгэсэн байж болзошгүй талаар хэлж ярьсны дагуу Цагдаагийн газарт холбогдох хүний мэдээллийг өгсөн. С.Бгийн мод бэлтгэсэн газарт  буюу Т**ам гэх газарт очиж үзэхэд урд өмнө мод бэлтгэх ойн мэргэжлийн байгууллага талбай тусгаарлаж авч байсан газрын ойролцоогоос мод бэлтгэсэн байсан. Би Б-ийн мод бэлтгэсэн гэх газарт очиж үзээгүй. Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэр хариуцсан байгаль хамгаалагчийн хувьд тухайн мод бэлтгэсэн газарт даруй очиж болсон үйл явдлыг үзэж харна....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “..Хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас зүүн “Хойд”  зүгт байрлалтай Цагаан-Үүр сумын 1 дүгээр  багийн нутаг Т**ам гэх нэртэй газар байх ба уг газрыг GPS-р үзэхэд /50.302568,101.52674/ байх ба Цагаан-үүр сумын төвөөс зүүн хойш зүг рүү “Онгон даваа” гэх даваагаар давж “Уялган” голын гүүрээр гарч зүүн хойш чиглэлд  25 орчим  километр  явж ирэх ба мод  бэлдсэн гэх газар нь ертөнцийн зүгээр зүүн урд зүгт  уулын энгэр хэсэг битүү модоор хүрээлэгдсэн ой байлаа. Уг газрын харагдах байдлыг гэрэл зургаар  бэхжүүлэн авав. Мод бэлтгэсэн гэх уулын баруун талд “Уялган” голын зүүн талд  Даян дээрхийн голоор хүрээлэгдсэн тухайн хэсгийн талбайд ойн мэргэжлийн байгууллага байгууллага талбай тусгаарлаж  авсан хожуулын тэмдэглэгээтэй хожуул моднууд байв. Нойтон шинэс модтой газрын хөрс  цасаар хучигдсан газар байх ба  мод бэлтгэж унагасан гэх газрыг холбогдогч С.Бгээр  заалган  тухайн газарт очиход  мод унагаж бэлдсэн гэх газарт тээврийн хэрэгсэл  ирсэн болон мод ачсан  машины ул мөр илрээгүй газрын хөрс  өвстэй хожуулны тэмдэглэгээтэй хожуул моднууд байв. Унагаж тайрсан модонд үзлэг хийхэд босоо нойтон мод байх ба үзлэг хийхээр  хар өнгийн үзгээр хэргийн газарт байх моднуудыг 1-6 хүртэлх тоогоор тэмдэглэж дугаарлан үзлэгийг эхлэв. .. тухайн 4 метрийн урттай 6 ширхэг дүнз модыг битүүмжлэхээр Цагаан-Үүр сумын Цагдаагийн кобон байрны хашаанд оруулж буулгахаар тогтон тэмдэглэлийг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 тал/,

Гэрч Э.Мөнхбатын өгсөн: “...С.Б нь 2023 оны 08 дугаар сарын эхээр Цагаан-Үүр сумын 1 дүгээр баг “Т**ам” гэх газарт ууланд мод бэлтгэх гэсэн хүнгүй болчихоод байна ажиллаад өгөөч гэхээр нь хадландаа гарсан хадлан өвсний ажилтай байсан тул нэг өдөр Б-ийн мод бэлтгэх ажилд ажиллаж өгсөн. Тухайн үед нэг өдөр ажилласан ажлын  хөлс мөнгө өгнө гэж хэлж ярьсан. Найз нөхдийн харилцаатай болохоор цалин мөнгө аваагүй. Би Б-ээс мод бэлтгэж юу хийх гэж байгаа талаар асуухад зуслангийн байшингаа янзална гэсэн утгатай үг хэлж ярьсан. Тэрнээс өөр тодорхой зүйл яриагүй. Б.Ү нь босоо мод унагасан байсныг нь дүнз мод болгож нааш цааш нь болгож өнхрүүлж өгсөн. Намайг ажиллах өдөр Гантөгс гэж залуу хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэрч Э.Гантөгсийн өгсөн: “...Би Цагаан-Үүр сумын Уялган багийн иргэн Б.Ү /Улаанаа/ гэж хүнийг нэг нутаг нэг багт амьдардаг гэдэг утгаар танина. Б.Ү ахыг нутгийн иргэд бол Улаанаа гэж дууддаг. .. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр намайг Цагаан-Үүр сумын Уялган багт ах  Энхбаатарын гэрт очсон байхад Б.Ү /Улаанаа/ ах надтай уулзаад ууланд хэдэн мод унагасан цагаалах хүнгүй болчихоод байна хамт ажиллаад өгөөч өдрийн  50.000 төгрөгний цалин хөлс өгнө гэж хэлэхээр нь мод бэлтгэсэн гэх газарт 1 өдөр ажиллаж өгсөн. Тэрнээс мод унагахад нь байгаагүй. Намайг очиход Б.Ү /Улаанаа/ ах модоо унагасан байсан. Би унагасан модыг нь бартаанаас гаргаж модны захад өнхрүүлж дөхүүлж өгсөн. Тухайн унагаж бэлдсэн мод нь бүдүүн болохоор өргөхөд хүн хүч муутай болохоор бэрхшээлтэй байсан ба хоёр өдөр ажиллаж цагаалж өгчихөөд уулнаас буусан. Б.Ү /Улаанаа/ ах ч гэсэн хадландаа гарахгүй бол болохгүй нь гэж хэлж ярьж байсан. Намайг очиход модоо унагаж 4 м урттай хуваасан байсан. Би хичнээн мод хэнтэй унагасан талаар нь мэдэхгүй энэ тэр талаар асууж тодруулаагүй. Ямарч байсан намайг ажиллахаар очиход Анхбаяр гэж залуу Б.Ү /Улаанаа/ ах тэр хоёр байсан. Анхбаяр намайг очиход байсан болохоор тодорхой мэдэж байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Гэрч Н.Шинэзоригийн өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сард ЗДТГ-ын хөрөнгөөр 18,000,000 төгрөгийн төсвөөр мал угаалгын хашааны модыг өөрийн “Баясах гал” компаний нэр дээр “Армаг” гэх газраас авч зөвшөөрлийн бичгээр 100 ширхэг 5 см банзыг бэлтгэсэн. Би 30 метр куб мод бэлтгэх  эрхийн  бичгийг 2 дугаар  багийн байгаль хамгаалагч Б.Сайнбаярын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бичүүлж 407.000 төгрөгийг тушааж  авсан. Надад ойн мэргэжлийн “Баясах гал” байгууллага байдаг манай компани нь мах бэлтгэх, мод бэлтгэх, худалдаа наймаа эрхлэх гэх мэт олон үйл ажиллагаа явуулах эрхтэй.  Би мод бэлтгүүлсэн зүйл огт байхгүй ээ С.Б харин надад бэлтгэж өгье гээд ярьж байсан. Би болох л юм гэж ярьж байгаад банз худалдаад авчихсан байсан учир Б.Үгээр мод бэлтгүүлээгүй. Б.Ү “надад нэг хэдэн төгрөгний хэрэг болсон байна хөгшин чинь чамд хашааны чинь модыг чиний оронд бэлтгээд өгье” гэж хэлэхэд нь би Армагт манай талбай байгаа тэндээс модоо бүрэн гүйцэт татаж чадаагүй байгаа үлдсэн хэсгээс нь чи модоо бэлтгэвэл болох л юм гэж би хэлж байсан, тэгээд би өөрийн эрхийн бичгээр 100 ширхэг 5 см банз бэлтгэж аваад Б-ээс мод аваагүй хашаагаа барьж дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Аын өгсөн: “...Би 2 хоногийн хугацаанд С.Б ахын хөрөө рамны мод бэлтгэхэд нь хөлсөөр ажилласан. Тэгэхдээ хөрөөдөж тайраад бэлтгэсэн модыг өнхөрүүлж цагаан газарт гаргах ажил хийсэн. Түүнээс би мод тайрах бэлтгэх ажилд оролцоогүй. Намайг очиход 2 ширхэг босоо модыг унагаж 4 метрийн уртаар тайрч бэлтгэсэн байсан. Түрж өнхрүүлж цагаалж бэлтгэсэн. Машин техникээр цагаалаагүй. Би ч С.Б ахаас зөвшөөрлийн талаар асуугаагүй надад ч бас өөрөө хэлээгүй.  Би бодохдоо мод бэлтгэх эрхийн бичигтэй учраас мод бэлтгэж ойлгоод  хөлсөөр ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/

Шинжээч Д.Гэрэлтуяагийн  өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б-ийн бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийсэн ба мөрдөгчийн хэмжилт хийсэн хэмжээтэй яг тодорхой тохирох боломжгүй. Учир нь тус тусдаа очиж хэмжилт хийж байгаа ба мөрдөгчийн хэмжилт хийсэн цэгээс шинжээч заавал давхцаж хэмжилт хийх боломжгүй. Тухайн модыг уанагаж тайрахдаа хөрөөдөж байгаа хүн нь гарын байрлал модны унагах хэсэг рүү далий мурий хөрөөдөж унагах, мөн амалгаа гаргаж хөрөөдөх зэрэг байдлаар модыг тайрдаг болохоор тэгш хэмтэй тайрагдах боломжгүй. Шинжээч мөрдөгч хоёр тусдаа хэмжилт хийсэн тохиолдолд хэмжилтэд тодорхой хэмжээнд зөрүү гарна. Гэхдээ экологи эдийн засгийн үнэлгээнд нөлөөлөхгүй. Бөөрөнхий модон материалын эзлэхүүний хүрдийг ашиглаж хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 тал/,

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн даалгавар /хх-ийн 34,39 тал/,

  Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай:...Учирсан хохирлыг “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. Уг мод нь хэрэглээний мод мөн. Мод бэлтгэсэн гэх газар нь ойн сангийн нэгдүгээр мужид хамаарч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 48-51 тал/,

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/37 дугаартай албан бичиг /хх-ийн 88 тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн: “Яллагдагч С.Бгийн ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 12.624.582 төгрөг. Нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцсон...” гэх дүгнэлт /хх-ийн 57 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-924/9173 дугаартай: “...Дээр дурдагдсан ямаха маркийн бензин хөрөөний нийт бодит үнэ цэнийг 2024 оны 02 дугаар сарын байдлаар 120,000 /нэг  зуун хорин мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо....” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай эд мөрийн баримт хураан авах  тухай тогтоол /хх-ийн 12 тал/,

           Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 тал/,

          2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 17 тал/,

          2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бгийн яллагдагчаар өгсөн: “..2023 оны 08 дугаар сарын  эхээр юм. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг “Т**ам” гэх нэртэй  газраас  зуслангийн малын хашааны мод хийхээр ганцаараа очиж цахилгаан хөрөөгөөр  2 ширхэг босоо  мод  огтлон, унагааж  4 метрийн  урттай 6 ширхэг болгон тайрсан,  тайрсан модоо цахилгаан хөрөөгөөр зүсэх гэж байснаа  болиод модоо цагаалах гэсэн боловч даахгүй байсан болохоор  тэнд үлдээгээд явсан.  Энэ өдрөөс хэд хоногийн дараахан  Анхбаяр, Гантөгс нарыг модоо цагаалуулахаар авч очсон боловч  даахгүй байсан болохоор ганц нэг нарийн бодыг л хөдөлгөж цагаалсан. Дараагийн өдөр нь Гантөгс, Анхбаяр, Мөнхбат нарын хамтаар модоо цагаалахаар очсон боловч бас даахгүй байсан болохоор цагаалж чадаагүй орхисон байсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын сүүлчээр экологийн цагдаа шалгаж очихоор мод бэлтгэсэн газраа мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Батзаяа  шалгаж байхдаа  сумын төв рүү моднуудыг  оруул гэсэн  болохоор  Энх-Амгалан  гэдэг хүний  машиныг гуйж  нөгөө 6 ширхэг  модоо ачиж  сумын төв рүү оруулсан ...Хэдэн цөөхөн маллаа л малладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Л.Б, гэрч Э.Мөнхбат, Э.Гантөгс, Н.Шинэзориг, насанд хүрээгүй гэрч О.А, шинжээч Д.Гэрэлтуяа нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай Прокурорын эд мөрийн баримт хураан авах  тухай тогтоол, Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол,  2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн даалгавар, Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай  дүгнэлт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/37 дугаартай албан бичиг, хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-924/9173 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч С.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2023 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг “Т.**” гэх газраас хашаа барих зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр шинэс төрлийн босоо модыг цахилгаан хөрөө ашиглан унагаж, 4 метрийн дундаж урттай тайрч, нийт 6 ширхэг, 4.1 метр куб хэмжээтэй мод бэлтгэж, Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, А.Даваадоржийн гаргасан дүгнэлт зэрэг нь шүүгдэгч С.Бгийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч С.Б нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч С.Б нь мод бэлтгэх арга, технологийг зөрчиж ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бгийн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан ба иргэнд босоо  мод огтолж, ургаа мод бэлтгэхийг Ойн тухай хуулиар хориглосон тул шүүгдэгч С.Б нь 4.1 м3 модыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч С.Б нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас  авалгүйгээр 2023 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг “Т.**” гэх газраас хашаа барих зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр шинэс төрлийн босоо модыг цахилгаан хөрөө ашиглан унагаж, 4 метрийн дундаж урттай тайрч, нийт 6 ширхэг, 4.1 метр куб хэмжээтэй мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бг зохих зөвшөөрөлгүйгээр 2023 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг “Т.**” гэх газрын ойгоос 4 метрийн дундаж урттай, нийт 6 ширхэг, 4.1 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо мод бэлтгэж, Ойн тухай хууль зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

        Шүүгдэгч С.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 4.208.194 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 50 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 12.624.582 төгрөгийн /хх-ийн 57 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

         Иймд  шүүгдэгч С.Бгээс экологи эдийн засагт учирсан 12.624.582 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна. 

        Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Бг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 720 цагийн нийтэд тустай албадан ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна..” гэх санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч С.Бгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Бгийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, өмгөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.      

 Шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч С.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан  шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Бд сануулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, .. албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж .. гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэж олсон 4.1 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ямаха нэртэй цэнхэр өнгийн цахилгаан хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Иймд Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 6 ширхэг 4.1 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хурааж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, банкны өнгө нь цэнхэр, ямаха маркийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Б.Үд 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан  шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Бд сануулсугай.

6. Шүүгдэгч С.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.Бгээс 12.624.582 /арван хоёр сая зургаан зуун хорин дөрвөн мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож гэмт хэрэг үйлдэж олсон орлого 6 ширхэг буюу 4.1 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг хурааж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн ******дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 120.000 /нэг  зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, банкны өнгө нь цэнхэр, ямаха маркийн цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН