Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0447

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Я Ч******

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “Ж-О******” ХХК,

Гуравдагч этгээд: “П И Л*******” компани

Маргааны төрөл: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П И Л*******” компанийг бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцсэн эсэх хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Н******, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Т*****, иргэдийн төлөөлөгч Э.Ч*****, Д.Л*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Я Ч******-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П И Л*******” компанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Ж-О******” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г К Ч****** нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж “улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл” гаргаж түүндээ “...үүсгэн байгуулагч “Л********” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасах болон үүсгэн байгуулагчаар Маршалын арлуудын ““П И Л*******” ХХК-ийг 100 хувийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлэх, дүрмийн санг 1 800 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1 801 000 000 төгрөг болгон өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулалттай болгон өөрчилж ашигт малтмалын хайгуулын 9444Х лицензийг бүртгэх”  өөрчлөлт оруулахаар хандсан байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл: “...БНХАУ-ын иргэн Я Ч С***** нь 2006 оны 06 сарын 24-ний өдөр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Л********” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Г К Ч****** -тэй хамтран үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч юм. “Л********” ХХК нь 2009 оны 10 сарын 21-ний өдөр Монгол улсын хуулийн этгээд болох “Ж-О******” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Э*******тай “Худалдах, худалдан авах гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулан, улсын бүртгэлд бүртүүлснээр "Ж-О******” ХХК-ийг худалдаж авсан. Гэтэл "Ж-О******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г К Ч******  нь 2011 оны 04 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд өргөдөл гарган үүсгэн байгуулагч “Л********” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасч, хувьцаа эзэмшигчээр Маршалын арлуудын улсын “П И Л*******” ХХК-ийг 100%-ийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн байна. Ийнхүү бүртгүүлсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар 2019 оны 10-р сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч "....хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл...шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү" гэх хариуг 2019 оны 12-р сарын 11-ний өдөр бидэнд ирүүлсний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. “Л********” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Г К Ч****** нь гүйцэтгэх захирал бөгөөд “Л********” компанийн өдөр тутмын асуудлыг шийдвэрлэн, компанийн үйл ажиллагааг эрхэлдэг байсан. Иймд Я Ч****** нь БНХАУ-д оршин суудаг бөгөөд Монгол Улсад ирэх шаардлага бага байдагтай холбогдуулан компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоогүй байсан. Гэтэл “Л********” ХХК-ийн охин компани болох "Ж-О******” ХХК-г бусад этгээдэд худалдсан гэх мэдээллийг Я Ч С***** / нь албан бус эх сурвалжаас авсан бөгөөд тус асуудалтай холбогдуулан Монгол Улсад ирсэн. Улмаар 2019 оны 08 сарын 29-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хүсэлт гарган “Л********” ХХК болон “Ж-О******” ХХК-ийн хувийн хэргийг авснаар “Ж-О******” ХХК-ийг Маршалын арлуудын “П И Л*******” /“Profit Yield Limited”/ компанид худалдсаныг мэдсэн. “Ж-О******” ХХК-ийн гүйцэтгэх захирал G K**** нь 2011 оны 04 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд өргөдөл гарган үүсгэн байгуулагч "Л********" ХХК-г эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасч, хувьцаа эзэмшигчээр Маршалын арлуудын улсын “П И Л*******” ХХК-ийг 100%-ийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн байна. Тус бүртгэлийг 2011 оны 04 сарын 19-ний өдөр Улсын бүртгэгчийн 7/10 тэмдгийн дугаартай бүртгэгч бүртгэсэн байдаг. Улсын бүртгэгчийн "Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П И Л*******” компанийг бүртгэсэн бүртгэл нь толгой компанийн хувьцаа эзэмшигч болох Я Ч С******  д мэдэгдэлгүйгээр бүртгэсэн нь хууль бус бөгөөд тус үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл болсон. Үүнд: Нэг. Улсын бүртгэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй Улсын бүртгэгчийн 7/10 тэмдгийн дугаартай улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 оны 06 сарын 25-ны өдөр батлагдсан буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль), Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны 05 сарын 23-ны өдөр батлагдсан буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль)-ийг тус тус зөрчсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” нөхцөлүүдийг хуульчилсан байдаг. Тус зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” тохиолдолд бүртгэхээс татгалзах зохицуулалттай. Гэтэл 7/10 тэмдгийн дугаартай бүртгэгч нь дараах баримт бичгийн бүрдэл дутуу байхад бүртгэсэн үйлдэл нь хууль бус юм. 2011 оны 04 сарын 15-ны өдөр Г К Ч******  нь “Ж-О******” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргасан.

Үүнд: 1. Тус өргөдөлд үүсгэн байгуулагч “Л********” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасах 2. Хувьцаа эзэмшигчээр Маршалын арлуудын улсын “П И Л*******” ХХК-ийг 100%-ийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлэх, 3.Дүрмийн санг 1,500,000 ам доллар буюу 1,800,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,801,000,000 төгрөг болгон өөрчлөх, 4. Гадаадын хөрөнгө оруулалттай болгон өөрчилж ашигт малтмалын хайгуулын 9444 -х лицензийг бүртгэх өргөдөл гаргасан байна. Гэтэл тус асуудлыг Компанийн тухай хуульд зааснаар үүсгэн байгуулагчдын хурлаар шийдвэрлэх асуудал байсныг гүйцэтгэх захирал дур мэдэн бусад этгээдэд худалдаж баримт бичиг бүрдүүлэн улсын бүртгэлд хандсан өргөдлийг бүртгэсэн, мөн бүрдүүлэх баримт бичиг дараах байдлаар байхад бүртгэсэн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон "Л********” ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх баримт бичигт үүсгэн байгуулагч Захирал Gai Keqin гарын үсэг зурсан. Гэтэл "Л********” ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай болох нь өргөдөлд хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээнээс илт харагдаж байна. "Л********" ХХК-ийн дүрэмд гүйцэтгэх захиралд эрх олгосон зохицуулалт байхгүй байна. Өргөдөлд хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хавсаргаагүй байна. "Ж-О******” ХХК-г худалдах талаар "Л********” ХХК-иас үүсгэн байгуулагчийн хууль бус шийдвэр гарсанаас гадна худалдан авсан гэх “П И Л*******” компаниас худалдан авах шийдвэр гараагүй байна. “П И Л*******” компанийн шинэчилсэн дүрэм өргөдөлд хавсаргаагүй байна. Өргөдөлд "Маршал аяланд арлын улсын Жуо Ли компанийн товч танилцуулга”-ыг хавсаргасан байх бөгөөд тус танилцуулгаас үзвэл Ерөнхий захирал Г К Ч******  буюу “Л********” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрөө юм. Үүнээс үзвэл сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн тул үүсгэн байгуулагчийн хурлаар тус асуудлыг шийдэх нь тодорхой асуудал атал улсын бүртгэгч бүртгэсэн байна. Өргөдөлд хавсаргасан "The Republic of the Marshall Islands Registrar of Corporations" баримтын орчуулгыг хавсаргаагүй байна. “Republic of the Marshall Islands" Endorcement Certificate орчуулга хавсаргаагүй, Incorporated in The republic of The Marshall Islands Pursuant to The Business Corporation acts-ын орчуулга хавсаргаагүй, Хаан банкны 2011 оны 04 сарын 04-ний өдрийн №11/02/62 тоот тодорхойлолтоос үзвэл тус өдрийн байдлаар 10,000,093.00 юаны үлдэгдэлтэй талаар тодорхойлолт гаргасан байна. Мөн  “Ж-О******” ХХК-ийн 2011 оны 1-р улирлын санхүүгийн тайланд дурдсанаар мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл 1,819,051,929.65 төгрөг байсан. Тус мөнгөний үлдэгдлээс үзвэл их хэмжээний хэлцэлд хамаарах асуудал байсан бөгөөд үүсгэн байгуулагчийн хурлаар шийдвэрлэх атал нэг хувьцаа эзэмшигч охин компанийг дур мэдэн худалдсан нь хууль бус байна. “Ж-О******” ХХК-ийг худалдаж авсан “П И Л*******” компаниас төлөөлөн гарын үсэг зурсан этгээд огт тодорхойгүй, нэр байхгүй, төлөөлөх эрх олгосон баримт бичиг байхгүй, “П И Л*******” гэх компанийн баримт бичигт зурагдсан гарын үсэг өөр зэрэг олон хуульд нийцээгүй үйл баримтууд буюу баримт бичгүүд дутуу атал 7/10 тэмдгийн дугаартай улсын бүртгэгч бүртгэл хийж “Ж-О******” ХХК-ийг “П И Л*******” компанид шилжүүлсэн бүртгэлийг хийсэн нь хууль бус бөгөөд дараах байдлаар мөн хууль зөрчсөн байна.

Компанийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

1. Их хэмжээний хэлцэл хийсэн тухайд, компанийг хувьцаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон “Л********” ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх баримт бичигт үүсгэн байгуулагч Захирал Gai Keqin гарын үсэг зурсан. Гэтэл “Л********” ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай бөгөөд охин худалдах эсэх асуудлыг гүйцэтгэх захирал дангаар бус “Л********” ХХК-ийн эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх байсан. Үндэслэл нь компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах ... хэлцэл”-ийг их хэмжээний хэлцэлд тооцохоор хуульчилсан байна. Мөн тус хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана" гэж заасан. 2011 оны 04 сарын 05-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр “П И Л*******” компанид "Ж-О******" ХХК-ийг Г К Ч****** гарын үсэг зуран шилжүүлсэн. Гэтэл 2011 оны 11 сарын 01-нээс 2011 оны 03 сарын 31-ний өдрийн балансад "Ж-О******" ХХК-ийн эзэмшигчдийн өмчийн дүн 2,227,207,809.21 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Улмаар тус асуудал нь их хэмжээний хэлцэлд хамаарч байх тул “Л********” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар буюу Я Ч С****** оролцох ёстой байсан атал түүнд мэдэгдэлгүй худалдсаныг бүртгэсэн нь хууль бус юм.

Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн тухайд; Мөн Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.1 дахь хэсэгт “төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах;" бүрэн эрхтэй гэж заасан. Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно" хэмээн заасныг зөрчсөн. Учир нь "Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн “П И Л*******”  компанийн удирдлага нь “Л********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г К Ч****** өөрөө байдаг. Энэ нь Компанийн тухай хуульд заасны дагуу сонирхлын зөрчилтэй хэлцэлд хамаарагдах тул тус хэлцлийг “Л********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан.

Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн тухайд Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно” гэж заасан. Тус хуулийн 31.2.1-д нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл Г К Ч****** нь 2011 оны 04 сарын 15-ны өдөр Улсын бүртгэлд гаргасан өргөдөлдөө Дүрмийн санг 1,500,000 ам доллар буюу 1,800,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тус асуудлыг Компанийн тухай хуулийн 31.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн өөрчлөх шаардлагатай атал мөн нь Г К Ч***** дангаараа шийдвэрлэсэн байхад үүнийг бүртгэсэн үйлдэл нь 7/10 тэмдгийн дугаартай улсын бүртгэгчийн илт хууль бус үйл ажиллагаа байна. Дээрхээс үзвэл 7/10 тэмдгийн дугаартай улсын бүртгэгч нь Хувьцаа шилжүүлэх ажиллагааг хийхдээ Компанийн дүрэм болон хууль тогтоомжид заасан бусад хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн нь илт байна. Гэтэл хууль зөрчсөн уг өөрчлөлтийг таслан зогсоохын оронд ашиг сонирхлын зөрчилд автаж бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль бус байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 , 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэгт заасны дагуу 7/10 тэмдгийн дугаартай Улсын бүртгэгчийн 2011 оны 04 сарын 19-ний өдөр "Ж-О******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Маршалын арлуудын улсын “П И Л*******” ХХК-ийг 100%-ийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2011 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П И Л*******” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн агуулга нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Я Ч С****** нь 2006 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Л********” ХХК гэдэг хуулийн этгээдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г К Ч****** гэдэг хүнтэй хамтран үүсгэн байгуулж, тухайн компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч болсон. “Л********” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хуулийн этгээд болох “Ж-О******” ХХК-ийг тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч н.Э*******аас худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авч, тус компанийг өөрийн охин компаниар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Гэтэл “Жавхлан орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г К Ч******нь 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар өргөдөл гарган үүсгэн байгуулагч “Л********” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр гишүүний бүртгэлээс хасаж, хувьцаа эзэмшигчээр Маршалын Арлуудын улсын “П И Л*******” ХХК-ийг бүртгүүлэхээр хүсэлт гаргаж, бүртгүүлсэн. Ийнхүү бүртгүүлсэн нь Монголын Улсын бүртгэлийн холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч “...Манай байгууллага шийдвэрлэх боломжгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүл...” гэдэг байдлаар хариу өгсөн учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

“Л********” ХХК-ийг үүсгэн байгуулагч Г К Ч******  нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, тус компанийн өдөр тутмын асуудлыг хариуцаж явдаг. Харин Я Ч С****** нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад оршин суудаг, Монгол Улсад ирж очин байдаг. Гэхдээ компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд байнга оролцдоггүй байсан. Гэтэл тус компанийн охин компани болох  “Ж-О*****” ХХК-ийг худалдсан тухай мэдээллийг албан бус эх сурвалжаас сонсоод, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр холбогдох хүмүүст итгэмжлэл өгөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас нотлох баримт гаргуулахад тухайн ажиллагааны явцад уг бүртгэлийг хийхдээ хэд хэдэн алдаа гаргасан байна. Улсын бүртгэгч нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр тухайн бүртгэлийг хийсэн байна гэж үзэн шүүхэд хандсан.

Улсын бүртгэгчийн бүртгэсэн бүртгэл нь ямар байдлаар хууль тогтоомж зөрчсөн, ямар үүргээ биелүүлээгүй талаар тайлбарлая. Маргаан бүхий бүртгэлийг улсын бүртгэгчийн 7/10 тэмдгийн дугаартай бүртгэгч бүртгэсэн байдаг. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Улсын бүртгэлийн хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль буюу 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан хуулийг тус тус зөрчсөн байдаг. Тодруулбал Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нөхцөлүүдийг хуульчилсан байдаг. Тус зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу байгаа тохиолдолд улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах” тухай зохицуулсан байдаг. Гэтэл 7/10 тэмдгийн дугаартай бүртгэгч нь дор дурдсан баримт бичгийн бүрдэл дутуу байхад тухайн хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргахдаа тодорхой 4 асуудалд өөрчлөлт оруулахаар Г К Ч***** гэдэг хүн өргөдөл гаргасан байдаг. Нэгдүгээрт: Үүсгэн байгуулагч  “Л********” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасах, Хоёрдугаарт: Хувьцаа эзэмшигчээр Маршалын Арлуудын улсын “П И Л*******” ХХК-ийг 100 хувь өмчлөх эрхтэйгээр бүртгүүлэх, Гуравдугаарт: Компанийн дүрмийн санг 1,5 сая ам.доллар буюу 1 тэрбум 800 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Дөрөвдүгээрт: Гадаадын хөрөнгө оруулалттай компани болж, ашигт малтмалын хайгуулын Х-9444 лицензийг бүртгэх хүсэлт гаргасан. Ийнхүү бүртгүүлэхдээ дор дурдсан нөхцөл байдлыг улсын бүртгэгч харгалзаж үзэлгүйгээр бүртгэсэн байдаг.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон “Л********” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх баримт бичигт үүсгэн байгуулагч, захирал Г К Ч*****гарын үсэг зурсан, гэтэл тухайн компани нь 2 үүсгэн байгуулагчтай гэдэг нь өргөдөлд хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байдаг. “Л********” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь тухайн компанийн охин компанийг өөр бусад этгээдэд шилжүүлэх эрх олгосон заалт байхгүй. Мөн өргөдөлд хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хавсаргаагүй байдаг. Мөн “Ж-О******” ХХК-ийн хувьцааг худалдах талаар “Л********” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хууль бус шийдвэр гарснаас гадна худалдан авсан гэх “П И Л*******” ХХК-иас тухайн компанийн хувьцааг худалдаж авах тухай шийдвэр гараагүй байдаг. “П И Л*******” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг өргөдөлд хавсаргаагүй, харин Маршалын Арлуудын “Ж*****” ХХК-ийн товч танилцуулгыг хавсаргасан байна. Уг баримтаас харахад ерөнхий захирал Г К Ч******  буюу “Л********” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь тухайн хэлцлийн нөгөө талд буюу шилжүүлж авч байгаа “П И Л*******” ХХК-ийн ерөнхий захирлаар байдаг. Энэ нь сүүлд гуравдагч этгээдээс ирүүлсэн нотлох баримтаар ч гэсэн энэхүү нөхцөл байдал тогтоогдоно. Тэр нь юу вэ гэхээр “П И Л*******” ХХК-ийг Г К Ч******  нь Л Т***** гэдэг хүнд зарсан, энэ асуудлаар мөн хоорондоо маргасан байдаг. Энэ нөхцөл байдлаас харахад Г К Ч*****нь  өөрийн  эзэмшиж байсан компанид байсан нэг охин компанийг өөрийн өөр нэгэн компани руу шилжүүлсэн. Үүнийг улсын бүртгэлийн байгууллагад өгсөн баримтуудаас тодорхой харагдаж байхад улсын бүртгэгч нь энэхүү нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Дээрээс нь нэмээд өргөдөлд хавсаргасан Republic of Marshall island register of corporation буюу улсын бүртгэлийн гэрчилгээний орчуулгыг хавсаргаагүй, дан англи хэл дээрх хувийг авсан. Мөн Republic of Marshall island Endorsement certificate гэсэн гэрчилгээ байсан тус гэрчилгээний орчуулгыг хавсаргаагүй,  мөн компанийн дүрмийн орчуулгыг хавсаргаагүй. “Хаан” банкны 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолтоос харах юм бол тухайн өдрийн байдлаар  компанийн дансанд 10 сая юанийн үлдэгдэл байна гэсэн тодорхойлолт байдаг. Мөн “Ж-О******” ХХК-ийн 2011 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланд дурдсанаар мөнгө, түүнтэй адилтгах мөнгөний эцсийн үлдэгдэл нь 1,8 тэрбум төгрөг байдаг. Тэгэхээр ийм хэмжээний хөрөнгөтэй компанийг шилжүүлж байгаа асуудал нь Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах асуудал байсан бөгөөд их хэмжээний хэлцэл нь Компанийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн хуралд оролцсон этгээдүүд санал нэгтэйгээр шийдвэрлэх ёстой байдаг боловч энэ ажиллагааг зөрчсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэх баримтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн. Тэгэхээр улсын бүртгэгчийн бүртгэсэн энэ бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байгаа учраас тус бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.” гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гангамөрөн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж-О******” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлөх бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй саналтай байна. Учир нь “Ж-О******” ХХК-ийг 2008 онд “Л********” ХХК  үүсгэн байгуулсан. “Л********” ХХК  нь 2 хувьцаа эзэмшигчтэй, 20 хувийн хувьцаа эзэмшигч ньГ К Ч****** 80 хувийн хувьцаа эзэмшигч нь Я Ч С**** гэсэн 2 гадаад улсын иргэд байдаг. Ингээд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараад “Ж-О******” ХХК-ийг 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэн байгуулсан байна. 2011 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр “Ж-О******” ХХК-иас буюу өөрөөс нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарч, мөн 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шалгууруудыг хангаж, улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ ирүүлсэн. Нэхэмжлэгч тайлбартаа гэрчилгээний орчуулгыг хавсаргаагүй гэж дурдаж байна. 2003 онд батлагдсан буюу 2011 онд бүртгэл хийж байх үед хувийн хэрэгт өөрчлөлт оруулахад авагдах нотлох баримтад тухайн баримтууд тусгагдаагүй байсан. Одоо 2018 онд батлагдсан хуулийн дагуу нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа баримтууд авагддаг болсон. Ингээд 2011 онд бүртгэл хийж байх үед 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуулийг үндэслэж бүртгэдэг байсан. Тэгэхээр хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад батлагдсан маягт буюу 05 маягт гэж байдаг. Тухайн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан буюу 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд тухайн өргөдлийг гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай байдаг, үүнд маргаан байхгүй эрх бүхий этгээд тухайн өргөдлийг гаргасан байсан. Мөн үүсгэн байгуулах баримт бичгийн мэдээлэлд өөрчлөлт оруулах шийдвэр гэж байдаг. Нэхэмжлэгч тал энэ шийдвэртэй холбогдуулан маргадаг. Тухайн шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагаас үнэн зөв гэж яагаад үзсэн бэ гэвэл тухайн “Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Л********” ХХК  гэж 100 хувийн  гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан. Энэ тохиолдолд “Л********” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч нь “Л********” ХХК-ийг төлөөлж охин компани болох “Ж-О******” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулъя гэсэн шийдвэр гаргаж, тамга тэмдгээ дараад оруулж ирсэн.

Мөн “Л********” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Я Ч С****** /YANG QINGSHAN/  нь Монгол Улсын хуулийн дагуу жил болгон компанийн эцсийн өмлөгчийг бүртгүүлэх эрх зэргийг Г К Ч******-д олгосон байсан. Үүнийг үндэслээд  “Л********” ХХК-иас “Ж-О******” ХХК-ийг “П И Л*******” компани гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани руу шилжүүлсэн. өөртөө итгэм үнэмшил хэлцлийн нэг тал үнэн зөв мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь нэмэгдэж орж ирсэн. Тухайн үед бүртгэл хийсэн бүртгэгч нь  итгэл үнэмшилтэй байхын тулд эрх шилжүүлэх нотариатын үйлдлээр гэрчлэгдсэн баримтыг давхар авсныг миний хувьд зөв болсон гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл тухайн хуулийн этгээд нь улсын бүртгэлийн байгууллагад үнэн зөв мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Мөн шийдвэртээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж орж ирсэн байсан. Эрх бүхий этгээд Г К Ч****** / нь тухайн бүртгэл хийлгэсэн өдрөө “Ж-О******” ХХК-ийн дүрмийг баталж хавсаргасан байсан. Энэ бүртгэл нь 2003 онд батлагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд нийцсэн бүрдэл хангасан, мөн дийлэнх олонх хувьцаа эзэмшигч нь охин компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өөрчлөлтийг шийдвэрлэсэн гэж үзэн учраас тус бүртгэлийг үнэн зөв гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5.Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Я Ч С****** нь “Ж-О******” ХХК-ийн 2011 оны хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн маргаан бүхий бүртгэл хийгдэх үед буюу 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар “Ж-О******” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй байсан. Уг хувьцаа эзэмшигч “Л********” ХХК гэх хуулийн этгээд байсан. Нэхэмжлэгч нь “Жавхлан орд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь хүнийхээ хувьд байгаагүй, харин “Ж-О******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Л********” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч юм. Үүнээс харахад “Ж-О******” ХХК-ийн толгой компани болох “Л********” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшдэг болохоос “Ж-О******” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаагүй мөртөө нэхэмжлэл гаргаад “Ж-О******” ХХК-ийг “П И Л*******”  ХХК-д шилжүүлсэнтэй маргаж байгаа нь нэхэмжлэгч Я Ч С****** / гэдэг хүний “Л********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар субьектив эрхийг зөрчсөн зөрчил гарсан эсэх нь эргэлзээтэй байна. “Ж-О******” ХХК-ийг шилжүүлснээр “Л********” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я Ч С******гийн ямар эрхийг хөндсөн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч нь тухай үед мөрдөгдөж байсан 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг зөрчсөн буюу баримт бичгийн бүрдэл дутуу гэж маргадаг. Энэ нь “Ж-О******” ХХК-ийг шинээр улсын бүртгэлд бүртгэж байгаа биш харин үүсгэн байгуулах бүртгэлд өөрчлөлт орж байгаа буюу хувьцаа эзэмшигчийн бүртгэл өөрчлөгдөж байгаа асуудал нь 2003 онд батлагдсан хуулийн 22 дугаар зүйлд зохицуулагдсан байдаг. Тус 22 дугаар зүйлд “Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд “Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, дүрмийн шинэчилсэн найруулга, улсын тэмдэгтийн хураамж” гэсэн 4 баримтыг бүрдүүлдэг. Эдгээр 4 баримтыг тухайн үед бүртгэл хийлгэхдээ гаргаж өгсөн байна. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллага тухайн бүрдүүлж ирсэн баримтын агуулга руу орж шалгадаггүй, хэрвээ тухайн баримтуудын агуулга руу орж шалгах юм бол улсын бүртгэлийн байгууллага эрх хэмжээгээ зөрчсөн асуудал болох юм. Тийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар бүрдүүлж авчирсан баримтын хүрээнд хуульд заасан бүрдлийг нь шалгаж бүртгэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дараагийн үндэслэл нь бүрдүүлж ирсэн баримтууд нь Компанийн тухай хуулийн 87, 89 дүгээр зүйлд заасан их хэмжээний болон ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл байсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр “Л********” ХХК-ийн охин компани болох “Ж-О******” ХХК-ийгП И Л*******” ХХК-д шилжүүлсэн гэрээ, хэлцэл нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа юм. Тухайн хэлцэлтэй маргасан, тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулсан иргэний хэргийн журмаар гарсан аливаа шүүхийн шийдвэр байхгүй. Энэ хэлцлийг их хэмжээний хэлцэл гэж ямар баримтад үндэслэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг асуудлын хувьд тухайн үед “Л********” ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшиж байсан Г К Ч*****нь өөрийн захиран зарцуулах эрхтэй охин компанийн хувьцааг өөрийн гадаад дахь хуулийн этгээд рүү шилжүүлсэн. 2011 оны 011 дугаартай “Ж-О******” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрт үүсгэн байгуулагч “Л********” ХХК-ийн захирал Г К Ч****** гэж байдаг. Үүнээс харахад хувьцаа эзэмшигч Г К Ч******  гэхээсээ илүү “Л********” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу тус компанийн хөрөнгийг зарцуулах, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бүрэн эрхтэй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй захирал Г К Ч*****шийдвэр гаргаад явж байгаа юм. Өөрөөр хэлбэл захирал гэдэг албан тушаалтны хувьд “Л********” ХХК-ийн охин компани болох “Ж-О******” ХХК-ийн хувьцааг буюу хөрөнгөө удирдаж байгаа үйл явдал юм. Үүнд хууль зөрчсөн үйлдэл харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Ж-О******” ХХК-ийг  “П И Л*******” ХХК-д шилжүүлэх үед  “П И Л*******” ХХК-ийн толгой компани нь “Ж****” гэх компани байсан, тус компанийг төлөөлж Г К Ч*****гарын үсэг зурсан байна гэж тайлбарласан. Гэтэл 2011 оны 07 дугаар сард тус “Ж****” ХХК-ийн 100 хувь эзэмшиж байсан  “П И Л*******” ХХК-ийн 95 хувийн хувьцааг “Ф*******” гэх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд шилжүүлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл 2011 оны 04 дүгээр сард бүртгэл хийгдэх үед “Ж-О******” ХХК-ийн эцсийн өмчлөгч байсан этгээдүүд 2011 оны 07 дугаар сард өөрчлөгдсөн гэсэн үг юм. Тухайн бүртгэлээс хойш 11 жилийн дараа маргаан гараад, энэ хугацаанд “Ж-О******” ХХК-ийн эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн. Хэрвээ хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг шүүхээс хүчингүй болговол хөрөнгө оруулалттай холбоотой маш том эрсдэл хөндөгдөнө. Энэ компанийн цаашид оршин тогтнох эсэх асуудал, мөн ажилчид, албан хаагчдын ажил, амьдрал болон цалин хөлс, тус компанид ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн эрх хөндөгдөнө. Тэгэхээр “Ж-О******” ХХК-ийн 80 хувь болон 20 хувийн хувьцаа эзэмшигч нар нэгнийгээ хуралд оруулахгүйгээр хувьцаагаа шилжүүлсэн асуудал биш “Л********” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын асуудлыг ярьдаг. Тийм учраас “Ж-О******” ХХК-ийн хувьцааг өөр компанид шилжүүлсэн нь “Л********” ХХК-ийн энгийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Я Ч С****** / гийн эрхийг хөндсөн зүйл байхгүй юм. “Ж-О******” ХХК-ийн хувьд 1 хувьцаа эзэмшигчтэй учраас 1 л үүсгэн байгуулагчийн шийдвэр гэсэн баримт гарна. Харин охин компани болон хөрөнгөө хэрхэн зарцуулах талаар “Л********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Г К Ч****** болон Я Ч С****** нарт байгуулсан гэрээ хэлцэл байхгүй, мөн компанийн дүрэмд тодорхой заагаагүй. Тэгэхээр тус бүртгэл нь хууль зөрчиж бүртгэсэн зүйл харагдахгүй байгаа учраас хууль ёсны бүртгэл гэж үзнэ. Тус бүртгэл хүчингүй болох юм бол хөрөнгө оруулагч нар болон компанийн ажилчдын эрх хөндөгдөх нөхцөл байдал үүснэ. Тийм учраас тус бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд бүртгэлийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар нэгэн байдлаар эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдсөн эрх нь эргээд сэргэх боломжтой субьектив эрхийн талаар нэхэмжлэл гаргадаг. Тус хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь хувьцаа эзэмшигч нь үндсэн хуульд заасан өмчлөх, эзэмших эрхтэй холбоотойгоор эрх нь зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл тус маргаан бүхий бүртгэлийн хувьд гэрээ, хэлцлийн үндсэнд хийгдэж байгаа бүртгэл юм. Нэхэмжлэгч нь тус бүртгэлд өөрчлөлт оруулах нөхцөл болсон хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндэслэлтэй холбогдуулан маргаагүй атлаа зөвхөн 2011 онд бүртгэсэн бүртгэлтэй холбогдуулан маргаж байна. Тухайн улсын бүртгэлийн үндэслэл болсон гэрээ хэлцэлтэй маргаж, үүнийг нь иргэний хэргийн шүүхээс тогтоосны дараа улсын бүртгэлд өөрчлөлт практик нэгэнт тогтсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч нэхэмжлэгчээс гэрээ хэлцэлтэй холбоотой эсхүл хувьцаа эзэмшигчийн хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа юу гэж асуухаар байхгүй гэж тайлбарладаг. Мөн Монгол Улсад итгэмжлэл авсан этгээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад маргаад яваад байна. Гэтэл нэхэмжлэгч Я Ч С******  нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа эсэх нь тодорхойгүй. Мөн яагаад тус маргаантай холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй мөртөө яагаад сүүлд хийгдсэн захиргааны бүртгэлтэй маргаад байгаа юм бэ? Тухайн 2011 оны бүртгэлээс хойш тус компанийн хувьцаа эзэмшигч нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Хэрвээ тус бүртгэлийг хүчингүй болгох бол эдгээр хүмүүсийн эрх, ашиг мөн хөндөгдөнө. Маргаан бүхий бүртгэлийг хийгдэх үед буюу 2011 онд мөрдөгдөж байсан хуульд заасан 4 төрлийн баримт бичгийг бүрдүүлж өгсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан.  “Л********” ХХК нь охин компани болох “Ж-О******” ХХК-ийг шилжүүлсэн үйлдэлдээ ямар нэгэн байдлаар хувь иргэн, хувьцаа эзэмшигч оролцох боломжгүй. Толгой компани нь охин компаниа шилжүүлэхийн тулд тухайн хуулийн этгээд өөрөө шийдвэр гаргана. Тийм учраас үүсгэн байгуулагчид өөрчлөлт оруулах шийдвэрийг “Л********” ХХК гаргах ёстой. Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Компани нь нэг үүсгэн байгуулагчтай байж болно, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно” гэж заасан. Үүний дагуу “Ж-О******” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх шийдвэрийг “Л********” ХХК нь гаргасан юм. “Ж-О******” ХХК нь 2009 онд “Л********” ХХК-д бүртгэлтэй байсан нь харагддаг. Харин 2013 онд улсын бүртгэл хийгдэхэд нэхэмжлэгч Я Ч С****** нь тухайн үед улсын бүртгэлтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зураад явж байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тухайн үед улсын бүртгэлийн баримт бичигт гарын үсэг зурж байсан хүн гэнэт мэдсэн маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу явагдсан эсэх, компанийн эрх шилжүүлэх гэрээ хуулийн дагуу хийгдсэн эсэх, компанийн бүртгэл хийсэн баримт бичгийг Компанийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн эсэхийг эхлээд иргэний хэргийн шүүхээс тогтоосны дараа захиргааны хэргийн шүүхэд хандаж явах ёстой. Мөн нэхэмжлэгч талаас Г К Ч*****-ны гарын үсэгтэй холбогдуулан маргадаг. Үүнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.2, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-т заасны дагуу гарын зурах эрхтэй этгээд байсан гэдэг нь тодорхой харагддаг. Хууль хэрэглээний хувьд аливаа иргэний бүртгэл хийгдэж байгаа баримт бичгийн асуудал шийдэгдээгүй байхад захиргааны байгууллагын шалгах ёстой шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэт авчирсан тохиолдолд улсын бүртгэгч бүртгэлийг хуульд заасны дагуу хийх ёстой. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр баримт бичиг бүрдүүлж өгсөн тайлбарлаж байгаа боловч Я Ч С****** болон Г К Ч******  нарын хооронд маргаан байхгүй гэж тайлбарладаг. Хэрвээ үнэхээр нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бүртгэл хийсэн гэж маргаж байгаа бол  эдгээр хүмүүсийн хооронд маргаан байх ёстой. Мөн нэхэмжлэгч талаас хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх, эзэмших эрх, компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн, мөн эрх борлуулалтын орлогоос өөрт ногдох хувийг хүртэх, орлого олох байсан гэж тайлбарладаг. Гэтэл хувийн эрх зүйн шинжтэй энэ эрхийг захиргааны хэргийн шүүхээр тус бүртгэлийг хүчингүй болгосноор эргэн сэргээх боломжтой юм уу? Олон дахин хувьцаа эзэмшигчид нь солигдож, хэд хэдэн удаа бүртгэл хийгдсэн учраас эдгээр хүмүүст учрах хохирол, хор уршгийг хэрхэн шийдвэрлэх юм бэ? 2011 хийгдсэн бүртгэлийг хууль бус гэж үзсэн тохиолдолд тус бүртгэлд үндэслэсэн дараа нь албан ёсоор шилжүүлж авсан этгээдүүдийн эрх ашиг хэрхэх юм бэ” гэв.

Иргэдийн төлөөлөгч Э.Ч***** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Л***** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Би мөн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Я Ч С****** -аас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П И Л*******” компанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй” болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А-2371 дүгээр тушаалаар “Л********” ХХК Улаанбаатар хотод нэг жилийн хугацаатай байгуулахыг зөвшөөрснөөр Я Ч С******-20 хувийн хувьцаа эзэмшигч, Г К Ч******-80 хувийн хувьцаа эзэмшигчээр мөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

3.2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Л******” ХХК-ийн дүрмийг Я Ч С****** Г К Ч******  нар гарын үсгээ зурж Үндэсний татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн албанд хүргүүлж, Г К Ч****** -ийг тус компанийн захирлаар томилсон бөгөөд уг бүртгэл одоо хүчин төгөлдөр байна.

4.2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г “Ж-О******” ХХК-ийг төлөөлж үүсгэн байгуулагч Г.Э*****, “Л********” ХХК-ийг төлөөлж захирал Г К Ч******  нар байгуулж гарын үсгээ зуржээ.

5.Харин “Л******” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “...бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн тус компани нь “Ж-О******” ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувь буюу 1000000 төгрөгтэй тэнцэх хөрөнгийн эзэмшигч болж буйг эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр баталгаажуулах, тус компанийн Гүйцэтгэх захирлаар Г К Ч******-ийг томилж холбогдох баримт бичиг бүрдүүлэхийг үүрэг болгож” тус тус шийдвэрлэжээ.

6.Улмаар “Ж-О******” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр компанийн үүсгэн байгуулагчаас Г.Э******-ыг хасч “Л********” ХХК-ийг элсэн оруулахаар, компанийн гүйцэтгэх захирлаар Г К Ч****** -ийг томилжээ.

7.Мөн өдөр “Ж-О******” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г К Ч******  Үндэсний татварын албанд хандаж, компанийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Л*****” ХХК, Гүйцэтгэх захирлаар Г К Ч****** ...томилогдсоныг тус тус бүртгүүлжээ.

8.Харин 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Ж-О******” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г К Ч******-ээс “Л********” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасах, үүсгэн байгуулагчаар Маршалын арлуудын “П И Л*******” ХХК-ийг 100 хувийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлэх, дүрмийн санг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай болгон өөрчилж ашигт малтмалын хайгуулын 9444Х лицензийг бүртгүүлэхээр өргөдөл гаргаж, өргөдөлд УБ-05 маягт, хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтын хуудас, “Ж-О******” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, “Ж-О******” ХХК-ийн дүрэм, компанийн эрх шилжүүлэх гэрээ, энгийн хувьцаа шилжүүлэх баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргажээ.

9.Дээрх баримтуудад хуулийн этгээдийг /”Ж-О” ХХК/ төлөөлж Г К Ч****** гарын үсэг зуржээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ”, 22.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”; 22.1.2-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”;  22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.4-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж тус тус заажээ.

          10.Дээрхээс дүгнэвэл “Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П И Л*******”  компанийг бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

          Учир нь “Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П И Л*******” компанийг бүртгэхдээ хуульд тухайлан заасан УБ-05 маягт, “Ж-О******” ХХК-ийн хөрөнгө оруулагчаар Маршалын Арлуудын “П И Л*******”  компанийг бүртгүүлэх тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, “Ж-О******” ХХК-ийн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргасан байх бөгөөд эдгээр баримтууд нь хуулийн дээрх шаардлагад нийцэж байна.

           11.Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...Үүсгэн байгуулагч  “Л********” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасах, Хувьцаа эзэмшигчээр Маршалын Арлууд улсын “П И Л*******”  ХХК-ийг 100 хувь өмчлөх эрхтэйгээр бүртгүүлэх, Компанийн дүрмийн санг 1,5 сая ам.доллар буюу 1 тэрбум 800 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалттай компани болж, ашигт малтмалын хайгуулын Х-9444 лицензийг бүртгүүлэхээр Г К Ч***** УБ-05 маягтад дурдсан байх боловч энэ тухай баримтуудыг хүсэлтдээ хавсаргаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу учир улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар бүртгэлийг бүртгэхээс татгалзах нь зүйтэй байсан... гэж тайлбарлан маргажээ. 

          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзана” 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” 18.1.2-д “өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.3, 15.4-д заасан үндэслэл байгаа”, 18.2-д “Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол энэ тухай бичгээр шийдвэр гаргаж, уг шийдвэрийг өргөдөл гаргагчид хүргүүлнэ”, 18.3-д “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн хуулийн этгээд шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ.

          12.Улсын бүртгэгч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу баримт бичгийн бүрдлийг шалгаж бүртгэх үүрэгтэй болохоос биш нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаж буй дээрх баримтуудыг хавсаргах талаар хуульд тухайлан заагаагүй, энэ талаар хянан шалгах чиг үүргийг хуулиар олгоогүй тул баримтын бүрдэл дутуу гэж үзэж бүртгэлийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

          13.“Л******” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч Г К Ч****** нь  “Ж-О******” ХХК-ийг бусад шилжүүлэх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзвэл хуульд заасан үндэслэл журмын дагуу ердийн харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

          14.Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 690 дүгээр магадлалд дурдсан “Л********” ХХК-ийн дүрмийн санд хэдий хэмжээний хөрөнгөтэй эсэхийг Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс тодруулахаар шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 1/5072 дугаар албан бичгээр шаардсан боловч тус газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/1451 дүгээр албан бичгээр “Л********” ХХК-ийн 2010, 2011 оны санхүүгийн тайлан архиваас устгагдсан гэх хариуг ирүүлсэн тул энэ талаарх асуудлаар дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

          15.Иргэдийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан дүгнэлтдээ “Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэж дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Я Ч С******-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Ж-О******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П И Л*******” компанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод  хэвээр үлдээсүгэй. 

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧ                              Н.ДАМДИНСҮРЭН

 

                                             ШҮҮГЧ                               Д.ХАЛИ