Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1701

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01210 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б-д холбогдох

 

Автомашины үнийн үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч А.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Б- нь 2016 оны 05 дугаар сарын16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40 мянгатын 21, 22, 23 дугаар байр болон ТХ 30 дугаар байрнуудын дундах хуучин тоглоомын талбайг өөрчилж доороо 82 автомашины зогсоолтой, дээрээ тоглоомын талбай бүхий төсөл хэрэгжүүлэх болсон, ажил явуулахад хөрөнгө хэрэгтэй, хөрөнгөө оруулчих, цаашдаа хамтраад ажиллах санал тавьсан тул миний эзэмшлийн ланд круйзер 100 маркийн 35-07 УНЛ улсын дугаартай автомашиныг 20 сая төгрөгт тооцож авч, өөрийн нэр дээр шилжүүлж аваад цааш нь зарсан. С.Б- нь газрын зөвшөөрөл болон бусад бичиг баримт нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гаргуулж ажил эхлүүлнэ, тэгж чадахгүй бол би өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ гэж баталгаа гаргаж нотариатаар гэрчлүүлж гарын үсэг зурсан боловч дурдсан хугацаанд бичиг баримт гаргаагүй бөгөөд өөрөө хариуцлагаа хүлээхгүй арга саам хийсээр байгаад Сансарт байрлалтай авто зогсоол нэг ширхэг, дүүгийнхээ приус 10 маркийн автомашин нэг, шарга морьтод 4 айлын газар өгье гэсэн. Иймээс тохиролцож гэрээ байгуулан авто зогсоолыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөгт тооцож авсан. Тухайн үед приус 10 маркийн автомашиныг дүү нар нь надад авч ирж үзүүлсэн ба тэр машиныг зарж өгнө гэж худал хэлээд надад өгнө гэж байсан болохоор нь би аваагүй, 2 дүү нь өрөнд өгөх гэж байгааг мэдэхгүй байсан. Иймд авто зогсоолыг 5 сая төгрөгөөр тооцож авсан тул үндсэн шаардлага 10 сая төгрөг байсныг нэмэгдүүлж, 20 000 000 төгрөгийг хариуцагч С.Б-гаас нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-, М.Болдбаатар нартай дээрээ хүүхдийн тоглоомын талбай, доороо 85 машины зогсоолын барилгажилтын ажилд хөрөнгө оруулалтын зорилгоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 25 тоотын гэрчилгээ нь гараагүй байрыг 65 сая төгрөгт, мөн 1996 оны Ланд 100 маркийн 3507 УНЛ улсын дугаартай автомашиныг 25 сая төгрөгт бодож авсан. Гэрээгээ хийж нотариатаар орсноос 20 хоногийн дараа М.Болдбаатар байраа буцаан авсан. Ингээд бидний хооронд хийсэн хэлцэл цуцлагдаж дууссан. Б.Б-ын автомашин болох Ланд 100 маркийн автомашиныг 2016 оны автомашины ханшаар 15 сая төгрөгөөр зарж борлуулсан. Түүний автомашин нь Дөлгөөн нуурын автомашины засварын газрын хашаанд хөдөлгөөнгүй байсан. Ингээд 2017 оны 4 сард хоорондоо тохиролцож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан дээрээ тохижилт бүхий автозогсоолыг Б.Б-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгсөн. Хоорондын тохиролцоонд ямар нэг асуудалгүй, өр авлагагүй гэж тохиролцсон. Миний барьж байгуулсан дээрээ тоглоомын талбай, доороо автомашины зогсоол нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч бүгд 20-22 сая төгрөгт зарж борлуулагдаад дууссан. Иймд би Б.Б-д өгсөн үл хөдлөх хөрөнгө болох автозогсоолыг 22 сая төгрөгөөр үнэлж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.2-т зааснаар хариуцагч С.Б-гаас 6 974 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13 026 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Б.Б-аас төлсөн 350 000 төгрөгнөөс төлбөл зохих 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 42 050 төгрөгийг буцаан олгож, хариуцагч С.Б-гаас 126 534 төгрөг гаргуулж Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/01210 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдэх гомдлыг гаргаж байна.

С.Б- би Б.Б-, Л.Болдбаатар нартай 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай, автозогсоол барих ажилд хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 9-25 тоот хаягт байрлах орон сууц 65 сая төгрөгт, 35-07УНЛ улсын дугаартай ланд 100 маркийн автомашиныг 25 сая төгрөгт бодож баталгаа бичиж өгсөн. Уг баталгааг бичиж өгөхдөө орон сууц хамт байсан учраас мөн уг автомашиныг сайн үзэж хараагүй байхдаа 25 сая төгрөгт үнэлсэн. Гэтэл бодит байдал дээр уг автомашин нь маш их эвдрэл гэмтэлтэй байсан бөгөөд би уг автомашиныг 15 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Өөрөөр хэлбэл, Б.Балжинмям нь 35-07УНЛ улсын дугаартай ланд 100 маркийн автомашиныг 25 сая төгрөт бодож өгсөн боловч уг машин нь эвдрэл гэмтэл ихтэй байсан туп энэ үнэдээ хүрээгүй үүнийг гэрч шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлдэг.

Би 2011 оны 04 дүгээр сард Б.Б-тай харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, Их тойруу гудамж, 30/1-3 тоот хаягт байрлах нэг машины автозогсоолыг ланд круйзер маркийн автомашины өрөнд шилжүүлэн өгч төлбөр тооцоогоо хаасан. Гэтэл 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл зөрүү мөнгөний талаар ямар нэг шаардлага тавьж байгаагүй атлаа намайг зуслангийн газар зарах сургаар үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Талууд хэдийгээр тооцоо нийлсэн баримт бичгээр үйлдээгүй боловч 2017 оны 04 дүгээр сард харилцан тохиролцож тооцоо дууссан. Гэтэл дахин 6 974 000 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч С.Б-д холбогдуулан 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 20 000 000 төгрөг болгон нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч автозогсоол барихад нь зориулж нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Ланд 100 маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр тооцож түүнд шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар болон хариуцагчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гаргасан баталгаа гэх баримтаар болон нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө болох Ланд 100 маркийн автомашиныг бусдад 15 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь гэрч П.Мөнхтулгын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5, 16, 122 дугаар тал/

 

Хариуцагч нь шилжүүлж авсан автомашины үнэ доголдлын улмаас буурсан гэж тайлбарлаж байх боловч доголдлын талаар худалдагч буюу нэхэмжлэгчид гомдлын шаардлага гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгө оруулсан автомашиныг буцаан өгөх боломжгүй болсон тул Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, Их тойруу гудамж, 30/1-3 тоот хаягт байрлах 14.56 м.кв талбайтай автозогсоолыг шилжүүлж өгсөн байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд автозогсоолын үнийг тохиролцоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу шүүх 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШЗ2018/03499 дугаар шүүгчийн захирамжаар “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, Их тойруу гудамж, 30/1-3 тоот хаягт байрлах 14.56 м.кв талбайтай автозогсоолыг 18 026 000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 69-99 дүгээр тал/

 

Иймд шүүхийн хариуцагчийг автомашиныг буцаан өгөх боломжгүй болсон тул гэрээгээр тохиролцсон 25 000 000 төгрөгөөс шинжээчийн үнэлсэн авто зогсоолын үнэлгээ 18 026 000 төгрөгийг хасч тооцож, үлдэх 6 974 000 төгрөгийг хариуцагч С.Б-гаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Харин талууд гэрээнээс татгалзаагүй байхад шүүх гэрээнээс татгалзахтай холбоотой хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу болно.

 

Талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан байх боловч харилцан солилцсон эд зүйлийн үнэ тэнцүү биш байгаатай холбогдох зөрүү үнийг шаардсан байх тул Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар худалдах, худалдан авьах гэрээний зохицуулалт хамаарна. Иймд нэхэмжлэгч эд зүйлийн үнийн үлдэгдлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.2-т” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                              ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                       

                                                                                                 С.ЭНХТӨР