Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 892

 

 

 

 

 

 

 2020           07             07                                          2020/ДШМ/892                                                                       №  Т  M № 546                                  МАЛАЛ

Б.Б-, А.Г-, Б.Ч-, Г.Н-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

яллагдагч Б.Б-, А.Г- нарын өмгөөлөгч Г.Ичинхорол,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1821 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Бямбацэемаагийн бичсэн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б-, А.Г-, Б.Ч-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн 1906047372090 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн Б-ий Б, Завхан аймгийн Улиастай суманд 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Од-Ус” ХХК-д инженер ажилтай гэх, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 000 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

2. А овгийн А-ын Г, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Мон-Энергео” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 000 дугаар хороо, 00 хэсэг, Төмөр замын гудамжны 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

3. З овгийн Б-гийн Ч, Увс аймгийн Өмнөговь суманд 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Орхон аймаг, Цагаанчулуут багийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:00000000/,  

4. Б овгийн Г-ын Н, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХААИС-ийн оюутан гэх, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Б.Б-, А.Г-, Б.Ч-, Г.Н- нар 2019 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66д байрны орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдсоны улмаас тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-, А.Г-, Г.Н-, Б.Ч- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүлээн авч 60 дугаартай мөрдөн байцаалт явуулах тухай прокурорын тогтоол үйлдсэнээс өөр ямар ч ажиллагаа хийгээгүй. Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл үйлдэж, өмнөх яллах дүгнэлтээ хуулж ирүүлсэн байна. Б.Б-, А.Г- нар орцонд 3 залуу байсан, тэд гар утас дээрэмдүүлсэн талаар удаа дараа мэдүүлэг өгч, хүсэлт гаргасаар байхад яллагдагч Б.Ч-, Г.Н- нараас өөр хүн байсан эсэх, гар утас дээрэмдсэн эсэх талаар огт шалгаагүй ...” гэсэн дүгнэлт хийж хэргийн прокурорт буцаажээ.

Прокурор А.Бямбацэемаа бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “... өмнө нь оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч шийдвэрлээгүй гэж хэргийг прокурорт буцаасан. Үүний дагуу тухайн зөрчлийг арилгасан. Гэрч Ж.Дамдинсүрэн “... 30 орчим минутын дараа байх Чинзориг гаднаас гүйж орж ирээд хүнтэй зодолдчихлоо гэхээр нь яасан юм гэж асуухад гаръя гэсэн. Тэгэхээр нь юу болсон юм гэж асуухад “орцны үүдэнд эхнэр, нөхөр 2 хүнтэй муудалцаад би нөхрийг нь цохисон, тэгэхэд эхнэр нь болиулаад орж ирэх гэж байтал нөхөр нь намайг өшиглөөд цохихоор нь Наранбат бид хоёр зодолдсон. Эхнэр нь цагдаа дуудлаа гэхээр нь би гүйгээд ороод ирлээ. Наранбат орцны үүдээр гарсан” гэхээр нь би Наранбатыг эгчийндээ орсон байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх 26/, гэрч Ц.Хишигдоржийн /хх-н 28/ мэдүүлэг, шинжээчийн 9670, 9669, 9661, 11017 дугаартай дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудыг прокурор өөрийн дотоод итгэлээр үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзсэн. Энэ талаар шүүх урьд гаргасан захирамждаа огт дурдаагүй атлаа захирамжийн заалтыг биелүүлээгүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Яллагдагч Б.Б-, А.Г- нарын өмгөөлөгч Л.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, өмнө шүүхээс буцаасан ажиллагааг хийгээгүй, хэргийн оролцогч болон өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариу мэдэгдэх хуудас өгсөн тэр өдрөө хэргийг шүүхэд шилжүүлж гомдол гаргах эрхийг маань зөрчсөн. Нотолбол зохих байдал нотлогдоогүй учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Ч-, Г.Н-, Б.Б-, А.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтээс үзэхэд яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, хэн нь хэний эрүүл мэндэд хэрхэн хохирол учруулсныг нотолж чадаагүй нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан шаардлагын дагуу нотолж ирүүлээгүй байх тул энэ үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай.

            Харин гурван хүнд эд хөрөнгөө дээрэмдүүлсэн талаар хохирогч Б.Б-, А.Г- нарын анхны мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэйн гадна гэрчийн мэдүүлэг, гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэлтэй тохирохгүй байхад шүүх дээрэмдэх гэмт хэрэг гарсан эсэх, Б.Ч-, Г.Н- нараас өөр хүн байсан эсэхийг шалгуулахаар хэргийг буцаасан нь буруу болжээ.

            Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Б.Ч-, Г.Н-, Б.Б-, А.Г- нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1821 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Б.Ч-, Г.Н-, Б.Б-, А.Г- нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээр прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Б-, А.Г-, Б.Ч-, Г.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ         

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН