| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00199/И |
| Дугаар | 155/ШШ2021/00481 |
| Огноо | 2021-04-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2021/00481
| 2021 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2021/00481 | Хөвсгөл аймаг |
Хэргийн индекс 155/2021/00199/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн У сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар РН.., Х. овогт Б.У.н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С. аймгийн Б. сумын .. дүгээр баг, М... тоотод оршин суух, регистрийн дугаар РФ.., И. овогт М.Г.д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.У. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Г анх 2011 онд танилцаж, улмаар хайр сэтгэлтэй болж, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин Г.Н..д төрснөөр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Би хоёр гэрлэлтээ бүртгүүлсэн хэдий ч хамтран амьдарч байгаагүй. М.Г. 2011 онд Сүхбаатар аймагт цэргийн албанд татагдаж, тэндээ улирч ажиллах болсон. Тусдаа амьдарч байх хугацаандаа Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд охин бид хоёр дээр ирээгүй. Би 2019 онд одоогийн нөхөр н.Б. танилцаж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хурим найраа хийж, хамтран амьдарч эхэлсэн. Би 2021 оны 5 дугаар сард төрөх учир хүүхдээ эцгийнх нь нэрээр овоглуулахаар өмнөх гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай болсон. Бид хүүхдээ эцгээр нь овоглохын тулд л гэрлэлтээ батлуулсан. Одоо М.Г. бид хоёр хоёулаа тус тусдаа амьдрал зохиосон, хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах шаардлага зүй ёсоор гарч байна.
Бидэнд эд хөрөнгө болон 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Гэрэлтнямын Нямхандын асрамжийн талаар маргаан байхгүй. Бид хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ тохиролцсон учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
Хариуцагч М.Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Б.У. гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хэн хэн нь тус тусын амьдралтай болсон учраас ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгийн асуудлаар Б.У. бид хоёр харилцан тохиролцсон. Б.У. хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана гэсэн. Миний бие Сүхбаатар аймаг ажиллаж амьдардаг мөн Ковид-19 өвчин гарсантай холбоотой Хөвсгөл аймагт очиж шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү. Б.У. бид 2 тус тусын амьдралтай болоод 4 жил болж байна. Цугтаа амьдарч байгаагүй, гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамжийн тал дээр маргаан байхгүй. Тэтгэлгийг тохиролцсон. Би тусдаа гэр бүлтэй болсон талаарх холбогдох нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулах явуулах гэсэн боловч манай аймагт Ковид-19 өвчний улмаас 0 зогсолт хийсэн. Төрийн үйлчилгээ авах боломжгүй байна. Би хүсэлтдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргасан болно. Шуудангаар явуулах боломжгүй тул цахимаар хүргүүлэв. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У. нь хариуцагч М.Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Т. сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн .. дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон байна.
Нэхэмжлэгч нь 5 дугаар сард төрөх бөгөөд хүүхдээ төрсөн эцгээр нь овоглохын тулд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.У., хариуцагч М.Г. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэрлэгчдийн дундаас 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин Г..н Нямханд төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.У. нь охин Г.Н. өөрийнхөө асрамжид авахаар шаардахад хариуцагч М.Г. хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байх тул хүүхдийг эх Б.У. асрамжинд үлдээлээ.
Охин Г.Н.г эх Б.У. асрамжинд үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг М.Г., эх Б.У. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Нэхэмжлэгч Б.У. хариуцагч М.Г..с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед татгалзсан бөгөөд зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..., гэж мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, ... хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.)) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г.с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.У..д олголоо.
Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тус тусдаа гэр бүлээс гадуур харьцаа үүсгэсэн, өөр өөр орон нутагт ажиллаж амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РН..., Х.р овогт Б.У.., регистрийн дугаар РФ., И. овогт М. Г. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РН..., 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, охин И. овогт Г.н Н.г эх Б.У..н асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г.с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.У.д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА