Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э        

Улсын яллагч О.А

Хохирогч Р.Т

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Ц-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, .. настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дорноговь аймгийн ... тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Ц /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл өөрийн хадам ээж болох Р.Т-ийн интернет банканд хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны тэтгэврийн зээлийн мэдээллийг өөрчлөн, нэмж зээлийн хүсэлт гарган 8 удаагийн үйлдлээр тэтгэвэрийн зээл гэж 13,730,000 төгрөгийг авсан, гэрээ байгуулж хууль бусаар зээлийн мэдээллийг өөрчилсөн,  хохирогч Р.Т-ийн тэтгэвэрийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад үлэмж хэмжээнээс дээш буюу 13,730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хадам ээж Р.Т-ийн интернет банкийг нь нээж өгч байсан тул гүйлгээний нууц үгийг, нэвтрэх нууц үүгийг нь мэддэг юмаа. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөнгөний хэрэг гараад хадам ээжид хэлэлгүй интернет банкинд нь нэвтэрж ороод тэтгэврийн зээл 5,000,000 төгрөг авчихсан. Тэгээд тухайн зээл дээр нэмээд зээл авч болоод байсан тул мөнгөний хэрэг гарах болгондоо 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 07 дугаар сарын 21-ний өдөр 3,550,000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 981,000 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 948,000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 950,000 төгрөгийг тус тус хадам ээжид хэлэлгүй авчихсан. Тэгээд хадам ээж мэдээд цагдаад гомдол гаргасан байсан. Би мөнгөний хэрэг гараад тухайн зээлийг хэлэлгүй аваад байсан. Хадам ээжийг мэдэхгүй байх тэгээд буцаагаад хийчихнэ гэж бодоод авсан. Тухайн мөнгийг хэрэглээндээ зарцуулаад дууссан. Өөр хүн мэдээгүй. Би ганцаараа тухайн зүйлийг хийсэн. Би одоогоор төлөөгүй байгаа. Би цалингийн зээл хөөцөлдөж байгаа. Зээлээ бүтээгээд төлнө гэжээ. /хх-ийн 81-82/

Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хадам ээж Т-ийн интернет банкийг утсан дээр нь би нээж өгч байсан учир нэр, нэвтрэх нууц үгийг мэддэг болсон. Тэгээд 2023 оны 03 сараас эхлэн интернет банканд нь нэвтэрч тэтгэвэрийн зээл авсан. Нийт 8 удаагийн үйлдлээр 13,730,000 төгрөгийг авсан. Авсан мөнгөө нөхөртөө өгөх, хувийн хэрэгцээндээ зарцуулах, хүнээс авсан зээлээ төлөх байдлаар зарцуулсан. Би цалингийн зээл аваад хохирлыг төлж барагдуулна гэв. 

Хохирогч Р.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 дугаар сард би Ц-аар интернэт банкаар гүйлгээ хийлгэсэн юмаа. Тэгээд тухайн сардаа буюу 03 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгний зээл авсан. Дараа нь 06 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, 07 дугаар сарын 21-ний өдөр 3,550,000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 981,000 төгрөг, 09 дүгээр сарын 02-ны өдөр 940,000 төгрөг, 10 дугаар сарын 02-ны едер 961,000 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 948,000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны едер 950,000 төгрөг тус тус авсан. Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр банк дээр очиж зээл юу болж байгаа талаар асуухад та дахин зээл авсан байна гэж хэлсэн. Тэгээд Ц миний интернэт банкны нууц үгийг мэддэг тул би Ц руу яриад чи авсан юмуу гэтэл тиймээ манай нөхөрт битгий хэлээрэй 7 хоног хүлээчих гээд уйлаад гуйгаад байсан. Тэгээд хүлээгээд одоо болтол мөнгийг маань өгөөгүй тул цагдаад хандсан. Миний интернэт банкны мэдээлэл ирдэг байсан гар утсаа барихаа больчихсон байсан тул ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Би надаас ийм олон зээл гарсан талаар 2023 оны 12 дугаар сард мэдсэн. Ц нь манай бэр байгаа юмаа. Тэгээд би нэг удаа хүн рүү мөнгө шилжүүлүүлж байсан юм. Тэгээд миний нууц үгийг мэддэг болсон. Мөн миний интернэт банкыг нээж өгч байсан юмаа. Юунд зарцуулсан талаар надад хэлэхгүй байгаа юм. Замын-Үүд сумын ... ажил хийдэг. Надаас нийт 13,730,000 төгрөгийг 8 удаагийн үйлдлээр авсан байна. Одоогоор надад ямар нэгэн хохирол мөнгө гэж өгсөн зүйл байхгүй. Би 13,730,000 төгрөгөө авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний тэтгэврийн зээл тулсан, эмчилгээ хийлгэх гээд мөнгөний хэрэг гараад байгаа учраас асуудалтай байна гэжээ. /хх-ийн 08-09/

Хохирогч Р.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ц нь манай бэр. Өөрийн хүүхдийн нэгэн адил итгэж явсан. Тэгтэл надад хэлэхгүйгээр миний утсыг ашиглан тэтгэвэрийн зээл авсан байсныг би 2023 оны 12 сард мэдсэн. Одоо би зээлээ бүрэн хаалгамаар байна. 13,730,000 төгрөгийг би бүрэн авчих юм бол санал гомдол байхгүй гэв. 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Д.Ц нь манай эхнэр, Р.Т нь манай ээж байгаа юм. Би тэр талаар огт мэдээгүй байж байгаад 2024 оны 01 дүгээр сард ээжийг цагдаад хандах үед нь мэдсэн. Надад огт тийм зүйл яриагүй. Тухайн мөнгийг надад өгсөн нь үнэн. Надад ажлаас борлуулалтын мөнгө, мөнгөн урамшуулал өгч байна гэж хэлээд тухайн мөнгийг өгсөн. Би тухайн мөнгийг юунд ашигласан талаар нь мэдэхгүй байна. Урьд өмнө нь ямар нэг ийм асуудал гаргаж байгаагүй. Манай эхнэр Д.Ц Замын-Үүд сумын ... хийдэг. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа гэжээ. /хх-ийн 13-15/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Р.Т-ийн ... тоот Хаан банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21/

Р.Т-ийн ... тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-28/

Д.Ц-ийн ... тоот Хас банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 29-73/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 02 сарын 10-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 75-78/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний цахим үнэмлэх /хх-ийн 85-86/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 91-92/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл өөрийн хадам ээж болох Р.Т-ийн интернет банканд хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны тэтгэврийн зээлийн мэдээллийг өөрчлөн, нэмж зээлийн хүсэлт гарган 8 удаагийн үйлдлээр тэтгэвэрийн зээл гэж 13,730,000 төгрөгийг авсан, гэрээ байгуулж хууль бусаар зээлийн мэдээллийг өөрчилсөн,  хохирогч Р.Т-ийн тэтгэвэрийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 13,730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Р.Т-ийн “...Тэгээд Ц миний интернет банкны нууц үгийг мэддэг тул би Ц руу яриад чи авсан юмуу гэтэл тиймээ манай нөхөрт битгий хэлээрэй 7 хоног хүлээчих гээд уйлаад гуйгаад байсан. Тэгээд хүлээгээд одоо болтол мөнгийг маань өгөөгүй тул цагдаад хандсан. Миний интернэт банкны мэдээлэл ирдэг байсан гар утсаа барихаа больчихсон байсан тул ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Би надаас ийм олон зээл гарсан талаар 2023 оны 12 дугаар сард мэдсэн. Надаас нийт 13,730,000 төгрөгийг 8 удаагийн үйлдлээр авсан байна.”/хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ын “...2024 оны 01 дүгээр сард ээжийг цагдаад хандах үед нь мэдсэн. Надад огт тийм зүйл яриагүй. Тухайн мөнгийг надад өгсөн нь үнэн. Надад ажлаас борлуулалтын мөнгө, мөнгөн урамшуулал өгч байна гэж хэлээд тухайн мөнгийг өгсөн. Би тухайн мөнгийг юунд ашигласан талаар нь мэдэхгүй байна. Урьд өмнө нь ямар нэг ийм асуудал гаргаж байгаагүй.” /хх-ийн 13-15/ гэх мэдүүлэг, Р.Т-ийн ... тоот Хаан банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21/, Р.Т-ийн ... тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-28/, Д.Ц-ийн ... тоот Хас банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 29-73/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Д.Ц-ийн үйлдэл нь хохирогч Р.Т-ийн эзэмшлийн интернет банкийг ашиглан мөнгө авах зорилгоор санаатайгаар нууц аргаар буюу өөрт нь мэдэгдэлгүй шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр тэтгэвэрийн зээл гэх 13,730,000 төгрөгийг авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар “бусдад үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь   бодит хохирол үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж системд нэвтэрсэн, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын сүлжээнд халдсан аливаа идэвхтэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Ц нь хохирогч Р.Т-ийн бэр, хохирогчийн интернэт банкны нууц үгийг мэддэг байдлаа ашиглан түүний эзэмшлийн интернэт банкны аппликейшин буюу цахим орчинд хууль бусаар халдаж, түүний эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны тэтгэврийн зээлийн мэдээллийг өөрчлөн, нэмж зээлийн хүсэлт гарган 8 удаагийн үйлдлээр тэтгэвэрийн зээл гэж 13,730,000 төгрөгийн гэрээ байгуулж хууль бусаар зээлийн мэдээллийг өөрчилөн, 13,730,000 төгрөгийн зээл авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцоно” гэснийг бүрэн хангасан гэж үзсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлах нь зүйтэй гэж үзлээ. 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Ц нь хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаао 13,730,000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Р.Т-д олгохоор шийдвэрлэсэн.

 Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д-ийн Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ц-аас 13,730,000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Т-д олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б