| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2021/00196/И |
| Дугаар | 138/ШШ2021/00304 |
| Огноо | 2021-04-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2021/00304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Өөрийн байранд байрлах, Дорнод аймгийн *******ын газрын,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* хорооллын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,
Байгаль орчинд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, Аялал жуучлалын газраас Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэх газраас 2000м3 олборлож байгаль орчин, экологид хохирол учирсан байна. Дээрх гомдол мэдээллийг аймгийн цагдаагийн газраас шалгаад хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорын хяналтанд ирүүлснийг орлогч прокурор Б.Арсланбаатар хянаад иргэн Б.******* нь сумын засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.4, 11.2.5 дахь хэсэгт заасныг зөрчин 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй ХХК-тай элс олборлох гэрээ байгуулж олборлосны улмаас байгаль орчин экологид 30 000 000 /гучин сая/ төгрөгийн хохирол учруулсан... Гэвч уг элс олборлолтын улмаас нийт 30 000 000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан байх тул дээрх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иймд *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу Б.Баттулгын буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх арга хэмжээ авч туслалцаа үзүүлнэ үү гэх тухай хүсэлт ирүүлжээ.
Б.Баттулгын буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэг бүртгэлтийн 192100308 дугаартай хэргийг шалгасан материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба дээрх нөхцөл байдлын улмаас Төрийн ашиг сонирхол зөрчигдөж байх тул тус аймгийн *******ын газраас хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно., *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Б.Баттулгын хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.4, 11.2.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.******* нь ХХК-тай гэрээ байгуулсан нь үнэн боловч Б.******* элс олборлоогүй, ХХК элс олборлосон. Энэ олборлосон үйлдэлдээ ХХК Зөрчлийн тухай хуулиар 2 000 000 төгрөгөөр торгуулсан. Байгаль орчны мэргэжилтэн Оюунтуул нь хэрэг бүртгэлтийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө ХХК нь Засаг даргад өргөдөл гаргасан, элс олборлох хүсэлтийн дагуу элс хайргыг олборлосон гэж ярьдаг. Нэхэмжлэлд хавсаргасан 192100308 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс дээрх байдал тогтоогддог. Үүнээс үзэхэд яагаад ХХК хариуцах байтал Б.******* хариуцаж байгаа юм бэ гэдэг. Хэрэгт хавсаргаж өгсөн гэрчийн мэдүүлэг, мөн хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр ХХК-ийн захирлаас гэрчийн мэдүүлэг авсан. Энэ мэдүүлгээр хэрвээ Засаг дарга гэрээ байгуулаагүй байсан бол манай компани элс, хайрга олборлохгүй байсан гэж ярьдаг. ХХК нь тусгай зөвшөөрөл байхгүй, гэрээ байгуулъя гэсэн хүсэлтийн дагуу болно, бүтнэ 2 000 000 төгрөгийн төлбөрийг төлөөд л гэрээгээ байгуулна гээд байгуулсан. Тэгээд энэ гэрээний дагуу олборлох үйл ажиллагааг явуулсан гээд байдаг. Үүнээс улбаалаад байгаль орчинд учирсан хохирлыг Б.******* хариуцах ёстой. Засаг дарга гэрээ байгуулаагүй байсан бол тусгай зөвшөөрөлгүй компани байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учруулахгүй байх байсан юм.
ХХК Зөрчлийн тухай хуулиар 2 000 000 төгрөгөөр торгуулсан. Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар зөрчлийн хор хохирлыг арилгах ёстой. Мөн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, шийтгэлийн төлбөрийг төлсөн гээд байгаа баримтууд дээр гаргасан зөрчилд нь улсын байцаагч хуульд заасан 2 000 000 төгрөгийн торгуулийг оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д учруулсан хор, хохирлыг гаргуулах талаар үндэслэлтэй заалтууд байна. Энэ заалтуудыг орхигдуулсан. Иймд прокуророос энэ хохирлыг, нөгөө талаас Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-тэй холбоотой хохирол, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үүссэн. Ингээд дээрх баримтуудыг үндэслээд гэм буруутай этгээд нь *******ын ******* гэж үзэж байна. Иймд *******ын *******ас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан байгаль орчинд учруулсан хохирол болох 30 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба, 30 000 000 төгрөгийн хохирол нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон асуудал юм. Энэ шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэдэг асуудлаар Б.******* болон бусад оролцогчдын зүгээс хэрэг бүртгэлтийн хэрэгт ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй, ингээд 2020 онд энэ хэрэг хаагдсан юм. Тийм учраас шинжээчийн дүгнэлт дээр маргахгүй байна гэж ойлгосон. Хариуцагчийн төлөөлөгч ч бас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаар хүсэлт гаргаагүй.
Иймд Б.Баттулгыг нь жинхэнэ хариуцагч мөн гэж үзэж байгаа учир Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттулгын байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол болох 30 000 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй *******ын *******д холбогдох Гэм хорын хохиролд 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дээрх нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Дорнод аймгийн *******ын газраас гаргасан Гэм хорын хохиролд 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад *******ын ******* нь 2018 оны 7 сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй ХХК-тай элс олборлох гэрээ байгуулж олборлосны улмаас байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа. Шаардах эрхийн үндэслэл нь мэдээж Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэслэл хэн хэндээ байж болох юм. Энэ хэм хэмжээ, урьдчилсан нөхцөл нь яг энэ хэрэг дээр авч үзвэл хууль бус үйлдэл, эс үйлдэхүй Б.*******д байна уу үгүй юу, мөн байгаль экологид ямар хохирол учирсан юм бэ гэдгийг тогтоох ёстой. Б.******* нь ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэх газраас 2000м3 хэмжээтэй элс олборлож, байгаль экологид хохирол учруулсан асуудал байхгүй. Тус газраас ХХК нь 2000м3 хэмжээтэй элс олборлосон гэдэг. Элс хайрга олборлож түүнээс 30 000 000 төгрөгийн хохирол учирсан гээд байдаг. Учирсан хохирол болон Б.Баттулгын ямар нэгэн үйлдэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байх ёстой. Хууль бус үйлдэл нь юу юм бэ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэнчлэн ХХК элс, хайрга ухаж олборлон түүний улмаас 30 000 000 төгрөгийн хохирол учирсан гэсэн. Гэтэл Б.Баттулгын үйлдэл нь зөвхөн гэрээ баталсан үйлдэл юм. Ингээд гэрээг баталсан үйлдэл нь хууль бус юм уу гэдгийг Цагдаагийн байгууллага шалгасан. Шалгаад гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүй гэж шийдсэн. Харин ХХК тусгай зөвшөөрөлгүйгээр 2000 м3 элс олборлож, бусад этгээдэд худалдаж ашиг олсон асуудал байгаа юм. Үүнийг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаад, зөрчлийн хэрэг үүсгээд, зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. Үүнд ХХК ямар нэгэн гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болоод хэрэгжээд явсан байдаг. Тэгээд гэрээ байгуулснаас шууд хохирол учраад байгаа юм уу, эсвэл элс олборлоод хохирол учраад байгаа юм уу гэдэг дээр дүгнэлт хийсэнгүй. Дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Б.Баттулгын үйлдлийг хууль бус гэж байгаль орчинд хохирол учруулсан гэдэг талаар эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг нээгээд шалгаад, шүүхээр гэм бурууг нь тогтоолгосон асуудал байхгүй, харин элс олборлосон асуудал дээр ХХК нь зөрчлийн хуулийн дагуу гэм буруу нь тогтоогдоод, хариуцлага хүлээсэн байгаа юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд нь Б.******* биш гэж үзэж байна. Иймд Б.Баттулгын буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.******* нь ******* сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан элс олборлох тусгай зөвшөөрөлгүй компанид эрх олгосон нь байгаль орчинд хохирол учруулсан. Иймд Б.*******ас нэхэмжилсэн 30 000 000 төгрөгийг төлүүлэх нь зөв гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газар нь тус аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын хүсэлтээр *******ын байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Б.*******д холбогдуулан байгаль орчинд гэм хор учруулсны хохиролд 30 000 000 төгрөгийг улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн нэрийн өмнөөс гаргажээ.
Хариуцагч Б.******* нь тус сумын Засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэх газраас элс олборлох тухай Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ-г 2018 оны 7 сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй ХХК-тай байгуулсан, улмаар уг гэрээний дагуу тус компани дээрх газраас 2000 м3 элсийг олборлосны улмаас байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.******* болон түүний төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тусгай зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулсан талаараа маргадаггүй боловч хариуцагч өөрөө элс олборлоогүй, хариуцагчийн зөвхөн элс олборлох гэрээг баталсан үйлдлээс болж байгаль орчинд шууд хохирол учирсан уу гэдгийг шалгаж, тогтоогоогүй, ...Түүний үйлдлээс гэм хор учирсан гэж үзэхгүй тул энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд биш, ...зөвхөн элсний зах зээлийн үнийг нэхэмжилснийг хохирол гэж үзэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-т Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. ...Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй талаар тус тус зааснаас үзвэл хариуцагч Б.Баттулгын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ байгуулж ХХК-д элс олборлуулсан газар буюу Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт орших гэх газар, түүний хэвлийн баялаг нь Төрийн нийтийн өмч байна.
Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга... нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарагддаг бөгөөд мөн зүйлийн 4.1.3, 4.1.7-т тус тус зааснаар уг ашигт малтмалыг ашиглах буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар заажээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-д зааснаар Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан шийдвэрийг үндэслэн иргэдийн нөхөрлөлд хариуцуулах байгалийн тодорхой төрлийн баялгаас нь зохих болзол, хугацаатайгаар хууль, журмын дагуу хамгаалуулах, ашиглуулах, эзэмшүүлэх гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавих бүрэн эрхийг эдлэхээр заасан боловч энэ нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй ХХК-тай түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс олборлох гэрээ байгуулах эрхийг олгосон заалт биш юм.
Өөрөөр хэлбэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар сумын Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдэд байгалийн баялгийг ашиглах, олборлох тухай гэрээ байгуулах эрхийг олгоогүй байх ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан бүрэн эрх нь аймаг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарна.
Хариуцагч нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдэд ашигт малтмал ашиглах тухай гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэх ба дээрх гэрээний дагуу ашигт малтмалыг хууль бусаар олборлосноор байгалийн баялгийн нөөцийг хомсдуулах эрсдэлтэй болохыг хариуцагч ухамсарлах ерөнхий үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Тухайлбал сумын Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээг хуулийн этгээдтэй байгуулаагүй бол хуулийн этгээд байгалийн баялгийг зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй бөгөөд энэ хэмжээгээр байгаль орчинд хохирол учрахгүй.
Иймд хариуцагч Б.******* сумын Засаг даргын хувьд өөрт олгогдсон эрхийн хүрээнд байгаль орчинд гэм хор учруулахгүй байх ерөнхий үүргээ биелүүлээгүй үйлдэл нь байгаль орчинд хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Б.******* ******* сумын Засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа төрд хохирол учруулсан гэж үзэн тус сумын Засаг даргад бус Б.*******д буюу хувь хүнд холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан үндэслэлээр хариуцагч төрд учруулсан гэм хорыг хариуцана гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах тухай заасан.
Хуулийн энэ зүйлийн бусдад гэдгийг төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан байхыг ойлгох бөгөөд төр өөрт учирсан хохирлыг өөрөө хариуцан арилгах тухай ойлголт биш бөгөөд Төр өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Хэдийгээр хариуцагч Б.******* нь сумын Засаг даргын албан үүргээ гүйцэтгэж байхдаа төрд гэм хор учруулсан боловч тэрээр учруулсан гэм хорын хариуцлагыг Засаг даргын хувьд ч, хувь хүний хувьд ч хүлээх үүрэгтэй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан буруутай этгээд гэм хорыг хариуцан арилгах, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэсэн иргэдийн төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...шинжээчийн дүгнэлтээр хууль бусаар олборлосон элсний хохирлыг 30 000 000 төгрөгөөр тооцохдоо элсний зах зээлийн үнээр тооцсон байгаа нь зөвхөн элсний үнийг л нэхэмжилсэн байна. Энэ бол байгаль орчинд учруулсан хохирол биш... гэж тайлбарладаг боловч дээрх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах, байгаль орчинд учирсан хохирлыг дахин гаргуулах тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11/-т байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; 13/-т байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг ойлгохоор тус тус заажээ.
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлстийн мөрдөгчийн 2020 оны 8 сарын 06-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон шинжээч С.Отгонболдын 2020 оны 8 сарын 13-ны өдрийн №001 тоот дүгнэлтэнд тусгай зөвшөөрөлгүй олборлосон 2000 м3 элсний хохирлыг 1 м3 элсний зах зээлийн үнэтэй харьцуулан 30 000 000 төгрөгөөр хохирлыг тооцон гаргасан байх ба шинжээч дүгнэлтдээ уг мөнгөн дүн дээр нөхөн сэргээлт хийх зардлыг нэмэхэд нийт хохирлын хэмжээ гарахыг, мөн нөхөн сэргээлтийн зардлыг нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж тооцон гаргадаг тул тус зардлыг тооцон гаргах боломжгүй талаар дурдсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцож, уг нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжлээгүй, энэ талаар эрх бүхий улсын байцаагчийн нөхөн төлбөр тогтоосон акт хэрэгт авагдаагүй байгаагаас гадна нэхэмжлэгч нь хариуцагчаас зөвхөн байгаль орчинд учруулсан хохирол буюу элсний үнийг нэхэмжилснийг шүүх буруутгах боломжгүй байх бөгөөд хариуцагч тал энэ талаарх татгалзлаа нотолж чадаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.*******ас түүний хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 30 000 000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллага гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамжинд 307 950 /30 сая төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 , 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Б.*******ас байгаль орчинд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 30 000 000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.ЖАРГАЛТУЯА