Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

 

                

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн 2330003720034 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ****** оны ****** дүгээр сарын ******-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ********* хот *********** дүүрэг ********** дугаар хороо *******” 10 гудамж, 222 тоотод оршин суух хаягтай, одоогоор *********** хот *********** дүүрэг ****** дугаар хороо ****** тоотод оршин сууж байгаа,

урьд ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №2021/ШЦТ/343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар *******,

******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт “зарчхаад мөнгийг нь 3 хоногийн дараа өгнө” гэж нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогч ******* шүдлэн насны 3 эр үхрийг залилан авч 3,750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Анх Мөнхтүлхүүрээс үхрүүдээ авахдаа 3 хоногийн дараа мөнгийг нь хийнэ гэсэн боловч хийж чадаагүй. Тухайн үед үхэр явуулсан хүмүүсээс мөнгийг нь аваад хувийн хэрэглээндээ хэрэглэсэн байсан учраас ******* мөнгийг нь өгч чадаагүй. Иймд би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-85-р хуудас/,

хохирогч ******* “ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний утас руу тухайн үед манай сумын орлогч дарга байсан ******* нь залгаад “та үхэр зарах гэж байгаа юм уу, би очиж үзье” гээд орой нь ирээд манай үхрээр ороод 3-н үхэр зүслээд “энэ хэдийг авъя зарж борлуулчхаад 3 хоногийн дараа мөнгийг нь дансаар шилжүүлье, та маргааш өглөө үхрээ бариад уячхаарай би ачааны машинтай ирээд авъя” гээд явсан. Маргааш нь ******* нь ачааны цэнхэр өнгийн Портертой ирээд 3 үхэрээ ачаад явсан. Би 5 хоногийн дараа утас руу залгаад “нөгөө мөнгөө яасан бэ” гэхэд “одоо хийчихнэ “гээд миний Хаан банкны дансыг авсан юм. 2023 оны 03 дугаар сард сумын төвд явж байгаад *******той таараад мөнгөө нэхэхэд “би одоо Улаанбаатар хот руу явж байна, замдаа мөнгийг чинь хийчихнэ” гээд явсан. Хааяадаа утсаа аваад ярихаараа одоо өнөөдөр хийчихнэ гээд алга болдог юм. Би тухайн үед *******од үхрээ өгч явуулахдаа би “банкны зээл дарах гээд байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг болоод зарж байна” гээд өгсөн юм. *******той уулзах гээд очиход надтай уулзахгүй зугтаагаад байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.Би *******од нэг эр үхрийг нь 1,250,000 мянган төгрөгөөр бодож өгсөн, 3,750,000 төгрөг авах ёстой. ******* гэх хүнд улаан халзан шүдлэн эр үхэр, мухар ягаан шүдлэн үхэр, эвэртэй ягаан шүдлэн эр үхэр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,

гэрч ******* “Би *******оос 2022 оны 12 сард идшиндээ 2 үхэр авсан. Тухайн идшийг 2,500,000 төгрөгөөр авч байсан. Мөнгийг нь 2022 оны 12-р сарын сүүлээр идшээ авсны дараагаар шилжүүлж байсан. Идэш зарах уу гэхэд “болно” гээд л зохицуулаад явуулдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64-р хуудас/

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №5630/428/23 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга,

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №44/510 дугаартай Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон,  тогтоогдож байна.

 

2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч ******* 3 үхрийг хуурч мэхэлж авсан дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэйгээр үйлдэгддэг бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шууд холбоотой, шалтгаалсан байна.

 

4. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр  хохирогч ******* Фэйсбүүкт тавьсан “ Үхэр зарна” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдон, тухайн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэр хүнд, танил байдлыг урвуулан ашиглаж  2022 оны 12 дугаар сарын 05-ний өдөр хохирогч Г.Мөнхтүлхүүрийг “зарчхаад мөнгийг нь 3 хоногийн дараа өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний улаан халзан шүдлэн,мухар ягаан шүдлэн , эвэртэй ягаан шүдлэн эр үхрүүдийг залилан авсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******оос хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч ******* эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний эд хөрөнгийг хуурч мэхлэн, залилсан авсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

 

7. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг худал хэлж, хуурч мэхлэн, хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан үхрийг нь авч хохирогчийн эд хөрөнгийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мөнхтүлхүүрт 3,750,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан дээрх хохирлыг бүрэн нөхөн төлсөн болох нь хохирогч ******* 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “ ******* нь манай эхнэрийн дансруу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,750,000төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгосон. Сэтгэл санаанд учирсан хохирол байхүй учраас сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч харилцан тохиролцон шүдлэн насны нэг эр үхрийг 1,250,000 төгрөгөөр тооцон, гурван шүдлэн эр үхрийг нийт 3,750,000 төгрөгөнд тооцон авсан хийгээд тэдгээр нь энэ үнлгээний талаар маргаагүй хийгээд энэ тохиолдолд хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шаардлага үүсээгүй байгааг дурдья.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос *******од холбогдох Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

******* торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хуурч, нэр хүнд, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 850 (найман зуун тавь ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 (найман зуун тавин мянга ) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь түүнд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй. 

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгчээс хохирогч Г.Мөнхтүлхүүрт учруулсан 3,750,000 төгрөгийн хохирлыг  бүрэн төлж барагдуулсан, тэрээр  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН