Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 153/шш2021/00066

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2021/00066

Ховд аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Зэрэг сум, Хөндлөн баг, Төрийн банкны Ховд салбар, Зэрэг тооцооны төвийн /РД5341469/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймаг, Зэрэг сум, Хөндлөн багт оршин суух, ПЕ64030621 дугаарын регистртэй, Ноосой овогт Чимэдийн *******д холбогдох зээл, зээлийн хүү 7,522,103.71 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 10,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 135,962 төгрөгийг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбар Зэрэг тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Галбадрах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Нацагийн*******, Чимэдийн ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн банкны Ховд салбарын Зэрэг тооцооны төвтэй 110700148551 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийн зээлийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Зээлдэг Н.Галаа нь зээл авах үедээ Ховд аймаг Зэрэг сумын ЕБС-д захирлаар ажилладаг байсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого, LG маркийн 42 инчийн LCD зурагт, бариа гэр, хятад хөргөгч, угаалгын машин зэргийг барьцаалсан.

 

Зээлдэгч Н.Галаа Ч.******* нар нь үндсэн зээлээс 8,548,451.23 төгрөгийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн боловч гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.

 

Иймээс Н.Галаа Ч.******* нартай байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2 дахь заалтад заасныг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд, үндсэн зээлийн үлдэгдэл 7,451,548.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 111,712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 00 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 7,563,260.77 төгрөг төлөгдөөгүй байна.

 

Иймд хариуцагч Ч.*******гаас зээл, зээлийн хүүгийн төлбөр 7,522,103.77 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 10,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 135,962 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

 

Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах, Монгол Улсын ИХШХШТухай хуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өөдэй нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 7,563,260.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбар нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн төлбөр 7,563,260.77 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өөдэй нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,563,260.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ч.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 7,563,260.77 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан LG маркийн 42 инчийн LCD зурагт бариа гэр, хятад хөргөгч, угаалгын машины хамт албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас 67,981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын Зэрэг тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******д холбогдох зээлийн төлбөр 7,563,260.77 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өөдэй нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,563,260.77 төгрөгийг Төрийн банкны Ховд салбарыг Зэрэг тооцооны төвд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хариуцагч Ч.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 7,563,260.77 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан LG маркийн 42 инчийн LCD зурагт бариа гэр, хятад хөргөгч, угаалгын машины хамт албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын Зэрэг тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,962 төгрөгийн тал болох 67,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100160000941 дугаартай данснаас 67981 төгрөг, хариуцагч Ч.*******гаас 67,981 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын Зэрэг тооцооны төвд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.РАУШАН