Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0441

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** овогтой Д.Б**** /РД: **/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А*** /РД: **/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э**** /РД: **/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ж**** нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутаг дээрх газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*****, Л.Э****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б*****ийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын Д.Б****т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

2. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар эзэмших эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” хэмээн нэхэмжлэгчийг буруутгасан, уг тушаалын хавсралтаар нийт нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсны 163 дугаарт нэхэмжлэгч Д.Б**** нь бичигдсэн байна.

3. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгийг 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээж аваад, гардаж авснаас хойш 30 хоногийн дотор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан бөгөөд хариуг нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр авсан. Иймд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Иргэн Д.Б*** миний бие нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-414 дүгээр тушаал, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 0160614 дүгээр гэрчилгээгээр Хан-уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 0.075 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшдэг болно. Тус газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн цуцалсан нь үндэслэлгүй юм.

4.1. Газрын төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлсэн мэдэгдэл нь буруу юм. Газрын төлбөрийн үлдэгдэл тооцоогүй байсан болно. Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдээгүй. Газрын төлбөр төлсөн тухай баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан. Тус актаас үзвэл нийт 6,202,500 төгрөгийг газрын төлбөрт төлсөн.

Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь 2014 онд гарсан. Тэгсэн атлаа гэрчилгээ нь 2016 онд гарсан. Гэрчилгээ гарсны дараа төлбөр төлөх, гуравласан гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл бий болно. 2014, 2015, 2016 оны газрын төлбөрүүдийг бөөн төлсөн. 2014 оны 82,500 төгрөг, 2015, 2016, 2017, 2018 оныхыг 990,000 төгрөгөөр тогтоож төлсөн. 2019 оны гэрээгээр 1,404,000 төгрөгөөр, 2020 оны 1 болон 2 дугаар улиралд 720,000 төгрөгөөр төлсөн. Газар ашиглах гэрээ дүгнэсэн хуудсанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй гэсэн баримт ирсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах, гэрчилгээ сунгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд явуулсан.

4.2. Үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

“Орц гарцыг таглан өөр айлууд буусан тул үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй байна. Нүүлгэн шилжүүлж өгнө үү” гэж удаа дараа холбогдох газруудад нь бичгээр болон амаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Тухайн орц гарц хаасан айлууд нүүгээгүй өнөөдрийг хүртэл байсаар байна. Иймд нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1399 дүгээр албан бичгээр “... манай 0160614 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр тухайн солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчдад олгосон газартай давхцалгүй, газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу газар ашиглах эрхийг сунгах боломжтой” гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал хүргүүлсэн байдаг. Үүний дагуу хуулийн хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар хүсэлтээ өгсөн. Гэтэл төрийн байгууллагын удаашралтай, уялдаа холбоо муутай байдлын улмаас үйл ажиллагаа явуулж чадахгүй хохирч мөн хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулж чадахгүй үндэслэлгүйгээр газар эзэмших эрхээ цуцлуулсан болно” гэжээ.

5. Нэхэмжлэгч Д.Б**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Миний бие нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 22 жил ажиллаад 2012 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэртээ гараад арав орчим өдөр өнгөрч байтал Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дуудаж, Байгаль хамгаалалтын улсын бүртгэлийн нөөцийн төвд харуул хамгаалалтаар 3 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Зайсан орчимд жижиг хашаа бариад 0,57 м.кв газарт гэртэйгээ 20 гаруй жил болж байна. Тэр газрыг маань өөр компанийн газартай давхардуулан олгосон. Уг нь тэгшилж болох байсан юм. Засаж чадахгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Тэр газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гээд бүхий л бичиг баримтыг бүрдүүлээд яваад байсан боловч орц гарцын тухай асуудал бэрхшээлтэй. Доороосоо намаг гардаг, нэг талаас үерийн далантай нөгөө талдаа ганцхан гарцтай. Мөн тэнд 5, 6 айл зөвшөөрөлгүй буусан. Зарим нь хашаа бариад жижиг тэрэг орохооргүй болсон. Би гэрчилгээгээ 2016 оны сүүлээр авсан. Үүнтэй холбоотойгоор миний бие Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт тавьдаг байсан. Ингээд 2014, 2015, 2016 оны татварууд бөөгнөрөөд, газрын гэрээ хийсэн.  Би газрын бүх төлбөрөө төлсөн. Энэ бүх асуудлаа бичээд яаманд хүсэлт өгсөн юм. Ингэж явсаар байтал гэрчилгээний хугацаа дууссан. Гэрчилгээгээ сунгуулахын тулд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаад, тэндээс яаманд өгсөн. Гэтэл төлөв байдлын үнэлгээгээ шинэчилж, яамны аудитын дүгнэлт гаргуул гээд бүх дүгнэлтийг гаргаад бүх тооцоогоо яамны аудитын газар өгсөн. Энэ тушаал шийдвэр, мэдэгдэл надад огт ирээгүй юм. Хамгийн сүүлд цуцалсан гээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичигтэй хамт ирсэн. Би тухай бүрд тэмдэглэж авдаг. Миний бие Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт өгсөн” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Маргаан бүхий А/79 дүгээр тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 гэсэн 2 заалтыг үндэслэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад газрыг ашиглаагүй вэ гэдэг асуудал яригддаг. Хэрэгт авагдсан зургаас үзвэл, зүгээр 2 гэрийн цаана байгаа жижигхэн газар, цаанаасаа болон 3 талаас нь битүү өөр айлууд хашаалсан байгаа юм. Гэрүүдийн хажуугаар л гарах боломжтой. Гэхдээ гэрүүдийн хажуугаар дахиад барилга барьсан, гэрийн наана зөвшөөрөлгүй айлууд буусан, тал хашаатай. Тэр дундуур орц гарц хийж орж гарах боломж байдаггүй. Энэ тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэж явдаг. Шүүхээс газар дээр очиж үзлэг хийсэн байдаг. Орц гарцыг тодорхойлох боломжгүй. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж Байгаль орчин аялал жуулчлалын яаманд удаа дараа албан бичиг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлд хамаарах боломжгүй юм.

Асуулт, хариулт болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судалснаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн үндсэн зарчмууд болох бодит байдлыг тогтоох, нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, захиргааны акт зорилгодоо нийцсэн байх зарчмуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд үйл ажиллагаандаа баримтлаагүй нь харагдаж байна. Асуулт хариултын явцад хариуцагчаас “... А/79 дүгээр тушаал нь нэг хүнд чиглээгүй, олон хүнд чиглэсэн тушаал учраас ямар нэг этгээдийн эрх ашгийг хөндөх хууль зүйн заалтыг бөөнд нь хэрэглэсэн буюу хүн болгонд хандах боломжгүй гэдэг байдлаар хариулж байна. Хуулиар олгосон эрх, эрх чөлөөг хуулиар л хязгаарлана. А/79 дүгээр тушаалыг судлуулж байхад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэргийн газрын мөрдөгчийн саналын дагуу гэсэн байсан. Энэ санал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгахад чиглэсэн гэдгээ хэлсэн. Мөн мэдэгдлээр гэм буруутай гэж тогтоох хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэм бурууг тогтоосон зүйл байхгүй. Мөнгө угаах санаатай үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг шалгах явцдаа л иргэн, аж ахуй нэгжийг хамруулсан гэдэг зүйл тойм байдлаар гарч ирж байна. “Дагуу” гэдэг үгээр газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь хууль бус байна. Газрын төлбөрийг төлсөн гэдгийг нотлох баримтаар нотолж байна. Нэхэмжлэгч бас төлбөрөө хэрхэн, яаж төлсөн тухайгаа дэлгэрэнгүй ярьсан. Газрын төлбөрөө төлсөн байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг баримталж энэ тушаал гарах боломжгүй. Түүнчлэн асуулт хариултын явцад бодит нөхцөл байдлыг хэн тогтоох вэ, сайд тогтоох уу гэхэд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тогтооно” гэж хариулсан. Гэтэл тэр захиргааны байгууллага нь үнэн зөв байдлаар буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгая гэж тогтоосон. Нэхэмжлэгч газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан. Хүсэлтийн дагуу судлахад “... бусдын газартай давхцаагүй, газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийг үлдэгдэлгүй байна. Иймд хугацаа сунгуулах саналыг хүргүүлж байна” гэдэг энэ бичиг гарсан. Энэ бичгийг дагалдаад газар ашиглах гэрээ дүгнэсэн хуудас явж байдаг. Энэ гэрээ дүгнэсэн хуудсыг бид шинжлэн судлуулсан. Нэгдүгээр зүйлийн 1.1-т зөвшөөрөлгүй газар ашиглагч бусад этгээдүүдтэй болон ашиглалтын газартаа нэвтэрч чадаагүй, төлөвлөлтийн орц гарцын хэсэгт айл суурьшсан  хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгийг хэлээд өгсөн. Өмнө нь гаргасан энэ саналыг үгүйсгэсэн тайлбар байхгүй. Гэрээ дүгнэсэн актыг үгүйсгэсэн, хүчингүй болгосон ямар ч тайлбар байхгүй. Иймд нэхэмжлэгчийг хэлмэгдүүлсэн гэж үзэж байна. Гуравласан гэрээний тухайд ярихад ашиглах эрхээ эхлээд сунгуулах тухай асуудал яригдсан. Сунгуулахад дахиад төсөл хөтөлбөрөө батлуулах, хөрсний задлан шинжилгээний дүгнэлт хийлгүүлэх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх ажлуудыг хийгээд хавтаст хэрэгт баримтаар өгсөн байгаа. Ингээд гуравласан гэрээ байгуулагдахын өмнө газар эзэмших, ашиглах эрхийн гэрээгээ сунгах асуудал дээр явж байсан болохоор тэрнээс хойш гуравласан гэрээ авах боломжгүй болсон. Сонсох ажиллагааны тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг шууд зөрчсөн. Сонсох ажиллагаа явуулахдаа оролцогчийн тайлбарыг сонсох, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шууданг хүлээж авсан гэдгээ өөрөө тайлбарлаж байна. Хот дотор, хөдөө орон нутагт шуудан хэд хоногийн дотор очих вэ гэдгийг тооцоолж байж энэ хүмүүс сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулах байсан. Сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэхээр байна. Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж аваад энэ цаг хугацаанд багтааж мэйл явуулах ёстой гэж үзээд хариу мэйл явуулсан. Тэрийг шалгаж үзэж тогтоогоогүй. Энэ хүний эрх ашиг хөндөгдөх гээд байна уу, зөв шийдвэр гаргах гэж байна уу гэдгийг тогтоох гэж сонсох ажиллагаа хийж байгаа. Гэтэл нэгтгэж ирүүл гэж мэйл явуулчхаад тэрний дагуу ирүүлээгүй гэж хэлээд сууж байж болохгүй. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Бусдын буруутай үйл ажиллагааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй гэдэг нь тогтоогдож байна. Тэгэхээр энэ чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг үндэслэлд хамаарч байгаа учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болохгүй. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бичиг авсан. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн бичгийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр аваад, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргаад 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхээр шийдвэрлүүл гэдэг бичгийг хүлээж авсан. Энэ бичгийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандаж хуулийн хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл биш. Нэхэмжлэгчид 897 дугаар албан  бичгийг өгсөн тухай тэмдэглэл үйлдэгдээгүй байгаа нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэж боломжгүй байгааг харуулж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Үндэсний Их баяр наадмын дараа хариугаа аваарай гээд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр энэ хариуг гардаж авснаар шүүхэд хандсан. Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтаар хугацаандаа хүсэлтээ гаргаагүй учраас энэ хүний эрхийг хүчингүй болгож байгаа гэж тайлбарлаж байгаа бол маргаан бүхий тушаалаа тийм үндэслэлээр гаргаагүй байна. Үргэлжилсэн байдлаар газар ашиглах эрхтэй гэж үзсэн атлаа төлбөрөө хугацаандаа төлөөгүй юм байна, газраа ашиглахгүй байгаа юм байна гэдэг байдлаар гарсан тушаал учраас бодит байдалд нийцсэн байх зарчимд нийцэхгүй байна. Сонсох ажиллагааны тайлбараа өнөөдөр шүүхэд гаргаж байна. Гэтэл тухайн үед шийдсэн тайлбар байхгүй. Газар ашиглах эрхийг цуцалж байгаа үндэслэл нь бодит нөхцөл байдал дээр тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

7. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Б****т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/414 дугаар тушаалыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.075 га газрыг олгосон. Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.15, 40.1.6 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 365 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.... бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно” гэж заасныг зөрчиж байсан.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан .... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журамд газар ашиглагч иргэн нь 3 сарын дотор гурван талд гэрээг байгуулж хууль болон гэрээнд зааснаар газрын төлбөрийг төлж уйл ажиллагаа явуулахаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл гэрээг байгуулж газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй байна.

Иймээс  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 113/5988 тоот албан бичгээр ирүүлсэн “газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал нь зорилгодоо нийцсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Хариуцагчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Учир нь тухайн тушаалыг нэхэмжлэгч анх хэзээ мэдсэн талаараа хэлэхдээ 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдсэн гэдэг. Тэгэхээр захиргааны акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гомдлыг хэрхэн яаж гаргах тухай хуульд тусгайлан заасан. Тухайн захиргааны актыг гаргасан этгээд нь дээд шатны захиргааны байгууллага эсвэл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргана гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны захиргааны байгууллага байхгүй. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шууд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргаж байгаа нь хуульд нийцээгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь өөрөө яамны салбар байгууллага болж ажилладаг байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх байдлаар хандаад 897 тоот албан бичгийг аваад хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн 897 албан бичиг дээр мөн адил шүүхэд хандах боломжтой гэж тодорхой бичсэн байгаа. Иймд байхад нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргаж байгаа нь 30 хоногийн дотор гэсэн хугацааг хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүх, нэхэмжлэгч иргэн Д.Б****өөс гаргасан нэхэмжлэлийг  хангах үндэслэлтэй байна хэмээн үзлээ.

          10. Үйл баримтын тухайд, анх нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-414 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,075 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсноор улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0160614 дүгээр гэрчилгээг нэхэмжлэгчид 5 жилийн хугацаатай олгожээ.

11. Маргаан бүхий, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар эзэмших эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11и-з/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын хавсралтын 163 дугаарт нэхэмжлэгч  Д.Бийн нэр бичигдсэн байна.

Энэ тохиолдолд:

-Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч холбогдох зөрчлийг арилгах...” талаар 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар мөрдөгчийн мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн ба уг мэдэгдлийн хавсралтын 579 дүгээрт нэхэмжлэгчийн нэр бичигдсэн,

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 365 дугаар албан бичгээр газар ашиглах эрх дуусгавар болгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн ба уг албан бичгийн хавсралтын 163 дугаарт нэхэмжлэгчийн нэр бичигдсэнээс гадна Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 401.6-д заасныг зөрчсөн гэж тэмдэглэгджээ.

12. Дээрх мөрдөгчийн мэдэгдэл болон саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч иргэн Д.Б багтжээ.

13. Захирамжийн үндэслэлийг тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана”, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг: “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3. “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1. “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3. “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж хуульчилсныг тус тус заасан ба үүнээс тухайлан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг үндэслэж, тухайн хуулийг хэрэгжүүлж, маргаан бүхий тушаал гарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөс тайлбарласан.

14. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, энэ утгаараа газар ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

15. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар “Газрын тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөрөө зохих ёсоор төлсөн, өөрийн ашиглаж буй газрын эрхээ сунгуулахаар хүсэлт гаргаж байсан, газар ашиглах гуравласан гэрээг байгуулж, газрын байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийлгэж Байгаль орчны яамаар хянуулсан байтал ийнхүү тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус” хэмээн маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...бодит нөхцөлд байдал дээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа зүйлгүй, ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй, иймээс маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлтэй” хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

16. Хэрэгт авагдсан,

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 376 дугаар албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргад хандаж, “Иргэн Д.Б**** нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 251.0 м.кв газар ашиглах төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр ирүүлсэн хүсэлт бүхий газрын кадастрын зурагт тусгагдсан солбицлын цэг нь давхцаагүй. Иргэн Д.Б****ийн аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашигладаг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжих санал”-ыг хүргүүлсэн,

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1399 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандаж, “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А-414 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд иргэн Д.Б****т аялал жуулчлалын зориулалтаар 0.075 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр үйлчлэлийн хугацаа дуусгавар болсон ба иргэн Д.Б***8 нь Хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн байгаа бөгөөд тухайн солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй, газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу газар ашиглах эрхийн ******* тоот гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг дэмжиж, хугацаа сунгуулах санал”-ыг хүргүүлсэн,

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1789 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст хандаж, “Иргэн Д.Б**** нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 0.075 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг. Тус иргэн нь тухайн солбицол бүхий аялал жуулчлалын газартаа “Ц*****К-аар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн бөгөөд тайлантай танилцсан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхэд татгалзах зүйлгүй гэх санал”-ыг тус тус хүргүүлсэн байгаагаас, түүнчлэн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Газар ашиглах гэрээ дүгнэх хуудас”, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч Д.Б****, хөндлөнгийн гэрч И.Б**** нарыг оролцуулан хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлүүдийг хангасан, үүгээрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласны “хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

17. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 16/4670 дугаар албан бичигт: “Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тусгай хамгаалалттай нутгийн тухай хууль, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр газар ашиглуулах тухай гэрээний үүргээ зөрчиж, газрын төлбөрөө төлөөгүй хавсралтад дурдсан 122 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг хүргүүлж байна” гэсэн авч уг албан бичгийн хавсралтад нэхэмжлэгчийн нэр ороогүй байгаа баримт, мөн “...2014 оны гэрээгээр 82,500 төгрөг, 2015-2018 оны гэрээгээр 990,000 төгрөг, 2019 оны гэрээгээр 1,440,000 төгрөг, 2020 оны 1, 2 дугаар улирал гэрээгээр 720,000, 2020 оны 3 дугаар улирлын шинэчилсэн үнэ 361,920 төгрөг нийт 6,564,420 төгрөгөөс төлсөн 6,564,420 төгрөг. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 0 төгрөг” гэх Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 820200226 дугаар актыг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, үүгээрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийн маргаан бүхий тушаалын уг үндэслэл хууль зүйн үндэслэлгүй байна.

18. Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1-д “...дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг хариуцагч захиргааны байгууллага бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

Бусад тогтоогдсон нөхцөл байдлууд.

19. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэн Д.Б*****т 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 09/8179 дүгээр албан бичгээр “...газар ашиглах эрхийг цуцлах захиргааны акт гаргах болсныг мэдэгдье, яамны [email protected] хаягаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн дотор ирүүлнэ үү. Тогтоосон хугацаанд ирүүлээгүй нь хууль, журмын дагуу танай компанийн газар ашиглах эрхийг цуцалж, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход саад болохгүй” гэж хүргүүлснийг,

“М****” ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09/950 дугаар албан бичигт “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Д.Б, 120 мянгат 21-50 тоот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, утас *******” хаягаар илгээсэн 09/8179 дүгээр албан тоот бүхий RD150371846MN бүртгэлийн дугаартай албан бичгийг хаягийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10:57 цагт Д.Б*****т гардуулсан байна” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүхэд ирсэн хариуд “... 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14:27 минутад мэйл ирүүлснийг шалгаж үзээд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18:04 минутад хавсралтаар ирүүлсэн мэдээллийг “нэг файл болгон дахин илгээнэ үү” гэх хариуг тус мэйл хаяг руу илгээсэн байна. Мөн илгээсэн зураг, тайлбар зэрэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлийг няцаасан тайлбар, нотлох баримт хавсаргаагүй. Орц гарц хаасан гэх боловч кадастрын зураг болон фото зураг дээр тодорхой харагдахгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан хүсэлт болон газар чөлөөлөх талаар хийгдэж байгаа ажиллагааны талаар баримт материал байхгүй. Газрын төлбөр бүрэн төлсөн гэх тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтыг хавсаргаагүй үндэслэл бүхий тайлбар баримт огт ирүүлээгүй байсан...” гэжээ.

20. Маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны байгууллага буюу Сайдаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, сонсох ажиллагаанд оролцогч нь бүрэн дүүрэн тайлбараа гаргах боломж олдоогүй нь дээрх /18-д заасан/ байдлаас харагдаж байна.

21. Иймээс эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг бүрэн дүүрэн, бодитойгоор сонсоогүй, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзнэ.

22. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” 509 дүгээр албан бичгээр маргаан бүхий 2021 оны А/79 дүгээр тушаалын хуулбарыг хүргүүлснийг нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт хүлээн авсан гэжээ.

23. Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаж буй тушаалыг гаргасан Сайдын тухайд дээд шатны албан тушаалтан байхгүй, энэ утгаараа захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг заавал хангах шаардлагагүй, иймээс нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

24. Учир нь нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг мэдсэнээр гомдол гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б****өөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, мөн сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгч Д.Б****т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.Б