| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/03395/И |
| Дугаар | 102/шш2021/01033 |
| Огноо | 2021-04-08 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 102/шш2021/01033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, дүгээр байр, тоотод оршин суух, М овогт Д А /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, 0 дугаар хороо, хотхон , 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Т овогт Д З /РД:0000000/-д холбогдох,
Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 0000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, Л.Мө, хариуцагчийн өмгөөлөгч Т.О, Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 онд өөрийн дүү Д.О 3 удаагийн давтамжтай 150,000,000 төгрөгийг зээлдүүлж буцаан авч чадахгүй байсаар 2018 онд зээлсэн мөнгөний үлдэгдэл 99,214,925 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандахаар өмгөөлөгч гэх Д.З танилцсан. Тухайн үед Д.З нь өөрийгөө өмгөөлөгч, хуулийн сургуульд багшилдаг, хуулийн байгууллагад олон танилтай гэж, надад итгэл үнэмшил төрүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бид Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж тус гэрээний ажлын хөлсийг 6,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, урьдчилгаа 3,000,000 төгрөгийг Д.З 00000000000 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Гэвч Д.З нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангуулах талаар тодорхой ажиллагаа хийгээгүй, надаас мөнгө зээлж надад хохирол учруулсан Д.О нийлж хуйвалдан худал хэлж гарын үсэг зуруулан нэхэмжлэлээс татгалзуулан, дахин нэхэмжлэл гаргах эрхгүй захирамж гаргуулж их хэмжээний хохирол учруулсан. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой ажил хийгээгүй нэхэмжлэлээс татгалзуулж, цагдаад гомдол гаргана гэж хугацаа хожсоор тодорхой үр дүнд хүрээгүй байж гэрээний үлдэгдэл хөлс болох 3,000,000 төгрөгийг надаас 2019 оны 01 дүгээр сард нэхсэн. Миний бие түүнд шүүх болон цагдаагийн байгууллагад хандсан асуудалд үр дүн гараагүй байхад үлдэгдэл хөлс өгөх боломжгүй талаар хэлэхэд тэгвэл миний хийх ажил дууссан гэсэн хариулт өгсөн. Түүнийг мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан талаар гомдол гаргахаар Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоонд хандахад аль алинд нь хуульч, өмгөөлөгчөөр бүртгэлгүй гэсэн хариу өгсөн. Цагдаагийн байгууллагад хандахад Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу ажиллагаа хийгдсэн учир гэмт хэргийн шинжгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие Д.Заөөрийгөө хуульч, өмгөөлөгч гэж надад итгүүлж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан тодорхой үр дүнд хүрсэн ажил хийгдээгүйн улмаас өөрийн эрх ашгаа хамгаалж чадахгүй цаг хугацаа, мөнгө санхүүгээр хохирсондоо маш их гомдолтой байна. Иймд Д.З хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаа хөлс 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх шүүхэд 00000000000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргасан байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж өөрчилсөн.
2018 оны 8 дугаар сард Д.А, Д.З нар нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тухайн үед Д.А нь Д.З өмгөөлөгч, хуулийн сургуульд багшилдаг, олон танилтай гэх үгэнд нь итгэж гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагчийн зүгээс Д.А шүүх хуралдаан хойшилсон, шүүх хуралдаан болох гэж байна гэж огт хэлэхгүйгээр тухайн хэрэгт үр дүн гаргалгүй гэрээнд заасан хөлсийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Д.З талаар Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргахад хуульч, өмгөөлөгч биш байсан. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэж заасны дагуу түүнийг хуульч, өмгөөлөгч гэж итгэсэн. Ажлын хөлсөө авсан мөртлөө ямар нэг үр дүн гаргаагүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд эрх зүйч, хуульч мэргэжлийн ялгааг тодорхой заасан байдаг. Ингээд Д.З өмгөөлөгч биш гэдгийг нь олж мэдээд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Д.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие 2002 онд хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж улмаар 2010 онд хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан эрх зүйч мэргэжилтэй хүн юм. Энэ мэргэжлээрээ нийт 15 жил ажиллаж ирсэн. 2018 онд миний танил А-р дамжуулж Д.А надтай холбогдож зөвлөгөө авч, өөрийн төрсөн дүү Д.О мөнгө зээлүүлээд авч чадахгүй байгаа тухайгаа хэлж шүүхэд хандаж өгөөч гэсэн хүсэлтийг надад гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу миний бие 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд төлөөлөх Итгэмжлэл хийлгэж энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор болсон. Ингээд хэргийг авсан даруйд 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах материалыг бүрдүүлж тооцоо гарган, нэхэмжлэл бичиж 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн даваа гаригт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Шүүх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжаар аль гэрээний үүргээс үүргийн биелэлтийг хангуулах гэж байгаа нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тэр өдрөө Баянгол дүүргийн татварын хэлтэс дээр миний бие очин тэмдэгтийн хураамжийг буцаан авч Д.А данс руу хийлгэхээр өргөдлөө өгсөн. Ингээд 2 хоногийн дараа 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл өгөхөд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул миний бие тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн тогтоолоор гомдлыг хангаж миний бие 2018 оны 10 дугаар сарын 02-нд шүүх дээр ирж тогтоолыг гардаж авсан . 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсэн БГД-ийн шүүх ажиллагаа хийж байх явцад миний бие Д.А хүсэлтээр Д.О 1 удаа уулзаж шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа тухай эвлэрэх боломжтой эсэх тухай ярилцаж үзэхэд Д.О Манай эгч надаас худлаа хэлж миний бүх бичиг баримтыг авчаад гэрээ нүүлгэж байхдаа алга болгочихсон гээд өгөхгүй байгаа, надад зээлсэн мөнгө байхгүй, бид хамтарч цайны газар ажиллуулаад шатсан. Гэтэл надаас мөнгөө нэхээд нөхрөөрөө дарамтлуулаад бүр цагдаад намайг өгсөн гэж ярьж байсан.
Үүнээс хойш Д.О би нэг ч удаа уулзаагүй уулзах шаардлага ч байгаагүй юм. Ингээд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, талуудын хүсэлтээр шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшлогдсон ба 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хурал дээр хариуцагч Д.О итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Д.А Д.О байгуулсан зээлийн гэрээг гаргуулах, нотариатчийн баталсан гэрээг Нийслэлийн архиваас гаргуулах, Улсын бүртгэлээс лавлагаа ав хуулах гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан.
Ийм шалтгаанаар шүүх хурал хойшлогдсоныг би Д.А хэлж энэ нотариатаас ирэх бичиг ямар учиртайг асуухад Д.А Олон жилийн өмнөх юмыг яаж сандаг юм гэж уурлаж байсан. Үүнээс хойш гэнэт Д.А надад шалтгаанаа хэлэлгүй хэргийг шүүхээс буцаая гэж хэлээд надаас байгаа бүх баримтуудаа авсан. Тухайн үед би Д.А болон нөхөрт нь нэхэмжлэлээ буцаахаар дахиж шүүхэд хандах эрхгүй болно. Хэрэв би таалагдахгүй байвал надаас татгалзаж болно, О-той хоорондоо эвлэрсэн бол эвлэрлээ шүүхээр баталгаажуулах хэрэгтэй гэдгийг ойлгомжтой тайлбарлаж өгсөн ч надад шалтгаанаа хэлэхгүй татгалзсан хэвээрээ гэж зүтгээд Д.А өөрөө татгалзах хүсэлтээ бичиж өгсөн. Энэхүү хүсэлтийг шүүх үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн захирамж гарсан.
Харин энэ захирамж гарсны дараахан гэнэт Д.А нөхөр н.Др над руу залгаж 3,000,000 төгрөгөө нэхсэн тэр үед би боломжгүй, би зүгээр суугаагүй гэдгээ хэлсэн ч над руу заналхийлж хугацаа өгье мөнгө өгөхгүй бол яахыг хараарай гэх мэтээр дайрч давшилж байсан . Болсон бүх зүйл, хийсэн ажил, явсан хугацаа, нотлох баримттайгаа байхад Д.А гэж хүн надад ямар учраас дургүйлхэж миний хийсэн хөдөлмөр, цаг хугацааг үгүйсгэж миний ажлын хөлсийг буцааж авах гэж улайран зүтгээд байгааг би огт ойлгохгүй байна. Хэдийн миний бие хуулийн салбарт олон жил ажиллаж ирсэн хэдий ч аливаа албан тушаалтан миний хүссэнээр хууль зөрчиж хэрэг шийдэхгүй гэдгийг ухаан саруул хэн бүхэнд ойлгомжтой биз ээ. Иймээс миний хөдөлмөрийн хөлсийг буцаан нэхэж буй Д.А нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж би үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү хэргийн шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.З өмгөөлөгчийн эрх аваагүй ч гэсэн эрх зүйч мэргэжлийнхээ дагуу гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа үзүүлсэн.
Талуудын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. Энэ гэрээг талууд хэн нэгний шахалт албадлагаар байгуулаагүй. Хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нь Д.З надад өөрийгөө өмгөөлөгч гэж хэлсэн тул би итгэсэн гэж тайлбартаа хэллээ. Гэхдээ энэ тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Д.З хувьд ч гэсэн би Д.А хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, гэхдээ өөрийгөө өмгөөлөгч гэж хэлээгүй гэдэг. Гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дараа Д.З Д.А руу залгаад би гэрээнийхээ эх хувийг алга болгосон байна, эх хувийг нь явуулаач гээд 2 дахь удаа гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулж байх үед хэнтэй гэрээ байгуулсан бэ гэдэг нь маш тодорхой байгаа. Гэрээнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ гэх зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч гэрээгээ уншаагүй ойлгоогүй нь ноцтой төөрөгдөл биш юм. Д.А нь үйлдлээ ухамсарлах чадвартай тул гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Д.З Д.А итгэмжлэл авч, нотариатаар баталгаажуулаад хэрэг маргаанд түүний нэрийн өмнөөс оролцсон. Хэрэгт авагдсан баримтад цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжүүдийг бүрэн агуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар: нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.З холбогдуулан 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. /хх-119 тал/.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Д.З нь өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Талууд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.7 дахь хэсэгт заасан эрх үүргийг эдлэн, Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс оролцохоор, нэхэмжлэгч нь хариуцагчид 6,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-10-11 тал/.
Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс итгэмжлэл авч, нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.О холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байгаад нэхэмжлэгч Д.А болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2000/00000 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-6-8 тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасан.
Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдаар төлөөлүүлэх нь түүний эрх ашигт илүү нийцнэ гэж үзсэн иргэн хэнийг ч өөрийн төлөөлөгчөөрөө сонгох эрхтэй.
Хариуцагч Д.З нь 2002 онд хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан болох нь хэрэгт авагдсан түүний дипломоор нотлогдож байна./хх-25-28 тал/.
Иймд Д.З нь нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг шүүхэд төлөөлж, түүний нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчөөгүй байна.
Дээрх үйл баримт болон талуудын эрх үүрэг, гэрээний шинж зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2000/00000 дугаартай захирамж болон тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.З гаргасан хүсэлт, уг хүсэлтийг хэлэлцсэн шүүх хуралдааныг тэмдэглэлүүд, хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулсан захирамж зэрэг бичгийн баримтуудаас үзэхэд Д.З нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргийн дагуу нэхэмжлэгчээс итгэмжлэл авч шүүхэд Д.О холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч этгээдийн эдлэх бүх эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар ажлын хөлсний урьдчилгаанд 3,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна./хх-6-8, 10-11, 33-100 тал/.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь анх надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулах үедээ өөрийгөө өмгөөлөгч, хуулийн сургуульд багшилдаг, олон танилтай гэж хэлсэн бөгөөд түүний үгэнд нь итгэж гэрээг байгуулсан. Гэтэл тэрээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзнэ гэх агуулгаар тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэгт хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн бол шүүх ноцтой төөрөгдсөн гэж үзэж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Талуудыг гэрээ байгуулах үед хариуцагч нь нэхэмжлэгчид өөрийгөө өмгөөлөгч, хуулийн сургуульд багшилдаг, олон танилтай гэж хэлснийг нотолсон ямар нэгэн бичгийн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзнэ.
Мөн талууд тус гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд гэрээнд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллахаар харилцан тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа хууль зүйн мэдлэггүйгээс болж хариуцагчийг миний өмгөөлөгчөөр оролцоно гэж ойлгосон гэж тайлбарлаж байх боловч тухайн гэрээний агуулгын ойлгож мэдэлгүйгээр гарын үсэг зурсныг төөрөгдсөн гэж үзэхгүй юм.
Түүнчлэн, Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийн төөрөгдсөн гэх талын төөрөгдөл нь өөрөөс нь үүдсэн сэдэлт шалтгаантай байдаг бөгөөд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д зааснаар төөрөгдсөн этгээд нөгөө талдаа учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээдэг.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийгөө өмгөөлөгч, хуулийн сургуульд багшилдаг, олон танилтай гэж хэлсэн үгэнд төөрөгдсөн гэж үзэж, түүнтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулан, гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлсөө буцаан авахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.А хариуцагч Д.З холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А хариуцагч Д.З холбогдуулан гаргасан талуудын хооронд 2018 оны 00 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА