Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/шш2021/00804

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 3 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/00000

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, эрхүүгийн гудамж,  дугаар байр, тоотод оршин суух, Т овогт Л Б /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  дүүрэг,  дугаар хороо, дугаар хороолол,  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Т Э /РД:00000000/-д холбогдох,

 

0,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Э нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 500,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаагаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийж, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр найз /О/-ын 0000000000 тоот дансаар авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг эргүүлж төлөөгүй байна. Иймд энэхүү зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 500,000 төгрөг, 12 сарын хүү 300,000 төгрөг, алдангийг биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож 400,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч Т.Э нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,200,000 төгрөгийг Төрийн банк ХХК-ийн дансаар авсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Т.Энийт 2,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Т.Э 2,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс хариуцагч Т.Э шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нь Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гардан аваад хуулинд заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна./хх-8 тал/.

Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч Т.Э нь 2016 онд 1,200,000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан авсан, мөн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг авсан тул энэхүү 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 2,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Л.Б500,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаагаар буюу 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар зээлж, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-4 тал/.

Мөн хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтын доод хэсэгт 2016 онд Төрийн банкаар 1,200,000 төгрөгийг авсан бөгөөд 2019 онд хүүгүй төлнө гэж бичээд Т.Э гарын үсэг зурсан байна./хх-5 тал/.

Хариуцагч Т.Э нь хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудад зурагдсан гарын үсэг өөрийнх нь мөн эсэх талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.

Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн авсан гэдэгт маргаагүй гэж үзэхээр бөгөөд түүнийг гэрээний үүргээ биелүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Т.Э зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 онд зээлсэн гэх 1,200,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч уг мөнгийг 2019 онд нэхэмжлэгчид буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид 1,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 500,000 төгрөгийг 12 сарын хугацааны хүүгийн төлбөрт 300,000 /500,000*5%*12 сар/ төгрөг, нийт 800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Талууд гэрээндээ хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Хариуцагч Т.Э нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн төлбөр болон хүүнд нийт 800,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 338 хоногийн алданги нэхэмжлэх эрхтэй.

Иймд хариуцагч Т.Э нэхэмжлэгчид төлөх алдангийг тооцвол нийт 1,352,000 /800,000*0,5%*338 хоног/ төгрөгийн алданги төлөхөөр байх боловч нэхэмжлэгч нь хариуцагаас 400,000 төгрөгний алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Э 2016 онд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөгийг нийт 2,400,000 / 500,000+300,000+400,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  хариуцагч Т.Э 2,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э улсын тэмдэгтийн хураамжид 53,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА