| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/00398/И |
| Дугаар | 102/шш2021/00803 |
| Огноо | 2021-03-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амражсны тэтгэмжийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 102/шш2021/00803
| 2021 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2021/00000 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Э даргалж, шүүгч Ш.О, Ж.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, зүүн наран гудамж, тоотод оршин суух, Т овогт Б Б /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, өөрийн байранд байрлах /РД:00000/-т холбогдох,
Хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 13,037,096 төгрөг, Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 12,435,241.5 төгрөг нийт 25,472,337 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн чадвар алдсан төлбөрт 340,846,75 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд сар бүр гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.М, иргэдийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б-т ачигчаар 2016 оноос хойш 3 дахь жилдээ алдаа зөрчил гаргалгүйгээр ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "Х" ХХК болон "Х" ХХК-ийн хашаан дотор Б-ын эзэмшлийн маркийн, улсын дугаартай, хог ачих зориулалттай автомашиныг хог ачих зорилгоор жолоодож явсан Д.Ч нь ухрах үйлдэл хийх үедээ намайг дайрч, миний аарцаг ясны эрвээхэй хэлбэрийн хугарал, давсагны урагдал, шээсний сүвний тасрал, хуухнаг, тээрхийн шарх, баруун гуя, умдагны цус хуралт бүхий хүнд хохирлыг эрүүл мэндэд маань учруулсан. Улмаар миний бие ослын улмаас Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комиссын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн болон 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр тус тус хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар тогтоосон бөгөөд миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа билээ. Орлого олох боломжгүйгээс гадна 7 хоногт 3 удаа Нэгдүгээр дүгээр эмнэлэг орж давсагны гуурсаа солиулж, боолт хийлгэдэг ба ийнхүү өөрөө ганцаараа явж эмчилгээ хийлгэж, чадахгүйн улмаас ах эгч, эхнэрийн хамт харгалзах хүнтэйгээр такси унааны зардал тогтмол гарсаар байна. Одоо миний бие дахин мэс заслын хагалгаанд орох ёстой бөгөөд давсагнаг жижигхэн байгаа учраас түр хүлээж бай гэсэн тул хүлээж байгаа.
Надад гэм хор учруулахаас өмнө /2018 оны 01 сараас 04 сар хүртэл/ миний цалин хөлсний дундаж орлого 690.846,75 төгрөг байсан бол одоо би хөдөлмөрийн чадвараа 79% алдсанаар хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж сар бүр 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөг авдаг. Тодруулбал, миний сарын орлого хөдөлмөрийн чадвар алдсанаас хойш өмнөх үеэсээ 340,846,75 төгрөгөөр бага орлого авч хохирч байна. Тиймээс миний бие гэм хор учруулсны төлбөрийг хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд сар бүр гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.
Мөн өнгөрсөн хугацаанд буюу 2018 онд 5 дугаар сард гэмтсэний улмаас 2018 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл огт ажиллаагүй. Осолд орсны дараа байгууллагаас 4 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөг, нийт 800,000 төгрөг өгсөн. Харин хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид 2019 онд сар бүр 310,000 төгрөг, нийт 3,720,000 төгрөгийн орлогыг, 2020 онд сар сүр 350,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийн орлогыг, 2021 оны 1 дүгээр сард 350,000 төгрөгийг буюу 2018 оны 6 дугаар сараас хойш нийт 9,070,000 төгрөгийн орлогыг тус тус олсон бол 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх 32 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаагүй ажиллаж байсан бол 22,107,096 /690,846.75*32/ төгрөгийн цалин хөлс авах ёстой байсан бөгөөд дутуу авсан цалин хөлсний зөрүү нь 13,037,096 төгрөг болж байгаа юм.
Иймд миний хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 32 сарын хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүү болох 13,037,096 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар мөн нэхэмжилж байна.
Би ослын улмаас хохирч, эрүүл мэндийн хувьд дахин хэзээ ч өмнөх байдалдаа нөхөн сэргээгдэхээргүй болж цаашид намайг тогтмол эмчилгээ хийлгэж, эмнэлгийн хяналгад байх шаардлагатай гэсэн ба энэ бүх зүйлээс болж би болон миний гэр бүл сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүү, эд хөрөнгө бүх зүйлээрээ асар их хохирч байна.Үүнээс гадна 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дээрх ослын газар Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч ажиллаад 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт үйлдсэн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 939 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь талд тус тус зааснаар ажил олгогчоос нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй гэж заасныг үндэслэн 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 1 сарын 690,846,241.75 төгрөг, нийт 12,435,241.5 төгрөгийг гаргуулахаар ийнхүү шүүхэд хандсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч талаас өмнө нь цувуулж өгсөн 4,776,435 төгрөгийг хасч, 7,658,806 төгрөгийг нэхэмжилж байна.
Энэхүү асуудлаар миний бие Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын захирал н.Г 2020 оны 12 дугаар сарын 25-нд очиж уулзахад хуулийн зөвлөхтэйгээ уулзаж ярилцаад 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр ирж уулзаарай' гэсэн юм. Улмаар мөн хэлсэн өдөр нь очиж уулзахад "Би хуулийн зөвлөхтэйгээ уулзсан. Чи хуулийн хүрээнд шүүхэд хандан тогтоол шийдвэрийг нь авч ирэх юм бол манай Баянгол шинэ өргөө" ХХК-аас татгалзах зүйлгүй гэж хэлсэн юм. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлбөр олгоно, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө гэж тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 13,037,096 төгрөгийг гаргуулж, Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 7,658,806 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн чадвар алдсан төлбөрт 340,846,75 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд сар бүр гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
БГ-аас Б.Б хөдөлмөрийн чадвар алдсан төлбөрт хохирлыг нөхөх зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн тухайн үеийн ачигч албан тушаалын үндсэн цалингийн дундажтай тэнцэх 18 сарын турш нөхөн төлбөрийг сар болгон 200,000 төгрөг олгохоор 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Цаашид үргэлжлүүлэн олгох болно. Б.Б нь 2018 оны 5 дугаар 26-ны өдөр ажлын цаг дууссан байхад ажлын хуваарьт заагдаагүй өөр компанийн хогийг дуудлагаар ачих байхдаа Хэрвээ дээрх ажилчид ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа хийж байсан бол ийм осол болохгүй байсан. Манай байгууллагын зүгээс үйлдвэрлэлийн ослыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин байгууллагын шинэ удирдлагууд хэрвээ Б.Бщ нь хувийн ашиг сонирхлын үүднээс яваагүй байсан бол ийм байдалд орохгүй байсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчид үйлдвэрийн ослын улмаас учирсан хохирол 4,442,104 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 7,558,806 төгрөгийг төлье гэж байгаа. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б нь Б-т холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 13,037,096 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 12,435,241.5 төгрөг, нийт 25,472,337 төгрөгийг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авах цалин 340,846,75 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд сар бүр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 12,435,241.5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 4,776,435 төгрөгөөр багасгалаа.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Б-т 2016 оноос эхлэн ачигчаар ажиллаж байсан Б.Б 2018 оны 05 сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хэрлэн буян ХХК болон ХХК-ийн хашаан дотор хариуцагчийн эзэмшлийн Daewoo F3DEF маркийн, улсын дугаартай, хог ачих зориулалттай автомашинаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа жолооч Д.Ч нь ухрах үйлдэл хийх үедээ дайрч, амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь зохигчийн тайлбар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 939 дугаартай шийтгэх тогтоол, Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ахлах байцаагийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт зэргээр тогтоогдож байна.
Баянгол дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар тогтоож, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгагдсан байх бөгөөд хариуцагч энэ үйл баримтад маргаагүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус бүрээр нь дүгнэвэл:
1.Хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 13,037,096 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үйлдвэрийн осолд орохоос өмнө сард 690,846 төгрөгийн цалин авдаг байсан, үйлдвэрийн осолд орсноос хойш хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид сар бүр 350,000 төгрөг авч, түүний сарын орлого 340,846,75 төгрөгөөр багассан гэж цалингийн зөрүү 13,037,096 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгч ажлын бус цагаар хуваарьт бус ажил хийж байсан гэж маргаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
Тухайн тохиолдолд Д.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөний улмаас Б.Б хүнд гэмтэл учирсан, түүний гэм буруутайг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 939 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон, хүнд гэмтлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах цалин хөлс зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.
Б.Б гэмтэл учруулсан Д.Ч нь хариуцагч байгууллагад жолоочоор ажиллаж байхдаа гэм хор учруулсан байх тул дээрх хуулийн зохицуулалтаар түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч Б нь гэм хорыг хариуцлагыг хүлээх юм.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар цалингийн зөрүүг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч нь Б-т ачигчаар ажиллаж байхдаа сард 690,846 төгрөгийн цалин авдаг байсан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд түүний сарын цалингийн хэмжээг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна.
Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үйлдвэрийн осолд орсноор ажлаа хийх боломжгүй болсон бөгөөд 2018 оны 6 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид 350,000 төгрөгийг авч байсан байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хугацааг тооцон, 31 сараар гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2 сарын хугацааг оруулан шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцож, 2018 оны 6 дугаар сараас энэ өдрийг хүртэл 33 сарын хугацаагаар цалингийн зөрүүг тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин 690,846 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг тэтгэмж 350,000 төгрөгийг хасч, зөрүү 340,846 төгрөгийг 33 сараар тооцон, нийт 11,247,918 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
2.Хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд сар бүр 340,846 төгрөг гаргуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар бүр төлнө гэжээ.
Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар 2021 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүртэл сунгажээ.
Иймд дээрх шийдвэрийн хугацаанд буюу энэ өдрөөс хойш 2021 оны 6 дугаар сарыг дуусталхи хугацаагаар Б.Б хариуцагчаас хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авах цалин хөлс 340,846 төгрөгийг сар бүр гаргуулан олгох нь хуульд нийцэх тул даалгаж шийдвэрлэв.
3.Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 12,435,241.5 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 18 сарын цалинтай тэнцэх 12,435,241 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 4,776,435 төгрөгөөр багасгаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт ажил олгогч нь үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн осолд орсон ажилтанд 18 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 12,435,228 төгрөгийг төлөх үүрэгтэй ба энэ үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчид 4,776,435 төгрөгийг төлсөн нь банкин дахь Б.Б эзэмшлийн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч байгууллагаас үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн үлдэх хэсэг болох 7,658,793 /12,435,228-4,776,435/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгох нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгээд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 11,247,918 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн үлдэх хэсэг болох 7,658,793 төгрөг буюу нийт 18,906,711 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,789,191 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ өдрөөс хойш 2021 оны 6 дугаар сарыг дуусталхи хугацаагаар нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авах цалин хөлс 340,846 төгрөгийг сар бүр олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тус дүүргийн иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Б нь ухрахын гэрэл асдаггүй, техникийн бүрэн бус байдалтай автомашиныг ажилд гаргаснаас үйлдвэрлэлийн осол гаргасан байх тул хариуцагчаас 18,000,000 төгрөг гаргах үндэслэлтэй талаар дүгнэлтийг гаргав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257,596 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б-аас 18,906,711 /арван найман сая есөн зуун зургаан мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг гаргуулан, Б.Б олгож, энэ өдрөөс хойш 2021 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаагаар нэхэмжлэгчид сар бүр 340,846 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,789,191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,596 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.Э
ШҮҮГЧИД Ш.О
Ж.Э