Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/291

 

    2024       04          11                                    2024/ШЦТ/291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч О.Багшбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Оөд холбогдох эрүүгийн 2411002880257 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1-115 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Аийг зодож эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөг, доод уруулын салстад няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2411002880257 дугаартай хэргээс:  

-Хохирогч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би ЧД-ийн 19 дүгээр хороо Шадивлан 1-115 тоотод байж байтал хамтран амьдрагч Отгонтөгс нь архи уучихаад намайг зодсон. Тэр намайг хоол хийгээд өг гэхээр нь би босоод гоймон чанаад өгсөн тэгтэл тэр чи идэхгүй юм уу гэхээр нь би идэхгүй гээд хэлтэл гоймон идсэнгүй гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр миний биеийн бүх хэсэг рүү цохиж зодсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 759 дугаартай "...Т.Аийн биед дух, баруун хөмсөг, доод уруулын салстад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, шилбэ, зүүн дал, мөр, бугалга, шуу, шилбэ, цээж, хэвлий, бүсэлхий, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаа болон түүнээс өмнөх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ болон хуучин гэмтэл байна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19/,

-Шинжээч эмч Э.Баасанжавын “Т.Аийн биед учирсан нурууны нугалам дагуу гол хэсэгт 6.0х4.0см, 5.0х4.0см, бүсэлхийн зүүн хэсэгт 3.5х3.0см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 4.0х4.0см, дотор дээд хэсэгт 4.5х3.5см, зүүн бугалганы гадна доод хэсэгт 6.0х5.0см, гадна дунд хэсэгт 5.0х4.0см ногоон шаргал өнгийн цус хуралтуудтай байсан. Эдгээр нь хуучин гэмтлүүд байх бөгөөд нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Т.Аийн биед учирсан шинэ гэмтлүүдээс дух, баруун хөмсөг, доод уруулын салстад няцарсан шарх гэмтлүүд нь нийлээд болон дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

-Яллагдагч Д.Оийн хувийн байдлыг тогтоосон /хх-ийн 31-56/ баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Д.Оөд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1. Гэм буруугийн талаар:

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулан дээрх зүйл, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Хавтаст хэрэгт хэргийн үйл баримтын талаар ач холбогдол бүхий дараах нотлох баримтууд авагдсан байна.

Үүнд: Хохирогч Т.Аийн  “...2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан 1-115 тоотод байж байтал хамтран амьдрагч Отгонтөгс нь архи уучихаад намайг зодсон. Тэр намайг хоол хийгээд өг гэхээр нь би босоод гоймон чанаад өгсөн тэгтэл тэр чи идэхгүй юм уу гэхээр нь би идэхгүй гээд хэлтэл гоймон идсэнгүй гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр миний биеийн бүх хэсэг рүү цохиж зодсон. Отгонтөгстэй 2023 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан, гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хүүхэдгүй. Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй. Намайг гоймон идсэнгүй гэх шалтгаанаар зодсон. " гэх мэдүүлэг /хх-10/,

Д.Оийн яллагдагчаар өгсөн “...Алтанчимэг намайг хэл амаар доромжлоод байсан, тэгснээ аяга аваад газар шидчихээр нь уур хүрээд нэг удаа цохисон. Түүнийг өөр бол цохиж зодоогүй, өмнө ч гэсэн цохиж зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-28/,

Хохирогч Т.Аийн “Надад гомдол санал байхгүй, хэргийн материалтай танилцахгүй” гэснийг тэмдэглэл болгон бичсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-66/,

Хохирогч Т.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 759 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/ зэрэг болно.

Энэхүү ач холбогдол бүхий нотлох баримтуудаар 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан 1-115 тоотод хохирогч Т.А болон шүүгдэгч Д.О нарын хооронд тодорхой шалтгаан буюу “хоол идсэнгүй” гэх, “аяга хагаллаа” гэх үл ойлголцол бий болж улмаар шүүгдэгч Д.О нь хохирогчийн эрүүл мэндэд халдан зодож хөнгөн хохирол учруулсан байна.

Хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн тухайн газарт байгаагүй буюу болсон асуудлын талаар хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг гэрчлэх этгээдгүй байгаа нь гагцхүү аль шалтгааны улмаас маргаан болсныг нотолж чадахгүй нөхцөлд хүргэжээ.

Гэсэн ч “маргаан” болсон, Т.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, энэ нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нь гарцаагүй.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.

Харин энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 14 тооны арга, санаа зорилго, нөхцөл бий болсон тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэх ба ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эдгээр нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор нь бүрэн бодитойгоор шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Гэтэл шүүгдэгч Д.Оөд холбогдох хэрэгт тухайлсан ямар үйлдэл, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоор тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг тогтоогоогүй, хохирогч, шүүгдэгчийн бусад гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш айлуудаас Т.А, Д.О нарын хоорондын харилцаа, амьдралын хэв маяг, хүчирхийллийн шинжтэй байж болох үйлдэл урьд өмнө гарч байсан эсэх талаар асууж тодруулаагүй, мөн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл хохирогчоос гаргаж байсан эсэх, аюулгүйн зэргийн үнэлгээ хэр хэмжээтэй эсэх, дүүрэг, хорооны гэр бүл хөгжлийн хэлтэст бүртгэлтэй эсэх зэргийг шалгаагүйн дээр гэр бүлийн хүрээнд хохирогч, гэмт хэрэг үйлдэгчийн хоорондын харилцаа нь удтал таарамжгүй харилцаатай байсныг шалгаж тогтоосны эцэст гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдсон гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэх нь учир дутагдалтай бөгөөд тухайн үйлдэлдээ хандсан шүүгдэгчийн сэтгэхүйн онцлог, хохирогч, шүүгдэгч нарын хоорондын гэр бүлийн харилцааны дотоод уур амьсгал, урьд өмнө хүчирхийллийн шинжтэй нөхцөл байдал бий болж байсан зэргийг өргөн агуулгаар нь дүгнэж үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоосны эцэст хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1-115 тоотод хамтран амьдрагч Т.Аийг зодож эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөг, доод уруулын салстад няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Шүүгдэгч Д.Оийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж илэрхийлсэн /хх-ийн 66-р хуудас/ тул шүүгдэгч Д.Оийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Д.О нь урьд 4 удаа өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ба эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг тохиолдлын шинжтэйгээр анх удаа үйлдсэн гэж дүгнэх боломжтой байна.

Дээрх байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Би хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэж байх тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус харгалзан түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Оөд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Оөд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Г.УУГАНБААТАР