Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00075

 

Х-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00722 дугаар шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00022 дугаар магадлалтай,

Х-ны нэхэмжлэлтэй

Год холбогдох

3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хнаас хариуцагч Год холбогдуулан 2012.07.02-ны өдрийн Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00722 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар хариуцагч Гоос 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Хны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00022 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00722 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие шүүх хуралдаанд оролцохдоо эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, Иргэний хулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн талд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзсэн боловч нэхэмжлэгчийн талд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж, 317 дугаар зүйлийн 317.1-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэх хуулийн заалт, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6.1 дүгээр заалт, дэлхий нийтийг хамарсан цар тахалын үе зэрэг олон хүчин зүйлийг харгалзан авч үзэхгүй зөвхөн хариуцагчид илтэд давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байгаа бөгөөд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 211/МА2023/00022 дугаар шүүхийн магадлал, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бгийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.04.13-ны өдрийн 001/ШХТ2023/00412 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч Х нь хариуцагч Год холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцагчтай 2012.07.02-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж бага оврын тракторыг шилжүүлж, урьдчилгаанд 2,500,000 төгрөг төлөх, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд буюу 2017 он дуусах хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Хөдөө аж ахуйг дэмжих сан төлөөгүй 2,500,000 төгрөгийг, 1,250,000 төгрөгийн алдангийн хамт гаргуулахаар шаардаж байна, Гэрээний 6.1-д гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан учраас нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхээ алдаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тасалдсан гэж үзэж болохоор байна.” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, тухайн үед төрөөс тал мөнгийг нь төлнө гэсэн нөхцөлтэй авсан, энэ хугацаанд нэг ч удаа мэдэгдээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй” гэж маргасан байна.

8. Анхан шатны шүүх “...зохигч ...санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, ...гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, Хнд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно, эрх шилжсэн үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл болохгүй. 2012.07.19-ний өдрийн гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид 2017.12.31-нд үүсч, 2020.12.31-ний өдөр дууссан байна...” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хоёр шатны шүүх “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлснээс шаардах эрхээ алдсан...” гэсэн адил дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгчийн “...зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг хариуцагч эзэмшсэн хэвээр байгаа тул гэрээний хугацаа сунгагдсанд тооцох үндэслэлтэй байхад Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглээгүй, иймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

10. Хэргийн баримтаас үзэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч Г нарын хооронд 2012.07.02-ны өдөр “санхүүгийн түрээсийн” гэж нэрлэгдсэн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь бага оврын тракторыг шилжүүлэх, хариуцагч үнэд 5,000,000 төгрөг төлөх, үнийг төлөхдөө урьдчилгаа 2,500,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөр, үлдэх хэсгийг жилд 500,000 төгрөгөөр 5 жилийн хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Хариуцагч урьдчилгаанд 2,500,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй, харин үлдэх мөнгийг улс төлнө гэж ойлгуулсан гэж маргажээ.

11. Монгол Улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн Х байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний өдрийн хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дугаар тушаалаас үзвэл Тариалан эрхлэлтийн сангийн үйл ажиллагааг татан буулгаж, зарим өр авлагыг хаасан, заримыг Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлсэн гэж дурдсан, хариуцагч “...тракторын үнийн талыг улс төлнө гэсэн нөхцөлтэй авсан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд нэг ч удаа мэдэгдэж байгаагүй...” гэх агуулгаар хариу тайлбар гаргасан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан гэрээний үүрэгтэй холбоотой авлага нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжсэн эсэх нь тодорхой бус, энэ талаар хоёр шатны шүүх тодруулаагүй байна.

12. Дээрх авлага нэхэмжлэгчид шилжин ирснээр шаардлага гаргах эрхтэй бол өөрийн өмчлөлийн эсхүл гуравдагч этгээдийн өмчлөлийн тракторыг бусдад шилжүүлсэн эсэхийг тогтоож, зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн эсхүл, түрээсийн, зээлийн, худалдах-худалдан авах аль төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодруулж, улмаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх дүгнэх байжээ. Энэ ажиллагаа хийгдээгүй байна.

Иймд маргааны зүйлд ач холбогдол бүхий байдал бүрэн тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

13. Шүүх дээр дурдсан ажиллагааг хийсний эцэст маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00722 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00022 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                            Н.БАЯРМАА

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД